| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батдэлгэр |
| Хэргийн индекс | 185/2020/0659/Э |
| Дугаар | 668 |
| Огноо | 2020-12-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 668
Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1115 дугаар магадлалтай Б.Э-д холбогдох эрүүгийн 2009009010379 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1995 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Д овогт Б-ын Э
Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ОНӨААТҮГ-ын манаачийн байранд ногоон алаг цүнхнээс хохирогч Б.Г-ын бичиг баримт, биет 500,000 төгрөгтэй түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 543,700 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах, мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бэлхийн 0 дугаар гудамжинд хог ачих ажил, хөдөлмөр эрхэлж байсан хохирогч М.С-аас “гар утсаа өгөөч, хүнтэй ярьчхаад буцаагаад өгье” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 130,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-6” маркийн гар утсыг авч залилах, мөн 2020 оны 03 дугаар сарын 07-ны Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 0 дугаар гудамжны 00 тоотод оршин суух хохирогч Б.А-ын монгол гэрийн тооноор нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авахаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж 1115 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос Б.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,
1 дэх заалтыг “Шүүгдэгч Б.Э-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах, мөн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,
2 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй”,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай”,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор С.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шүүх Б.Э-ын үйлдэл нь төгссөн гэмт хэрэг завдалтаас үл хамаарч аль хүнд ялтай зүйл хэсэг, заалтад багтаан зүйлчлэх нь хууль, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцнэ гэж үзэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан үйлдэлд нь багтаан зүйлчилж, үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.Учир нь төгссөн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг хүндрүүлэх шинжид нь хэдий багтаан зүйлчлэх боловч гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд тусгайлан тусгаж өгсөн байхад төгссөн гэмт хэрэгт дүгнэлт хийлгүйгээр хүнд зүйл ангид нь багтаан зүйлчилж, шүүгдэгч Б.Э-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг завдсан гэж үзэж байгаа нь буруу байна. Хэрэв хэн нэгэн этгээд 3 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 1 удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж болохоор практикт сөрөг ойлголт төрөхүйц байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус хуульчилсан байна. Шүүх шүүгдэгч Б.Э-ыг 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээний буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, хэт хөнгөн ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Б.Э-д холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс Б.Э-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх завдсан, төгссөн үйлдэл хоёрыг үргэлжилсэн үйлдэл байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлээр нэгтгээд 2.2 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1, 2.1-д заасан завдалтыг нийлүүлж нэг гэмт хэрэг болгон дүгнэж яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт этгээд хоёр ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн олонлогийн үндсэн шинж бөгөөд нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргүүдийг үйлдсэн тохиолдолд олонлог нь давталтын хэлбэрээр илэрдэг билээ.
Нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тусгай давталт гэж үздэг бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд байдаг болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хууль тогтоогч тусгай давталтанд хамааруулан зохицуулаагүй ба харин энэ хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол тусгай давталт гэж хуульчилж уг хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон байна.
Иймд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь зөв юм.
Харин аль нэгэн үйлдэл нь хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж буй бол түүгээр нь хүндрүүлэн зүйлчилж, бусад үйлдлийг уг зүйлчлэлд багтаана.
Энэ утгаар давж заалдах шатны шүүх нь Б.Э-д холбогдох хулгайн хэргүүдийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нэгтгэн зүйлчилсэн нь хэлбэр талаасаа үндэслэлтэй болсон хэдий ч агуулгаараа хууль ёсны болж чадаагүй байна.
Учир нь шүүгдэгчийн хохирогч Б.Э-ын 543,700 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг төгс үйлдэгдсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэгдэх бол хохирогч Б.А гэрийн тооноор нэвтэрч эд хөрөнгийг хулгайлахыг завдсан нь мөн зүйлийн 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулжээ.
Энэ тохиолдолд буюу төгс үйлдэгдсэн гэмт хэрэг нь хөнгөн ялтай, харин завдсан нь хүнд ялтай байгаа нөхцөлд давж заалдах шатны шүүх хэргийг нэгтгэн зүйлчилсэн нь төгс үйлдэгдсэн хэргийг завдсан мэт дүгнэхэд хүргэж Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Харин дээр дурдсан нөхцөл байдал эсрэгээрээ байсан тохиолдолд давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдлийг хэлбэр болон агуулгын хувьд хууль ёсны ба үндэслэлтэй гэж дүгнэх боломжтой юм.
Иймд шүүгдэгч Б.Э холбогдох бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргүүдийг давж заалдах шатны шүүх буруу зүйлчилсэн талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, түүний төгс үйлдсэн болон завдсан хэргүүдийг тусд нь зүйлчилсэн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх Б.Э-д холбогдох хулгайлах болон залилах гэмт хэргүүдийн бүрдэл, нотлогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан болон нөхөн төлүүлэх хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй болсон байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлын заримыг төлсөн зэргийг харгалзан Б.Э-д анхан шатны шүүхээс оногдуулсан ялуудыг гэм бурууд нь тохируулан хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1115 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
2.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар 07-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ...”, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай”, 4 дэх заалтын “... 2 жил 6 сарын хорих ялыг...” гэснийг “...1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР