Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1179

 

Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02913 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХ-т холбогдох

 

8 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 6 945 448 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар “Автобус-1” компанид кондуктороор ажилд орсон бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 тоот ХХХХ-ын даргын тушаалаар “өндөр насны тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт зааснаар 6 жил тасралтгүй ажилласан байх юм бол 9 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан байдаг бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хгийн дансанд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж орсон байдаг. Үлдэх 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 6 945 448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Х нь тус нэгтгэлийн 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчид 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байгууллагын даргын Б/940 тушаалаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 868 180 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Автобус-1 бааз болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээ нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэгдэн, 1 жилийн хугацаанд үйлчилсэн байна. Хамтын гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан хэдий ч “Автобус-1” компани нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 тоот захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ХХХХ болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй хамтын гэрээг нь дотоод үйл ажиллагаанд мөрдлөг болгохгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хамтын гэрээг шинээр байгуулах эсэхийг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгч хэлэлцээр хийж байж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээр хийгдэж, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн албан тоотоор Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай шаардлага ирсэн бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 117 тоот албан бичгээр захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлэн ажиллаж байна. Манай байгууллагаас 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3158 тоот албан бичгээр 2013 оны хамтын гэрээг мөрдлөг болгохгүй талаар Үйлдвэрчний эвлэлд хүргүүлсэн байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрх зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй байдаг. Байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй талаар баримт байгаа бөгөөд нэхэмжлэгч шүүхэд шууд хандах ёстой байсан. Нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан байдаг бөгөөд энэ өргөдлийг яг энэ хугацаанд, тухайн өдөр гаргасан эсэхийг нотлуулъя гэж бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ийм бүртгэлийн дэвтэр байхгүй гэж хэлсэн гэдгийг хэлсэн. Үүнийг анхаарч үзнэ үү гэж хүсч байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ХХХХ-аас тэтгэмжийн зөрүүд 6 945 448 төгрөг гаргуулах тухай Хгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг нотлох баримтыг зөв дүгнээгүй, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацаа тоологдож эхлээгүй байсан болно. Байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас хамтын гэрээг хэвээр мөрдөх асуудал маргаантай байхад хамтын гэрээний дагуу олгогдох тэтгэмжийн асуудал мөн л маргаантай байх үед хэзээ үлдэгдэл тэтгэмжийг өгөх эсэх асуудлыг нэхэмжлэгч мэдэх боломжгүй юм.

Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо нь нэхэмжлэгчийн өргөдлийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэрлэсэнд нэхэмжлэгч буруугүй бөгөөд уг хороо нь шүүхийн өмнөх шатанд маргааныг шийдвэрлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор байгуулагдсан Засгийн газрын дэргэдэх 3 талын төлөөллөөс бүрдсэн байгууллага юм. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны бүрэлдэхүүнд ажил олгогчийн төлөөлөгч ажилладаг бөгөөд уг өргөдлийг авч ажил олгогчдоо хандах хууль эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Байгууллага нь тухайн ажилчдын тэтгэмжийг олгохгүй, хөөн хэлэлцэх дууссан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгааг анхаарч үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХХ-аас 8 сарын цалингийн дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 6 945 448 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х нь 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хариуцагч байгууллагыг Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “Автобус-1” компани байхад нь кондуктороор ажилд орж, ХХХХ болсны дараа өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь нийгмийн даатгалын дэвтэр, ажилд орсон, гарсан, 1 сарын тэтгэмж олгосон тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Автобус-1” ОНӨҮГ-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтын гэрээ”-нд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “Энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж, 8.5 дахь заалтад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч 2-12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор тус тус заасан байна. Уг хамтын гэрээнд оруулсан өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгэжээ. /хэргийн 11-12 дугаар тал/

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагааг хөрөнгийн эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн ХХХХ-т нийлүүлсэн байх тул шүүх “Автобус-1” ОНӨҮГ-ын эрх залгамжлан авсан этгээд нь ХХХХ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

/хэргийн 10 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “…Аж ахуйн нэгж татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолын дагуу “Автобус-1” ОНӨҮГ-ын эрхийг залгамжлан авсан ХХХ нь дээрх хамтын гэрээний заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хариуцагч нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 дугаар тушаалаар Хтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлж, мөн оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/946 дугаар тушаалаар түүнд 1 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ба уг тэтгэмжийг Хгийн дансанд 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлжээ. /хэргийн 46 дугаар тал/

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэнээс бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах, энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд мөн хуулийн 129.3 дахь хэсэгт зааснаар шүүх сэргээн тогтоож, хэргийг шийдвэрлэхээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь дээрх хугацааг хэтрүүлж, шаардлага гаргах эрхээ алджээ. Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн үеэс хамтын гэрээнд зааснаар тэтгэмж авахаар шаардах эрх үүсэх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагчаас тэтгэмж авахаар шаардаж байсан болохоо баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч нь ХХХ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан гэх боловч, тус байгууллагад хүлээлгэн өгсөн баримтгүйгээс гадна, Үйлдвэрчний эвлэлийн хороо нь маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хамаарахгүй бөгөөд түүний 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан гомдлын дагуу Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооноос хариуцагч байгууллагад 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 тоот албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн нь эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу гомдлыг хугацаанд нь гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэдгийг нотлох баримт болохгүй юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу шүүхэд ирүүлэх үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Хгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ    

          

                                                             ШҮҮГЧИД                          Ц.ИЧИНХОРЛОО    

                   

                                                                                                       С.ЭНХТӨР