Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00841

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00841

 

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/00176 дугаар шийдвэртэй Б.Т-ын нэхэмжлэлтэй Л.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Л.Б нь Б.Т-аас маргааш өгье яаралтай мөнгөний хэрэг болоод байна гээд зээлийн гэрээ байгуулахгүй аман тохиролцоо хийсэн. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 42000**** тоот данснаас 3,000,000 төгрөг, 82200**** тоот данснаас 1,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр Л.Б-ын 160136**** тоот Голомт банкны данс руу шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл Б.Т-аас зээлж авсан 4,000,000 төгрөгийг төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Т машин авна гээд урьдчилгаа 4,000,000 төгрөг надад өгсөн. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б.Т надаас хар өнгийн кровн-210 маркийн машин 40 сая төгрөгт тохироод аваад явсан. Тэр өдөртөө үдээс хойш өөр машин үзье гэхээр нь би машинаа буцааж авсан. Тухай үед надад кровн маркийн 4 машин япон улсаас ирж байсан. 09 дүгээр сарын 16-ны өдөр ...Т-ыг очиж авахад Өвөр Монгол Д гэх залуутай хамт байсан. Бид 3 зах явах гэж байгаад манай гараашид байгаа машиныг эхлээд үзье гэхээр нь очиж үзсэн, энэ машиныг хүн 45 саяар авахаар тохирсон гэсэн чинь энийг авъя гэж зүтгээд тэр өдөр 45 сая төгрөгөөр тохиролцоод 41 сая төгрөгийн 20 сая төгрөгийг нэгдэх өдөр өгнө үлдсэнийг удахгүй дараагийн долоо хоногт өгнө гээд гуйсаар байгаад аваад явсан. Тэгээд 1 дэх өдөр өгөх ёстой 20 сая төгрөгөө өгөөгүй, 17-18 хоног мөнгө өгөхгүй, утсаа авахгүй, машинаа авахгүй болохоор нь би 3 хоногийн дараа зах руу машинаа угааж цэвэрлэж, бензин хийж, ченж залуутай өдрийн 5,000 төгрөгөөр зогсоолд тавьж заруулахаар 22-ын авто худалдааны зах дээр тавьсан, машин зарагдаагүй зах дээр угааж цэвэрлээд байж байна. Монголд номер авсан автомашин, номер аваагүй үнэлгээ хямд болдог энэ автомашиныг 45 сая төгрөгөөр зарах гээд байж байгаа. Б.Т худалч залуу надаас 2014 онд надаас 1 ширхэг 22х50х80 хэмжээтэй паар аваад одоог хүртэл мөнгийг өгөөгүй. Надаас мөнгө нэхэхэд би Б.Т-аа худалдаж авсан машинаа зах дээр очоод зараа чи миний 41 сая төгрөгийг өгөөд өөрийн 4 сая төгрөгөө ав гэж хэлж гуйсан. Иймд энэ нөхцөл байдлыг харгалзан намайг машин зарсны дараа уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 4,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 79,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-т олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр машин авна гээд урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг өгөөд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Б.Т надаас хар өнгийн Кровн /Crown/-210 маркийн машин 40 сая төгрөгөөр тохироод аваад явсан. Тэр өдрийн үдээс хойш өөр автомашин үзэе гээд буцаагаад авчирч өгөхөд нь би автомашинаа авсан. Тухайн үед надад кровн /Crown/ маркийн автомашин Япон улсаас ирж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би Б.Т-т 2 автомашин буусан зах дээр 1 автомашин байна, 1 автомашиныг хүн авахаар гэрийн доор гараашинд тавьсан, зах дээр байгаа машиныг үзэх үү гэж хэлсэн. Тэгээд Б.Т-ыг очиж авахад Өвөр монгол н.Далай гэх залуутай хамт байсан. Бид 3 зах явах гэж байгаад манай гараашид байгаа машиныг эхлээд үзье гэхээр нь бид очиж үзсэн. Энэ машиныг хүн 45 сая төгрөгөөр авахаар тохирсон гэхэд энийг авая, 45 сая төгрөгөөр тохироод 41 сая төгрөгийн 20 сая төгрөгийг 1 дэх өдөр өгнө үлдсэнийг нь өгнө гэж гуйсаар байгаад аваад явсан. Б.Т- хэлэхдээ өвөр Монгол н.Далай гэх залуу нүүрс авна, би 5 толгойгоос нүүрс авч өгөхөөр тохирсон, Монгол росцветметад бараа нийлүүлсэн мөн н.Д-гийн мөнгө урдаас байрны, машины, нүүрсний мөнгө удахгүй орж ирнэ бас найзынхаа байрыг барьцаалж 97 сая төгрөгөөр авсан тэр мөнгө хүүтэйгээ орж ирнэ таны мөнгийг удаахгүй өгнө гээд номер, дугаар авсан бөгөөд номер дугаар авах үед Б.Т өөрийнх нэр дээр авна гэхэд би тооцоогоо дуусгаад чи нэр лүүгээ шилжүүлж ав гээд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр автомашин аваад явсан. Тэгээд 20 сая төгрөгөө 17-18 хоног өгөөгүй сүүлийн 2 хоног утсаа авахгүй болохоор нь би машинаа очиж авсан. Б.Т- мөнгөө өгөхгүй, автомашинаа авахгүй болохоор нь би автомашинаа угааж цэвэрлэж, бензин тос хийгээд өдрийн 5,000 төгрөг зогсоолын үнэ тохиролцож заруулахаар зах дээр тавьсан.

Би Б.Т-ыг худалдаж авсан автомашинаа зах дээр зараад миний 41 сая төгрөгийг өгөөд өөрийн 4 сая төгрөгийг ав гэж хэлж гуйсан. Намайг 4 сая төгрөг зээлж авсан гэж гүтгэж байна. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр автомашин аваад өөрийн нэр дээрх даатгалын гэрээ намайг 4 сая төгрөг зээлээгүйг батална. Кровн /Crown/-210 маркийн автомашиныг 40 сая төгрөгөөр 4 сарын дараа худалдсан, зах дээр 130 хоногийн 5,000 төгрөг, угаалга, бензинд 1,100,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөгийн алдагдал гарсан. Иймд Б.Т-аас 2,100,000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

 5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Л.Б-т 4,000,000 төгрөг өгсөн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 2. Нэхэмжлэгч Б.Т нь Л.Б маргааш өгье, яаралтай мөнгөний хэрэг болоод байна гэж зээлийн гэрээ байгуулахгүйгээр аман тохиролцоо хийж 4,000,000 төгрөгийг авсан... гэсэн үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба хариуцагч Л.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч Б.Т надаас хар өнгийн Кровн /Crown/-210 маркийн автомашин 40 сая төгрөгөөр худалдаж авахаар тохироод урьдчилгаанд 4,000,000 төгрөг өгсөн.. гэж маргажээ.

 3. Шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хэрэгжүүлээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 4. Хэрэгт нэхэмжлэгчийн харилцах дансны хуулга авагдсан бөгөөд уг баримтаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Б.Т-ын харилцах данснаас хариуцагч Л.Б-ын харилцах данс руу 1,000,000 төгрөг, 3,000,000 төгрөгөөр хоёр удаа зарлагын гүйлгээ хийгдэж, нийт 4,000,000 төгрөгийг шилжүүлжээ.

 Дээрх 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэж, хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт авсан гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзэхэд талуудын хооронд гэрээний бус үүрэг үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.

 Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, үүргийн аль төрөлд хамаарах гэрээ болох, гэрээний үүрэг хэрэгжсэн, эсхүл гэрээнээс татгалзсан эсэх болон зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааны талаар хийвэл зохих дүгнэлтийг анхан шатны шүүх хийгээгүй байна.

 Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хоорондох маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.БЯМБАСҮРЭН