Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0063

 

 

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын

хяналтын прокурорын дүгнэлттэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, прокурор Б.Ц, хариуцагч Х.Г, түүний өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 661 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц-ийн дүгнэлттэй, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 661 дүгээр шийдвэрээр: “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц-ийн  2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай дүгнэлтийг хангаж, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Ц-аас Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлт ирүүлснийг шүүх хянан хэлэлцэхдээ хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан байдаг.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чандмань төвийн 1 давхарт байрлах “Т” байкерийн үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуульд заасан “...буруу шошголсон...”, эсвэл “...шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан” зөрчлийн шинж байхгүй байсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн дамжлагаас гаргаад, хөргөх хугацаа болтол тухайн бүтээгдэхүүнийг шошголоогүй байсан тухай маргаан байсан. Зөрчлийн тухай хуулийн шударга ёсны зарчимд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх ёстой билээ. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээс гаргаад хөргөх цаг хугацаанд худалдан авалт хийсэн нь тухайн аж ахуйн нэгжийг зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авах үндэслэл болохгүй. Нөгөө талаар энэ бүтээгдэхүүн шинэ байсан гэдгийг нотолж байна. Мөн хохирогч байхгүй гэдгийг харгалзан үзэх ёстой. Гэтэл шүүх Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэг “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцна” гэж заасан тул “Т” байкерийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээрээ хаяг шошго тавиагүй нь зөрчил гээд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь хэсэг “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” заалтыг хэрэглэх байсан гэж буруу дүгнэсэн.

Миний бие зөрчил шалган шийдвэрлэхдээ дараах зарчмыг баримталсан билээ. Үүнд нэгд, шошго тавих цаг хугацааны асуудал гарсан болохоос хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулахын тулд буруу шошголсон, эсвэл худал мэдээлэл агуулсан сэдэл тухайн байгууллагад байгаагүй, хоёрт энэ маргаантай холбоотой хохирогч байхгүй, нөхөн төлбөрийн асуудал байхгүй байсан.

Харин Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хүнсний тухай хуулиуд түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмууд, стандартын хэрэгжилтийг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай 2020 оны 02-01/4258, 02-01/294 дугаар мэдэгдлүүдийг хүргүүлэн, үүрэг даалгавар өгч ажилласаар байтал зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч ажилласан нь зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 661 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 39 дүгээр дүгнэлтийг хангаж, хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцагчийн гаргасан маргаан бүхий 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0154574 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Гуравдагч этгээдээс “...манайх кремтэй бүтээгдэхүүндээ үйлдвэрлэсэн огноо тавьдаг ... харин бусад хөөмөл бүтээгдэхүүндээ үйлдвэрлэсэн огноо тавиагүй, цаашид удирдлагад мэдэгдэж хэрэгжилтийг хангаж ажиллана” гэсэн тайлбарыг хийсээр байхад хариуцагч “хаяг шошгын зөрчилтэй байсан” гэх гомдлын дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулсан атлаа Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д “Төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэж заасны дагуу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь буруу болжээ.

Учир нь, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 4-д “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна”, 6.15 дугаар зүйлийн 10-д “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус зааснаас үзэхэд хэдий өмнө нь хариуцагчаас хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд “бялууны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтад заасны дагуу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахад холбогдох арга хэмжээг авч ажиллах” тухай мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02-01/4858 тоот, мөн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02-01/294 тоот албан бичгээр тус тус хүргүүлж, хэрэв үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хариуцлага тооцохыг анхааруулж байсан боловч өмнө явуулж байсан мэдэгдлийн хүрээнд гүйцэтгэлийн шалгалт явуулахаар эсхүл хоёр болон түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулах хуулийн зохицуулалттай байхад 500.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь буруу, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Өөрөөр хэлбэл, “А” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-т  заасан зөрчил үйлдсэн, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон, зөрчилд холбогдогч үүнийг үгүйсгээгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар буюу тухайн зөрчилд хамааралгүй зүйл заалтаар торгох шийтгэл ногдуулж Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 4-д заасныг зөрчжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ