Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00634

 

                                                          Ш.Чимэдцэеэгийн нэхэмжлэлтэй,

                                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01572 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 511 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Ш.Чимэдцэеэ,

Хариуцагч : Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба,

Нэхэмжлэлийн шаардлага : Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд иргэн Д.Түвшинжаргалын хүсэлтээр Улсын дээд шүүхийн 2016.6.02-ны өдрийн 001/ХТ2016/00641 дүгээр тогтоолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн эсэхийг миний бие мэдээгүй бөгөөд тус албанаас 2016.9.6-ны өдрийн 208/01 дугаар зарлан дуудах хуудсыг манайд ирүүлсэн байсан. Миний бие 2016 оны 5 дугаар сард авто тээврийн осолд орсны улмаас биед  хүнд гэмтэл учирч гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа. 2016.9.13-ны өдөр Б.Сод-Эрдэнэд итгэмжлэл олгож гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөн оролцуулснаар хэргийн материалтай танилцаж, ямар ажиллагаа хийгдэж байгааг мэдсэн. Шүүх  Хан-уул дүүргийн 15 дугаар хороо,  Оддын хотхоны 37Б байрны 16 тоот,  4 өрөө орон сууц, мөн хорооны  47 дугаар байрны Б-16 тоот  авто зогсоол, 73-33 УНР дугаартай, Ниссан кашка маркийн автомашиныг тус тус Ш.Чимидцэеэгийн өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл  шийдвэрээс илт зөрүүтэй буруу бичигдсэн, Хан-уул дүүргийн шүүхийн 2016.7.08-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх 2016.8.08-ны өдрийн 625 дугаар тогтоолыг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10.1.1, 11.1-г хангаагүй байна. Түүнчлэн иргэн миний өмчид халдахдаа надад огт мэдэгдээгүй нь мөн хуулийн 12.2-г  зөрчсөн. Хууль зүйн үндэслэлгүй үүсгэсэн тогтоолын дагуу 2016.8.15-ны өдрийн 3/5389 албан тоот, 2016.9.13-ны өдрийн 208/04, 208/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор миний өмчлөлийн орон сууц, авто зогсоол, автомашиныг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг маань түдгэлзүүлсэн нь өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагаа боллоо.  Шийдвэр гүйцэтгэгчийн  бүх үйл ажиллагааг эс зөвшөөрч   тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2016.10.04-ний өдөр №БГД/07 дугаар албан тоотоор бодит үйл баримтаас илт зөрүүтэй тайлбар хийгээд гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгсөн тул шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-г үндэслэн  хариуцагчаар татсан. Иймд Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны ахлах гүйцэтгэгчийн 2016.8.08-ны өдрийн 625 дугаар тогтоолын дагуу явуулуулсан  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015.11.02-ны өдрийн 102/ШШ2015/7381 дугаар шийдвэрээр Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхоны 37Б байрны 16 тоот 4 өрөө орон сууц, 47 дугаар байрны Б-16 тоот авто зогсоол, 73-33 УНР дугаартай, Ниссан кашка маркийн автомашиныг тус тус Ш.Чимидцэеэгийн өмчлөлд үлдээж, Ш.Чимидцэеэгээс 166 624 550 төгрөг  гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу бичигдсэн 109 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасны дагуу төлбөр төлөгч Ш.Чимидцэеэгээс төлбөрийг гаргуулахаар 2016.9.06-ны өдөр 208/01 дугаар зарлан дуудах мэдэгдлийг  хүргүүлэхэд  ирээгүй тул 2016.9.13-ны өдөр 208/02 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 208/03 дугаартай шүүхийн тогтоол, шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгсөн. 208/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрт заагдсан орон сууц 208/04 дугаартай тогтоолоор 73-33 тээврийн хэрэгсэл болон 6-16 тоотод байрлах авто зогсоолыг тус тус битүүмжилсэн. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36.1.1, 36.2 хуульд заасны дагуу явсан. Хан-уул дүүргийн шүүхийн 2016.7.08-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудсыг шүүхээс ирэхдээ нэхэмжлэгч хариуцагч нарыг сольсон техникийн алдаатай бичигдсэн байсныг шүүх рүү буцааж засуулж авсан. Гэхдээ доторх агуулга нь адилхан байгаа, үүнийг илт алдаатай гэж үзэхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01572 дугаартай шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Иргэний хууль, Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 511 дугаартай  магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01572 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Ш.Чимидцэеэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйл заалтыг өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тус ажиллагааг 2016.9.06-ны өдөр мэдсэн байдаг, харин осолд 2016.5 сард орсон юм. Гэтэл хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.1, 11.2-т заасыг үндэслэлүүдийг зөрчиж, 12.2-т заасны дагуу ажиллагааг үүсгэсэн бол 3 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч нар мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. Тус байгууллага нь өөрийнхөө албан бус үүсгэгдсэн тогтоолыг үндэслэн 3/3589, 208/04, 208/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус тус нэхэмжлэгчийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3.1-т заасныг зөрчсөн байна. Мөн хуулийн 53.1, 53.3-т заасны дагуу эхний ээлжид банкин дахь хадгаламжийн болон харилцах данснаас төлбөр гаргуулах ажиллагааг хийх ёстой байтал шууд төлбөр төлөөлөгчийн эд хөрөнгө рүү халдаж байгаа нь ноцтой зөрчил юм. Давж заалдах шатны шүүх хэргийг нарийн нягт судалж үзэлгүйгээр  шийдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.4-т зөвхөн гомдолд дурдсанаас хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэснийг зөрчсөн. Иймээс магадлалыг болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, дараахи үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба Ш.Чимэдцэеэд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч иргэний оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх тухай хуулийн заалтыг хариуцагч зөрчиж буйг...” дурдсаныг шүүх анхаарч үзээгүй нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлд нийцээгүй байна.   

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаас бусад гомдлыг дээд шатны албан тушаалтанд гаргана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлд заасан гомдол гаргах хугацааг Ш.Чимэдцэеэ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт буй баримтаар тогтоогдоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байсан гэж үзнэ. 

 2. Хэргийн 23 дугаар талд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 00109 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, 54 дүгээр талд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудас авагдсан байх бөгөөд эдгээрийн аль нэгийг залруулсан баримт хэрэгт байхгүй байхад давж заалдах шатны шүүх “...техникийн алдаатай бичигдсэн гүйцэтгэх хуудсыг ...хариуцагч төлбөр авагчид буцаан өгч, алдааг залруулж ирүүлсний дараа ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн...”  гэж  дүгнэсэн  нь баримтад үндэслэгдээгүй тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  185, 186, 187 дугаар зүйлийг зөрчжээ. 

3. Нэхэмжлэгч нь Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/7381 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/00641 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт, уг хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж хэрэгт байхгүйг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд нийцээгүй байна. 

Хоёр шатны шүүх Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/01572 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 511 дүгээр магадлалыг  тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны  шүүхэд буцаасугай.

2. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид буцааж олгох захирамж гаргасугай.

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ