Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01140

 

С.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02913 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1179 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох,

8 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 6 945 448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Цэцэгмаа 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар “Автобус-1” компанид кондуктороор ажилд орсон бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 тоот “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргын тушаалаар “өндөр насны тэтгэвэрт гарч, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт зааснаар 6 жил тасралтгүй ажилласан байх юм бол 9 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан байдаг бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр С.Цэцэгмаагийн дансанд 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж орсон байдаг. Үлдэх 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 6 945 448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. С.Цэцэгмаа нь тус нэгтгэлийн 2009.05.20-ны өдрийн 27 тоот тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж байгаад 2015.06.11-ний өдрийн Б/760 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчид 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байгууллагын даргын Б/940 тушаалаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 868 180 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь Автобус-1 бааз болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. 2013.02.05-ны өдрийн хамтын гэрээ нь 2013.02.06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгэгдэн, 1 жилийн хугацаанд үйлчилсэн байна. Хамтын гэрээнд 2014.01.21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан хэдий ч “Автобус-1” компани нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 тоот захирамжаар татан буугдаж, 2014.10.01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй хамтын гэрээг нь дотоод үйл ажиллагаанд мөрдлөг болгохгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хамтын гэрээг шинээр байгуулах эсэхийг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгч хэлэлцээр хийж байж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээр хийгдэж, 2014.01.06-ны өдрийн албан тоотоор Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай шаардлага ирсэн бөгөөд 2015.01.09-ний өдрийн 117 тоот албан бичгээр захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлэн ажиллаж байна. Манай байгууллагаас 2015.11.05-ны өдрийн 3158 тоот албан бичгээр 2013 оны хамтын гэрээг мөрдлөг болгохгүй талаар Үйлдвэрчний эвлэлд хүргүүлсэн байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрх зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй байдаг. Байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй талаар баримт байгаа бөгөөд нэхэмжлэгч шүүхэд шууд хандах ёстой байсан. Нэхэмжлэгч 2016.01.15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015.10.23-ны өдөр өргөдөл гаргасан байдаг бөгөөд энэ өргөдлийг яг энэ хугацаанд, тухайн өдөр гаргасан эсэхийг нотлуулъя гэж бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга ийм бүртгэлийн дэвтэр байхгүй гэж хэлсэн гэдгийг хэлсэн. Үүнийг анхаарч үзнэ үү гэж хүсч байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02913 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас тэтгэмжийн зөрүүд 6 945 448 төгрөг гаргуулах тухай С.Цэцэгмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1179 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зуйлийн 129.1 дэх хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацаа тоологдож эхлээгүй байсан болно. Байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас хамтын гэрээг хэвээр мөрдөх асуудал маргаантай байхад хамтын гэрээний дагуу олгогдох тэтгэмжийн асуудал мөн л маргаантай байх үед хэзээ үлдэгдэл тэтгэмжийг өгөх эсэх асуудлыг нэхэмжлэгч мэдэх боломжгүй юм. Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо нь нэхэмжлэгчийн өргөдлийг 2016.01.05-ны өдөp шийдвэрлэсэнд нэхэмжлэгч буруугүй бөгөөд уг хороо нь шүүхийн өмнөх шатанд маргааныг шийдвэрлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор байгуулагдсан Засгийн газрын дэргэдэх 3 талын төлөөллөөс бүрдсэн байгууллага юм. Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны бүрэлдэхүүнд ажил олгогчийн төлөөлөгч ажилладаг бөгөөд уг өргөдлийг авч ажил олгогчдоо хандах хууль эрх зүйн үндэслэл байхгүй болно. Байгууллага нь тухайн ажилчдын тэтгэмжийг олгохгүй, хөөн хэлэлцэх дууссан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгааг анхаарч үзнэ үү.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                                                                   ХЯНАВАЛ:       

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шууд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч С.Цэцэгмаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б\760 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон учир ажил олгогч болон ажилтны хоорондох хөдөлмөрийн гэрээ цуцлагджээ \хх-ийн 8 дугаар тал\. С.Цэцэгмаа нь “Автобус-1” ОНӨААТҮГ-т 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 27 дугаар тушаалаар кондукторын ажилд орсноос хойш 6 жил 1 сар ажилласан тул “Автобус-1” ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Хамтын гэрээний нөхцлөөр 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах ёстой боловч ажил олгогч 1 сарын тэтгэмж өгсөн тул 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж гаргуулахаар  хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь нэхэмжлэлийн үндэслэл болж буй хамтын гэрээ нь Автобус-1 бааз болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан бөгөөд уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөх боловч “Автобус-1” компани нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 тоот захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар  сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болсон учир хамтын гэрээг дотоод үйл ажиллагаанд мөрдлөг болгохгүй гэж маргаснаас гадна нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрх зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд гомдол гаргах эрхээ алдсан гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хамтын гэрээг шинээр байгуулах эсэхийг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгч хэлэлцээр хийж байж шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээр хийгдэж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.2.-т зааснаар хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд өмнөх хуулийн этгээдийн үйл ажиллагаа, эд хөрөнгө, үүрэг, хариуцлага шилжих ёстой байна. Нийслэлийн өмчит нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах тухай Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоол хэрэгт авагдсан боловч уг тогтоолын хавсралтаар батлагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” үйлдвэрийн газрын дүрэм хэрэгт авагдаагүй байх тул шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн эрх, үүргийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна \хх-ийн 10 дугаар тал\.

Харин шүүх нэхэмжлэгч С.Цэцэгмааг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, ийнхүү хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэх боломжгүй байна.

Тухайлбал, шүүх нэхэмжлэгчийг тэтгэмж авснаас хойш 3 сарын дараа Үйлдвэрчний эвлэлийн хороонд өргөдөл гаргасан гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, тэтгэмж олгох тухай тушаал 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гарсан боловч тэтгэмжийн 868 181 төгрөг нэхэмжлэгчийн дансанд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр орсон, нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргасан зэрэг үйл баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна \хх-ийн 8, 9, 33, 34, 46, 47 дугаар тал \.

Үйлдвэрчний эвлэлийн хороо С.Цэцэгмаагийн гомдолд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хариу өгсөн үйл баримтыг шүүх “ҮЭ-ийн хороо нь тэтгэмжтэй холбоотой маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгааг мэдсээр байж өргөдлийн хариуг 2 сар 6 хоногийн дараа өгсөн” гэж нэхэмжлэгчийн хугацаа хэтрүүлсэн шалтгаанд хамааруулсан нь ойлгомжгүй болжээ \хх-ийн 45 дугаар тал\.

Нөгөө талаар нэхэмжлэгч С.Цэцэгмаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны уг албан бичгийг хэзээ хүлээж авсан талаар хэрэгт баримт байхгүй байхад түүнийг Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргасан гэж буруутгаж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 61 дугаартай “зөвлөмж хүргүүлэх тухай”  албан бичигт С.Цэцэгмааг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан болохыг дурдсан байгаагаас гадна “уг зөвлөмжийг эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохих дүүргийн шүүхэд хандах эрхтэй” гэж зааснаас үзвэл, зохигчдын хоорондох хөдөлмөрийн эрх зүйн маргаан хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх байгууллагаар хэлэлцэгдэн үргэлжилж байсан гэж үзэхээр байна \хх-ийн 60 дугаар тал\

Нэхэмжлэгч С.Цэцэгмаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан  “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэх зохицуулалтыг зөрчсөн эсэх, зөрчсөн бол хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар шүүх баримтад тулгуурлан бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02913 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1179 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН