Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 154

 

Г.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д, түүний өмгөөлөгч Г.Э,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Д,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Бэд холбогдох эрүүгийн 1805012430826 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Г.Б, 1970 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

Г.Б нь 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн Ард Аюушийн 4 дүгээр гудамж, 72 тоот иргэн Н.Мн гэрт согтууруугаар хохирогч Ү.Отой маргалдаж, улмаар нуруун тус газарт нь хутгалж биед нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: Г.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 8 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Г.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ү.О нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах, Г.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хохирогч Ү.Оыг хутгалж хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа, хэрэг үйлдэгдэж, Ү.О эмнэлэгт хүргэгдсэн үеэс эмчилгээний бүхий л зардлыг хувийн болон улсын эмнэлэгт төлсөн. Ү.О болон түүний ах дүү мөнгө төгрөг байхгүй гэсэн учраас би зардлыг хариуцах нь үүрэг гэж үзэж асуудалд хандсан. Гэвч ах дүү нар нь намайг юу ч өгөөгүй, ямар ч туслалцаа үзүүлээгүй мэтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандаж мэдүүлэг өгч байгааг ойлгохгүй байна.

Мөн Ү.Оын ажилгүй байсан хугацааны цалин, группын мөнгөний зөрүү, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хөлс нэхэмжилснийг шүүх хуралдаанд орохын өмнө төлж барагдуулсан.

Би баримтаар гаргасан хохирлыг бүрэн төлсөн учраас шийтгэх тогтоолд намайг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсан. Гэвч Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах боломж байсан боловч шүүх миний хувийн болон амьдралын нөхцөл байдлыг харгалзан ялын дээрх бодлогыг баримтлаагүйд гомдолтой байна.

Миний бие урьд нь хэрэгт холбогдож байгаагүй, мөн бага насны 2 хүүхэдтэй, эхнэр Саруулцэцэг төрөлхийн зүрх нь цоорхой, группт байдаг.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялыг Эрүүгийн хуульд  заасан заалтыг үндэслэн хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Би хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн болно ...” гэв.

Хохирогч Ү.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх бие даан нийгмийн харилцаанд оролцох чадваргүй болсон хүнийг ингээд үх гэж байгаа юм шиг шийдвэр гаргаж байна. Тэр хүн амьд байгаа учраас иднэ, өмсөнө, эмчилгээ хийлгэнэ, бусдаар асруулж халамжлуулна. Тэгвэл амьдын төдий үлдсэн тэр хүнийг хэн тэжээн тэтгэх юм бэ. Эрүүл саруул ажил хөдөлмөр эрхэлж өөрийгөө болгож явсан хүнийг үхлийн ирмэг дээр аваачаад хаячихсан гэмт этгээд цаашид амьдрах хугацааны хэрэглээний мөнгийг нь гаргаж өгөх ёстой. Үүнийг шударга шүүх шийдэж өгөх нь битгий хэл гэмт хэрэг үйлдсэн Г.Бийг бусдад төлөх төлбөргүй гэжээ. Үүнд гомдолтой байна. Хүний эрхтэнг хутга мэсээр сийчиж, үгүй хийсэн хүнийг ямар ч төлбөргүй гэдэг нь ямар учиртайг ойлгохгүй байна.

Бид нэг эхээс төрсөн ах, дүүгийн хувьд хоол унд, эм тариаг нь авч өгч байна. Гэсэн ч тусдаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс учраас тэд нарыгаа арай гэж тэжээж байгаа ядуу хүмүүс шүү дээ. Би энэ хүнийг үхэх хүртэлх хугацаанд амьдралдаа хэрэглэх зардлыг хамгийн багаар тооцож үзэхэд 30.000.000 төгрөг гэсэн тооцоог гаргаж, энэ мөнгийг нэхэмжилсэн. Энэ мөнгийг их биш гэж бодож байна.

Хүний эрхтэн ямар ч үнэгүй, амь нас ямар ч хэрэггүй гэж анхан шатны шүүх үзсэн юм биш биз. Дээр нь бидний сэтгэл санааны хохирол багаар бодоход 20.000.000 төгрөг болно. Дэлүүний үнэ 20.000.000 төгрөг. Нийт 70.000.000 төгрөг болж байхад шүүх ямар ч өр төлбөргүй гэж байгааг гайхаж байна.

Г.Б нь жалганы 2 талд амьдардаг байж биеийн байдлыг нь асуучих сэтгэлгүй муу хүн. Өөрөө бага ялтай гарах бүх аргыг хайсныг мэдэж байна.

Одоо энэ хүн дэлүүгээ авахуулсан, цус харваж өрөөсөн тал нь ажиллагаагүй болсон, хэлгүй болсон, байнгын хүний асаргаанд орсон. Ийм хүнийг амьдарч болно гэсэн утгатай шийдвэр гарчээ. Гэмт хэрэг үйлдсэн бусад хүмүүст сургамж биш, сургааль болсон шийдвэр гэж үзэж байна.

Шүүх бүрэлдэхүүн хохирогчийг эрүүл саруул болчихсон юм шиг ойлгоод байгаад учир нь байна. Шүүгч, улсын яллагч нарт ийм сэтгэгдэл хэн төрүүлэв гэдэгт хардах, гомдох үндэслэл байна. Хүнийг ямар ч ажлын болон амьдралын чадваргүй болгосон байхад хохирол төлбөргүй гэдэг шийдвэрийг яаж гаргаж чадав. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар гэж таарсан дүгнэлт гаргасан. Ямар ч ажиллагаагүй болсон дэлүүг нь хараагүй. Эсвэл мэс заслын эмч нар хүний эрүүл эрхтэнийг аваад хаячихсан юм уу.

Иймд шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан тул гэмт хэрэгтний учруулсан хохирлыг шүүх мөнгөн дүнгээр тогтоож өгөх ёстой гэж үзэж байна ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Дийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Бэд ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн учруулсан хохирол, хор уршиг, үр дагаврыг дутуу үнэлж, хөнгөрүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Г.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялын төрөлтэй хүнд гэмт хэрэг. Г.Б нь зэвсгийн чанартайгаар хутга хэрэглэн бусдын биед олон эд эрхтэнг гэмтээсэн, дэлүүгээ авахуулсан, хэлгүй болсон зэрэг маш хүнд хор уршиг, үр дагавар үүссэн. Шүүгдэгч нь хохирогчид учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг арилгаж чадаагүй тул түүнд хорих ялын дээд хэмжээг хөнгөрүүлэх нөхцөл байгаагүй тул ялыг хуульд нийцсэн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна ...” гэв.

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Бийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. Гомдолдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруудаа гэмшиж байна гэдгээ илэрхийлсэн. Мөн хохирогч Ү.Оыг гэмтсэн үеэс нь эхлээд хувийн болон улсын эмнэлгээр эмчлүүлж, түүнээс гарсан бүх зардлыг төлж барагдуулсан. Мөн анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө нь шүүх хуралдаанд хохирол нэхэмжилсэн нотлох баримтууд гарч ирсэн. Энэ нь группийн мөнгөний зөрүү, өмгөөлөгчид төлсөн зардлын тооцоог гаргаж ирүүлснийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан. Тэгэхээр шүүгдэгч Г.Б нь баримтаар гарсан зардлыг төлж барагдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Мөн шүүгдэгч Г.Бийн эхнэр нь төрөлхийн зүрх нь цоорхой тул ахуй амьдралын байдлыг нь харгалзан, бусдад төлөх төлбөргүй зэргийг үндэслээд анхан шатны шүүхийн оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлын талаар гомдол гаргасан байна гэж үзэж байна. Гомдолдоо сэтгэл санааны хохирол хамгийн багаар бодоход 20.000.000 төгрөг, дэлүүний үнэ 20.000.000 төгрөг, 30.000.000 төгрөгийг эмчилгээний зардалд зориулах ёстой гэж бичсэн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд дурдагдсан дэлүүг ямар байдлаар үнэлсэн, сэтгэл санааны хохирлыг ямар байдлаар үнэлж гаргаж байгаа нь ойлгомжгүй ба, хохирлын үнэлгээ нь ямар нэгэн үндэслэсэн баримтгүй болно. Тийм учраас шүүх бүрэлдэхүүн энэ байдалд дүгнэлт өгөх ёстой. Хэрвээ хохирогчоос ямар нэгэн баримтад үндэслэсэн хохирол, төлбөр гаргаж ирэхэд тухайн хохирлыг төлнө. Мөн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь гэмтэл авснаас болж тархинд цус харваж хэлгүй болсон гэж тайлбарлаж байгаа. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр цус харвалт нь гэмтэл авснаас болох уу, эсхүл өөр зүйлээс болох уу гэдгийг тодорхойлж өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Туяа нь мэдүүлэг өгөхдөө “... дээрх зүүн талт бөмбөлгийн зулай, чамархай, духны хэсэгт нягтрал ихэссэн. Тархины цус харвалт гэх гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Энэ гэмтлийн улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Тархины цус харвалт нь юунаас ч үүсэж болно. Мөн өвчний улмаас үүсэж болно …” гэсэн байдаг. Тийм учраас шүүх бүрэлдэхүүн шинжээчийн дүгнэлтэд тодорхой дүгнэлт өгч шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь судалж, шинжилж байсан. Мөн Лхагвадорж гэх хүний мэдүүлэгт “... Ү.О нь миний яриаг маш сайн ойлгож байсан. Гагнуур хийж дуусаад гараа угаахад нь туслаад ус хийж өгөхөд “болно” гэж маш тод хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ байдлаас харахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шүүх дүгнэлт өгөх нь зөв гэж бодож байна ...” гэв.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоол нь хохирогч талын болон яллагдагч талын гаргасан гомдлуудыг шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь Г.Б болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд хорих ялын хугацааг бууруулах боломжтой байсан гэж үзэж байна. Харин хохирогч тал уг шийтгэх тогтоолд төлөх төлбөргүй гэж бичигдсэн нь үндэслэлгүй байна гэсэн. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд хохирол, төлбөртэй холбоотой ямар нэг иргэний нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь зааж өгсөн. Хохирогч талаас өнөөдрийн шүүх хуралдаанд ямар нэгэн баримт нэмж гаргаж өгөөгүй. Тийм учраас шүүхээс олгосон эрхийн хүрээнд тухайн нэхэмжлэлийг хангуулах, эмчилгээний зардалтай холбоотой хохирлыг ч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээсэн хүнд хорих ял оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцлыг харгалзан үзэж хугацаа тогтоох тал дээр хор уршиг, гэмт хэргийн шинж чанар буюу гомдолд дурдагдсан асуудлыг харгалзан үзэхийг хуульчилсан байна. Тэгэхээр шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хэмжээнд хорих ял оногдуулж байгаа учраас хуульд заасан энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн гэж үзэж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Г.Бэд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Бэд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн гүйцэд, эргэлзээгүй тогтоож чадаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 598 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ү.Оыг “зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай, духны хэсэгт нягтрал ихэссэн, тархмал цус харвалттай” гэжээ.

Шинжээч эмч Н.Туяа нь “... зүүн тал бөмбөлөгийн зулай чамархай, духны хэсэгт нягтрал ихэссэн, тархмал цус харвалт гэмтэл нь гэмтлийн улмаас үүсэж болно, өвчний улмаас ч үүсч болно. Хохирогч Ү.Оын хувьд гэмтлийн улмаас уу, өвчний улмаас уу гэдгийг тогтоох боломжгүй.” гэсэн салаа утгатай мэдүүлэг өгсөн байна.

Гэтэл 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн тархины MRI шинжилгээгээр хохирогч Ү.Оын тархин дахь цус харвалтыг “Их тархины зүүн талын бөмбөлөгийн дух, чамархай, зулай болон дагзны дэлбэнгүүдийн тархины дунд артераас цусан хангамж авдаг хэсгүүдийг хамарсан...” гэж үзжээ.  

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч эмчийн мэдүүлгээс үзэхэд хохирогч Ү.Оын тархины цус харвалт гэмтэл нь хутгалагдаж эрүүл мэнддээ хүнд гэмтэл авснаас үүдэлтэй эсэхийг тогтоох шаардлагатай байна.

Учир нь, хохирогч Ү.О нь Г.Бэд хутгалуулж, хүнд гэмтэл авахаас өмнө Н.Мн гэрт найз эмэгтэйн хамт очсон, тэднийд байх явцад ямар нэгэн өвчин зовиургүй байсан нөхцөл байдал харагдаж байх тул бусдад зодуулж гэмтэл авсны улмаас тархинд нь цус харвалт үүссэн байхыг үгүйсгэхгүй бөгөөд үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үнэлж дүгнэх боломжгүй, эргэлзээтэй байна.

Иймд уг асуудлыг тодруулахад анагаах ухааны тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай ба энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлыг тогтоосноор хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасныг үндэслэн шүүхийн шатанд дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна.

Ингэхдээ Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн мэргэшсэн, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг томилж, Ү.Оод учирсан тархины цус харвалт нь өвчнөөс үүссэн үү, эсхүл гэмтлийн улмаас үүссэн үү гэдгийг тогтоох шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

  Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаахаар шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Г.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг шийдвэрлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Бэд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Г.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН  

ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН