Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/00089

 

 

2017 оны 01 сарын 09 өдөр

            Дугаар 183/ШШ2017/00089

                          Улаанбаатар хот

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 7 дугаар гудамж, 1303 тоотод оршин суух, Ханан овогт Сосорын Цэцэгмаа /Регистрийн дугаар:ХИ65030803/-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж,  39/1 тоотод байрлах “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох,

          Тэтгэмж 6,945,448 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов. 

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Цэцэгмаа миний бие “Автобус-1” компанийн захирлын 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 тоот тушаалаар кондуктороор ажилд орж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцласан. Би тус байгууллагад тасралтгүй 6 жил 1 сар ажилласан. 

2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  “Автобус-1” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахдаа 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах байтал надад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/946 дугаар тушаалаар нэг сарын тэтгэмж 868,181 төгрөг олгосон. Уг тэтгэмжийн мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан.

Нэхэмжлэгч нь тэтгэмжийн мөнгийг хүлээн авснаас хойш 3 сарын дотор буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хамтын гэрээны тал болох Үйлдвэрчний эвлэлд хандаж, хариуг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр авсан. Мөн Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хандаж, хариуг авсан. Уг салбар хороо хариуцагч байгууллагад тэтгэмжийг олгох ёстой гэдгийг зөвлөмжилсөн ч өнөөг хүртэл биелүүлээгүй байдаг.

Нэхэмжлэгч нь анх Үйлдвэрчний эвлэлд эрхээ хамгаалуулахаар хандсанаар түүний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасарч байгаа тул хугацааг хэтрүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж байна. Иймд дутуу олгогдсон 8 сарын тэтгэмжийг нэг сарын 868,181 төгрөгөөр тооцож нийт 6,945,448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Цэцэгмаа нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн. Түүнд байгууллагын даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/946 дугаар тушаалаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 868,180 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Хамтын гэрээ нь “Автобус-1” бааз болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. “Автобус-1” компани нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 тоот захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болж байгуулагдсан.  Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ мөрдлөг болгон ажиллахгүй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хамтын гэрээг шинээр байгуулах эсэхийг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгч хэлэлцээр хийж байж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг бөгөөд дээрх хамтын гэрээг хэвээр нь мөрдөе, нэмэлт өөрчлөлт оруулья гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээр хийгдэж ирсэн ч тус байгууллагын зүгээс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3158 тоот албан бичгээр дээрх хамтын гэрээг мөрдлөг болгохгүй тухайгаа мэдэгдсэн байгаа.  

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажилтан эрх зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй байдаг.

Нэхэмжлэгч өөрт нь тэтгэмжийн мөнгийг шилжүүлсэн буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс хойш эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн буюу мэдэх боломжтой хугацаа тоологдохоор байна. Гэтэл тэрээр 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан гэдэг ч  энэ нь тухайн өдөр гаргасан өргөдөл мөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч талтай нэг тал тул өөрт ашигтай баримтыг үйлдсэн гэж үзэж байна. Үүнд шүүх анхаарч өгнө үү. Мөн байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй талаар баримт байгаа бөгөөд нэхэмжлэгч Үйлдвэрчний эвлэлд бус шүүхэд хандах ёстой байсан. Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд  2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хандсан нь дээрх хуульд заасан 3 сарын хугацааг мөн хэтрүүлжээ.Түүнчлэн нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх өөр бусад шалтгааны талаар тодорхойлоогүй, мөн хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

         

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.Цэцэгмаа нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 6,945,448 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/760 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн С.Цэцэгмааг мөн өдрөөр тасалбар болгон ажлаас  чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, улмаар тус байгууллагын  захирлын 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/946 дугаар тушаалаар түүнд нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 868,181 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-8,9/

Нэхэмжлэгч нь “Автобус-1” ОНӨҮГ-т 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилд орж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдөх хүртэл нийт 6 жил 1 сар тасралтгүй кондуктороор ажилласан, тэтгэмжийн 868,181 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Автобус-1” ОНӨҮГ, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээг хариуцагч байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй, Хамтын гэрээний дагуу 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй, мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж харин хариуцагч нь “Автобус-1” ОНӨҮГ татан буугдсан, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон өөрчлөгдсөн учир өмнөх хамтын гэрээг дагаж мөрдөх үндэслэлгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шаардах эрхээ алдсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

  2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэг талаас ажил олгогч “Автобус-1” ОНӨҮГ, нөгөө талаас ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэл хэлэлцэн тохиролцож, хамтын гэрээг байгуулжээ. Уг гэрээнд талууд харилцан тохиролцож, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Дээрх гэрээнүүдийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт тус тус бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна.  /хх-11-19/

  Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамтаар шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийн дагуу “Автобус-1” ОНӨҮГ-ийн эд хөрөнгө, эрхийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ шилжүүлэн авсан гэдэгт хариуцагч маргаагүй байна.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь хэсэгт зааснаар эрх олгогдсон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг  нийлүүлэх, нэгтгэх, хуваах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан тохиолдолд шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд өмнөх хуулийн этгээдийн үйл ажиллагаа, эд хөрөнгө, эрх үүрэг, хариуцлага шилжихээр заажээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоос үзвэл “Автобус-1” ОНӨҮГ татан буугдсан биш харин хуульд заасны дагуу хэд хэдэн хуулийн этгээдийг нэгтгэн нийлүүлэх замаар шинээр нэг хуулийн этгээд байгуулсан байна. Иймд “Автобус-1” ОНӨҮГ-ын эрх үүргийг  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ шилжүүлэн авсан, тус хуулийн этгээдийн эрх залгамжлан авагч мөн байна. Мөн хэрэгт авагдсан тус үйлдвэрийн газрын дүрмийн 1.2-т “үйл ажиллагаандаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдийн тогтоолыг мөрдөг болгож ажиллах”-аар заасан байх тул өмнөх хуулийн этгээд татан буугдсан, тус байгууллагад хамааралгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.  /хх-10, 121-127/

Өөрчлөгдөн зохион байгуулагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шинээр хамтын гэрээг байгуулаагүй байгаа, харин өмнө байгуулагдсан хамтын гэрээг шинэчилэн байгуулахаар  ажилтны төлөөлөлтэй хамтран хэлэлцэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-20-22, 36-40/

Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан тул “Зорчигч тээврийн нэгтгэл” болон өөрчлөгдсөн учир энэ хамтын гэрээг мөрдөхгүй гэсэн хариуцагчийн тайлбар мөн үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэгч нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “ажилтан өөрийн эрхээ зөрчигдснийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгч нь уг хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.Цэцэгмаад тэтгэмж олгох тухай ажил олгогчийн шийдвэр 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гарсан ч, уг тэтгэмжийн мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хуульд заасан дээрх гурван сарын хугацааг тоолох нь зүйтэй байна.  

Үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан таслах эрх бүхий байгууллага биш боловч нэхэмжлэгч нь өөрийн эрхээ хамгаалуулахаар Хамтын гэрээний нэг тал болох Үйлдвэрчний эвлэлдээ 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу хуульд заасан гурван сарын хугацааны дотор хандсан, мөн Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр уг асуудлаар хандаж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар зохих газруудад удаа дараа хандаж байсан байх тул түүнийг гомдол гаргах хугацааг алдаагүй гэж үзэв. /хх-9, 46, 47, 60/

Хэрэгт авагдсан “Автобус-1” ОНӨҮГ-ын захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан хамтын гэрээ, хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан ... 6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгоно” гэж заасан байх тул хариуцагчаас  олгогдоогүй 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 6,945,448 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 126,077 төгрөг гаргуулан улсын орлогод нөхөн оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 6,945,448 /зургаан сая есөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.Цэцэгмаад олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 126,077 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ