Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00893

 

 

     2023          04          28                                           210/МА2023/00893   

 

                                               

Улаанбаатар хотын “УСУГ”

ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00526 дугаар шийдвэртэй Улаанбаатар хотын “УСУГ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй “Х” ХХК-д холбогдох үйлчилгээний төлбөрт 36,022,682.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай байгууллага “ЖМБО” ХХК-тай 2001 оны 12 дугаар сараас эхлэн “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-г байгуулан, ажиллаж байх хугацаанд хэрэглэгч нь гэрээний үүргийг байнга зөрчин усны үйлчилгээний төлбөрийг хугацаандаа төлөхгүй өр үүсгэж, 2011 онд 23,8 сая, 2016 онд 43 сая төгрөгийг тус тус төлөх шүүхийн шийдвэрүүд гарч байсан. “ЖМБО” ХХК нь “Х” ХХК-д хөрөнгө шилжүүлсэн тул төлбөр тооцоог 2016 оны 05 дугаар сараас “Хаан-Уул өргөө” ХХК хариуцаж хийх болсныг “ЖМБО” ХХК-д нягтлан бодогч ажилтай Д.Д мэдэгдэж, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан. “Х” ХХК нь төлбөр тооцоог хариуцаж авснаас хойш 2016 онд 162,376 төгрөг, 2017 онд 1,553,599 төгрөг, 2018 онд 8,903,765 төгрөг, 2019 онд 25,402,942 төгрөг нийт 36,022,682.63 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна. Төлбөр төлөх асуудлаар тухай бүрт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандаж арга хэмжээ авч, төлбөрийг барагдуулах гэсэн боловч захирал Д.Д төлөхөөс татгалзаж байсан.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс шийдвэр гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс “Х” ХХК-ийн хариуцан ажилладаг орон сууцуудын ашиглалт үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлсэн боловч үүссэн өр төлбөрийн асуудлыг шилжүүлээгүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх талаар манай байгууллага хүсэлт гаргахад зөвлөлөөс иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөмж болгосон.

“ЖМБО” ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2018 оны 07 дугаар сард дууссан учраас 2019 оны 01 дүгээр сараас аж ахуй нэгжийн тарифаар тооцож байсан боловч Зохицуулах зөвлөлөөс танайх айл өрхөөс суурь хураамжаар нь тооцож авах талаар хариу өгсөний дагуу “Х” ХХК-ийн тооцоог 2019 оны 01-04 дүгээр сар хүртэл аж ахуйн нэгжээр тооцсоныг 10,11,12 сард залруулга хийсэн. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасны дагуу зохицуулах зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд усны үнэ тариф тогтоож аж ахуй нэгж, иргэн буюу бусад холбогдох газрын усны тарифыг тогтоож өгдөг. Ийнхүү тогтоосон тарифийн дагуу хариуцагч “Х” ХХК-ийн усны төлбөр тооцоог манай талаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үнэ тарифаар 1 жил гаруй хугацаанд тооцсон байдаг. 2019 онд “Хаан-Уул өргөө” ХХК нь ашиглалт үйлчилгээг орхигдуулсан тул хуульд заасны дагуу үнэ тарифаар тооцсон. Түүнээс гадна цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах гэрээний дагуу алданги тооцож нэхэмжлээгүйг хэлмээр байна. Иймд 2016 оны 05 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний хооронд үүссэн усны үйлчилгээний төлбөрт 36,022,682.63 төгрөгийг “Х” ХХК-аас гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Х” ХХК нь 2016 оны 05 дугаар сард байр хүлээж авснаас хойш усны төлбөрийг тухай бүрт нь төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 2016, 2017 оны төлбөрийг зөвшөөрч, 2018, 2019 оны төлбөрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь 2019 онд 25,402,942 төгрөгийн өр төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар бодсон. Манайх айл өрхийн эцсийн хэрэглээгээр төлбөрийг тооцож авдаг, нэхэмжлэгч аж ахуй нэгжийн тарифаар бодсоноос болж төлбөрийн зөрүү үүссэн. Нэхэмжлэгчийн тооцоогоор айл өрхийн тарифаар суурь хураамжийг бодоход сард 525,000 төгрөг, оруулгын диаметрээр бодоход 121,000 төгрөг болох ёстой, үүнийг 525,000 төгрөгөөр бодож авсан байдаг. Бид айл өрхөөс 600 төгрөг гэж тооцож авсан байхад аж ахуйн нэгжийн тариф болох 1,200 төгрөгөөр тооцож нэхэмжлэх явуулсан бөгөөд бид айлаас 12,000,000 төгрөгийг хураасан байхад УСУГ-аас 25,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Усны төлбөрийн талаар алдаатай тооцоо гаргаж Аж ахуйн нэгжийн тарифаар үнийг бодсон мөртлөө алданги тооцоогүйг зөвшөөрөхгүй байна.

Манай байгууллагыг тусгай зөвшөөрөлгүйг мэдсээр байж усны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцох байсан гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. Миний бие Хотын менежерт албан бичиг өгсний дагуу орон сууцны ашиглалт үйлчилгээг ОСНААУГ-т шилжүүлсэн. Зохицуулах зөвлөл ажил хүлээлцсэнээс хойш бичгээр шийдвэр өгсөн, тоолуурын заалт хүлээлцсэн баримтгүй. Иймд Ус сувгийн удирдах газрын нэхэмжлэлээс 2016 оны 162,376 төгрөг, 2017 оны 1,553,599 төгрөгийг зөвшөөрнө. 2018 оны 8,903,765 төгрөгөөс 2,599,565 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 6,304,200 төгрөгийг, 2019 оны 25,402,942 төгрөгөөс 12,595,292 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 12,807,650 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.4-т зааснаар хариуцагч “Х” ХХК-иас 36,022,682.63 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “УСУГ” ОНӨААТҮГ-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 338,063.41 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УСУГ ОНӨААТҮГазарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,063.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Манай компани нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 25,402,942 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 онд эцсийн хэрэглэгч нь айл өрх байхад аж ахуй нэгжийн тарифаар тооцсон тооцоо юм. Шүүх хэргийг нягтлан үзэж 2019 оны тооцоог хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: “Х” ХХК-аас өмнө үйл ажиллагаа явуулж байсан “ЖМБО” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандахад “Х” ХХК-ийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцох талаар хариу албан бичиг ирсэн тул 2019 оноос эхлэн “Х” ХХК-ийг аж ахуйн нэгжийн тарифаар усны үйлчилгээний төлбөрийг бодсон. Мөн “Х” ХХК орон сууцны ашиглалт хариуцахгүй гэх тайлбарыг хүргүүлсэн учир Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл 2019 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэл аж ахуйн тарифаар бодсон төлбөрийг айл өрхийн тарифаар залруулга хийх албан бичиг ирсэн. “Х” ХХК-ийг аж ахуйн нэгжээр тооцсон залруулгыг 2019 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл гарсан усны үйлчилгээний төлбөрөөс хасалт хийж залруулсан. “Х” ХХК тухайн орон сууцны ашиглалтыг Орон сууцны удирдах газарт шилжүүлэхээс өмнө ашиглалтыг хариуцан ажиллаж байсан боловч усны үйлчилгээний төлбөр төлөхгүй, өр үүссэн байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Улаанбаатар хотын “УСУГ ОНӨААТҮГ нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2016 оны 05 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрт 36,022,682.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 2016 оны төлбөрт 162,376 төгрөг, 2017 оны төлбөрт 1,553,599 төгрөг, 2018 оны төлбөрт 2,599,565 төгрөг, 2019 оны төлбөрт 12,595,292 төгрөг, нийт 16,910,832 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хариуцагч “Х” ХХК-аас төлбөр шаардсан “УСУГ” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

4. “УСУГ” ОНӨААТҮГ нь “ЖМБО” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг байгуулан хүн амын унд, ахуйн стандартад тохирсон цэвэр усаар хэрэглэгчийг тасралтгүй найдвартай хангаж, бохир усыг татан зайлуулах, “ЖМБО” ХХК нь үйлчилгээ үзүүлсний төлбөр төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө төлөөгүй өр үүсгэсэн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/00830 дугаартай шийдвэрээр тогтоогдсон байна.

Хариуцагч “Х” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн УСУГ-т хүргүүлсэн албан бичгээр “ЖМБО” ХХК-ийн өр авлагын асуудлыг бүрэн хариуцаж графикийн дагуу барагдуулах хүсэлт гаргасан, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 01/454 тоот албан бичгээр “...байгууллагын хариуцаж буй орон сууцны барилгуудын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтыг тусгай зөвшөөрөлгүй “Х” ХХК-д шилжүүлэх боломжгүй” гэх хариу өгчээ.

Талуудын хооронд цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулагдаагүй талаар талууд маргаагүй. Харин хариуцагч “Х ХХК нь тусгай зөвшөөрөлгүй боловч ЖМБО ХХК-ийн хариуцаж байсан орон сууцны ашиглалтын зардлыг 2016 оны 05 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хариуцан ажиллаж төлбөрийг төлж байсан нь талуудын тайлбар, хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, тооцооны хуудас, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.14 дэх хэсэгт Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөрийг тогтоох бөгөөд уг шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө” гэж зааснаар Зохицуулах зөвлөлөөс тогтоосон тарифаар төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 23 тоот тогтоолуудаар Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хүн амын, үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллагын, зөөврийн ус хангамж, бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээний, бохир усны тогтмол тарифыг тогтоожээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэхээр заасан бөгөөд хариуцагч “Х” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/355 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тусгай зөвшөөрөлгүйгээр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудад аж ахуйн нэгжийн тарифаар үйлчилж, хэрэглэгчийн суурь  хураамжийг төвлөрүүлэн авахыг УСУГт даалгажээ.

 Үүний дагуу нэхэмжлэгч байгууллага тусгай зөвшөөрөлгүй “Х” ХХК-д аж ахуйн нэгжийн тарифаар үйлчилсэн хэдий ч тус компанийн хүсэлтээр аж ахуйн үнэ, хүн амын тарифийн зөрүүг залруулсан тооцоо /1хх 31-40/ хэрэгт авагдсан байна.

Иймд хариуцагч 2019 оны төлбөрийг хүн амын тарифаар бус, аж ахуйн нэгжийн тарифаар тооцсон тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/00526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАДРАХ

 

                                              ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР          

 

                                                                                                  Д.БЯМБАСҮРЭН