Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1057

 

2019            10             22                                           2019/ДШМ/1057

 

 

Г.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Д.Д, Г.Н,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Дийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Бэд холбогдох эрүүгийн 1805012430826 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Г.Б, 1970 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........................../;

Г.Б нь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард Аюушийн 4 дүгээр гудамжны 72 тоот дахь иргэн Н.Мгийн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ү.Отой маргалдаж, улмаар нуруун тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 271 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ү.О нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Г.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “... Г.Б нь миний дүү Ү.Оын нуруун тус газарт нь санаатайгаар хутгалж, дэлүү, уушгийг нь гэмтээсэн ба түүнээс болж 1.500.000 төгрөгийн цалинтай ажил хийж явсан дүү маань хэлгүй, татаж унадаг, өрөөсөн талдаа цус харваж мэдээгүйтэж ямар ч амьдрах чадваргүй болсон. Би хуулийн мэдлэг дутмаг тул өмгөөлөгч хөлсөлж, түүнд бүх итгэл найдвараа өгсөн. Гэтэл өмгөөлөгч маань бидний эрх ашиг, сонирхлыг хамгаалах биш, мэргэжлээ мөнгө олох хэрэгсэл болгож байгааг харлаа. Анхан шатны шүүх энэ хэрэгт хариуцлагагүй, хайхрамжгүй хандсанд гомдолтой байна. Жирийн ямар ч хүн ойлгохоор үйл явдал болсон байхад үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Гэрч нь “... гарч яваад 20 минутын дараа хутга барьж орж ирээд хутгалсан ...” гэж харснаа хэлээд, гэрчлээд байхад анхан шатны шүүх гэмт хэрэгтний мэдүүлгийг үндэслэл болгосон ба гэмт хэрэгтэн хутга барьсан сууж байхад хохирогч өөрөө очоод хутга руу нь уначихсан гэсэн дүгнэлт хийсэн. Энд нууц зөрчил нуугдаж байгааг илрүүлж өгнө үү.

Бид өвчтэй хүний эм тариа, хоол ундыг тааруулах гэж ядуугийн доод түвшинд орчихсон байхад шүүх иргэний шүүхээр хохирлоо шийдвэрлүүл гэсэнд, мөн хүнийг үхлийн ирмэг дээр аваачиж, өрөөл татанхай болгочихсон хүнд доод хэмжээний ял оногдуулсанд туйлын гомдолтой байна.

Одоо хохирогч Ү.Оын амьдрал бараг төгсч байна. Учир нь, амьдрах чадваргүй болсон тул эхнэр болох хүн нь салаад явсан. Шүүгдэгч нь миний дүүг өөрийн таньдаг хувийн эмнэлэгт аваачиж хэвтүүлж, хэдэн эм тарианы мөнгө өгчихөөд “би төлбөрөө төлчихсөн” гээд эргэж нэг ч удаа уулзаагүй. Эмнэлгийн зардлыг буруутай этгээд төлөх нь хууль ёсны асуудал байхад шүүх хангалттай гэж үзэж, шүүгдэгчид бага ял оногдуулсан. Иймд хэргийг үнэн шударгаар шийдвэрлэж, шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид учруулсан 4.231.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хавтас хэрэгт авагдсан гэрч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон. Тухайлбал, шүүгдэгчийг хохирогч нүүрэн тус газар нь 2 удаа цохисон байдаг. Анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн шүүгдэгч хоёр нялх хүүхэдтэй. Иймд дээрх байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хэрэг прокурорт буцсанаас хойш 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 943 дугаартай шинжээчийн дахин дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлтээр хохирогчийг цус харвасан, ярьж чадахгүй болсон нь шүүгдэгчийн үйлдсэн үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэсэн. Анхан шатны шүүх дээрх байдлыг харгалзан үзэж, ялын бодлогыг баримталсан. Анхан шатны шүүх хуралдааны үеэр хохирлыг нэмж өгөхөөр 5 хоногийн завсарлага авч байсан. Хохирогчид хашаа байшин буюу үл хөдлөх хөрөнгийг өөрт нь өгөхөөр санал болгосон боловч хүлээж аваагүй. 5 хоногийн завсарлагааны дараа анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг хохирол төлөхөө илэрхийлсэн, баримтаар гарсан хохирлыг төлсөн гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Г.Н өмгөөлөгчийн саналыг бүрэн дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Бэд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Б нь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн Ард Аюушийн 4 дүгээр гудамжны 72 тоот дахь иргэн Н.Мгийн гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Ү.Отой маргалдаж, улмаар нуруун тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Дийн “... Ү.Оыг эмнэлэгт хэвтсэн цагаас нь Г.Б эмчилгээний зардлыг байнга гаргаж байсан бөгөөд биднээс эмчилгээний  зардалд мөнгө гарсан тооцоо байхгүй. Гэхдээ цаашид удаан хугацааны эмчилгээ асаргаа хийх учраас тэр хугацаагаар мөнгө хэрэгтэй болно. Уг мөнгийг нэхэмжилнэ. ... 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр группэд орж, сарын 155.000 төгрөгөөр тогтоогдсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг, сард авч байгаа группийн мөнгийг хасаж тооцоод зөрүү 999.000 төгрөгийг гаргуулах ёстой. Мөн сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг нэхэмжилнэ. ...”/1хх-99, 179-181/,

гэрч Б.Нийн “... Н.Мгийн байшингийн үүдэнд хамтран амьдрагч Ү.О, Н.М бид 3 архи ууж байхад Г.Б 16 цагийн үед ирээд Ү.Оыг “чи дүүгээ надад зарах гэж байгаа юм уу, Далайд зарах гэж байгаа юм уу” гээд инээхэд Ү.О босож ирээд хамар луу нь алгадсан. Тэгээд Г.Б унаад босож ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан. Гэрт нь ороод хамар нүүрийг нь угааж өгөхөд “би явлаа” гээд явсан. Удалгүй 20 орчим минутын дараа Г.Б орж ирээд “Ү.Ооо, би чамайг алчихъя” гээд Ү.Оын нуруу орчим хүрэх шиг болсон. Гэтэл Ү.О нуруу руу халуу дүүгээд байна гэсэн. Тэгэхээр нь би Г.Бийн гар луу хартал  хутгатай байсан. Хутгатай байна гэж хэлтэл Н.М хутгыг нь булааж авах гээд хутганаас барихад хутгаа суга татаад Н.Мгийн хутганаас барьсан гарыг зүсээд гараад зугтаасан. ...” /1хх-5/,

гэрч Н.Мгийн “... Ү.О, түүний эхнэрийн хамт гадаа нэг шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас танил дүү Г.Б ганцаараа, халамцуу орж ирэхээр нь 1 хундага хийж өгөхөд уучихаад Ү.Оод “чи дүүгээ Далайд өгөх гэж байгаа юм уу” гэж ёжилж, дооглосон байдалтай хэлэхэд Ү.О Г.Бийн нүүрэн тус газар 1 удаа цохисон. Г.Бийн хамарнаас жоохон цус гаргахаар нь би Г.Бийг яв гэж хэлээд хашаанаас гаргаад явуулсан бөгөөд бид 3 манай гэрт ороод үүдний хэсэгт  гал тогоондоо ширээ  тойроод сууж байтал 20 орчим минутын дараа Г.Б орж ирээд үгийн зөрүүгүй Ү.Оын нуруу руу цохих шиг болсон. Цохихдоо “чи муу яасан их намайг зоддог юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь харахад Г.Б нь гартаа хүрэн иштэй, 20 орчим см урттай хутга барьсан харагдахаар нь хутганаас нь бариад авсан чинь хутга барьсан зүүн гарыг минь зүсэж, хутгаа сугалж аваад гараад явсан. ...” /1хх-6-7/,

гэрч Д.Лийн “... Ү.О нь миний яриаг маш сайн ойлгож байсан, гагнуур хийж дуусаад Насаа нь гараа угаахад нь туслаад ус хийж өгөхөд “болноо” гээд маш тодоор хэлж байсан. Тэгэхээр би ярьж чаддаг болсон юм байна гэж бодсон. Бас утсаар яриад хүрээд ир гэхэд “за” гэж байсан.  ...” /1хх-182-183/,

Шинжээч эмч Н.Т-ийн “... Дээрхи зүүн тал бөмбөлгийн зулай чамархай, духны хэсэгт нягтрал ихэссэн тархмал цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ нь гэмтлийн улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Тархины цус харвалт нь гэмтлийн улмаас ч үүсэж болно, мөн өвчний улмаас үүсэж болно. Хохирогч Ү.Оын хувьд яг гэмтлийн улмаас уу, өвчний улмаас уу гэдгийг тогтоох боломжгүй. ...” /1хх-152/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3127 дугаартай “Ү.Оын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц, дэлүү, ходоодны ханыг гэмтээсэн шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” /1хх-28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 943 дугаартай “Ү.О нь тархины цусан хангамжийн цочмог хямралын улмаас тархины зүүн тал бөмбөлгийн эдэд цус хомсролын шигдээс үүсчээ. Энэ нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй.” /2хх-100/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 796 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын “Г.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж байхгүй байна.” /1хх-187-188/ гэх дүгнэлтүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-15-18/, Ү.Оын өвчний түүх /1хх-59-91/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-146-149/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Г.Бийг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Бийн зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д нь “... хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Г.Бэд оногдуулсан ял хөнгөдсөн тул нэмж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн баримтаар гаргасан хохиролтой холбоотой зардлыг тухай бүр нь барагдуулж байсан зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу 5 жил хорих ялаар шийтгэсэн нь үндэслэл бүхий болжээ.   

Түүнчлэн шүүхээс хохирогч Ү.О нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байх ба хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 752 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН