Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2023/00012

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2023/00012

 

 

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 155/ШШ2023/00102 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Сумаадагвад холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын 112,060,000 (нэг зуун арван хоёр сая жаран мянга) төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсэг болох 74,700,000 (далан дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гаргасан Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56,470,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 (арван найман сая найман зуун хорин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөгийн эд хөрөнгийг, өөрийн хуваарьт хөрөнгө 3,000,000 (гурван сая) төгрөгийн үнэ бүхий хазаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Д.Сумаадагва, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бид 2 албан ёсоор 2018 оны 12 сард гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2019.08.08-ны өдөр охин Сумаадагвын******* төрсөн ба одоо 1 жил 4 сартай. Бид 2020 оны 11 сараас хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болж, Д.Сумаадагва нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч эвлэрэхгүй гэсэн тул миний бие гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 

...Анх нэхэмжлэл гаргахдаа үнэлсэн 8,000,000 төгрөгийн мөнгөн дүнгээс өөрт болон охиндоо ногдох хэсгээ гаргуулна. Хөвсгөл аймгийн******* сумын 4 дүгээр баг Дэнжийн хорооллын 4-4 тоотод байрлах 4 тал хашаатай, 12х10 хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө, хаяг байршил Хөвсгөл аймгийн******* сумын 4 дүгээр баг Дэнжийн хорооллын 3-4 тоот гэж өөрчлөгдсөн. Мөн хашаа, газар нь манайх биш тул хашаа, газрын үнийг 3,000,000 төгрөгөөр бодож хасаж, байшингаа 15,000,000 төгрөгөөр үнэлж, ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. ...Нэхэмжилж байгаа эд хөрөнгөө өөрийн үнэлсэн үнэлгээгээр үнэлж нэхэмжилнэ.

...Хөвсгөл аймгийн******* сумын 4 дүгээр баг*******тоотод байрлах 10х12 хэмжээтэй дутуу барьсан ашиглалтад ороогүй өвлийн сууцны хаяг Хөвсгөл аймгийн******* сумын 4 дүгээр баг Дэнжийн хорооллын 3-4 тоот. Дутуу баригдсан учир үл хөдлөхийн гэрчилгээ нь гараагүй. , ...уг хоёр давхар байшингаа 15,000,000 төгрөгөөр үнэлж, өөрт ногдох хэсэгт сууцыг авч,*******д ногдох хэсгийг мөнгөөр өгөх бодолтой байгаа.

... малаа 2019 оны малын А дансанд бичигдсэн малын тоогоор өөрчилж байна. 248 толгой эр ямаа, нэг бүрийн үнэ 100.000 төгрөг, 153 толгой эм ямаа, нэг бүрийн үнэ 60.000 төгрөг, 10 толгой унагатай гүү нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, 7 толгой даага, нэг бүрийн үнэ 350.000 төгрөг, 8 толгой шүдлэн үхэр, нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, 1 толгой азарга, үнэ 1.000.000 төгрөг, мөн мотоциклийг 2.000.000 төгрөгөөр үнэлээд өөрт ногдох хэсгээ авъя гэсэн. Харин одоо хариуцагчийн зарсан үнээр нь буюу 1.500.000 төгрөгөөр үнэлж, ногдох хэсгээ гаргуулна. Мөнгөн хазаарын хувьд би өөрөө хазаараа аваад 3,000,000 төгрөгөөс*******д ногдох хэсгийг нь өгнө. 8 толгой шүдлэн үхэр надад байгаа тул өөртөө үлдээж, Д.Сумаадагвад ногдох хэсгийг өгнө.

...Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Сумаадагвын*******г өөрийн асрамжид авна. Хүүхдэдээ эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ... охин бид 2-т ногдох хэсэг 74,700,000 төгрөгийн хөрөнгийг бид хоёрт гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Сумаадагва нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... гэрлэлтийг цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ...Б.******* бидний дундаас төрсөн охин С.Эмүжин 1 нас 7 сартай, бага насны хүүхэд тул эхийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр тогтоож, төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

...Б.*******ийн нэхэмжилсэн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 74,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Сумаадагва шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Дайртан овогт Баянмөнхийн *******ээс бидний хамтын амьдралын явцад үүссэн 18 сая төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-З автомашин, 20 сая төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон маркийн автомашин, Ж.Баянмөнхийн зооринд хадгалагдаж буй 10 сая 400 мянган төгрөгийн малын мах, 2019 оны эцэст тоологдсон байсан малаас үлдсэн 4 сая 250 мянган төгрөгийн мал, 2.970.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга эд зүйл, бусдаас авах байсан /Б.*******ийн авсан/ 850.000 төгрөгийг бидний гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулан нийт дээрх 56,470,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгийг, мөн миний өөрийн хуваарьт хөрөнгө болох 3,000,000 төгрөгийн хазаарыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: ...хариуцагч Д.Сумаадагвын нэхэмжилсэн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 төгрөгийн эд хөрөнгө, хуваарьт хөрөнгө болох 3,000,000 төгрөгийн үнэ бүхий хазаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 155/ШШ2023/00102 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хатгин Доржжүгдэрийн*******, Дайртан Баянмөнхийн ******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Хатгин Сумаадагвын*******г эх Б.*******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин С.Эмүжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Сумаадагваас гаргуулж, тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Б.*******т, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Д.Сумаадагвад нарт тус тус мэдэгдэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.Сумаадагва нь Жаргалант сумын иргэн н.Өнөрөөс 2 төлөгний үнэ 160.000 төгрөг, Шинэ-Идэр сумын иргэн  н.Баттулгаас 2 төлөгний үнэ 160.000 төгрөг, Шинэ-Идэр сумын иргэн Доёогоос 1 төлөгний үнэ 80.000 төгрөг, хадам дүү Ж.Энхтуулаас авах байсан 100.000 төгрөг, Жаргалант сумын иргэн Бандиагаас авах ёстой байсан 350.000 төгрөг, нийт бусдаас авах ёстой авлага 850.000 төгрөгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах, 2019 оны жилийн эцэст тоологдсон малаас үлдсэн үнээ 3 толгой, тус бүр нь 800.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөг, бяруу 1 толгой, 250.000 төгрөг, шүдлэн үхэр 4 толгой, нэг бүр нь 400.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөг, бүгд 8 толгой үхрийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах, хуваарьт хөрөнгө болох 3.000.000 төгрөгийн мөнгөн хазаар гаргуулахаар нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.2, 130.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Хөвсгөл аймгийн******* сумын 4 дүгээр баг Дэнжийн хороолол 3 дугаар гудамжны 3 тоотод байрших 8.000.000 төгрөгийн үнэ бүхий 3 тал хашаа, өвлийн сууцыг худалдан авахад зарцуулсан 8.000.000 төгрөг, нийт 427 толгой мал буюу 248 толгой эр ямаа буюу 24.800.000 төгрөг, 153 толгой эм ямаа буюу 9.180.000 төгрөг, 8 толгой шүдлэн үхэр буюу 3.200.000 төгрөг, 1 толгой азарга буюу 1.000.000 төгрөг, 10 толгой гүү буюу 8.000.000 төгрөг, 7 толгой даага буюу 2.450.000 төгрөг, Даюу 200 маркийн мотоцикл худалдсан үнэ 1.500.000 төгрөг, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, үүнээс 3.200.000 төгрөгийн үнэ бүхий 8 толгой шүдлэн үхэр, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар 1 ширхгийг тус тус нэхэмжлэгч Б.*******т үлдээж, Б.*******ээс 3.200.000 төгрөгийн үнэ бүхий 8 толгой шүдлэн үхрээс 1.066.667 төгрөгийг, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар 1 ширхгээс 1.000.000 төгрөгийг гаргуулж Д.Сумаадагвад ногдох хэсэгт олгох, хариуцагч Д.Сумаадагваас үл хөдлөх эд хөрөнгө болох Хөвсгөл аймгийн******* сумын 4 дүгээр баг Дэнжийн хороолол 3 дугаар гудамжны 3 тоотод байрших 3 тал хашаа, өвлийн сууцыг худалдан авахад зарцуулсан 8.000.000 төгрөгөөс 5.333.333 төгрөгийг гаргуулах, нийт 427 толгой мал буюу нэг бүрийн үнэ 100.000 төгрөгийн үнэ бүхий 248 толгой эр ямаа буюу 24.800.000 төгрөгөөс, 16.533.332 төгрөг, нэг бүрийн үнэ 60.000 төгрөгийн үнэ бүхий 153 толгой эм ямаанаас 9.180.000.000 төгрөгөөс, 6.120.000 төгрөг,нэг бүрийн үнэ 350.000 төгрөгийн үнэ бүхий 7 толгой даага буюу 2.450.000 төгрөгөөс, 1.633.333 төгрөг, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий азарга 1 толгой буюу 1.000.000 төгрөгөөс, 666.666 төгрөг, нэг бүхийн үнэ 800.000 төгрөгийн үнэ бүхий 10 толгой гүү буюу 8.000.000 төгрөгөөс, 5.333.333 төгрөг, Даюу 200 маркийн мотоцикл 1 ширхэг, 1.500.000 төгрөгөөс, 1.000.000 төгрөг буюу 31.286.664 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн******* сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 3 дугаар гудамжны 4 тоотод байршилтай 141, м.кв талбайтай өвлийн сууцны нэг тал болох 8х12 хэмжээтэй 15.000.000 төгрөгийн үнэ бүхий өвлийн сууц, Хөвсгөл аймгийн******* сумын 4 дүгээр багийн Дэнжийн хорооллын 3 дугаар гудамжны 4 тоотод байрлах 2 давхар 12х10 хэмжээтэй 15.000.000 төгрөгийн үнэ бүхий дутуу баригдсан өвлийн сууц буюу нийт 30.000.000 төгрөгийн хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охинд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1.290.000 төгрөгийн үнэ бүхий АСЕR-ийн АЗ-тай компьютер, 630.000 төгрөгийн үнэ бүхий  РЕМI КЗО маркийн  гар утас, 550.000 төгрөгийн  үнэ  бүхий  хөлдөөгч, 250.000 төгрөгийн үнэ бүхий принтер, 250.000 төгрөгийн  үнэ  бүхий Юнителийн гэр интернэт  зэргийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, 1.290.000+630.000+550.000+ 250.0000 +250.000=2.970.000 төгрөгийн эд хөрөнгөнөөс 250.000 төгрөгийн үнэ бүхий принтер 1 ширхэг, бэлнээр 740.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ээс  гаргуулж, хариуцагч Д.Сумаадагвад ногдох хэсэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18.000.000 төгрөгийн үнэ бүхий 2266 ХӨҮ улсын дугаартай Бонго жи-3 автомашин, 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 7117 ХӨВ улсын дугаартай фургон автомашин, Ж.Баянмөнхийн зооринд хадгалуулсан 1600 кг, 10.400.000 төгрөгийн үнэ бүхий малын махыг хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцуулж, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636.987 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Сумаадагваас 429.920 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т, хариуцагч Д.Сумаадагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.067 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******ээс 28.310 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Сумаадагвад тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд нүүр хэсэгт дуу хөгжим М.Энхмөрөн гэх бичвэртэй 1 хавтас 43 хуудас бүхий дэвтрийг нэхэмжлэгч Б.*******т буцаан олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Сумаадагва болон түүний өмгөөлөгч Д.Буяндалай нар давж заалдах гомдолдоо: ...Шүүхээс Б.******* бидний гэрлэлтийг цуцалсан, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулсан шийдвэрийн талаар ямар нэг маргаан байхгүй. Харин хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүх зохигчдоос гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

...шүүхээс Д.******* бидний хамтран өмчлөх дундын хөрөнгөд 2019 оны мал тооллогын баримтыг үндэслэн 427 толгой мал тоологдож байсан нь тогтоогдлоо гэж уг малыг нийт 48,630,000 төгрөгөөр тооцож надаас 30 286 664 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд гомдолтой байна.

...Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн малтай холбоотой шаардлагад уг мал нь 2020 оны 12 дугаар сарын 03-д биднийг тусдаа амьдрах үед бодитоор байсан эсэх, байсан бол хаана хэн маллаж байсан болон уг малыг Б.******* бид хоёрыг тусдаа амьдарснаас хойш хугацаанд намайг зарж борлуулсан гэдгийг нотолж чаддаггүй төдийгүй дээрх нотлох баримтуудыг ч үгүйсгэсэн баримт нотолгоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргаагүй байна.

...Б.******* өөрийн нэхэмжлэлийг нотлох ямар нэг баримт нотолгоо гаргаж өгөөгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

...Холбогдох нотлох баримтуудыг гаргасан атал хуульд заасан журмын дагуу авагдаагүй учир нотлох баримтаар үнэлээгүй гэж дүгнэжээ.

Дээрхээс дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. 116.3-т заасан Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж хуульчилсантай нийцээгүй бөгөөд дээрх шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд гомдлыг хүлээн авч хэргийг бүхэлд нь хянан үзэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Б.Батдорж нар давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрийг нэхэмжлэгч Б.******* болон түүний өмгөөлөгчөөс зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161-р зүйлийн 161.1-д зааснаар дараах үндэслэлээр гомдож, гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шийдвэрийн тогтоох хэсгийн ...7 дахь хэсэгт... Хөвсгөл аймгийн******* сумын 4-р багийн дэнжийн хорооллын 3-р гудамжны 4 тоотод байршилтай, 141 мкв талбайтай өвлийн сууцны нэг тал болох 8x12 хэмжээтэй 15.000.000 төгрөгийн үнэ бүхий өвлийн сууц, Хөвсгөл аймгийн******* сумын 4-р багийн дэнжийн хорооллын 3-р гудамжны 4 тоотод байрлах 2 давхар 12x10 хэмжээтэй 15.000.000 төгрөг үнэ бүхий дутуу баригдсан өвлийн сууц буюу нийт 30.000.000 төгрөгийн хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцуулж, өөрт болон охинд оногдох хэсэг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон юм.

Энэ нь бодит байдалд нийцсэнгүй. Хадам аав Д.Доржжүгдэр нь Д.Сумаадагва бид 2-ыг маргаантай байх хугацаанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өөрийн нэр дээр хууль бус шилжүүлж авсан. Б.******* миний бие охин С.Эмүжин нь одоо хүртэл дэнжийн хорооллын 3-4 тоот хаягт бүртгэлтэй байгааг анхаарсангүй...

2.Дутуу барьсан ашиглалтад ороогүй гэх, Хөвсгөл аймгийн******* сумын 4-р багийн X дэнжийн хорооллын 3-р гудамжны 04 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгө нь мөн л нэхэмжлэлийн үнэлсэн саналын хариуцагч Д.Сумаадагва бас маргаагүй, уг байшин нь Б.******* Д.Сумаадагва нар хамтын амьдралтай байхад бий болсон,

...шүүхийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай зөрчилдөж байгаа болно. ...анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Хуульд заасны дагуу баталгаажаагүй байна гэх мэт буруу дүгнэлт хийж,хариуцагч талд хэтэрхий үйлчилж байгаад гомдолтой байна. Уг дуусаагүй 2 давхар барилгыг хариуцагч Д.Сумаадагва нь манай аав Д.Доржжүгдэр нь өөрийнхөө хөрөнгөөр бариулсан юм гэж маргадаг бөгөөд, түүнийгээ нотолж хөрөнгө мөнгө гаргасан гэх боловч нэг ширхэг ч баримт шүүхэд гаргаж өгөөгүй, хэргийн материалд ч тийм баримт байхгүйг хариуцагч үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрсөөр байхад хамтран өмчлөх дундын өмчийг Д.Доржжүгдэрийн эзэмших газар дээр байгаа гэдгээр эргэлзээтэй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч миний эрх зүйн байдлыг илт дордууллаа.

Иймд Нэхэмжлэлд тусгасан Хөвсгөл аймгийн******* сумын 4-р багийн Дэнжийн хорооллын 3-р гудамжны 4 тоотод байршилтай 141 мкв талбайтай өвлийн сууцны нэг тал болох 8x12 хэмжээтэй 15.000.000 төгрөгийн үнэтэй өвлийн сууцнаас мөн дээрх хаягт байршилтай 2 давхар 12x10 хэмжээтэй 15,000,000 төгрөгийн үнэтэй дуусаагүй барилгаас тус тус оногдох хэсэг болох 20,000,000 төгрөгийг охин С.Эмүжин эх Б.******* нарт гаргуулж, анхан шатны шүүхийн 2023.01.20 өдрийн 155/ШШ2023/00102 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нарын хамтран гаргасан, хариуцагч Д.Сумаадагва, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Буяндалай нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Б.******* нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын 112,060,000 (нэг зуун арван хоёр сая жаран мянга) төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэдээ ногдох хэсэг болох 74,700,000 (далан дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийн хөрөнгө гаргуулах тухай үндсэн шаардлага гаргаж шүүх хуралдааны явцад 91,130,000 төгрөгийн хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, өөрт болон охинд ногдох хэсэгт 60,753,333 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгажээ.

Хариуцагч Д.Сумаадагва нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 56,470,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 18,823,333 (арван найман сая найман зуун хорин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөгийн эд хөрөнгийг, өөрийн хуваарьт хөрөнгө 3,000,000 (гурван сая) төгрөгийн үнэ бүхий хазаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Зохигч нь гэрлэлт цуцалж, хүүхдийг эхийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэх шаардлагын талаар маргаагүй байна. Харин хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хэмжээ, тэдгээрийг хуваарилах талаар маргажээ.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Б.*******ийн асрамжид үлдээж, эцэг Д.Сумаадагваар тэжээн тэтгүүлэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваарилан шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын талаар:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй Хөвсгөл аймгийн******* сумын 4-р баг, Дэнж 3 гудамж 4 тоот хаягт байршилтай 141 мкв талбайтай, дөрвөн өрөө, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Хатиган овгийн Дамдингийн Доржжүгдэр болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000823588 дугаартай гэрчилгээгээр нотлогджээ. Иймд уг хөрөнгийг гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Учир нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх бөгөөд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр Д.Доржжүгдэрийн өмчлөх эрх үүссэн, харин Д.Сумаадагва, Б.*******, С.Эмүжин нар өмчлөгчөөр бүртгэгдээгүй учир тэдэнд уг үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх эрх үүсээгүй байна.

Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх бөгөөд шүүх эрхийн улсын бүртгэлийг үндэслэнэ.

2.Хөвсгөл аймгийн******* сум Дэнжийн хорооллын 3-4 хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний 1022 квм газрын хууль ёсны өмчлөгч нь Хатиган овгийн Дамдингийн Доржжүгдэр болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000192509 дугаартай гэрчилгээгээр нотлогдсон байна. Уг газар дээр барьсан 2 давхар 12x10 хэмжээтэй дуусаагүй барилга /өвлийн сууц/-ыг гэрлэгчид өөрсдийн хөрөнгөөр барьсныг нотлох хангалттай баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Маргаж буй дуусаагүй барилга /өвлийн сууц/ нь бусдын газар дээр баригдсан учир гэрлэгчид уг сууцыг өөрсдийн хөрөнгөөр барьсныг нотолсон тохиолдолд уг хөрөнгийг гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд тооцож, гэр бүлийн гишүүдэд хуваарилах боломжтой юм.

Хариуцагч Д.Сумаадагва, түүний өмгөөлөгч Д.Буяндалай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын талаар:

Хариуцагч Д.Сумаадагвынх 2019 оны мал тооллогоор 449 толгой мал тоолуулсан нь Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримтаар тогтоогдсон байх ба уг тооллого гэрлэгчдийн хамт байх хугацаандаа хийлгэсэн сүүлийн тооллого болжээ.

Хариуцагч нь 2020 оны мал тооллогын баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байх боловч уг баримт нь засвартайн дээр малын тооллого гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байх үед явагдсан байх тул түүнийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

Улсын хэмжээнд жил бүр нэгдсэн журмаар Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулж малын тоо, толгойг тогтоодог бөгөөд уг тооллого нь малын тоон үндсэн баримт болох тул уг баримтыг үндэслэн, нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр малыг тоог 427 толгойгоор тооцож гэр бүлийн гишүүдэд хуваарилсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нарын, хариуцагч Д.Сумаадагва, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 155/ШШ2023/00102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.*******ийн төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагч Д.Сумаадагвын төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ