Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ягнайжав Туул |
Хэргийн индекс | 135/2020/00720/и |
Дугаар | 209/МА2023/00039 |
Огноо | 2023-04-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 209/МА2023/00039
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХК-нд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,355,969,700 төгрөг болон төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 677,984,850 төгрөг, нийт 2,033,954,550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлтэй,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“*******” ХК нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус “*******” ХХК-тай 108/2018/ДГТ дугаартай газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудад заасан хэмжээний дизель түлшийг зээлийн нөхцөлөөр худалдан авч, төлбөрийг энэ гэрээний салшгүй хэсэг болох хавсралтуудаар тогтоосон хугацаанд төлөхөөр тохирсон болно.
Зээлийн гэрээний №1 хавсралтаар “*******” ХК нь 2018 оны 7 сарын 23-ны өдрөөс 8 сарын 06-ны өдрийн хооронд 5 удаагийн ачилтаар 129 620 литр 252,759,000 төгрөгийн дизель түлш “*******” ХК-нд нийлүүлэгдсэн.
“*******” ХК-ийн хүсэлтийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний №2 хавсралтаар 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 24 удаагийн ачилтаар 481 560 литр 948,673,200 төгрөгийн түлш нийлүүлэгдсэн.
Гэвч “*******” ХК гэрээний үүргээ үл биелүүлж төлбөрийг зохих хугацаанд барагдуулаагүй бөгөөд шалтгааныг байгаль цаг уурын онцгой байдал бороо, нойтон цас их орсноос ургац хураалтын ажил саатсантай холбогдуулан тайлбарлаж, авч амжаагүй дизель түлш дээр нэмж 300-500 тонн түлшийг зээлээр олгох хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11/137 дугаартай албан бичгээр тус компанид тавьсан. “*******” ХХК хүсэлтийг нь хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр зээлийн гэрээний №3 хавсралтаар 150 000 литр нэгж үнэ 2250 төгрөг, 337,500,000 төгрөгийн дизель түлшийг нийлүүлж, төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний дотор барагдуулахаар тохиролцсон.
Чингэхдээ түлшийг 11 дүгээр сарын 15-ны дотор авахыг “*******” ХК-нд анхааруулсан тэмдэглэл хийсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш мөн сарын 29-ний өдрийн хооронд 6 удаагийн ачилтаар 87 250 литр 204,537,500 төгрөгийн түлш нийлүүлсэн.
Энэ №3 хавсралтыг баталсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “*******” ХХК, “*******” ХК-ийн хооронд 108/2018/ДГТ-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, “*******” ХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор соёл, урлаг, олон нийтийн зориулалттай 936.0 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг мөн гэрээний №1,2,3 дугаар хавсралтын дагуу нийлүүлэгдсэн дизель түлшний төлбөр болох 1,534,460,300 төгрөгийн барьцаанд тавьсныг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн.
Ийнхүү “*******” ХК нь нийт 698 430 литр дизель түлшний төлбөр болох 1,405,969,700 төгрөгөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг, мөн сарын 17-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн дансанд шилжүүлж, 1,355,969,700 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасныг удирдлага болгон тооцвол “*******” ХК-ийн тус “*******” ХХК-нд төлбөл зохих үндсэн төлбөр 1,355,969,700 төгрөгийн торгуулийн 50 хувь 677,984,850 төгрөг гэж тооцвол гүйцэтгээгүй үүргийн дүн 2,033,954,550 төгрөг болж байна.
Дээрх дүнд бариулж 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцвол №1 хавсралтын дагуу төлөх төлбөрийг 234 хоног, №2 хавсралтын дагуу төлөх төлбөрийг 159 хоног, №3 хавсралтын дагуу төлөх төлбөрийг 145 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн байна. 2,039,797,446.90 төгрөг болж байна.
“*******” ХК 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1/164 дугаартай албан бичгийг мэйлээр ирүүлж гэрээний дагуу нийлүүлэгдсэн 698 430 литр дизель түлшний төлбөр 1,405,969,700 төгрөгийн төлбөр /өмнө төлсөн 50,000,000 төгрөгийг оруулж тооцсон байсан/-ийг барагдуулах боломжгүй байх тул Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 1200 м.кв оффисын барилга барих зориулалттай газар 650 000 төгрөг, “Бумбат вилла” амины орон сууцны хотхонд 140 1.кв хаус 350,000,00 төгрөг, “Баянзүрх аппартмент” хотхонд 66.8 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг, эсхүл 2019 он дуустал графикийн дагуу 5 удаагийн гүйлгээгээр төлбөрийг барагдуулах саналыг ирүүлсэн байна. Энэ хугацаанд хариуцагч нартай биечлэн уулзаж асуудлыг ярьсан боловч шийдэлд хүрэлгүй, элдэв шалтгаан тоочсоор өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөр барагдуулаагүй болно.
Иймд 2018 оны 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 1,355,969,700 төгрөг болон төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 677,984,850 төгрөг, нийт 2,033,954,550 төгрөгийг хариуцагч “*******” ХК-иас гаргуулж тус “*******” ХХК-нд олгуулах, эсхүл барьцааны зүйлээр гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
“*******” ХК нь намрын ургац хураалтын үед харилцагч тарилангийн компаниудын улаан буудайны төлбөрт дизель түлш өгч, гурилын үйлдвэрийнхээ хэвийн ажиллагааг хангах зорилгоор “*******” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч “*******” ХХК-ийн нийлүүлсэн дизель түлшийг газар тариалангийн компаниуд чанар нь муу гэж аваагүйгээс бидний ажил зогсож арга буюу бусад алт олборлогч болон компаниудад гэрээний үнээс доогуур өгч алдагдалд орсон.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь дизель түлш импортоор оруулж ирдэггүй, харин ОХУ-аас импортолж оруулж ирсэн нефтийн нэмэлт бүтээгдэхүүнээр Монголд хийсэн стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байсан нь хожим тодорхой болсон. Гэтэл тус компани нь анх гэрээ байгуулахдаа дизель түлшнийхээ гарал үүслийн талаар мэдээлэл өгөөгүйн улмаас бид нар ОХУ-д үйлдвэрлэсэн стандартын шаардлага хангасан дизель түлш гэж ойлгож, бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын талаар төөрөлдсөн. ОХУ болон бусад улсаас олон улсын болон Монгол Улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн дизель түлшний үнэ өртөгт гаалийн болон онцгой албан татвар шингээсэн байдаг.
Гэтэл “*******” ХХК нь гаалийн болон онцгой албан татвар төлөөгүй атлаа төлсөн мэтээр уг татваруудыг шингээсэн өндөр үнээр гэрээ байгуулсан тул бидний хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцлийн шинжийг агуулдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал анхнаасаа дизель түлшнийхээ гарал үүслийг нуун дарагдуулж хууран мэхэлсний улмаас манай компани дизель түлшний гарал үүсэл, чанар, үнийн талаар төөрөгдсөн. Иймд дизель түлшний гарал үүслийг тогтоосны үндсэн дээр бодит үнийг тогтоож гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулж үнийг бодитойгоор тогтоох нь шударга ёсонд нийцэх тул Түлш эрчим хүч хүнд үйлдвэрлэлийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Шатахуун хэрэглэгчийн холбоо ТББ-ын оролцоотойгоор шударга үнэ тогтоолгосны үндсэн дээр төлбөр тооцоо хийх нь зүйтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч талууд нийлүүлсэн шатахуун, төлсөн төлбөр, төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлэх шаардлагатай ба ийнхүү тооцоо нийлсний дараа нэхэмжлэлийн талаар хэдэн төгрөгийг төлөх талаар тайлбар өгөх шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“*******” ХХК нь “*******” ХК-тай 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байгуулсан 108/2018/ДГТ дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа иргэн ******* намайг хамтран хариуцагчаар татсан нь гэрээтэй холбоотой маргаанд хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч иргэнийг хариуцагчаар татан оролцуулж байгааг ойлгохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХК-иас 1,355,969,700 төгрөг, алданги 677,984,850 төгрөг, нийт 2,033,954,550 /хоёр тэрбум гучин гурван сая есөн зуун тавин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч “*******” ХК төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох “*******” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р баг, Гал унтраах 054-р ангийн хойно байрлах, 566 м.кв Соёл урлаг, олон нийтийн үйлчилгээний зориулалттай, гэрчилгээний дугаартай, Ү-******* эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, “*******” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 1-р баг, Гал унтраах ангийн хойно байрлах, 1396,5 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай, 000536541 гэрчилгээний дугаартай, Ү-******* эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, “*******” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлах тариа хатаах зориулалттай, 936 мкв талбайтай, цэвэрлэгээний зориулалттай, ******* гэрчилгээний дугаартай, Ү- эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,397,923 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХК-иас 10,397,923 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 175 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” ХК-нд холбогдуулан 2,033,954,550 төгрөг гаргуулах, гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагыг тус тус гаргасан.
Анхан шатын шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар гэрээний үндсэн төлбөрөөс гадна хариуцагч “*******” ХК-иас алданги 677,984,850 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Үүнд:
Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн № 108/2018/ДГТ дугаартай “ Газрын тосны бараа зээлээр худалдах худалдан авах гэрээ"- ний 3.3-т “худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагч энэхүү барааны нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэхүйц торгуулийг ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд тооцон ноогдуулна." гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д тус тус заасан хуулийн заалтуудтай нийцдэггүй.
Нэхэмжлэгч тал гэрээний дээрх заалтыг “ ... хугацаа хэтрүүлсэн хоног тутамд ноогдуулахаар гэрээнд заасан тул гэрээний заалтыг торгууль биш алданги гэж ойлгох ёстой..." гэж маргадаг нь үндэслэлгүй байсан.
Түүнчлэн Гэрээний 3.3-дахь заалтын утга ойлгомжгүйн улмаас талууд маргаж байгаа тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “ Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.” гэж зааснаар тайлбарлавал гэрээнд “торгууль" гэж бичсэн байхад “алданги” байна гэж тайлбарлах ямар ч боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 198.2-т заасныг баримтлан гэрээний бусад нөхцөлийг харьцуулах замаар гэрээний агуулгыг тодорхойлбол гэрээний 5.1-д “ худалдагч нь энэхүү гэрээнд заасан хугацааны дотор барааны төлбөр төлөхийг худалдан авагчаас шаардах, гэрээнд заасан хугацааны дотор барааны төлбөрийг барагдуулах тохиолдолд энэхүү гэрээний 3.3-т заасны дагуу торгууль ноогдуулах эрхтэй." гэж гэрээний 3.3-т заасан анз нь торгууль болохыг тодруулсан байдаг.
Мөн нэхэмжлэгч нь бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл зэрэг нотлох баримтаар нотлогддог. Талуудын хооронд байгуулсан “ Газрын тосны бараа зээлээр худалдах худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч компанийн үндсэн үйл ажиллагаандаа байнга хэрэглэдэг, худалдан авагчтай гэрээ байгуулах урьдчилсан нөхцөлийг тогтоосон байх ба уг гэрээнд гэрээний үндсэн нөхцөлийг нэг бүрчлэн тогтоогоогүй байдаг тул уг гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д стандарт гэрээний бүх шинжийг агуулдаг. Хариуцагч гэрээ байгуулахдаа уг стандарт нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурсан ба зөвхөн уг гэрээний хавсралт гэрээнүүдээр барааны үнэ, хэмжээ, төлөх хугацааны талаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Дээрх стандарт гэрээний 3.3-д “торгууль" гэж цагаан дээр хараар бичсэн байхад “ алданги” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д “ стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.” гэж заасныг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх “Гэрээний дээрх зохицуулалтаас үзэхэд агуулгын хувьд талууд алданги тооцохоор тохиролцсон, торгууль гэж оруулснаар үүнийг төлөх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй.” гэж дүгнэхдээ хуулийн аль заалтыг үндэслэж гэрээг тайлбарласан нь ойлгомжгүй байх ба ийнхүү дүгнэхдээ гэрээ байгуулах үеийн хариуцагч талын хүсэл зоригийг огт анхаарч үзсэнгүй орхигдуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 677,984,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.
Хэргээс судлан үзвэл:
3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХК, хамтран хариуцагч ******* нарт холбогдуулан 2018 оны 108/2018/ДГТ дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 1,355,969,700 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 677,984,850 төгрөг, нийт 2,033,954,550 төгрөгийг гаргуулах, эсхүл барьцааны зүйлээр гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагч *******ыг хамтран хариуцагчаар татахаас татгалзаж байна... гэж хариуцагчаар “*******” ХК-ийг тодорхойлсон гэх дүгнэлт хийж, хариуцагч “*******” ХК-иас 2,033,954,550 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээр гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
4. Талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 108/2018/ДГТ дугаартай “Газрын тосны бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу худалдагч нь гэрээний хавсралтуудад заасан хэмжээ, үнэ бүхий түлш, бензин, битумыг зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авагч нь барааны төлбөрийг хавсралтуудад заасан хугацаанд төлөх, гэрээний 3.3-т худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагч энэхүү барааны нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэхүйц торгуулийг хэтрүүлсэн хоног тутамд тооцон ногдуулахаар тохиролцжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 16-18/
Гэрээний дагуу худалдан авсан барааны үнийг хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцсон боловч төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаанд хүү тооцох талаар гэрээнд тусгаагүй, үнийг хэсэгчлэн төлж байгаа боловч тухайн эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
5. Нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээний дагуу 129,620 литр шатахууныг 1,950 төгрөгөөр тооцож нийт 252,759,000 төгрөгийн, 481,560 литр шатахууныг 1,970 төгрөгөөр тооцож 948,673,200 төгрөгийн, 82,250 литр шатахууныг 2,350 төгрөгөөр тооцож 204,537,500 төгрөгийн, нийт 1,405,969,700 төгрөгийн шатахуун нийлүүлж, хариуцагч “*******” ХК-иас барааны үнийн төлбөрт 50,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. / 1 дүгээр хавтаст хэргийн 22-53/
6. Хариуцагч “*******” ХК нь “...нэхэмжлэгч тал анхнаасаа дизель түлшнийхээ гарал үүслийг нуун дарагдуулж хууран мэхэлсний улмаас манай компани дизель түлшний гарал үүсэл, чанар, үнийн талаар төөрөгдсөн...” гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т заасны дагуу тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор худалдан авсан барааны доголдлын талаар худалдагч талд ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй байх тул хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.
7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т “үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.”, 232.6-т “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
Гэрээнд оролцогч талууд гэрээний хариуцлага болгож алданги болон торгуулийн аль нэгнийг нь сонгох эрхтэй бөгөөд торгуулийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тооцож нэг удаа гаргуулах шинжтэй байдаг бол алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх агуулгатай.
8. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.” гэж хуульчилсны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-н “худалдан авагч гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагч энэхүү барааны нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэхүйц торгуулийг ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд тооцон ногдуулна.” гэж тусгасан байгаагаас үзэхэд талууд гэрээндээ “алданги” төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.
Иймд “...талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд торгууль төлөхөөр тохиролцсон тул алданги шаардах эрхгүй учир 677,984,850 төгрөгийг төлөхгүй.” гэж маргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэн хариуцагчаас алданги 677,984,850 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
9. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 108/2018/ДГТ-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр талуудын хооронд 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 108/2018/ДГТ дугаартай “газрын тосны бараа зээлээр, худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “*******” ХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р баг, Гал унтраах 054-р ангийн хойно байрлах, 566 м.кв Соёл урлаг, олон нийтийн үйлчилгээний зориулалттай, гэрчилгээний дугаартай, Ү-******* эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сумын 1-р баг, Гал унтраах ангийн хойно байрлах, 1396,5 м.кв талбайтай контор, үйлчилгээний зориулалттай, 000536541 гэрчилгээний дугаартай, Ү-******* эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р багт байрлах тариа хатаах зориулалттай, 936 м.кв талбайтай, цэвэрлэгээний зориулалттай, ******* гэрчилгээний дугаартай, Ү- эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахаар тохиролцож, хуульд заасны дагуу барьцааны гэрээг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 226-229, 240-242/
Хариуцагч “*******” ХК нь төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны гэрээний дагуу барьцаалсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн.
Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...алданги төлөх үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 677,984,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,547,875 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Я.ТУУЛ