Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2019/0195

 

 

   

 

 

 

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0091 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Э-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0091 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Эийн Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын дагуу төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо 1979 оноос 1986 оны хооронд тооцогдох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 1979 оноос 1986 оны хооронд тооцогдох 7 598 614 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

     Хариуцагчаас давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн үндэслэсэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолд “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан /хөлсөөр түр ажиллагч орохгүйгээр/” 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацааг төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор заасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 7 598 614 төгрөгийн тэтгэмжийг нэмж олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч нэхэмжлэлд дурдагдаагүй шаардлагаар хэргийг шийдвэрлэсэн, мөн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгчээс “Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын дагуу төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоход тооцогдох 1990 оноос өмнө ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаа мөн болохыг тогтоож, 7 598 614 төгрөгийн тэтгэмжийг нэмж олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах” гэж тодорхойлон нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй буюу хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захирганы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасныг зөрчсөн байна.

     Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.

     Нэгэнт шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу тодруулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.

     Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг шинэчлэн баталж, уг журмын 5.3-д “улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан бусад ажилтан /хөлсөөр түр ажиллагч орохгүй/-аар 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 05 дугаарс арын 06-ны өдөр хүртэл ажилласан хугацааг” төрийн албанд ажилласан хугацаанд тооцож буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан байна.

    Нэхэмжлэгч Ж.Э нь 1979 оноос 1986 онуудад Савхин эдлэлийн үйлдвэрт оёдолчноор ажиллаж байсан, уг хугацаа нь дээрх журмын дагуу төрийн албанд ажилласан хугацаа мөн гэж маргаж буй энэ тохиолдолд шүүхээс Савхин эдлэлийн үйлдвэрийн оёдолчин нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

    Түүнчлэн хариуцагчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэл, тайлбар нь ойлгомжгүй, зөрүүтэй байхад түүнийг тодруулж, маргааны үйл баримттай холбогдох нотлох баримтыг цуглуулан маргааны үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

   Мөн нэхэмжлэгч Ж.Э нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасан “...даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа хариуцагчийн захиргааны акт гаргахаас татгалзсан ямар шийдвэр, эсхүл ямар эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагадаа энэ талаар тодорхойлоогүй байхад шүүх өөрөө тодорхойлж, хууль бус эс үйлдэхүйг тогтоож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд дээрх ажиллагаа хийгдээгүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

    Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 70200 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт хавсаргаж ирүүлснийг болон нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотой нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасантай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1-д заасантай нийцэж буй эсэхийг анхаарах нь зүйтэй.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0091 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

  ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ

  ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ