Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2021/0078

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн

хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих

хяналтын прокурорын дүгнэлттэй, Сүхбаатар

дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн

Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчид

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч                М.Батсуурь

Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:                               Г.Банзрагч

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                     Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Прокурорын дүгнэлт: Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0661 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О,

Хариуцагч Х.Г, түүний өмгөөлөгч Б.О нар.

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0661 дүгээр шийдвэрээр: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Цэцэгмаагийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай дүгнэлтийг хангаж, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Х.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Цэцэгмаагаас НМХГ-ын Сүхбаатар дүүрэг дэх МХХ-ийн улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 дугаартай шийтгэвэрийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт ирүүлснийг шүүх хянан хэлэлцэхдээ хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чандмань төвийн 1 давхарт байрлах Tuos Les juor байкерийн үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуульд заасан буруу шошголсон..., эсвэл ...шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан" зөрчлийн шинж байхгүй байсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн дамжлагаас гаргаад, хөргөх хугацаа болтол тухайн бүтээгдэхүүнийг шошголоогүй байсан тухай маргаан байсан. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасан. Энэ нь Зөрчлийн хуулийн Шударга ёсны зарчим билээ. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс гаргаад хөргөх цаг хугацаанд худалдан авалт хийсэн нь тухайн аж ахуйн нэгжийг зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авах үндэслэл болохгүй. Нөгөө талаар энэ бүтээгдэхүүн шинэ байсан гэдгийг нотолж байна. Мөн хохирогч байхгүй гэдгийг харгалзан үзэх ёстой.

5. Гэтэл, шүүх Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцна гэж заасан тул Tuos Les juor байкерийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээрээ хаяг шошго тавиагүй нь зөрчил гээд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэг Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно заалтыг хэрэглэх байсан гэж буруу дүгнэсэн.

6. Миний бие зөрчил шалган шийдвэрлэхдээ дараах зарчмыг баримталсан билээ. Үүнд нэгд, Шошго тавих цаг хугацааны асуудал гарсан болохоос хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулахын тулд буруу шошголсон, эсвэл худал мэдээлэл агуулсан сэдэл тухайн байгууллагад байгаагүй, хоёрт энэ маргаантай холбоотой хохирогч байхгүй, нөхөн төлбөрийн асуудал байхгүй байсан.

7. Шүүх ... Хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон, зөрчилд холбогдогч үүнийг үгүйсгээгүй байна гэж дүгнэсэн. Халуун бүтээгдэхүүнийг хөргөх явцад тухайн үйл явдал болсон тухай зургаар баримтжуулж харуулсаныг шошгын зөрчилтэй байсан гэж буруу дүгнэсэн. Шалтгаан ба үр дагаварыг шүүх зөв дүгнэх ёстой.

8. Харин, Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хүнсний тухай хуулиуд түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмууд, стандартын хэрэгжилтийг хангаж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай 2020 оны 02-01/4258, 02-01/294 дугаар мэдэгдлүүдийг хүргүүлэн, үүрэг даалгавар өгч ажилласаар байтал зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч ажилласан нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.

9. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2020/0661 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Прокурорын 39 дүгээр дүгнэлтэд ... Т Л j бейкерид холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-д зааснаар буюу Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон гэх зөрчлийн шинжтэй болох нь тодорхой байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар дүгнэлт бичжээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх ... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чандмань төвийн 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Т Л j бэйкеригээс чийз кейк авахад хаяг шошгын зөрчилтэй байна гэсэн иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-д заасан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон ... гэж үзэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь заалтыг хэргийн үйл баримтад холбогдуулан тайлбарлаж хэрэглэсэн нь буруу байна.

13. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх-аар мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж тус тус заажээ.

14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, иргэнээс ирүүлсэн Т Л j бэйкеригээс чийз кейк авахад хаяг шошгын зөрчилтэй байна гэсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Х.Гэрэлчимэг нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахад хаяг шошгын зөрчил тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-д Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан ... гэх зөрчил шалгалтын явцад илрээгүй, энэ талаар улсын байцаагч шүүхэд тодорхой тайлбарласан байхад анхан болон давж заалдах шатны шүүх ямар баримтыг үндэслэн прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байгаа нь тодорхой биш байна.

15. Өөрөөр хэлбэл, прокурорын дүгнэлтэд дурдсан ... Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй ... гэх үйл баримт зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

16. Харин, улсын байцаагч өөрийн эрх хэмжээний хүрээнд өмнө албан шаардлага тавьсан асуудлаар шийтгэлийн хуудас ногдуулсан байна. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй ... бол хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох-оор тус тус заасан, Артизан ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/4858, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02-01/294 тоот албан бичгийг хүргүүлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаагүй тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцжээ.

17. Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж прокурорт эрх олгосноор хаяг, шошгын зөрчилтэй гэсэн гомдлын дагуу хяналт шалгалт явуулсан учраас хаяг шошгын зөрчилд ногдуулах шийтгэлийг ногдуулах ёстой гэсэн агуулгаар дүгнэлт бичсэн байна.

18. Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д зааснаар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах нь улсын байцаагчийн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих эрх байна.

19. Нэгэнт зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-д заасан зөрчил илрээгүй, тогтоогдоогүй байхад прокурорын ... Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй ... гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

20. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0661 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч Х.Г-ийн гомдлыг хангаж, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.БАТСУУРЬ

                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                               Ч.ТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                      Ц.ЦОГТ