| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2021/02822/И |
| Дугаар | 210/МА2023/00643 |
| Огноо | 2023-03-27 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2023/00643
2023 03 27 210/МА2023/00643
Д.Өын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/00706 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Д.Ө
Хариуцагч: Ч.М
Гуравдагч этгээд: БӨ
Гуравдагч этгээд: ХХК
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Д.Ө нь нөхөр Б-тай Ч ХХК-ийг байгуулж, хувьцааны 24 хувийг Ч, 76 хувийг Д.Ө эзэмшиж, гүйцэтгэх захирлаар Ч томилогдсон. Улмаар Ч ХХК нь ХХК-ийн А аймгийн в сумын нутагт орших гэдэг газарт эзэмшдэг 000 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий жоншны орд газрыг 115,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд энэхүү ажилд зуучилж тусалсан Ч.Мд баярлаж, талархсаны илэрхийлэл болгон Д.Ө нь өөрийн эзэмшиж буй хувьцааны 50 хувийг үнэ төлбөргүй шилжүүлсэн. Ч.М нь уурхай үйл ажиллагаа явуулахад Монгол талыг төлөөлөн төрийн байгууллагуудтай харилцах, жонш олборлоод БНХАУ-ын хилээр гаргах хүртэлх асуудлыг хариуцаж ажиллах талаар тохиролцсон.
1.2 Нэхэмжлэгч нь БНХАУ-ын иргэн гэх хүнээс 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч, 777,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг компанид оруулж, нийт 977,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг уурхайд хийсэн. Ч.Мд тусгай зөвшөөрлийг шилжүүлснээс хойш тэрээр өөрийн хариуцсан ажлуудаа хийгээгүй, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр жонш олборлолт хийгээд үүнийгээ борлуулж, уурхайн 1-2 тоног төхөөрөмжүүдийг худалдаж борлуулсан асуудлууд үүссэн.
1.3 Хариуцагч нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Ч-г 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувьдаа авсан, мөн 60 орчим тонн жонш олборлоод мөнгийг огт хуваагаагүй гомдлыг гаргасан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1009 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан.
1.4 Үүний дараа хариуцагч нь А аймгийн Цагдаагийн газарт Ч болон Д.Ө нар нь орон нутгийн захиргаанд мэдэгдэлгүйгээр зөвшөөрөлгүйгээр жонш олборлож, жоншны уурхайд хууль бусаар олборлолт явуулж байна гэх өргөдлийг гаргасан. Үүнийг А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 427 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Үүнд хариуцагч нь гомдол гаргасан боловч А аймгийн ерөнхий прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 41 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
1.5 Ч.М нь цар тахлын нөхцөл байдалд компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэдгийг мэдсээр байж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Үүнээс болж Ч ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийг ашиглах талаар Ашигт малтмалын газарт үйл ажиллагааны төлөвлөгөө өгч чадаагүй. Мөн уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулж чадахгүй нөхцөл байдлуудаас болж компанийн үйл ажиллагаа доголдож ашиг, орлого олох боломжгүй нөхцөл байдлууд үүссэн.
Иймд дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл тул талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн Ч ХХК-ийн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ХХК нь Ч.Мгаас жонш худалдаж аваад 250,000,000 төгрөгийн өглөгтэй болсон. ХХК нь уг өрөндөө А аймгийн в сумын нэртэй газар байрлах 000 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлэхээр санал болгосон. Уг 000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Ч ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, тусгай зөвшөөрөл шилжүүлэхтэй холбоотой зардлыг Ч ХХК төлөх, Ч.М нь тус компанийн хувьцаа эзэмшигч болохоор тохиролцсон.
2.2 Бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид компанийн 50 хувийг шилжүүлсэн. Хариуцагч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гэж үзэхгүй. 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа бэлэглэлийн гэрээний 2-т зааснаар бэлэглэгч компанийн хувьцаа эзэмшигч Д.Ө нь бэлэг хүлээн авагч Ч.Мд хувь нийлүүлсэн хөрөнгийн эрхээс 50 хувь буюу 10,000 төгрөгийг хариу төлбөргүйгээр бэлэглэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээд БӨ-ийн тайлбар, татгазлын агуулга:
3.1 Нэхэмжпэгч Д.Ө нь миний эхнэр бөгөөд бид 2017 онд Ч ХХК-ийг байгуулсан. БНХАУ-ын иргэн жоншны уурхай худалдаж аваад хамтарч ажиллах санал тавьсныг хүлээн авч, А аймагт байрлах ХХК-ийн 000000 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий жоншны уурхайг сонирхон, компанийн холбогдох хүмүүстэй уулзсан.
Уулзалтаар ХХК-ийн ОХУ-ын эзэд нь нутаг буцсан, хөрөнгө оруулалтгүй тул зарж хөрөнгө оруулагчид шилжүүлэх хэрэгтэй болсон хэмээн тайлбарлаж байсан. Ч.М уурхайн үйл ажиллагаа хэвийн явуулах тал дээр бүхий л ажлыг гүйцэтгэнэ гэж итгэл төрүүлсэн тул эхнэр Д.Өын эзэмшдэг компанийн хувьцаанаас 50 хувийг Ч.Мд шилжүүлж өгсөн.
3.2 Хөрөнгө оруулагч 200,000,000 төгрөг, үлдсэн 800,000,000 төгрөгийг би гаргасан. Ч.М нь компанийн хувьцаа авснаас хойш Монгол талыг хариуцна гэсэн боловч уурхайн үйл ажиллагаа жигдрүүлэх тал дээр ажил хийгээгүй. Ковид эхэлснээс уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа Ч.М мөнгө өгөхийг шаардаад өгөхгүй болохоор нь тоног төхөөрөмжийг дур мэдэн аваад худалдан борлуулсан. Улмаар эхнэр бид хоёрыг компанийн хөрөнгийг дураараа захиран зарцуулсан, мөнгө завшсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан.
Иймд нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.
4. Гуравдагч этгээд ХХК-ийн тайлбар, татгазлын агуулга:
4.1 Манай компани Ч.Мд өгөх өрөндөө А аймгийн в сумын нэртэй газар байрлах 000 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шилжүүлэхээр болж энэ эрхийг итгэмжлэлээр олгосон учраас би Ч ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. 2017 онд Б манай компани дээр ирж уулзахаас өмнө Ч.Мд өгөх өр, авлагын талаар яригдаж байсан. Тухайн үед Ч ХХК нь Ч.М, Б, түүний эхнэр гээд гурван эзэмшигчтэй байсан.
Тусгай зөвшөөрөл шилжүүлсэнтэй холбогдуулаад 100,000,000 төгрөгийг Ч ХХК-аас 2 хувааж авсан. 50,000,000 төгрөгийг ажилчдын цалинд, нөгөө 50,000,000 төгрөг тусгай зөвшөөрлийн мэдээллийг шилжүүлэхэд зарцуулсан. Ч.Мгаас дээрх тусгай зөвшөөрлийг манай компани буцааж авахгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Мд холбогдох 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа бэлэглэлийн гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
6.1 Ч.Мн зүгээс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Ч ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авахдаа ХХК-аас 250,000,000 төгрөгийн авлагадаа тооцуулсан хэмээн тайлбарладаг. Гэтэл хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2022 оны 11 сарын 29-ний өдөр 02/2329 тоот албан бичгээр ХХК-ийн 2010-2012, 2017 онуудын санхүүгийн тайланг өгч, харин 2013-2016, 2018 онуудын санхүүгийн тайланг өгч байгаагүй талаар дурьдсан. ХХК-ийн санхүүгийн тайлангаас харахад, 2017 оны 4-р улирлын тайланд Ч.Мд 250,000,000 төгрөгийн өр төлбөртэй талаар тусгаагүй, мөн ХХК-аас үүнтэй холбоотой баримтуудыг гарган өгөөгүй юм. Энэ нь анхнаасаа ХХК нь Ч.Мд 250,000,000 төгрөгийн өртэй байгаагүй, Ч.М болон ХХК-ийн дэд захирал гэх Ж. нарын үндэслэлгүй тайлбар байхад Ч.М өрөндөө авч тусгай зөвшөөрлийг Ч ХХК-д шилжүүлсэн гэж байгаа нь хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөн Ч.М Ч ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авахдаа нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй, тусгай зөвшөөрлийг ашиглахад шаардагдах санхүүжилтэд хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгийг Ч ХХК-ийн 2022 оны 2-р улирлын санхүүгийн тайлангаар бүрэн нотлогддог. Үүгээрээ 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ч ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэхдээ тохиролцсон нөхцлийн дагуу шилжүүлсэн нь бүрэн тогтоогдож байхад үүнийг шүүхээс харгалзан үзээгүй.
А аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 427 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзахад Ч.М өргөдөл гаргаж, тус аймгийн Ерөнхий прокуророос 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 41 дүгээр тогтоолоор дээд шатны прокурорт гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ дараах асуудлыг шалгасан. Ч.Мгийн өмгөөлөгч Хонгор гомдлоо цагдаагийн байгууллагад гаргахдаа өөрийн цахим профайл болох фейсбүүк аккаунтаараа бодит байдлыг мушгин гуйвуулсан бичлэг буюу лайв бичлэг хийж түүнийг цахим орчимд шууд цацдаг бөгөөд уг бичлэгийг үндэслэн А аймгийн цагдаагийн газрын албан хаагчид уг хэргийн шалгалтыг явуулдаг юм. Гэвч цагдаагийн байгууллагын явуулсан шалгах үйл ажиллагааны явцад хууль бусаар олборлолт явуулсан нь нотлогдоогүй учир уг бичлэгийг цацсан Мгийн өмгөөлөгч нь уг бичлэгээ устгаснаар шүүхэд гаргаж өгөх нотлох баримтгүй болгосон.
6.2 Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/10794 тоот Х ХХК-д хүргүүлсэн Хариу хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Аг бүртгэсэн бүртгэл хүчингүй болгож гэж үзэж А.А.Боёв захирлаас олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэд захирал Ж.Сандүйжавыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр оролцуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.ыг оролцуулж, түүний тайлбараар хувьцааг шилжүүлэн авахдаа нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй, тусгай зөвшөөрлийг ашиглахад шаардагдах санхүүжилтэд хөрөнгө оруулалт хийгээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж дүгнэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ХХК-ийг татсаны дагуу тус компанийн гүйцэтгэх захирал Г.А 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр маргаанд хамааралгүй тул оролцохгүй талаар тайлбарыг өгсөн. Харин ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.т олгосон итгэмжлэл хэмээн Боев-ийн гарын үсэг бүхий итгэмжлэл өгч, үүний дагуу шүүх 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.т нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийсэн. Дээрх итгэмжлэлийг гарын үсэг зурахдаа Монгол Улсад байсан, эсхүл хилээр орсон талаар лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас авах, хэрвээ нь Монгол Улсад байхгүй бол 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ж.т олгосон итгэмжлэлийг Элчин сайдын яам, эсхүл консулын газраар баталгаажуулсан эсэхийг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулах хүсэлт гаргасныг шүүхээс хангаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралд Ж. нь итгэмжлэлийг Монгол болон Орос хэл дээр үйлдээд өөрийн танил нотариат дээр очиж гуйж байгаад батлуулсан. Боев А.А бол Монгол Улсад ирээгүй, итгэмжлэлийг хүнээр явуулсан гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад мэдүүлдэг бөгөөд үүнийг шүүгчийн 1509 дугаар захирамжид дурдсан байдаг.
Гэвч хуульд заасан шаардлагыг хангаагүй бичиг баримтын үндэслэн төлөөлөх эрхийг олж авсан хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж дүгнэсэн. Мөн өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангахгүй хуурамч бичиг баримт ирүүлдэг ба түүнийг нотлох баримтаас хасуулсан байдаг юм.
Хэрэв улсын бүртгэлийн байгууллага 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 7457 дугаар дүгнэлтийг гаргаад Г.А төлөөлөх эрхгүй этгээд гэдэг дүгнэлтийг гаргасан бол 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу энэхүү шийдвэр гаргах хугацаанд 2 сарын хугацаанд Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд өөрчлөлт ороогүйн. Үүнээс дүгнэвэл Улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг үнэн зөв эсэх дээр хуулийн байгууллагад маргаантай байгаа учир цахим мэдээллийн санд өөрчлөлт ороогүй тул өнөөдрийн байдлаар ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.А байна. Улсын бүртгэлд албан ёсны бүртгэлтээр бүртгэлтэй байгаа итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Г.А 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн, Ж. нь 2022 оны 12 дугаар сард ирүүлсэн албан бичгүүдээр нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүх баримт байхгүй, Ч.Мтай байгуулсан гэрээ, өр төлбөрийн талаар ямар ч баримт бичиг байхгүй гэсэн утгатай албан бичгүүдийг тус тус ирүүлдэг юм. Уг баримтуудыг шүүх дүгнэхгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийг зөвхөн амаар өгсөн тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээдийг оролцуулах зорилго нь энэ лицензийг М зээлийн үндсэн дээр авсан эсэхийг л тодруулах, ийнхүү зээл, өр төлбөр тооцоо байгаа тохиолдолд тухайн гуравдагч этгээд уг төлбөртэй холбоотойгоор эрх нь зөрчигдөх боломжтой эсэхийг тогтоох зорилготой юм.
Үүнээс гадна Боев А.А.нь ХХК-ийн үүсгэн байгуулагч биш лицензийг шилжүүлэх үед л гүйцэтгэх захирлын эрх хэмжээ олгогдсон, үүнээс хойш 2021, 2022, 2023 онууд буюу 6 жилийн дараа компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг тодруулаагүй. Ийм эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байхад шүүхээс Ж.ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцаах тайлбарыг хүлээн авч, түүнийг үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
7.1 Энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан үндэслэл нь ХХК болон Ч ХХК-ийг тус тус гуравдагч этгээдээр оролцуулах зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан. Энэ зөрчлийг анхан шатын шүүх арилгасан. Гуравдагч этгээдийг татан оролцуулсан. Компанийн хувьцааг шилжүүлэхдээ бэлэглэгчийг ноцтой гомдоох нөхцөл байдлыг тохиролцоогүй буюу бэлэглэгчийг ноцтой гомдоосон зүйл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Энэ маргаан бол Д.Ө, Ч.М нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээний асуудал юм. Ч.М А ХХК-д төлөх төлбөр нь энэ гэрээний хэрэгт хамааралгүй.
Тусгай зөвшөөрөл шилжихээс 6, 7 сарын өмнө энэ компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр Ч.М орж ирсэн. Түүнээс хойш 5, 6 сарын дараа А ХХК-аас лиценз нь Ч ХХК-д шилжсэн. А ХХК Ч.Мд тодорхой хэмжээний төлбөртэй, тэр нь 250,000,000 төгрөгөөс илүү төлбөртэй байсан. Тэр төлбөрт нь лиценз шилжүүлсэн, тухайн лиценз нь иргэнд шилжих боломжгүй байсан учраас Ч ХХК-д шилжсэн. Хамтран ажиллах гэрээ гэж үзэхгүй. Нэхэмжлэгч намайг гүтгээд байсан гэдэг зүйлийг ярьдаг. Д.Ө болон түүний нөхөр Ziao wanbao нарын нэр хүнд, хувийн байдал болон бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй. Энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Энэ маргаан хувьцаа эзэмшигч бүх л компанид болдог үйл явдал юм. Итгэл эвдсэн асуудал нь Ziao wanbao байсан учраас ийм нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.
7.2 Итгэмжлэлийн тухайд, шүүхээс А ХХК-ийг гуравдагч этгээд татан оролцуулсан, ирэхгүй байх нь тэр хүмүүсийн асуудал юм. Энэ компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А нь тайлбар өгсөн байдаг. Энэ тайлбар нь хэрэгт авагдсан. Мөн н.Дэлгэрсайхан даргын захиргааны акт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэжээ.
8. Гуравдагч этгээд ХХК, БӨ нар давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Ч.Мд холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа бэлэглэлийн гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3 Гуравдагч этгээд БӨ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, гуравдагч этгээд ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан.
4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Ч.М нь цар тахлын нөхцөл байдалд компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэдгийг мэдсээр байж цагдаагийн байгууллгад нэхэмжлэгчид холбогдуулан гомдол гаргасан. Үүнээс болж компанийн үйл ажиллагаа доголдож ашиг, орлого олох боломжгүй болсон. Гэрээгээр тохирсон ажлаа хийж гүйцэтгээгүй. Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэхгүй. ХХК-аас авах авлагадаа тухайн компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ч ХХК-д шилжүүлснээр Ч ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигч болсон гэж үгүйсгэн маргажээ.
5. Нэхэмжлэлийн шаардлага нь Хувьцаа бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, үүний үр дагавар нь Компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчингүй болж, гэрээний дагуу шилжүүлсэн хувьцааг буцаан шилжүүлэх агуулгатай байх бөгөөд анхан шатны шүүх шаардлагын үндэслэл болон шаардлага, мөн маргааны зүйлийг зөв тодорхойлсон байна.
5.1 Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа бэлэглэлийн гэрээ-ээр бэлэглэгч Д.Ө нь Ч ХХК дахь өөрийн эзэмшлийн 76 хувийн хувьцааны 50 хувийг Ч.Мд хариу төлбөргүйгээр бэлэглэсэн. Улмаар мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ээр Д.Ө нь бэлэглэсэн 50 хувийн хувьцаанд ногдох эрхээ Ч.Мд шилжүүлснээр Ч.М нь Ч ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 14-15/
6. Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгийг хариу төлбөргүй шилжүүлэх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт нийцсэн байна.
7. Бэлэг хүлээн авагчийн зүгээс бэлэглэгч рүү чиглэсэн буюу гомдоосон үйлдэл хийсэн, уг үйлдэл нь ноцтой байгаа тохиолдолд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нөхцөл бүрдэнэ.
7.1 Хариуцагчийн ...Ч ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь компанийн хөрөнгийг хувьцаа завшсан гэх гомдлыг Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1009 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр, мөн ...Д.Ө болон Ч нар Ч ХХК-ийн эцсийн өмчлөгч надад болон орон нутгийн захиргаанд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр Бэрх суман дахь жоншны уурхайд хууль бусаар олборлолт явуулсан гэх гомдлыг А аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 427 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /1хх 49-51, 84-85/
Анхан шатны шүүх Ч.Мгийн дээрх үйлдлийг бэлэглэгч Д.Өыг гомдоох хэмжээний ноцтой үйлдэлд тооцоогүй нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасанд нийцсэн байна.
7.2 Түүнчлэн, Ч.Мгийн дээрх үйлдлийн улмаас Ч ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, ашиг, орлого олох боломжгүй болсон нь, мөн хариуцагч нь Ч ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авахдаа төлбөр төлөөгүй, тусгай зөвшөөрлийг ашиглахад шаардагдах санхүүжилтэд хөрөнгө оруулалт хийгээгүйг бэлэглэлийн гэрээтэй шууд хамааралтай, бэлэглэлийн гэрээг талууд дээрх нөхцөлтэй тусгай зориулалттай хийсэн буюу хариуцагч нь бэлэглэлийн гэрээгээр компанийн үйл ажиллагаатай холбоотой үүрэг хүлээсэн, гэрээг хариу төлбөртэй байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Анхан шатны шүүх гуравдагч этгээд ХХК-ийн эзэмшлийн 000 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл Ч ХХК-ийн эзэмшилд хэрхэн шилжсэн, үүнд хариуцагчийн оролцоо байсан эсэх үйл баримтын талаар дүгнэсэн нь тухайн маргаанд шууд хамааралтай гэж үзэхэд учир дутагдалтай байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй.
9. Гуравдагч этгээд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.А болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн лавлагаагаар нотлогдсон. /2хх 247/ Г.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаар анхан шатны шүүхэд тайлбар ирүүлсэн. /2хх 201/ Иймд нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулаагүй гэх гомдлыг хангахгүй.
Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ХХК-д хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/10794 дугаар албан бичигт Г.Аг гүйцэтгэх удирдлагаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон талаар дурдсан /4хх 24/ байх боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд Г.А гүйцэтгэх удирдлагаар бүртгэлтэй байна. /2хх 174-175/
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/00706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
М.БАЯСГАЛАН