Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/0035

 

“...” НҮТББ-ын

 нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг

дарга болон Үнэлгээний хороонд тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                     Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Х.Батсүрэн,

                                                      Д.Мөнхтуяа,

                                                      Ц.Цогт,

            Илтгэгч шүүгч:                Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж /уг үнэлгээний хороо байгуулагдсан захирамж олдохгүй байгаа/-аар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 121/ШШ2020/0014 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 571 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагчийн өмгөөлөгч ... нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 121/ШШ2020/0014 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч ... НҮТББ-ын Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамж /уг үнэлгээний хороо байгуулагдсан захирамж олдохгүй байгаа/-аар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 571 дүгээр магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “...” НҮТББ-ын нэхэмжлэлтэй “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан /тодорхойгүй/ Үнэлгээний хорооны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. “...” НҮТББ нь нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, Мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэр /зөвлөмж/-үүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4. Анхан шатны шүүх дүгнэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйл 47.7, 47.8 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 07-ны дугаар 571 тоот магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 368 тоот тогтоолоор шийдвэрлэгдсэн.

6. Төрийн өмчийн хөрөнгөөр сургууль барих нь төрийн өмч биш, нийтийн эрх ашгийг хамгаалах нь, нийтийн өмчид хамаарахгүй гэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дугаар 571 тоот магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 368 тоот тогтоолыг үгүйсгэсэн байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны  10 дугаар сарын 07-ны өдөр дугаар 571 тоот магадлал хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар шийдвэр /зөвлөмж/-үүдийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч “...” НҮТББ нь “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр зөвлөмж, мөн Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар зөвлөмжүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна: 18.3.1нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх” гэж хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч “...” НҮТББ-ийн нийтийн өмчийг хамгаалах асуудлаар гаргасан нэхэмжлэл нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байхыг хуулиар тусгайлан шаардсан байна.

10. Нэхэмжлэгч “...” НҮТББ-ын дүрмийн Зургаад тус төрийн бус байгууллагын зорилгыг “Хүн амын тодорхой бүлэг давхаргын эрх ашгийг хамгаалах, Байгаль орчин нийтийн эрүүл мэнд нийтийн эрх ашгийг хамгаалах, Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд туслах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, халуун сэтгэлийн аян, соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах, дэмжих” гэж тодорхойлсноос үзэхэд тус байгууллагын үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд нийтийн өмчийг хамгаалах чиглэл тусгагдаагүй, тус байгууллагыг “нийтийн өмч”-ийн асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх зорилготой, түүний гаргасан нэхэмжлэл дүрмийнх нь зорилгод нийцсэн гэж үзэх үндэслэлгүй.

11. Иймээс, “анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлийг анхааралгүй нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр нэхэмжлэгч “...” НҮТББ-ын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.

12. Түүнчлэн, анхан шатны шүүх өмнө нь уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дүгээр шүүгчийн  захирамж гаргасан байх бөгөөд уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаар шүүхийн тогтоолд ...Хууль хэрэглээний тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 буюу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш, 54.1.5 буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн үндэслэлээр “...” НҮТББ-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буй нь ойлгомжгүй, шийдлийн хувьд уялдаагүй болжээ. ...захиргааны хэргийн шүүхийн маргаанд хамаарах тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийх нь зүйтэй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэж хууль зөрчжээ.  

13. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Төрийн өмчийн хөрөнгөөр сургууль барих нь төрийн өмч биш, нийтийн эрх ашгийг хамгаалах нь, нийтийн өмчид хамаарахгүй гэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 571 дугаар магадлал хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 368 тоот тогтоолыг үгүйсгэсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй юм.

14. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 571 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

                       ШҮҮГЧ                                                                     Б.МӨНХТУЯА