Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 215/МА2023/00012

 

 

С.М, С.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШШ2023/00032 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С овогт С.М, А овогт С.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч И овогт Д.Г-т холбогдох хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай

Хариуцагч И овогт Д.Г-ын сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч С овогт С.М, А овогт С.Б нарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ................ сумын ............. /............./багийн .............  дүгээр байрны ... тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Д.Г-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай.

 

2. Нэхэмжлэлийн үндэслэл: С.М, С.Б бид Говь-Алтай аймгийн ................ сумын ............. багийн ................................ байршилтай, орон сууцны зориулалттай, 85 мкв талбайтай, хоёр байрыг 2005 онд .......................худалдаж авсан. Энэ байранд засвар хийгээд амьдарч байгаад бэр байсан .......................Япон улсаас бага хүүхдээ төрүүлэхээр ирэхэд нь оруулж байсан.

2015 онд ....................... байрнаас гарч, түүний ах Д.Г орсон. Үүнээс хойш 2-3 удаа шаардсан боловч өдий хүртэл чөлөөлж өгөөгүй.

Одоо Д.Г-ын амьдарч байгаа С.М, С.Б бидний өмчлөлийн орон сууцны талбайн хэмжээ нь 36 мкв, шинэчилсэн хаяг нь Говь-Алтай аймгийн ................ сумын ............. багийн ............. байрны .... тоот болсон.

 

3. Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

 

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: С.М нь 2011 онд тухайн орон сууцыг худалдана, танайх худалдан авах уу гэж санал тавьж, манай гэр бүлийнхэн зээл авч, 15,000,000 төгрөгөөр худалдан авч байсан.

 

Тухайн үед С.М нь орон сууц нь хуучны барилга учраас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх гэрчилгээ байхгүй гэж хэлсэн. С.М, С.Б нартай худ ургийн холбоотой байсан учир тэр үед тэдний үгэнд итгэн худалдаж авсан.

 

Манайх 2011 оноос хойш тухайн орон сууцыг бусдад түрээслүүлж байгаад 2015 оноос би хурим хийж, гэр бүлээрээ амьдрах болсон. Манайх тус орон сууцанд амьдрахдаа нэг өрөө шинээр нэмж барьсан, бүхэлд нь засвар хийж, өдийг хүртэл амьдарсаар ирсэн. Орон сууцыг суллаж, өгөхийг шаардсан гэж гүжирдэж байна.

 

Эдгээр хүмүүстэй 2016 онд худ ургийн харилцаа тасарснаас хойш тухайн байрыг бичиг баримтжуулахыг шаардахад танай дүү ....................... хүүхдүүдээ уулзуулж, бидний өгч буй тэтгэлгийг авч байх юм бол бичиг баримтыг чинь шилжүүлж өгнө гэж дарамталсан.

 

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ................ сумын ............. /............./ багийн ............. байрны ... тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай

 

6. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: С.М, С.Б нарын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд заасан хаягт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг миний бие 2011 онд С.М-аас 15,000,000 төгрөгөөр худалдан авсан тул чөлөөлж өгөх үндэслэлгүй. Уг үл хөдлөх хөрөнгийг бусдад хөлслүүлж байсан талаарх нотлох гэрч шүүхэд мэдүүлэг өгсөн.

 

Харин нэхэмжлэгч нар нь орон сууц худалдах, худалдан авах үед уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлээгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримт буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2018 оны 03 дугаар 26-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус тус бүртгэсэн баримтаас харж болно.

Иймд С.М, С.Б нар нь 2011 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийх боломжгүй байсан гэж үзэж байна.

 

Тодруулбал Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэхийн тулд нэхэмжлэгч нар тухайн эд хөрөнгийн өмчлөгч байх шаардлага тавигдах байсан.

 

Хэрвээ нэхэмжлэгч нар тухайн үед орон сууцны өмчлөгч байсан бол хэлэлцэн тохиролцсон үнэ болох 15 сая төгрөгийг төлж, эзэмшилдээ авснаас хойш бусдад хөлслөх, өөрөө бодитойгоор эзэмшсэн 11 жилийн хугацаанд орон сууцыг чөлөөлөхийг мэдэгдэх, шаардах эрхтэй. Маргааны зүйл болсон орон сууц тухайн үед тэдний өмчлөлд бүртгэгдээгүй гэдгийг мэдэж байсан учир Иргэний хуулийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл хийж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 д зааснаар хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй гэж үзэж байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т 6 жил гэж заасан бөгөөд энэ хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүхэд хандаагүй, хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаагүй юм.

Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй, тэр талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ заагаагүй хугацааг хэтэрсний үр дагавар нь маргааны зүйлийн талаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар маргааны зүйл болж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээ гарснаас хойш гэрчилгээнд нэрлэн заасан орон сууцыг надаас шаардсан байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч шаардахын тулд маргааны зүйл болж байгаа орон сууцыг би хууль бусаар буюу гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшилдээ авсан байх учиртай.

 

Хариуцагч миний хувьд нэхэмжлэлд заасан орон сууцыг гэрээний дагуу үнийг төлж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан хууль ёсны эзэмшигч бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтаар шаардлага гаргах үндэслэлгүй юм.

Тухайн үед хийгдсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний дагуу үнэ эд хөрөнгө харилцан шилжиж, түүнээс хойш 11 жилийн хугацаа өнгөрсөн.

 

Гэрээний дагуу үнийг нь төлсөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаан гарч байгаа нь хариуцагч миний эд хөрөнгийн эрхийг зөрчиж байх тул өмчлөх эрхээ шүүхээр хамгаалуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

7. Нэхэмжлэгчийн татгалзлын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

 

8. Нэхэмжлэгчийн татгалзлын үндэслэл: С.М, С.Б бид Д.Г-тай орон сууц худалдах, худалдан авах талаар хэлцэл хийгээгүй учраас түүнээс орон сууцны үнэ 15,000,000 төгрөг аваагүй.

 

Харин Д.Г-ын ах ....................... нь надаас 8 тонны даацтай ачааны Hyundai Truck маркийн автомашин худалдан авсан. Уг автомашины үнэ 10,000,000 төгрөгийг эцэг .......................нь манай гэрт авч ирээд надад бэлнээр өгснийг Д.Г нь одоо амьдарч байгаа орон сууцны үнэд өгсөн гэж тайлбарладаг.

 

Д.Г-ын одоо амьдарч буй орон сууцны өмчлөгчөөр С.М, С.Б бид бүртгэлтэй байдаг. Уг байрны талаар маргаан үүсэх болсон шалтгаан нь 2012 онд эцэг .......................гуай нь надад Д.Г-ыг гэрлүүлэх гэж байгаа. Манайх саяхан .......................ыг гэрлүүлсэн, эгч Д.Ц, дүү ....................... нарыг бас гэрлүүллээ. Ойрын 2-3 жилийн хугацаанд хүүхдүүд гэр бүл болоод Д.Г-т байр авч өгч чадахгүй байх тул танай саарал байранд түүнийг гэрлүүлье гэдэг санал тавьсан.

Би .......................гуайтай худ ургийн холбоотой, өмнө нь ч сайн таньдаг ойр дотно харьцаатай байсан. Манай хүү М.Т нь Н.Д хүргэн болсон зэрэг шалтгааныг бодолцоод хүсэлтийг зөвшөөрсөн. Д.Гыг боломжтой болсон үедээ манай байрыг чөлөөлж өгөх байх гэж бодож байсан. Гэтэл надаас худалдан авсан мэтээр маргаж байна.

Айлын хуучин орон сууцанд хуримаа хийж байгаа хэн ч уг байраа засаж өнгө будгийг нь шинэчлээд хурим найраа хийдэг. Манай байрны дотор ханыг будаж бага зэрэг засварласан.

Өргөтгөл хийсэн гэх нөгөө байрны ханыг босгохдоо уг байрны зүүн хана, гражийн урд хана хоёрыг холбож босгосон хоёр хана байгаа. Өргөтгөлийг хийхэд Д.Гаас хөрөнгө, мөнгө гараагүй, миний барилга барьж байсан материалын үлдэгдэл болон уурын зуухны үнсээр барьсан.

 

Нэхэмжлэлд дурдсан одоогийн хаягаар Говь-Алтай аймгийн ................ сумын ............. багийн ............. хорооллын ........... тоот 36 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь .......................2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр С.М, С.Б нарт бэлэглэлийн гэрээгээр шилжин ирснээс хойш өдийг хүртэл бидний өмчлөлд бүртгэлтэй байгаа.

Тус орон сууцыг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны 100,000,000 төгрөгийн ипотекийн зээлийн нэмэлт барьцаанд тавьж, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр барьцааны гэрээ дуусгавар болгож, чөлөөлсөн.

 

Энэ хугацаанд дээрх орон сууц нь 85 мкв талбай бүхий гэрчилгээтэй байсныг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, 49 мкв болон 36 мкв талбай бүхий тусдаа эд хөрөнгөөр бүртгүүлсэн. Дараа нь дээрх 36 мкв талбай бүхий орон сууцыг одоогийн хаягийн өөрчлөлтийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

С.М, С.Б бид одоо амьдарч байгаа 324 мкв талбайтай орон сууцны барилгын ажлыг 2020 оны 04 дүгээр сард эхэлж, 2021 оны 07 дугаар сард дуусгаж, ашиглалтад оруулсан. Энэ үед Д.Г болон түүний эцэг .......................нартай маргаан бүхий 36 мкв талбайтай орон сууцны талаар ямар нэг хэлцэл хийгдээгүй байсан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С овогт С.М, А овогт С.Б нарын хариуцагч И овогт Д.Г-т холбогдох Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ................ сумын ............. /............./багийн ............. ............ байрны ... тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч И овогт Д.Г-ыг Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ................ сумын ............. /............./багийн ............. байрны ... тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М, С.Б нарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Д.Г-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.М, С.Б нараас 232,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Гт олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 162,750 төгрөгийг нэхэмжлэгч С.М, С.Б нараас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШШ2023/00032 дугаар шийдвэрийг хэргийн нэхэмжлэгчид бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэргийн шүүх хуралдааныг даргалагч шүүгч Б.М нь хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, нотлох баримтуудыг эргэлзээгүй үнэн зөв байх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагч Д.Гын аав .......................болон нэхэмжлэгч С.М бидний хооронд маргааны зүйл болох тухайн орон сууцыг 2011 оны 01 сард худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр хийсэн нь тогтоогдлоо гэж дүгнээд үүнийгээ үндэслэн нэхэмжлэгч миний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь бодит байдалт нийцэхгүй байна. Иргэн .......................бид хоёрын хооронд 2011 онд ямар ч гэрээ хэлцэл хийгдээгүй. Харин 2012 оны зун Д төрсөн хүү Гыг миний эхнэр С.Б бид хоёрын өмчлөлийн 36 м2 талбай бүхий орон сууцанд гэрлүүлж хурим хийлгэх тухай аман хэлцэл хийгдсэн. Үүнийг хэргийн гэрч Д шүүхэд өгсөн мэдүүлэг (1 дүгээр ХХ-ийн 96-98), Орон сууцыг 2012 онд худалдан авсан гэх мэдүүлэг болон удаа дараагийн шүүх хурлууд дээр нэхэмжлэгч нарын өгч байсан тайлбаруудаар батлаж болно.

Д.Гыг уг байранд гэрлүүлэх хэлцлийг 2012 онд хийгдсэнийг 2011 онд хийгдсэн гэж баталснаараа гэрч Н.Д, Д.Ц, Д.Г нар Хаан банкнаас 2011 оны 01 сард авсан цалингийн зээлүүдийг маргаан бүхий орон сууцны үнэд өгсөн гэж тайлбарлах гол үндэслэл болгосон. Хариуцагч Д.Гын аав Д 2011 оны хавар 10 сая төгрөгийг нэг л удаа авсныг би удаа дараагийн шүүх хуралдаан дээр батлаж байсан боловч шүүгч Б.М хэт нэг талыг барьж хариуцагч болон түүний төрсөн аав, ах, эгч, дүү нарын мэдүүлгийг үндэслэн 2011 оны 01 сард байрны үнэ 10 сая, 2011 оны хавар .......................ын худалдан авсан машины үнэ 10 сая төгрөгийг .......................нь 2 удаагийн үйлдлээр манай гэрт авч ирж бэлнээр өгсөн хэмээн дүгнэсэн нь үнэнд болон хуульд нийцэхгүй байна.

2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгч С.М миний Хаан банкны .......................... тоот дансанд орлого хэмээн хийсэн 10 сая төгрөгийг шүүгч уг мөнгөний эх үүсвэрийг нэхэмжлэгч С.М нь бодитой үндэслэлтэй тайлбарлаагүй гэж дүгнэжээ. Гэтэл уг мөнгөний талаар нэхэмжлэгч С.М би шүүх хурал дээр тодорхой тайлбарласан. Би 2011 онд өөрийн өмчлөлийн “ЭЭБТ” ХХК-аар хүнсний дэлгүүр, цайны газар, интернэт кафе, компьютер, каноны үйлчилгээ, модон эдлэлийн засвар, хүнсний бөөний болон жижиглэн худалдаа эрхлэж байсан. Мөн өөрөө автотээврийн ажил хийж байсан 2003-2016 онуудад Ховд аймгийн Буянт сумаас намар бүр хүнсний ногоо тээвэрлэж ирж зарж байсан. 2010, 2011, 2012, 2013 онуудад Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Дэлгэр, Цогт, Бигэр, Баян-Уул, Шарга сумуудаас амьд мал олон тоогоор худалдан авч өвөл нь нядалж аймгийн төв болон Улаанбаатар хотын Эмээлт зах дээр тээвэрлэн аваачиж зардаг байсан. Энэ мах, ногоо зарах ажлын тээвэрт хариуцагч Д.Гын төрсөн ах ....................... надтай хамт миний туслах жолоочоор явдаг байсан. Мөн хүнсний ногооны борлуулалтын ажилд Д.Гын аав .......................оролцдог байсан. Миний 2011 оны 01 сарын 28-ны өдөр Хаан банкны .......................... тоот дансандаа орлого хэмээн хийсэн 10 сая төгрөг бол 2010 оны намар Цогт сумаас амьдаар нь худалдан авч өвөл нь нядалж зарсан 250 толгой эр ямааны мах болон 2010 оны намар Буянт сумаас тээвэрлэн ирж зарсан хүнсний ногооны үнэ зэргээс үүсвэртэй миний гар дээр эргэлдэж байсан бэлэн мөнгөний зарим хэсэг юм.

Хариуцагч Д.Гын энэ хэрэгт гэрчээр оролцуулсан түүний аав Д, төрсөн эгч Ц, төрсөн ах ......................., төрсөн дүү ......................., нагац ах Э нь эхнэр Б нар нь хариуцагчтай гэр бүл, ах дүүсийн холбоотой, мэдүүлгүүд нь хоорондоо үгсэн тохиролцсон 2011 онд цалингийн зээл авч байсан гэдгийг л батлах болохоос уг байрыг нэхэмжлэгч С.М-аас худалдан авсан гэдэг нь төрсөн хүү, ах, дүү нь Д.Гаа хамгаалсан үгсэн тохиролцсон шинжтэй байдаг. 2011 оны 01 сард Хаан банкнаас авсан Д, Ц, Г нарын цалингийн зээлүүдийг 2011 оны 01 сард .......................надад бэлнээр авч ирж өгсөн гэдэг мэдүүлгээ батлахаар үгсэн тохиролцсон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Ер нь .......................болон М, Б нарын дунд Гыг маргаан бүхий уг байранд гэрлүүлэх хэлцэл хийгдсэнийг Ц, ......................., ....................... нар батлах боломжгүй. Энэ хэлцэл 2012 онд буюу би Ш төвийн 3 давхар байрыг ашиглалтанд оруулж өөрөө тэр байрныхаа 2 давхарт нүүж орсоноос хойш 1 жилийн дараа хийгдсэн талаар өмнөх олон удаагийн шүүх хурлууд дээр бид мэдүүлсэн. 2011 он гэдэг нь цаг хугацааны хувьд болохгүй байна гэж шүүх хурал бүр дээр мэдэгдэж байсан боловч шүүгч үүнийг үнэлээгүй. Энэ нь ганц миний мэдүүлгээр батлагдаагүй. Бусад олон нотлох баримтуудыг судлахад батлагддаг. Уг хэрэг нь анх 2018 оны эцсээр эхлэж улмаар хариуцагч Д.Г 2019 онд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт иргэн С.М намайг залилан мэхэллээ гэсэн гомдол гаргаснаар залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдсан. Гэвч аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийг хаасан. Аймгийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийг хаах тогтоолыг батлахаас өмнө намайг дуудан уулзаж Д.Гын гомдлоор шалгахад залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй иргэд хоорондын эд хөрөнгийн маргааны шинжтэй хэрэг байх тул та энэ асуудлаа иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж тайлбарласан тул би прокурорын тогтоолын талаар дээд шатны прокурорт гомдол гаргаагүй. Гэтэл шүүгч Б.М хэргийг шийдвэрлэхдээ ...нэхэмжлэгч тал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнг хүлээн зөвшөөрч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тухай дүгнэлт хийсэн прокурорын шийдвэрийг баримтаар үгүйсгээгүй гэж дүгнэх боломжтой... гэсэн нь иргэн .......................бид хоёрын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх батлагаа болохгүй гэж би үзэж байна. Учир нь прокуророос эцсийн шийдвэрийг шүүх гаргана гэж тайлбарласан тул би прокурорын тогтоолын талаар аль нэг газарт ямар нэгэн гомдол гаргалгүй аймгийн Иргэний хэргийн шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр шийдсэн.

Шүүгч Б.М нь уг маргаан бүхий байранд бодит байдлын үзлэг хийхээр ирээд тэр үзлэгт оролцож байсан хүмүүсийн дэргэд хариуцагч Д.Гт нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодорхой болгох талаар зөвлөгөө өгч илт хариуцагчийн талд үйлчилж байсан. Энэ үндэслэлээр нь би шүүгч Б.Маас татгалзах хүсэлт гаргасан боловч шүүх миний хүсэлтийг хангаагүй. Ингээд шүүх хурлын өмнө шүүгч Б.М нь хариуцагчаар сөрөг нэхэмжлэлийг нь өөрчлүүлж, илт хариуцагчийн талд үйлчилж иргэний хэргийг хууль зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.    

 

Нэхэмжлэгч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШШ2023/00032 дугаар шийдвэрийг хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдалд нийцээгүй гарсан гэж нэхэмжлэгч талаас үзэж дараах гомдлыг гаргаж байна.

 

Үүнд: Уг маргаан бүхий Говь-Алтай аймгийн ................ сумын төв, ............. баг .......... байр ... тоот хаягтай 36 м2, орон сууцны зориулалтай улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх С.М, С.Б нарын нэр дээр бүртгэгдсэн гэрчилгээгээр дээрхи үл хөдлөх хөрөнгө нь С.М, С.Б нарын эд хөрөнгө болох нь тогтоогддог.

 

Шүүхээс нэхэмжлэгч С.М, С.Б, хариуцагч Д.Гын аав Н.Д нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэдий ч уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Г шаардах эрхтэй гэж үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн байгаа.

 

Хариуцагч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.М, С.Б нараас ...2012 онд бэлэн 15.000.000 төгрөгөөр худалдан авсан. ...2012 оноос хойш манайхыг тус байранд амьдарч байхад С.М нь байрыг суллаж өг гэсэн шаардлага гаргаж, хөөж тууж байгаагүй ... гэжээ /1-р хавтаст хэргийн 96-98 хуудас/

 

Мөн үүнийгээ нотлохын тулд 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хуулга гаргаж өгч байсан. Мөн шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр оролцсон гэрч Г.Б нь маргаан бүхий орон сууцыг 2012-2014 онд түрээслэн суусан гэж мэдүүлсэн байгаа. Энэ бүгдээс харахад хариуцагч Д.Г нь 2012 оноос хойш уг байрыг эзэмшиж байсан гэх талаар баримт бүрдүүлж байгаад зээл авч өгсөн хугацаандаа тааруулж хэрэг хянан шийдвэрлэх явцад 2011 он гэж ярьдаг.

 

Шүүх нэхэмжлэгч нар хариуцагчийн аав Н.Д нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа 2011 онд үүссэн гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жилийн хугацааны дотор гаргах эрхтэй байсан. Уг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхад шүүгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа хариуцагчийн өмгөөлөгчид өөрөө зааж өгч хажуудаа суулгаж байгаад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлэн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гэж хэлж өгч бичүүлээд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээж аваад үүнийгээ хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа хэтрүүлээгүй байна гэж хуулийг буруу хэрэглэн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх”-ыг ноцтой зөрчиж хэт нэг талд үйлчилсэн.

Мөн анхан шатны шүүхийн зүгээс хариуцагч нь уг маргаан бүхий байрыг 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбар хийж байхад нэхэмжлэгч С.Мын дансанд орсон 10.000.000 төгрөгийг байр авсан мөнгө гэж таамаг дэвшүүлэн шийдвэрийнхээ үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг яригдсан асуудал нь шүүх хуралдаан дээр л 10.000.000 төгрөг орсон талаар хариуцагчийн өмгөөлөгч ярьсан. Энэ талаар баримт гаргаж өгөх боломжгүй байсан. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШШ2023/00032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   9. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

10. Нэхэмжлэгч  С.М, нэхэмжлэгч С.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарын давж заалдах журмаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Гын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

11. Нэхэмжлэгч С.М, С.Б нар нь хариуцагч Д.Гт холбогдуулан Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ................ сумын .............  багийн ............. байрны ... тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ уг байрыг Д.Гын аавтай хэлэлцэн тохиролцсоны дагуу үнэ төлбөргүй ашиглуулж байсан, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаар бүртгэл, гэрчилгээ зэргээр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.М, С.Б нар хууль ёсоор эзэмших эрхтэй гэж тайлбарлажээ.

12. Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Д.Г нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд заасан үнийг нь бүрэн төлж уг хөрөнгийг худалдан авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргажээ.

13. Түүнчлэн үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Д.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.М, С.Б нарт холбогдуулан Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ................ сумын ............. багийн ............. байрны ... тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

14. Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч С.М, С.Б нар нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, орон сууцны үнийг аваагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

15. Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөгдсөн эсэх, тухайн эд хөрөнгийн эзэмшил нь хууль ёсны эсэх зэрэг нь зохигчийн маргааны зүйл болжээ.

16. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хангалттай биелүүлээгүй, тухайлбал, зохигчийн тайлбарт дурдсан үйл баримт, бичгийн нотлох баримтын агуулгыг бүрэн судалж харьцуулан үнэлээгүйгээс маргааны зүйлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

17. Хариуцагч Д.Гын эцэг Н.Д болон нэхэмжлэгч С.М, С.Б нарын хооронд 2011 оны 01 дүгээр сард тухайн үеийн байршил, хаягаар Говь-Алтай аймгийн ................ сумын ............. / .......... / баг, ................................ байрлах, 36 мкв талбайтай, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдах авах хэлцэл хийгдсэн байх боломжтой байна.

18. Гэвч Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т бичгээр хийх хэлцлийг, хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн үеэс хийсэн гэж үзэхээр заасан, хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулагдаж, нотариатаар гэрчлүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулах, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй байна. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

19. Анхан шатны шүүх энэ үйл баримтыг нягтлаагүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

            20. Гэрээний талууд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг харилцан шилжүүлэхдээ гэрээг хуульд тусгайлан зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх учиртай.

21. Талуудын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

22. Иймд уг хэлцлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд талууд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

            23. Тиймээс нэхэмжлэгч С.М, С.Б нар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Д.Гын эзэмшил, ашиглалтаас өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

24. Гэвч хариуцагч Д.Г нь уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад зорилгоор нэхэмжлэгч нарт хэдэн төгрөг шилжүүлсэн, уг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас түүнд ямар хэмжээний хохирол учирсныг нотлоогүй, уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан тул С.М, С.Б нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Гын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

25. Мөн энэхүү магадлал нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн мөнгөний хэмжээ болон учирсан хохирлоо нэхэмжлэх Д.Гын эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

26. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.

27. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх, улсын бүртгэлээр баталгаажсан эрх юм. Д.Г нь эцэг Н.Д болон С.М, С.Б нарын хооронд хийгдсэн хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг төлөөлөн шаардах эрхгүй байна.

28. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай үйл баримтын үндэслэлийг тогтоогоогүй, улмаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонхи дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 133/ШШ2023/00032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг нэхэмжлэгч С овогт С.М, А овогт С.Б нарын хариуцагч И овогт Д.Г-т холбогдох “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ................ сумын ............. (.............) багийн ............. байрны ... тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хангасугай,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн ................ сумын ............. (...........) багийн ............. байрны ... тоот хаягт байршилтай, 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө”-ийн өмчлөгчөөр тогтоолгох тухай И овогт Д.Гын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар С.М, С.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, Д.Гаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.Гаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М, С.Б нарт олгосугай  гэж өөрчилсүгэй.

2. Нэхэмжлэгч С.М, С.Б нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

                        ШҮҮГЧИД                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                         Ч.ЭНХТӨР