Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 645

 

Б.О-, Н.О-, Г.П-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23 дугаар магадлалтай, Б.О-, Н.О-, Г.П- нарт холбогдох хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Р овогт Н-н О-,

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ***, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Б-н О-,

3. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, малчин, ***, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Г-н П-.

Б.О-, Н.О-, Г.П- нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны харьяа “Захуйн-Ус” гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас 2019 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл ашиглан 35 боодол өвс хулгайлан авч, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 350,000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-, Н.О-, Г.П- нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.О-т 1 жил 1 сар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.О-, Г.П- нарт 2 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Н.О-ын өмчлөлийн 52-05 ГАА улсын дугаартай “Митцүбиши эл-200” маркын тээврийн хэрэгслийг, мөн 68-79 УБЯ улсын дугаартай “Истана” маркын тээврийн хэрэгслийн үнэ болох 6,400,000 мянган төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргаж тус тус улсын орлого болгож,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх тээврийн хэрэгслийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, №01202930 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хууль ёсны эзэмшигч Х.Эрдэнэсүхэд буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

А. Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг бүхэлд нь: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Б.О-, Н.О-, Г.П- нарт холбогдох хэргээс шүүгдэгч Б.О-, Г.П- нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

Б. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж агуулгыг бүхэлд нь “Шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж,

В. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж агуулгыг хэвээр үлдээж,

Г. Шийтгэх тогтоолын 4, 6 дахь заалтын Г.П-, Б.О- гэснийг хасаж,

Д. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтаас ... “мөн 68-79 УБЯ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 6,400,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргаж тус тус” гэснийг хасаж,

Е. Шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг шүүгдэгч Н.О-ын 314 хоног, шүүгдэгч Б.О-, Г.П- нар нь 77 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Б.О-, Г.П- нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-79 УБЯ улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6,400,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргах гэснийг хасаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдаагүй нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ”, 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэсэн байдаг байна.

Шүүгдэгч Н.О- гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, тээврийн хэрэгслээрээ зөөсөн, ачилцсан, шүүгдэгч Г.П- тээврийн хэрэгслээрээ зөөсөн, ачилцсан, Б.О- өвсийг ачилцахад оролцож хамтдаа 35 боодол өвсийг авсан нь хууль бус үйлдэл гэдгийг ухамсарласан хирнээ хүсэж үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь шүүгдэгч Г.П-, Б.О-, гэрч М.Баярмаа нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн, шүүгдэгч Н.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.О-, Г.П- нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээр шинжлэн судлагдаагүй 1 дүгээр хавтаст хэргийн 73 дугаар хуудасны шүүгдэгч Н.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 74-75 дугаар хуудасны шүүгдэгч Б.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар хуудасны шүүгдэгч Г.П-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэл болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад болон тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно...” гэж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизм болох тээврийн хэрэгслийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хуульчилсан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтаас “...68-79 УБЯ улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргаж тус тус” гэснийг хассан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт тус тус хуульчилсныг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. 6879 УБЯ улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг үнэлгээний компаниар гаргуулсан байгаагаар шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгон, тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор байхад давж заалдах шатны шүүх уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Х.Эрдэнэсүхэд шууд олгохоор шийдвэрлэсэн нь магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Шүүгдэгч Б.О-, Г.П- нарын унаж явсан 6879 УБЯ улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг 35 боодол өвс хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авахдаа өөрийн үйлдлээ хөнгөвчлөх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэхдээ ашигласан болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байдаг.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.О-, Б.О-, Г.П- нарт холбогдох хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцээд “шүүгдэгч нар нь ...өвс хулгайлах талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй” гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.О-, Б.О-, Г.П- нарт холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дахин хэлэлцээд шүүгдэгч Н.О-, Б.О-, Г.П- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлоор 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 23 дугаартай магадлалаар шүүгдэгч Б.О-, Г.П- холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, өмнөх шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Н.О-, Б.О-, Г.П- нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Цагаатгагдсан этгээд Б.О-, Г.П- нар нь тусгай хамгаалалтын газрын төмөр хашааг зориулалтын багажаар эвдэн орж байгаа Н.О-ын үйлдлийг хулгайн гэмт хэрэг гэдгийг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж тээврийн хэрэгсэл болон үйлдлээрээ дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.О-, Н.О-, Г.П- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.О-, Б.О-, Г.П- нарыг бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд үйл ажиллагаа явуулдаг Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны харьяа “Захуйн-Ус” гэх газар байрлах Хавтгай үржүүлгийн хашаанаас тээврийн хэрэгсэл ашиглан 35 боодол өвс хулгайлан авч, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэр бүхий 3 шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм, Д.Ариун-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг өөрийн бүрэн эрхийн хэмжээнд хянан хэлэлцээд, Н.О-ын хүсэлт гуйлтаар түүнтэй хамт явж, өвс хулгайлахад нь хамт оролцсон байгаа хэдий боловч хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг баттай мэдэж байсан, түүнчлэн уг үйлдэлд шунахай сэдэл, ямар нэг эдийн ашиг сонирхолд тулгуурласан субъектив санаа зорилгоор оролцсон болох, тийм зорилгын хүрээнд хамтарсан гэдгийг хангалттай, бодитой тогтоогоогүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Б.О-, Г.П- нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив, субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог бөгөөд эдгээр шинжийн аль нэг нь тогтоогдоогүй байхад зөвхөн үр дагаварт түшиглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй.

Харин гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж чанар бол гэм буруу бөгөөд энэ нь үгүйсгэгдвэл гэмт хэрэг үйлдээгүйд тооцогдоно. Гэм буруу нь сэдэл болон санаа зорилго гэсэн дотоод элементүүдээс бүрдэх тул эдгээрийг бодитой тогтоох шаардлагатай төдийгүй ингэснээр тодорхой хүний үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Н.О- нь өвсөнд явахад туслахыг Б.О-, Г.П- нараас хүсэж, тэднийг дагуулан явахдаа хулгай хийх зорилготой гэдгийг хэлж, урьдчилан тохиролцсон, түүнчлэн ямар нэгэн эдийн ашиг санал болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн 35 боодол өвсийг Н.О- бүгдийг нь өөрөө авсан зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж Б.О-, Г.П- нарын үйлдэл, холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилго, түүний хууль ёсны болон шударга ёсны зарчмын агуулгад нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн “...шүүгдэгч нарын үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож,, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” гэсэн агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН