Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2023/00044

 

 

 

 

          

 

 

Т.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2023/00107 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Т.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч **** оршин суух Х.Х-, хамтран хариуцагч **** үйл ажиллагаа явуулах “А” ХХК /захирал Ж.Б-/ нарт холбогдох,

 

“Ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч Х.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч Т.Х-, хариуцагч Х.Х- нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:    

1.1. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны үед Х.Х- надад ирээд “...би блокийн үйлдвэр барих гэж байна. Тэрэнд зуух хэрэгтэй” гээд бид хоёр блокийн үйлдвэрт ямар зуух хэрэгтэй, яаж хийх талаар ярилцсан. Тэгэхэд, би “...би амаар хэлэлцээр хийхгүй, гэрээ байгуулна” гэж хэлээд, бид хоёр гэрээ хийж байсан. Би 100 сая төгрөгийн зээл аваад 50 сая төгрөгт нь тоног төхөөрөмж авсан гэж хэлж байсан. Тэгээд бүх юм бэлэн болохоор нь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд бараг 3 сар мөнгө өгөөгүй, зээл өгөхгүй байна гэсэн тайлбар хэлсэн.

1.2. Миний хийсэн ажлуудыг байхгүй болгосон. Би гэрээний дагуу ажлын хөлсөө авна гэдгээ хэлж байсан. Би зураг төслийн дагуу тухайн блокийн үйлдвэр барина гэсэн газрыг хэмжээд зориулалтын тоног төхөөрөмж суурилсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа зөвлөгөө өгсөн. Иймд миний хийсэн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Х.Х-ын хариу тайлбар, татгалзал:

2.2. Би Т.Х-ыг өмнө нь таньдаг байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын үед Т.Х-ын өрөөнд очиж ярилцсан. Би блокийн үйлдвэр барих болсон учраас уур гаргах зуух хийлгэх ёстой байсан тэрний талаар асуухаар очсон. Тухайн үед Т.Х- би хийж өгнө гэж хэлээд, гэрээ гаргаж ирсэн. Тэр үед гэрээнд юм бичигдээгүй хоосон маягт байсан. Тэгэхээр нь би Т.Х-д итгээд гарын үсэг зурж, тамга дарж өгсөн.

2.3. Бид хоёр шинэ зуух хийлгэе гээд Д гэдэг хүн дээр очоод тухайн зуухны зургийг өгсөн. Т.Х-д би зээл хөөцөлдөж байгаа зээл бүтвэл хийнэ гэдгээ хэлсэн. Дараа нь зээл бүтэхгүй болохоор нь зуух хийхээ больсон. Хэд хоногийн дараа Х.Х- над руу өөрөө утасдаад ...А гэдэг хүнд бэлэн зуух байна гэсэн. Тэгээд би А-тэй уулзаад ярилцахад, 15 сая төгрөгөөр аваарай гэсэн. Би түүнд зээл хөөцөлдөж байгаа гэдгээ хэлсэн. А хэрэглэхгүй байгаа, аваад хэрэглэж байхгүй юу гэж хэлсэн. Тэгээд тухайн зуухыг аваад хашаандаа суурилуулсан. Н, Ж гэдэг хүмүүс ирээд хэсэг газарт гагнуур хийгээд тухайн өдөр хөлсөө авсан. Өөр хийгдсэн зүйл байхгүй.

2.4. Надад гэрээний нэг хувийг ч өгөөгүй. Ямар ч ажил хийгээгүй байж одоо надаас 2 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бэлэн байгаа зуухыг авчирч суулгасны төлөө 2 сая төгрөг авна гэдэг нь ямар ч үндэслэлгүй байна. Тухайн газарт 10 хувийн ажил хийгдсэн. Өөр хийгдсэн ажил байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Хамтран хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч Ж.Б-ын хариу тайлбар, татгалзал:

3.1. Би нэхэмжлэгч Т.Х-ыг танихгүй, өмнө нь уулзаж ч байгаагүй. Манай нөхөр Х.Х-тай ярилцаад зуух хийхээр хоёулаа тохиролцсон байна. Гэхдээ Т.Х- өөрөө шинэ зуухны зураг төслийг гаргаж, шинээр зуух хийлгээд “А” ХХК-ийн хашаанд байрлуулж, 100 хувь үйл ажиллагаанд оруулж өгнө гэж гэрээнд тусгасан байна.

3.2. Харин цалин мөнгөний талаар юу гэж тохиролцсоныг мэдэхгүй. Х.Х-ын хэлснээр цалин хөлсний талаар тохиролцож байгаагүй гэж байгаа. Т.Х-, Х.Х- хоёр ярилцаж байхад хөлсөөр ажиллах гэрээний хоосон маягтыг Т.Х- гаргаж ирээд гарын үсэг зуруулж, тамга даруулж авсан байна. Х.Х-, Т.Х-д итгээд гарын үсэг зурж, тамга дарж өгсөн байна. Тухайн үед цалин хөлсний талаар юу ч бичигдээгүй, цагаан цаас байсан гэсэн. Ер нь хөлсөөр ажиллах гэрээ 3 хувь үйлдэгдэх ёстой. Нотариатаар батлуулсан, нэг хувь нь Х.Х-т байх ёстой. Бид энэ гэрээг хавтаст хэргээс үзсэн. Өмнө нь бидэнд үзүүлж байгаагүй.

3.3. Би үйл ажиллагааны талаар зааварчилгаа өгч байсан гэсэн. Ажилчдыг цуглуулж тэгж заавар, зөвлөгөө өгч байсныг би мэдэхгүй. Зээл бүтээгүй болохоор блокийн үйлдвэр барихаа больсон. Мөн Т.Х- өөрөө манай нөхөр Х.Х-т “...А гэдэг залууд миний хийж өгсөн зуух байгаа. Ажиллаж байсан. Одоо тэр хүн ашиглахгүй байна. Тэрийг авчих” гэж хэлсэн байна. Тэгэхээр нь Х.Х- А дээр очиж уулзаад зуухны үнийг тохиролцоод тухайн зуухыг “А” ХХК-ийн хашаанд буулгасан. Т.Х-тай 2022 оны 4 сарын үед ярилцаж байсан. Харин А-ийн зуухыг 6 сарын үед авчирсан. Зуухыг байрлуулах суурь хэрэгтэй гэхээр нь тухайн зуухыг байрлуулах газар суурийг бэлдсэн байсан. Зуухыг хашаанд буулгасны дараа нэг өдөр Т.Х- өөрийн таньдаг гагнуурчин болон туслах ажилтан гээд хоёр залууг дагуулж ирээд 2-3 цаг бэлэн зуухны жижиг сажиг юмнуудыг гагнаад холбооснуудыг хийсэн. Тэд нар ажилласан хөлсөө тухайн үед Х.Х-аас авсан байна. Тэр үед Т.Х- хажууд нь байсан. Ямар ч ажил хийгээгүй. Тухайн зуухыг ямар ч ашиглалтад оруулаагүй. Гэрээнд 100 хувь ашиглалтад оруулсны дараа хөлсөө тохиролцоно гэсэн байна. Нэг хүний сарын цалин 2 сая байтугай одоо 600,000 төгрөг байгаа. Гэтэл гагнуур хийсэн хүмүүсийн хажууд 2 цаг байсны төлөө 2 сая төгрөг нэхэмжилж байгаад нь гайхаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2023/00107 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Х-, хамтран хариуцагч “А” ХХК нараас ажлын хөлс 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Х-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Х.Х-, хамтран хариуцагч “А” ХХК нараас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч  Х.Х-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхэд Т.Х-ын нэхэмжлэлийн тайлбарт 2.000.000 төгрөгийн  ажлын хөлсний тухай, уг ажил нь хийгдээгүй компанийн хашаанд хийсэн ажлын бодит байдлыг тогтоож үзлэг хийж өгөх талаар удаа дараагийн тайлбар хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/Ш32023/00393 дугаартай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан.

5.2. Анхан шатны шүүх гэрч Б.Н, К.Ж нарын аман хэлбэрээр өгсөн гэрчийн мэдүүлэг болон Т.Х-ын 2.000.000 төгрөгийн гэрээг үндэслэл болгон нэхэмжлэгч Т.Х-ын 2.000.000 төгрөгийг "А” ХХК-аас гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

5.3. Гэрч Б.Д, Х.Н, Ж.Ө, К.А нар тухайн үеийн зуухны талаар мэдүүлэг өгсөн.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу хариуцагч бид нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч биднийг нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй.

5.5. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн тал бүрээс нь шинжлэн үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж ёстой.

5.6. Гэтэл анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 4 дүгээр хуудасны 15-д “нэхэмжлэгч Т.Х- нь шүүх хуралдааны шатанд нотлох баримтаар хоёр ширхэг хавтасласан бичмэл нотлох баримтыг гаргаж өгсөн ба нэг хавтаст нь тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрмүүд, ХАБЭБ-ын зөвлөл гэх, 2 дахь хавтаст компанийн захирал Х-д хүлээлгэж өгсөн бичиг баримтын жагсаалт гэх хаягтай хавтасласан бичмэл баримтуудын аль баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага эсэх нь тодорхойгүй, ажлын хөлс 2.000.000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх нь нотлон тогтоогдохгүй байх тул энэхүү бичмэл баримтуудыг үндэслэлгүй болно гэсэн байна.

5.7. Энэ утгаараа нэхэмжлэгч Т.Х-д бичмэл гэрээнд 14 хоногийн дотор бүрэн хийж дуусаад гэрээнд тусгасан ажлын гүйцэтгэлийг бүрэн хийж өгсөн 2.000.000 төгрөгийн ажлын хөлсийг "А" ХХК-ны удирдлага өгөхгүй байна гэсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүх дээрх байдлаар үгүйсгэсэн атлаа мөнгийг "А" ХХК-аас тулган шаардаж, компанийг хохироох хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5.8. Тус компани 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт нэхэмжлэгч Т.Х- 2.000.000 төгрөгийн ажлын хөлсний тухай гэрээний биелэлт хохирлын бодит байдлыг тогтоолгохоор гомдол гаргасан.

5.9. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2023/00107 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч Х.Х-ын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч Т.Х- нь хариуцагч Х.Х- болон “А” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 2,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч  нар гэрээнд заасан ажлаа гүйцэд хийгээгүй дутуу хийсэн тул мөнгө олгох боломжгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч Х.Х- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотлохоор 2022 оны 11 дүгээр сарын  21-ний өдөр шүүхэд “...гэрч асуулгах, тухайн газарт үзлэг явуулж бодит байдлыг тогтоох” тухай, хамтран хариуцагч  “А” ХХК-ийн захирал Ж.Б- 2023 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр “...гэрч асуулгах, Уур гаргах зуухад хийгдсэн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь тогтоолгохыг шүүхээс хүсэж байна” гэх хүсэлтүүдийг тус тус гаргажээ.

9.1. Анхан шатны шүүх хариуцагч Х.Х-ын хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШЗ2022/03250 дугаартай “Хүсэлтийг хангах тухай” шүүгчийн захирамжаар гэрч асуулгах тухай хүсэлтийг ханган шийдвэрлэж, тухайн газарт үзлэг явуулж бодит байдлыг тогтоох хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан “гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхийг зөрчжээ.

9.2. Хамтран хариуцагч “А” ХХК-ийн захирал Ж.Б-ын хүсэлтийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШЗ2023/00393 дугаартай “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд эрх нь нээлттэй байгаа болно” гэж дүгнэж хүсэлтийг хангахаас татаглзаж шийдвэрлсэн нь үндэслэл муутай болсон байна.

10. Хариуцагчийн хүсэлтийг тодруулаагүй, маргааны үндэслэл болсон “А” ХХК-ийн хашаанд байрлах гэрээнд заасан уурын зуух угсрах ажил бүрэн хийгдсэн эсэхийг, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй, хуульд заасан тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

11. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үзлэг хийж тодруулаагүй учраас хариуцагч нарын татгалзалын үндэслэлд хамаарах, зохигч маргаантай байгаа бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ажлын гүйцэтгэлтэй холбоотой зарим нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас талуудын хооронд үүссэн маргааны талаар, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

12. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу хуульд заасан тохиолдолд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагч Х.Х-ын маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2023/00107 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Х-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж Х.Х-д буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.й. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

                                               

                                   ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ