Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 924

 

                              

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, 

шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805000510859 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Х нь бусадтай бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 26-ны 05 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо Эрэлийн 46 дугаар байрны баруун талд иргэн Г.Мыг амь биед аюултайгаар хүч хэрэглэж боож унаган, нүүрэн  хэсэгт нь цохиж хөнгөн хохирол учруулан дээрэмдсэн,

Б.М бусадтай бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 26-ны 05 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо Эрэлийн 46 дугаар байрны баруун талд иргэн Г.Мын эд хөрөнгө болох гар утсыг нь авах зорилгоор хүч хэрэглэж боож унаган дээрэмдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Хүн дээрэмдэх зорилго бол байгаагүй. Хохиролд 200.000 төгрөг төлсөн.  Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: Би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Тэр хүнийг Х дээрэмдэхэд би хажууд нь хараад л зогсож байсан.  Би хохиролд 200.000 төгрөг төлсөн. Намайг мөрдөн байцаалтын явцад 4 хоног цагдан хорьсон. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.М мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо Эрэлийн 46 дугаар байранд хамт ажилладаг Эрдэнэсувдыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад явж байхад үл таних хоёр эрэгтэй хүн шууд намайг араас хоолойг боож дээрээс зодож байгаад халаасанд байсан гар утсыг дээрэмдээд зугатсан. Тухайн өдөр манай байгууллагын шинэ жилийн баяр болсон тул би бага хэмжээний архи хэрэглэсэн байсан. Эрдэнэсувдыг оруулж өгчихөөд эргээд явж байхдаа гар утсаараа яриад явж байсан, тэгэхэд тэр өндөр нам хоёр эрэгтэй хүн ямар ч үгийн зөрүү байхгүй араас хоолойг боож тэр өндөр нь намайг боогоод унагаагаад дээрээс цохиж байхад тэр жижиг биетэй нь миний халаасанд байсан гар утсыг булаацалдаж байгаад аваад зугатсан. Би 2017 оны 11 дүгээр сарын орчим Теди төвөөс 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан. /хх-ийн 13-15/ гэх мэдүүлэг,     

Дахин байцаалтаар хохирогч Г.М “Намайг өндөр нам хоёр залуу дээрэмдсэн. Уг хоёр залуугийн өндөр нь Х намайг боож унагаагаад миний нүүрний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Бусад гэмтлийг ноцолдож байхдаа учруулсан байгаа. Харин намхан залуу М нь миний куртикны халааснаас гар утсыг авсан...” /хх-ийн 16-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 690 дугаартай: Г.Мын биед зүүн талын завьжинд язрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Huawei Y5 маркийн гар утасны үнэлгээ 399000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 29/,

 

Сэжигтнээр Б.М мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын орчим 5 шарын буудал дээр найз Хтай тааралдсан. Х надаас “чи хаашаа явж байгаа юм гэхээр нь гэр рүүгээ харих гээд явж байна” гэхэд хоёулаа хамт 10 дугаар хороолол руу манай найз охин руу явъя гэхээр нь за гээд хамт явсан. Найз охиныг нь хүлээх зуураа бид хоёр 2 литрийн нийслэл пиво нэгийг хувааж уусан. Тэгээд найз охин нь ирэхгүй болохоор би Хыг “намайг автобусны буудал хүргээд өгчих би гэр рүүгээ харилаа гэхэд за тэгье” гээд зам дагаад явсан. Тэгээд Х бид хоёр 10 дугаар хорооллын зам дагаж явж байхад Х бие заслаа гэхээр нь би араас нь дагаад тамхи татаад явж байхад утсаар яриад явж байсан 30-40 орчим насны хар куртиктэй согтуу эрэгтэй хүнтэй тааралдах үед Хтай мөрлөлцсөн. Тэгэхэд Х тэр хүнийг “ална шүү гээд хөл рүү нь хавсарч унагаагаад утсаа өг” гэхэд нөгөө хүн өгөхгүй байсан тэгсэн Х нүүр рүү нь цохиод гартаа барьсан байсан утсыг нь аваад зугатахаар нь би хамт зугатааж явган хүний замаар гүйж байхад замын уулзвар дээр нэг машин намайг хаагаад зогсохоор нь хойгуур нь гараад гүйх гэж байгаад цагдаад баригдсан. /хх-ийн 34-36/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Х мөрдөн байцаалтанд: 2017 оны 12 дугаар сарын 26-нд Мтай орой 18 цагийн орчим 5 шарын буудал дээр таараад найз охин Нандин-Эрдэнэтэй уулзахаар 10 дугаар хороолол руу явсан. М бид хоёр замдаа 10 дугаар хороололд 2,5 литрийн нэг пиво уугаад дараа нь хоёр хоёр ширхэг шилтэй пиво уучихаад Нандин-Эрдэнэтэй очиж уулзахад би найз охинтойгоо муудалцаад М бид хоёр орцноос гараад явсан. Тэгээд бид хоёр буцаж явж байхдаа Эрэлийн байрны баруун талд явж байсан согтуу эрэгтэй хүн хүрээд ирэхээр нь би нөгөө согтуу залууг барьж аваад хавсарч унагаад М дээрээс нь нүүр рүү нь цохиод би гар утсыг нь булааж аваад зугатаасан.  Дээрэмдэх санаа гаргаагүй, бид хоёр харьж явах үедээ тэр залуутай таарахаар нь би гар утсаар чинь яриад өгье гэхэд үгүй гэхээр нь дээрэмдээд авчихсан. Тэр гар утас надад байж байсан. Саяхан Мтай таарахад чамайг цагдаа дуудаж байна гэхээр нь Мөнхөөд цагдаад өгчих гээд өгсөн. Би хавсарч унагаасан М тэр хүний нүүр рүү цохиод би гарт нь байсан гар утсыг нь дээрэмдээд зугатсан.  /хх-ийн 40-41/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Мын хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 47/,

Шүүгдэгч Б.Хын хувийн байдалтайгаар холбоотойгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 45/ хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Б.Х, Б.М нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Х 2017 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо Эрэлийн 46 дугаар байрны орчим иргэн Г.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийг нь Б.Мтай бүлэглэж хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг,

шүүгдэгч Б.М Б.Хтай бүлэглэж Г.Мын эд хөрөнгийг нь хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Мын”...өндөр нам хоёр эрэгтэй хүн ямар ч үгийн зөрүү байхгүй араас хоолойг боож тэр өндөр нь намайг боогоод унагаагаад дээрээс цохиж байхад тэр жижиг биетэй нь миний халаасанд байсан гар утсыг булаацалдаж байгаад аваад зугатсан...” /хх-ийн 13-15/,

дахин байцаалтаар хохирогч Г.Мын”...намайг өндөр нам хоёр залуу дээрэмдсэн. Уг хоёр залуугийн өндөр нь Х намайг боож унагаагаад миний нүүрний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Бусад гэмтлийг ноцолдож байхдаа учруулсан байгаа. Харин намхан залуу М нь миний куртикны халааснаас гар утсыг авсан...” /хх-ийн 16-17/ гэж мэдүүлсэн түүний мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 690 дугаартай /хх-ийн 26/ дүгнэлт, гар утасны эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас “ шүүгдэгч Б.М, Б.Х нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт, мөн Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах”                 

өмгөөлөгч Л.Данзанноров “Б.М дээрмийн гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдээгүй, зөвхөн өөрийнх нь мэдүүлгээр хүнийг яллах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн, 

өмгөөлөгч О.Баярбаясгалан “Б.Хад холбогдуулан зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн санал дүгнэлт тус тус гаргав.       

Б.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, Хыг дээрэм хийхэд хажууд нь байж байсан” гэж мэдүүлж байна. 

 

Хавтаст хэрэгт хохирогч Г.М мөрдөн байцаалтанд хэргийн үйл баримтын талаар“...өндөр нам хоёр эрэгтэй хүн ямар ч үгийн зөрүү байхгүй араас хоолойг боож өндөр нь намайг боогоод унагаагаад дээрээс цохиж байхад тэр жижиг биетэй нь миний халаасанд байсан гар утсыг булаацалдаж байгаад аваад зугатсан...” /хх-ийн 13-17/ гэж  удаа дараа тогтвортой мэдүүлж, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заажээ.  

 

Нотлох баримтаар үнэлэгдсэн хохирогч Г.Мын дээрх мэдүүлгүүдээр Б.Хын”...би хавсарч унагаасан М тэр хүний нүүр рүү цохиод би гарт нь байсан гар утсыг нь дээрэмдээд зугатсан...” /хх-ийн 40-41/,

Б.Мын “...Х нүүр рүү нь цохиод гартаа барьсан байсан утсыг нь аваад зугатахаар нь би хамт зугатааж явган хүний замаар гүйж байхад замын уулзвар дээр нэг машин намайг хаагаад зогсохоор нь хойгуур нь гараад гүйх гэж байгаад цагдаад баригдсан...” /хх-ийн 34-36/ гэсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон гэж үзнэ.

 

Энэ хэрэгт хамааралтай дээрх бичгийн нотлох баримтуудыг үгүйсгэх буюу  шүүгдэгч Б.Мыг Б.Хтай бүлэглэж хохирогч Г.Мын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлоогүй гэх байдал хавтаст хэрэгт тогтоогдоогүй байна.

 

Хяналтын прокуророос Б.М, Б.Х нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж ирүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. 

Тэдгээр нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад Б.М нь үйлдлээрээ нэгдэн оролцсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүхээс шүүгдэгч Б.М, Б.Х нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт гэм буруутайд, мөн Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар хэргийн зүйлчлэл болон улсын яллагчаас гаргасан гэм буруугийн талаархи санал дүгнэлттэй маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Харин шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийг цагаатгуулахаар гаргасан өмгөөлөгч Л.Данзанноровын санал дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул хүлээн авах хуулийн үндэслэлгүй юм.

 

 Хохирол төлбөрийн тухайд хохирогч Г.М өөрийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсантай холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй байна.

Түүнд дээрмийн гэмт хэргийн улмаас учирсан 399.900 төгрөгийн үнэлгээ бүхий  Huawei Y5 маркийн гар утасны хохиролд  шүүгдэгч Б.М 200.000 төгрөг, шүүгдэгч Б.Х 200.000 төгрөг төлж барагдуулсан байна.  /хх-ийн 74/

 

Иймд шүүгдэгч Б.М, Б.Х нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Х, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Б.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Хын өмгөөлөгч О.Баярбаясгалан “Б.Хын үйлдсэн дээрмийн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү”

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Данзанноров “ манай зүгээс гэм буруу дээр маргаж байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлт хэлмээргүй байна. Гэхдээ шүүхээс Б.Мыг гэм буруутайд тооцсон тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба  тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзсан болно.   

 

Шүүгдэгч Б.Хын бусадтай бүлэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо  нөхөн төлснийг  харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Хад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  оногдуулав.

 

Б.Хын үйлдсэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох ба түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялуудыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар тус тусад нь эдлүүлэх нь Б.Хын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.

 

Харин шүүгдэгч Б.Мын хувьд мөрдөн байцаалтанд хохирогч Г.Мын хохиролд  200.000 төгрөгийн хохирол төлсөн, одоо бусдад төлөх төлбөргүй боловч өөрийн гэм буруу дээр маргаж байгаа учир түүнд шүүхээс ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

Б.Х, Б.М нарын эдлэх ялыг тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж байна.