Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00791

 

 

 

2023 04 14 210/МА2023/00791

 

************** ХХК, Д.*******, Д.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00216 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ************** ХХК, Д.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулж , эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах, 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, 1,230 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах, үнэлгээчин Д.ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, Д.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ************** ХХК нь ******* ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн болон 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр нийт 12.8 тэрбум төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж, барьцаанд ************** ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.*******, Д.******* нарын газар эзэмших эрх, бусад хөрөнгийг барьцаалуулсан.

1.2. ******* ХХК нь 2017 оны 01 дүгээр сард дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба талууд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус байгуулсан.

Нөхцөл тохирох гэрээгээр ******* ХХК нь өмчлөлдөө шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд бусдад худалдахгүй байх, заасан хугацаанд зөвхөн ************** ХХК-д худалдах боломж олгож олгох, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах үнэ 11,600,000,000 төгрөг байхаар, өөрөөр хэлбэл түр хугацаанд хөрөнгө шилжүүлэхээр тохирсон.

Гэтэл Эвлэрлийн гэрээнд 11,600,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр зааж, дээрх гэрээнээс өөр утга агуулгаар байгуулсан байна.

Нөхцөл тохирох гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй.

Түүнчлэн ******* ХХК нь "**************" ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Д.*******, Д.******* нартай Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 11,600,000,000 төгрөгөөр худалдахаар, эзэмших эрхтэй газрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тус тус тохирсон.

Шүүхэд Эвлэрлийн гэрээг өгсөн боловч ******* ХХК-аас ************** ХХК, Д.*******, Д.******* нартай байгуулсан Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр байгаагаас гадна эдгээр гэрээг үндэслэж Эвлэрлийн гэрээ байгуулагдаагүй юм.

Нөгөөтэйгүүр, ******* ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж бүрэн эхээр бичгээр гараагүй байхад 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байна.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн ******* ХХК-ийн өмчлөлд шилжих байтал Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 605 дугаартай албан бичгээр тогтоогдсон.

Энэ агуулгаар дээрх Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээг тус тус халхавчлах зорилгоор хийсэн Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Дээрх 3 гэрээг байхгүй мэтээр шүүгчид итгэл үнэмшил төрүүлээд шүүгчийн захирамж гаргуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм.

1.3. Мөн ******* ХХК-ийг төлөөлж Байгууллагын газрын захирал Б.******* гэрээнүүдийг байгуулсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Болдоо бөгөөд түүнээс эрх олгосон гэх 2016 оны тушаалд хэнд ямар эрх олгосон нь тодорхой бус, нэр бичигдээгүй, хугацаа тогтоогоогүй, ямар нэг үнэ тогтоохгүйгээр хэт тодорхой бус итгэмжлэлээр эрхээ шилжүүлсэн. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т зааснаар хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурдаг. Гэтэл уг тушаалд нягтлан бодогч болон Б.******* гэх хүний гарын үсэг байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл болно.

1.4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн ******* ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тайлангаар барилгыг 31,493,400,000 төгрөгөөр үнэлсэн байхад 2017 оны 03 дугаар сард ******* ХХК нь 11,600,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцон авахаар тохиролцуулж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна.

Эдгээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын нэг гол үндэслэл нь хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлэн, хууран мэхлэх замаар өмчлөлдөө шилжүүлэн авсан явдал юм. ******* ХХК-аас үнэлгээтэй холбоотой баримтыг гаргуулахад Д. гэх хүний үнэлгээний хуудас нь хууль тогтоомж зөрчсөн, ямар ч үндэслэлгүй байна. Барилгыг очиж үзээгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т нийцэхгүй.

************** ХХК нь ******* ХХК-аас авсан зээлээ төлөх нь үнэн бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаарх Иргэний хуулийн 175 дугаар зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад гомдох зүйлгүй бөгөөд дээр дурдсанчлан ******* ХХК-ийн үйлдлүүд нь зээлдэгчийг илт хохироосон, санхүүгийн байгууллагын увайгүй үйлдэл гэж үзэж байна.

1.5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор хүчингүй болгож ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 56.1-д хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж зааснаар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах, 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай, 1,230 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч "**************" ХХК, Д.*******, Д.******* нарын тус тусын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, ******* ХХК-ийн үнэлгээчин Д.ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, мөн хөрөнгө барьцаалуулсан үйл баримтын талаар маргахгүй. ******* ХХК нь зээлийн гэрээний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар талууд эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр захирамжаар "**************" ХХК, Д.******* нар 11.6 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт ******* дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах, 8,140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор банкинд шилжүүлэх, үлдэх 2,340,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, улмаар банк бусад барьцааны зүйлийг чөлөөлөх үүрэг хүлээсэн.

Дээрх шүүгчийн захирамжийг ************** ХХК, Д.******* нар сайн дураар биелүүлж, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх тус банкинд шилжсэн. Талууд харилцан тохиролцсоны дагуу барьцааны зүйл болох 2 хөрөнгийг 11.6 тэрбум төгрөгийн зээл төлөх үүрэгтээ тооцуулж өгсөн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 231.1.3-д зааснаар нэхэмжлэгч нар 11.6 тэрбум төгрөгийн зээл төлөх үүргээ худалдах, худалдан авах гэрээний дагуу үнэ төлөх үүргээр тус тус солилцох замаар үүрэг дуусгавар болсон. Ингэхдээ хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж уг гэрээнүүдийг байгуулсан.

2.2. Нэхэмжлэгч ************** ХХК, Д.******* нар нь анх ******* ХХК-д хандахдаа нэг удаа боломж олгоорой, мөнгөө шилжүүлээд үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө буцаан авна гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Энэ нөхцөлийг манай зүгээс хориглоогүй тул Нөхцөл тохирох гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг манайд тогтоож өгсөн үнээр буцаагаад худалдаж авах, энэ хугацаанд бид бусдад худалдан борлуулахгүй байх болзол тохирсон. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох хүрээнд хийгдсэн. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл банкны зүгээс гэрээний үүргийг зөрчсөн гэх үйл баримт хэрэгт байхгүй. Бид өөр гэрээг халхавчилж хийсэн зүйл байхгүй. Энэ хүртэл нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаад явж байсан. Иймд дээрх үйл баримт Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл бодитойгоор хийгдэх боломжтой гэрээ юм.

2.3. Нэхэмжлэгч тал хэлцлүүдийг дүр үзүүлж хийсэн, халхавчилсан, хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа бол дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Хариуцагч байгууллага нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг тул хөрөнгийг дотооддоо үнэлэх нь зүйн хэрэг юм. Энэ нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөхгүй.

Дээрх үндэслэлээр ************** ХХК, Д.*******, Д.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ************** ХХК, Д.*******, Д.******* нарын хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ******* дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу гудамж, 35 тоотод байрлах, 8140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, ******* дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай, 1230 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгуулах, банкны үнэлгээчин Д.ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг ******* ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 55,087,750 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нөхцөл тохирох гэрээ, ... гэрээнүүд нь субъектүүдийн хувьд эрх зүйн зохих чадамжтай, субъектийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдалгүй ...хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна гэжээ.

Гэтэл тус гэрээнд газрын эзэмшигч Д.******* гарын үсэг зурж баталгаажуулаагүй байхад шүүгч гарын үсэг зурагдсан, шаардлага хангасан гэрээ гэж үзэж байгаа нь илтэд үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байна.

4.2. Мөн шүүх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээгээр барилга, газрын эзэмших эрхийг 11,600,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад, Нөхцөл тохирох гэрээгээр худалдсан барилга болон газраа тодорхой хугацааны дотор буцаан худалдан авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарч байхаас гадна талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн хүрээнд эвлэрч шүүхээр эвлэрлийн гэрээгээ баталгаажуулсан байна гэж илт үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь хүчингүй болсон захирамжийг шийдвэрийн үндэслэл болгон дүгнэлт хийж байгаа нь илтэд хариуцагч талд ашигтайгаар шийдвэр гаргасан нь тодорхой байна. Талуудад худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

Одоогийн байдлаар нэхэмжлэгч нарт 11.6 тэрбум төгрөгийн зээлийн төлбөр төлөх үүрэг шүүхийн шийдвэрээр үүсээгүй. Хэрэгт авагдсан Эвиденс ХХК-ийн дүгнэлтээр ******* ХХК нь зээл, хүүгийн тооцооллыг алдаатай хийж их хэмжээний төлбөр илүү нэхэмжилсэн нь тогтоогдож байгаа. Үүнээс гадна барьцаа хөрөнгийг ******* ХХК-ийн үнэлгээгээр 31,493,400,000 төгрөг, Төрийн банк 35,457,340,800 төгрөгөөр, Хас банк 14,682,000,000 төгрөгөөр, - ХХК 42,733,700,000 төгрөгөөр тус тус үнэлсэн баримт хэрэгт авагдсан. Ийм байхад нэхэмжлэгч нь ******* ХХК-д 11.6 тэрбум төгрөгөөр үнэлж худалдахаар хүсэл зоригоо илэрхийлэх боломжгүй юм.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-т зааснаар нэхэмжлэгчид төлбөр шилжээгүй. Үүний дагуу ******* ХХК-аас гаргаж өгсөн баримтаас үзэхэд нэхэмжлэгч мөнгө авсан биш эсрэгээрээ 11,600,000,000 төгрөгийн өр төлбөртэй харагдаж байгаагаас гадна дансны хуулга дээрх 5002046434 тоот дансыг нэхэмжлэгч нар огт мэдэхгүй, нэхэмжлэгч нар нээлгэж байгаагүй байхад уг дансыг хариуцагч нээгээд мөнгө татсан үйл баримт харагдаж байна. Энэ баримтууд нь талуудын хооронд хүсэл зориг байгаагүй гэдгийг хангалттай нотлоно.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээ зэргийг Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн гэх тайлбар үндэслэлгүй гэжээ.

Дээрх гэрээнүүд нь агуулгын хувьд хоорондоо ялгаатай бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүрмөсөн шилжүүлж байгаа мэтээр шүүхэд дүр үзүүлэн Эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхэд өгч батлуулан шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 000724 дугаартай захирамж гаргуулсан бол хөрөнгийг бүрмөсөн худалдаж авч байгаа мэтээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлтийн байгууллагад өгч, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг гаргуулж, газрыг авч байгаа мэтээр Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг байгуулж, газрын албанд өгч газрын гэрчилгээг гаргуулж байсан. Нөгөө талаар Эвлэрлийн гэрээ бол дүр үзүүлж хийсэн.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээ зэргийг Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэх тайлбар үндэслэлгүй гэжээ.

Нөхцөл тохирох гэрээг халхавчлах зорилгоор Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус байгуулсан. Эвлэрлийн гэрээг хууль зөрчиж хийснийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор тогтоосон, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн.

4.5. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээ зэргийг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа огт дүгнэлт хийгээгүй.

Гэтэл дээрх гэрээнүүд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.1-д заасныг зөрчсөн. Мөн банк дуудлага худалдаа явуулахгүйгээр зохих журмыг хэрэглэхгүйгээр шууд хөрөнгийг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 174.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт арилжааны банк нь өмчлөлтэй барьцааны хөрөнгийг шилжүүлэн авахыг хориглоно гэж заасан. Гэтэл банк энэхүү хуулийг илт зөрчиж хөрөнгийг шилжүүлэн авсан. Уг хууль зөрчсөн үйлдэлд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Нөхцөл тохирох гэрээний 4.1-т Банк үл хөдлөх хөрөнгийг бүрэн захиран зарцуулах, бусдад худалдах эрхтэй гэсэн нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* ХХК нь 2017 оны 01 дүгээр сард шүүхэд хандаж зээлийн гэрээний үүрэгт 14,459,148,992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хагшуулахаар нэхэмжлэл гаргаж, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээг байгуулан эдгээоийгээ үндэслэн шүүхээр Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тул барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Дээрх Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчингүй болж шүүхэд зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байгаа боловч түдгэлзүүлсэн. Гэтэл шүүгч хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар шилжүүлсэн мэтээр дүгнээд байгаа нь үндэслэлгүй.

4.7. Шүүхийн шийдвэрт ************** ХХК-ийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.******* бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг ************** ХХК-ийг төлөөлөн Д.******* байгуулсан тул Д.******* их хэмжээний хэлцэл хийх эрх олгогдоогүй гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэжээ. Гэтэл энэ талаар анхан шатны шүүхэд мэтгэлцээн болоогүй, Д.******* их хэмжээний хэлцэл хийх эрхтэй эсэх талаар огт маргаагүй, мөн яригдаагүй байхад анхан шатны шүүх яагаад ийм дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

4.8. Шүүхийн шийдвэрт ******* ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан Байгууллагын газрын захирал Б.*******д хөрөнгө худалдан авах эрх олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр түүнийг төлөөлөх эрхгүй гэж үзэх нь ямар хуульд нийцэхгүй болохыг дүгнээгүй. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл болно.

4.9. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчингүй болсноор тухайн маргааныг ердийн журмаар шийдвэрлэж байгаа тул Эвлэрлийн гэрээтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэх шаардлагагүй гэж дүгнэсэн.

Гэтэл шүүгч өмнө нь үндэслэлүүдээ шүүхээр эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр гэж байгаа мэтээр дүгнэж шүүхийн журмаар худалдсан гэж бичсэн атлаа энэ хэсэгт огт дүгнэлт өгөөгүй.

4.10. Мөн Банкны ажилтан Д.ийн гаргасан үнэлгээ нь байгууллагын дотоод хэрэгцээнд зориулагдсан байх тул нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Үүнтэй санал нийлэхгүй ба талуудын хооронд байгуулсан 2014 оны барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээнд талууд хөрөнгийг шилжүүлэх бол дахин үнэлгээ хийнэ гэсэн тохиролцоо байхад дахин үнэлгээ хийлгүй хөрөнгийг шилжүүлж авсан. Нэхэмжлэгчийн 40 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг хариуцагч 11 тэрбум төгрөгөөр үнэлээд шилжүүлээд авсан. Хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн.

Иймд давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

  5. Давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* ХХК нь ************** ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд эвлэрсэн. Эвлэрлийн гэрээгээр ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, 11,600,000,000 төгрөгийн өр төлбөрт барьцаа хөрөнгийг шилжүүэн авах, банкны зүгээс зарим барьцаа хөрөнгийг чөлөөлөхөөр тохиролцсон. Харин ************** ХХК Эвлэрлийн гэрээг баталсан захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргаж байсан ба шүүхийн тогтоолоор Эвлэрлийн гэрээг баталсан захирамжийг хүчингүй болгосон.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу тухайн хэрэг маргааныг хянаж буй шүүгч уг эвлэрлийн гэрээг хянах болохоос өөр шүүх түүнийг хянах боломжгүй. Иймээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд баталсан эвлэрлийг гэрээг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад, хүчингүй болгох үндэслэлгүй.

5.3. Нэхэмжлэгч нь Нөхцөл тохирох гэрээг халхавчлах зорилгоор Эвлэрлийн гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байгааг халхавчилсан хэлцэл гэж үзэхгүй байна. Учир нь талууд Эвлэрлийн гэрээгээр үр дагавар үүсгэсэн бол уг үр дагаврыг өөрсдөө хариуцах ёстой. Тухайлбал Нөхцөл тохирох гэрээгээр маргаж буй *******молл дэлгүүрийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор манайд тооцож өгсөн үнийн дүнгээр буцаан авахаар тохирсон. Мөн ************** ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаартай албан бичигт үл хөдлөх эд хөрөнгүүдийг танай компаниас худалдан авахаар тохирсон 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хугацаа дуусгавар болж байгаа тул гэрээний бүх нөхцөлийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл сунгаж өгнө үү гэсэн байгаа.

5.4. Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын нэг үндэслэл нь Д.*******ын нэр дээр газар бүртгэлтэй байхад буцаан худалдахад ************** ХХК-ийн нэр дээр худалдахаар гэрээ байгуулсан гэсэн. Үл хөдлөх эд хөрөнгө нь ************** ХХК-ийн нэр дээр, газар нь Д.*******ын нэр дээр байсан тул ************** ХХК-тай гэрээ хийсэн.

5.5. Харин үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа барьцааны тухай хуулийг зөрчиж худалдсан гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Эвлэрлийн гэрээгээр бид хөрөнгийг худалдан борлуулаагүй, Эвлэрлийн гэрээнд хөрөнгийг гэрээний үүрэгт тооцож өгөх харилцааг тохиролцсон. Иймээс шүүхээс гадуур хөрөнгийг худалдан борлуулсан гэх тайлбар үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, процессын зөрчил гаргаагүй, хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй дүгнэлт хийсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ************** ХХК, Д.*******, Д.******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах, 8,140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 154/0104 дугаартай, ******* дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, 1,230 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах, үнэлгээчин Д.ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон ба талууд маргаагүй байна. Үүнд:

3.1. ************** ХХК нь ******* ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн болон 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр нийт 12.8 тэрбум төгрөг зээлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах, 8,140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 1,230 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус барьцаалуулжээ. (хэргийн 5 дахь хавтас 69-72 дахь тал)

******* ХХК нь ************** ХХК, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,459,148,992 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаснаар талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах 8,140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 1,230 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой дор дурдсан тохиролцоо бүхий 4 гэрээ байгуулагджээ. Үүнд:

3.1.а. Эвлэрлийн гэрээгээр ******* ХХК нь 519,148,922 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзаж, ************** ХХК, Д.******* нар нь үлдэх 13,940,000,000 төгрөг төлөхөөс 11,600,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор ******* ХХК-д шилжүүлэх байдлаар, үлдэх 2,340,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөх, бусад барьцааны зүйлийг ******* ХХК барьцаанаас чөлөөлөх, (хэргийн 1 дэх хавтас 100 дахь тал)

3.1.б. Нөхцөл тохирох гэрээгээр ******* ХХК нь өмчлөлдөө шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гуравдагч этгээдэд худалдахгүй байх, заасан хугацаанд зөвхөн ************** ХХК-д худалдан авах боломжийг олгох, буцаан худалдан авах үнэ 11,600,000,000 төгрөг байх, дээрх хугацаа өнгөрмөгц ************** ХХК-ийг буцаан худалдах авах хүсэл зоригоос татгалзсанд тооцож ******* ХХК хөрөнгийг захиран зарцуулах, (хэргийн 1 дэх хавтас 11-13 дахь тал)

3.1.в. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ************** ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 11,600,000,000 төгрөг төлөх, (хэргийн 1 дэх хавтас 14-15 дахь тал)

3.1.г. Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээгээр Д.*******, Д.******* нар нь газар эзэмших эрхийг ******* ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцжээ. (хэргийн 1 дэх хавтас 30 дахь тал)

 

3.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дүгээр захирамжаар ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа 519,148,922 төгрөгөөр багасгаж 13,940,000,000 төгрөг болгосныг ************** ХХК 13,940,000,000 төгрөгөөс 11,600,000,000 төгрөгийг барьцааны зүйл болох ************** ХХК-ийн өмчлөлийн, ******* дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон Д.*******, Д.******* нарын эзэмшлийн, ******* дүүрэг, 5 дугаар хороонд байршилтай, 1,230 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн дотор шилжүүлэх байдлаар төлөх, үлдэх 2,340,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, бусад барьцааны зүйлийг ******* ХХК барьцаанаас чөлөөлөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хэргийн 1 дэх хавтас 26-27 дахь тал)

 

3.3. ******* ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, мөн түүнд ******* дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/464 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж гэрчилгээ олгожээ. (хэргийн 1 дэх хавтас 31, 32 дахь тал)

 

3.4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор зохигчийн эвлэрлийг баталсан дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ. (хэргийн 5 дахь хавтас 183-187 дахь тал)

Шүүхийн тогтоолд ...талууд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээг байгуулснаас гадна нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж шүүхэд зөвхөн эвлэрлийн гэрээг өгсөн байна. Уг 3 гэрээнд эвлэрлийн гэрээнд тусгагдсан зээлийн үнийн дүн, үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хэрхэн шилжүүлэх талаар тохиролцоо хийсэн, эдгээр гэрээнүүд хоорондоо харилцан хамааралтай байхаар байна. Тодруулбал, ... зохигчид үнийн дүн дээр тохирч улмаар барьцааны зүйлийг нэхэмжлэгчид шилжүүлэх байдлаар төлөх гэж тохирсон боловч эвлэрлийн гэрээг баталсан захирамж гарах цаг хугацаанд дээрх хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлэх, зээлийн төлбөрийг талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дүнгээр тооцож төлөх, банк төлбөр төлөх хугацаанд хөрөнгийг бусдад худалдахгүй байх, Д.*******, Д.******* нарын эзэмшлийн газрыг банкинд үнэ төлбөргүй шилжүүлэх гэж тохиролцож гэрээг байгуулсан байна. Хоорондоо хамааралтай дээрх 3 гэрээг шүүхэд гаргаж өгөөгүйгээс талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг бүрэн агуулгаар нь хянах боломжгүй, шүүх зөвхөн хэлбэрийн хувьд шаардлага хангасан эсэхийг хянаж баталгаажуулснаас агуулгын хувьд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөөгүй, шүүхийн баталсан эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн эрхийг зөрчсөн, хуульд нийцсэн эвлэрэл болж чадаагүй гэж үзэхээр байна гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул талуудын байгуулсан Эвлэрлийн гэрээг хуульд нийцээгүй болохыг шүүх тогтоосон гэж дүгнэнэ.

 

4. Нэхэмжлэгч ************** ХХК, Д.*******, Д.******* нар нь дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан ба анхан шатны шүүх хоорондоо хамаарал бүхий гэрээнүүдийн агуулга, зорилго, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, мөн тэдгээрээс үүссэн эрх зүйн үр дагаврыг тал бүрээс нь харьцуулахгүйгээр гэрээ тус бүрийг бие даасан харилцаа гэж дүгнэсэн нь буруу болжээ. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах боломжтой байна.

4.1. ************** ХХК, Д.******* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14,459,148,992 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөр өөр нөхцөл бүхий 4 гэрээг байгуулж, үүнээс зөвхөн Эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулснаар зохигчийн эвлэрэл хуульд нийцээгүй болохыг дээрх шүүхийн тогтоолд дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргах бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх зохицуулалттай.

4.2. Гэвч талууд Эвлэрлийн гэрээний нөхцөлүүдийг өөрөөр тохирч Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг тус тус байгуулжээ. Эдгээр гэрээ нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгын хүрээнд зохигчийн эвлэрэлтэй холбоотойгоор байгуулагдсан байна. Иймээс зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчингүй болсноор уг эвлэрэлтэй холбоотой байгуулсан Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэстэй.

Дээрх шүүхийн тогтоолд Хоорондоо хамааралтай дээрх 3 гэрээг шүүхэд гаргаж өгөөгүйгээс ... эвлэрлийн гэрээг бүрэн агуулгаар нь хянах боломжгүй, шүүх зөвхөн хэлбэрийн хувьд шаардлага хангасан эсэхийг хянаж баталгаажуулснаас агуулгын хувьд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөөгүй, шүүхийн баталсан эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн эрхийг зөрчсөн, хуульд нийцсэн эвлэрэл болж чадаагүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх үндэслэлүүдэд дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

4.3. Мөн зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчингүй болсноор талуудын хоорондох зээлийн гэрээний үүрэгт 14,459,148,992 төгрөг гаргуулах тухай маргааныг шийдвэрлэгдээгүй гэж үзэх бөгөөд энэ нөхцөлд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, уг гэрээгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй салгаж үл болох эрх болох барьцааны эрхийг хэрэгжүүлэхээр тохирсон талуудын тохиролцоо хүчинтэй үлдэх боломжгүй.

Түүнчлэн тухайн маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаархи Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШЗ2022/19207 дугаар захирамж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШТ2022/00633 дугаар тогтоолыг ирүүлсэн. (хэргийн 6 дахь хавтас 101-110 дахь тал)

 

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч ************** ХХК, Д.*******, Д.******* нар нь хариуцагч ******* ХХК-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй.

 

6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээчин Д.ийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлсэн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр талуудын байгуулсан Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч ************** ХХК, Д.*******, Д.******* нарын өмчлөл, эзэмшилд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00216 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар талуудын байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч ************** ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу гудамж, 35 тоот хаягт байрлах, 8,140.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг, нэхэмжлэгч Д.*******, Д.******* нарын эзэмшилд нэгж талбарын 154/0104 18642311118599 дугаартай, ******* дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, 1,230 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үнэлгээчин Д.ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 58.1 гэснийг 58.4, 56 дугаар зүйлийн 56.2 гэж өөрчилж, 55,087,750 /Тавин та сая наян долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай гэснийг хариуцагч ******* ХХК-аас 55,087,750 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, мөн 3,140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************** ХХК, Д.*******, Д.******* нарт олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.*******ийн төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Д.*******ын төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

Д.ЗОЛЗАЯА