Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2017/02386

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 27               Дугаар 181/ШШ2017/02386                           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..............................оршин суух, Ш.Ч-гийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: . байрлах, БХЗХТБААнд холбогдох, .............................................

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М.а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө. нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БХЗХТБАА Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  102/ШШ2015/7381 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 278 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/00641 дүгээр тогтоолтой иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Анх энэхүү ажиллагаа үүссэн эсэхийг миний бие мэдээгүй бөгөөд тус албанаас 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зарлан дуудах хуудсыг манайд ирүүлсэн байсан тул 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Сод-Эрдэнэд итгэмжлэл олгож гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөн оролцуулснаар хэргийн материалтай танилцаж, ямар ажиллагаа хийгдэж байгааг мэдсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд дараах илт зөрчилтэй үйл ажиллагааг явуулсан байна. 

1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн тухайд: Дээр дурдсан гурван шатны шүүхийн шийдвэрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006800 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпын гудамж, Оддын хотхоны 376 байрны 16 тоот, 122 мкв талбайтай 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-220607984 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж 47 дугаар байрны Б-16 тоот 18.85 мкв талбайтай авто зогсоол, 73-33 УНР дугаартай, Ниссан кашка маркийн автомашиныг тус тус Ш.Чгийн өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн байтал дээрх хуулийн хүчин шийдвэрээс илт зөрүүтэй буруу бичигдсэн, Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн. Хариуцагч байгууллага алдаатай бичигдсэн гүйцэтгэх хуудсыг засуулж ирүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн гэдэг боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материалтай танилцахад өөрөөр бичигдсэн гүйцэтгэх хуудас байсан ч одоо байхгүй болсон байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар гүйцэтгэх хуудас алдаатай, хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган шийдвэр гаргасан шүүхэд буцаахаар зохицуулсан байдаг. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчээс тогтоол гараагүй байна.  Энэ нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хувийг түүнийг гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шүүх болон гүйцэтгэх баримт бичиг олгосон бусад байгууллагад явуулна” гэсэн журмыг зөрчсөн. 

Улмаар энэхүү хууль зүйн үндэслэлгүйгээр үүсгэсэн тогтоолынхоо дагуу 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 албан тоотоор миний өмчлөлийн орон сууц, авто зогсоол, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг хязгаарлахаар түдгэлзүүлсэн албан бичиг явуулж, улмаар 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 208/04, 208/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахад мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт "энэ хуулийн 20.1-д зааснаас гадна шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөхийг шаардах буюу тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах, хөдөлмөрийн хөлс, орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө" гэж зааснаар мэдэгдсэн байх ёстой байсан. Мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.3-д төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах дарааллыг заасан байдаг. Үүнд эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс хэрэв тийм хөрөнгө байхгүй бол дараа дараагийн ажиллагаа хийгдэхээр заасан. Гэтэл хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчиж эд хөрөнгийн талаар мэдүүлгийг аваагүй, мөн банк болон бусад газраас бэлэн мөнгө бий эсэхийг лавлаагүй хэрнээ шууд бусдын өмчлөлд халдаж шууд битүүмжлэх ажиллагаа хийсэн. Дээрх ажиллагааг эс зөвшөөрч тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад гомдлыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд БХЗХТБААнаас шийдвэрийг биелүүлэхээр ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн тул миний өмчлөлийн орон сууц, авто зогсоол, тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 албан тоот, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 208/04, 208/01 дугаар тогтоолоор эд хөрөнгө  битүүмжилсэн ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006800, Ү-220607984 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Олимпийн гудамж, Оддын хотхон 37б байрны 16 тоот, 4 өрөө орон сууц, мөн хотхоны  47 дугаар байрны Б-16 тоот автозогсоол болон 73-33 УНР дугаартай, Ниссан кашка маркийн автомашиныг тус тус Ш.Чгийн өмчлөлд үлдээж, Ш.Чгээс 166.624.550 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу бичигдсэн 109 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсанд заасны дагуу төлбөр төлөгч Ш.Чгээс төлбөрийг гаргуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 208/01 дугаартай зарлан дуудах мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлэхэд мэдэгдлийн хугацаанд ирээгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 208/02 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 208/03 дугаартай шүүхийн тогтоол, шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгч мөн 208/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрт заагдсан орон сууцыг, 208/04 дугаартай тогтоолоор 73-33 тээврийн хэрэгсэл болон 6-16 тоотод байрлах авто зогсоолыг тус тус битүүмжилсэн. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.2 хуульд заасны дагуу явагдсан. Хан-уул дүүргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 109 дугаартай гүйцэтгэх хуудас шүүхээс ирэхдээ анх техникийн алдаатай бичигдэж ирсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу буцаасан. Улмаар гүйцэтгэх хуудас засварлагдаж ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.  Хэдийгээр алдаатай бичигдснийг засуулахаар буцаахад ахлах шийдвэр гүйцэтгэгчээс тогтоол гаргаагүй ч илт алдаатай, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх ёсгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой газар. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ш.Чимэдцэеэ нь БХЗХТБААнд холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 албан тоот, Эд хөрөнгө битүүмжилсэн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн  208/01, 208/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2015/7381 дүгээр шийдвэр,  Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 001/ХТ2016/00641 дүгээр тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006800 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж, Оддын хотхоны 37Б байрны 16 тоот 122 мкв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007684 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпийн гудамж 47 дугаар байрны Б-16 тоот, 18.35 мкв талбайтай автомашины зогсоол, 73-33 УНР дугаартай Ниссан кашка автомашиныг тус тус Ш.Чгийн өмчлөлд үлдээж, Ш.Чгээс 166.624.550 төгрөгийг гаргуулж, Д.Түвшинжаргалд, Д.Түвшинжаргалаас 10.300.000  төгрөг гаргуулж Ш.Чимэдцэеэд олгохоор тус тус шийдвэрлэжээ. /хх 10-17, 55-58/

Тус алба 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШЗ2016/01279 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 109 тоот гүйцэтгэх хуудаст үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөх тухай мэдэгдлийг Ш.Чд хүргүүлж, түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006800, Ү-220607984 дугаарт бүртгэгдсэн дээрх үл хөдлөх хөрөнгө, автомашины зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлүүлэхээр 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 албан бичгийг бүртгэлийн байгууллагад хүргүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 208/04, 208/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүхийн гүйцэтгэх хуудаст төлбөр авагчид олговол зохих төлбөрийн төрөл, хэмжээ нь хүчин төгөлдөр шийдвэрээс өөр байдлаар буюу алдаатай бичигдсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар тогтоол үйлдэж шүүхэд буцаах ажиллагааг зохих журмын дагуу гүйцэтгэлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн, мөн хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчиж шууд битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав.

Хариуцагч нь алдаатай бичигдсэн гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу төлбөр авагчид буцааж, улмаар дахин засагдаж ирснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн, ажиллагааг гүйцэтгэхдээ хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргав. Мөн алдаатай гүйцэтгэх хуудсыг шүүхэд буцаахдаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээс тогтоол үйлдэж баримтжуулаагүй гэж тайлбарлав.

Хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан 00109 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан  бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч зохигчийн хэн алин нь гүйцэтгэх хуудас анх алдаатай бичигдсэн байсан гэсэн үйл баримтад маргаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 11.2-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичиг хуульд заасан шаардлагыг хангаагүй бол түүнийг ... тогтоол гарган шийдвэр гаргасан шүүхэд буцаах”-аар зохицуулсан байх ба хариуцагч нь техникийн алдаатай бичигдсэн гэх гүйцэтгэх хуудсыг засварлуулахдаа хуульд заасан арга журмын дагуу “тогтоол үйлдэж” буцаагаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх хэдий ч энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлснийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь алдаатай гэгдэх 00109 тоот гүйцэтгэх хуудсыг анх үндэслэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байсан гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна ахлах шийдвэр гүйцэтгэгч алдаатай гэгдэх гүйцэтгэх хуудсыг буцаахдаа тогтоол үйлдээгүйгээс шалтгаалаад нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Шийдвэрийг албадан гүйцэтгэх үүднээс төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр 3/5389 тоот албан бичгийг бүртгэлийн байгууллагад хүргүүлэх ажиллагаа хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг ажиллагааг гүйцэтгэхэд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг оролцуулахаар зохицуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай 208/04, 208/01 тоот тогтоолоос үзвэл хариуцагчаас эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч Ш.Чгийн хүү Ч.Дашдэмбэрэлийг байлцуулан төлбөр төлөгчийн орон байранд нэвтэрч ажиллагааг гүйцэтгэсэн байх боловч ийнхүү гүйцэтгэхдээ хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй нь хуульд нийцэхгүй байна гэж үзэв.  /хх- 60,61,65 /

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас  эд хөрөнгө битүүмжилсэн дээрх  208/04, 208/01 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлөхөөс 70.200 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3-т заасныг баримтлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/7381 дүгээр  шийдвэрийг биелүүлэхээр явуулсан, БХЗХТБААны 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх 208/01, 208/04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлээс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3/5389 дүгээр албан тоотыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 181/ШЗ2016/07276 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ