Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00612

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 22 210/МА2023/00612

 

 

Т.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01798 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т.Б

Хариуцагч: Ч.

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, СӨХ-ны төлбөрт 4,853,509 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 67,000,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ч. нь 2015 онд нэхэмжлэгч Т.Б ын нөхөр РБаас Хан-Уул дүүрэг, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 65.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар болж уг орон сууцанд орсон боловч өнөөдрийг хүртэл үнийг төлөөгүй. РБ 2017 онд нас барсан бөгөөд 2018 онд эхнэр Т.Б ын өмчлөлд уг орон сууц өв залгамжлалаар шилжин ирсэн.

Иймд Ч. ыг тус байрнаас албадан гаргаж, 2015 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны төлөгдөөгүй СӨХ-ны төлбөр 4,853,503.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие Хан-Уул дүүрэг, 00 дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 65.9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нүүж орсон. Урьдчилгаа мөнгөө 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр РБтай тооцоо нийлж, орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуусан. Урьдчилгаа 67,000,000 төгрөгийг өгч, бэлнээр 20,000,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн мөнгийг ӨБын дансаар шилжүүлж өгсөн.

2.2 2014 оноос 2021 он хүртэл СӨХ-ны төлбөрүүдээс 2 жилийн төлбөр төлсөн гэж бичсэн, манай СӨХ дампуурсан, манайх одоо ямар ч СӨХ-ны төлбөр, тооцоогүй. 2022 оны 1 дүгээр сараас шинэ СӨХ байгуулагдсан. Шинэ СӨХ-той төлбөрийн асуудлуудаа тохиролцоод төлбөрөө төлөөд явж байгаа гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Миний бие 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр РБтай Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 0 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцыг 184,520,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөрт 67,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 117,520,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Үлдэгдэл төлбөрийг төлөхөөр хөөцөлдөж байх хугацаанд орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж, орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардах болсон.

Иймд Орон сууц худалдах. худалдан авах гэрээ-ээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 67,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Ч. ыг Улаанбаатарт орох оронгүй байхад нь энэ байранд оруулж амьдруулсан. Дээрх худалдах-худалдан авах гэрээг хийж М.Ө өөрийнхөө зүгээс урьдчилгаа 40,000,000 төгрөгийг дүү РБт өгсөн. Ипотекийн зээл авбал тухайн орон сууц хариуцагчийн эзэмшлийнх болох байсан. Гэтэл хариуцагч нь банкны шаардлагыг хангаж чадаагүй учраас ипотекийн зээлээр байр авах боломжгүй болж, худалдах-худалдан авах гэрээ биелэгдээгүй. Харин хариуцагч 2016 оноос хойш н.Болормаа болон н.Энхбилэг гэдэг хүмүүст орон сууцыг хууль бусаар түрээсэлж ашиг олж байсан.

4.2 Урьдчилгаанд 67,000,000 төгрөг төлөөгүй. М.Ө 40,000,000 төгрөг төлсөн. Хэрэгт авагдсан бүх баримтуудаар Ч. мөнгө өгөөгүй гэдэг нь нотлогдож байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 515.1, 500 дугаар зүйлийн 520.1.1, 106 дугаар зүйлийн 106.2, 147 дугаар зүйлийн 147.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ч. ыг Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Үйлдвэр туул гудамж 0 дүгээр байр, 00 тоот орон сууцнаас албадан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ-ны төлбөр 4 853 503 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч. ын нэхэмжлэгч Т.Б т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 606 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч. аас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд буюу 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б д олгож, хариуцагч Ч. аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 492 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 М.Ө нь нэхэмжлэгч Т.Б ын нэхэмжлээд байгаа байрыг хүүхдүүддээ авч өгч байна хэмээн хүлээлгэн өгч байсан бөгөөд тэрээр өөрийн хэлсэн, хийсэн үйлдлээсээ буцаж, эсрэгээрээ өөрийн бэр дүү болох Т.Б тай үгсэн хуйвалдаж, үгээ нийлүүлэн худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө төлөн, амьдран сууж байгаа энэхүү байрыг хууль бусаар амьдарч байгаа тул албадан чөлөөлүүлж өгнө үү хэмээн худал нэхэмжлэл гаргаж, шүүхийг бодит үнэн зөв шийдвэр гаргахад төөрөгдөлд оруулсан.

6.2 Нэхэмжлэгч Т.Б ын хадам ах гэх М.Өод холбогдуулан гаргасан эцэг тогтоох нэхэмжлэлтэй шүүх хурал 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр 09 цагт болж түүнийг хүүхдийн эцгээр тогтоон шийдвэрлэсэн. Тэрээр энэхүү хурал дээрээ өөрийн хүүхдээ хүлээн зөвшөөрдөг, хүүхдүүддээ бүхий л талаар дэмжлэг үзүүлдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь хурлын бичлэг болон тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Иймд энэхүү хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ч. д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, СӨХ-ны төлбөрт 4,853,509 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 67,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

3. РБ, Ч. нар нь 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, РБ нь Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 0 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 65,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Ч. д худалдах, Ч. нь гэрээний үнэ 184,520,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 31/

3.1. РБ нь 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан тул дээрх орон сууцыг түүний эхнэр буюу нэхэмжлэгч Т.Б т 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-ээр өвлүүлсэн. Улмаар нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 5, 33/

4. Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх тул РБ болон Ч. нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний нэг тал болох худалдагч талын үүрэг нэхэмжлэгч Т.Б т шилжинэ.

Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар РБ, Ч. нарын хооронд 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон байх тул талууд гэрээний үүргийг харилцан шаардах боломжгүй.

5. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон боловч хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй байлгаж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон, хариуцагчийг хууль ёсны буюу шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс орон сууцнаас албадан гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцсэн байна.

6. Хариуцагч Ч. нь гэрээний урьдчилгаа төлбөрт 67,000,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс 67,000,000 төгрөг шаардах эрхгүй тул анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7. Ч. ын нэхэмжлэлтэй, М.Өод холбогдох, эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг болох орон сууц албадан чөлөөлөх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 515.1, 500 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийг, мөн СӨХ-ны төлбөр 4,853,503 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо мөн хуулийн 147 дугаар зүйлд заасан сууц өмчлөгч болон сууц өмчлөгчдийн холбооны харилцааг зохицуулсан зохицуулалтыг, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг тус тус баримталсан нь оновчгүй болсон байхаас гадна улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүйг залруулж, зохих өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2206034856 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 0 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай орон сууцыг хариуцагч Ч. ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ-ны төлбөр 4,853,503 төгрөг гаргуулах хэсгийг, нэхэмжлэгч Т.Б т холбогдох, 67,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ч. ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

2 дахь заалтын ...56 дугаар зүйлийн 56.1, гэсний дараа ...56.2, гэж, ...7.1.1 гэсний дараа ...,7.1.2 гэж тус тус нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН