Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 683

 

Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С-, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1386 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1242 дугаар магадлалтай, Д.Б-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1956 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ***, Б овогт Д-н Б-.

Д.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна иргэн Т.Т-ийг “дүүтэй хамт архи уулаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-аас 9,306,135 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С овогт Т-н С-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Д.Б-ын холбогдсон хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн ба хохирогчийг гэмтээж, хохироох гэсэн санаа сэдэлт анхнаасаа байгаагүй бөгөөд энэ гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн энэ гэмт хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн, хүнийг алах сэдэл зорилго байгаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулахад Д.Б- нь хохирогчийг нэг л удаа цохисон байдаг ба хохирогч хэрэг учрал болсон өдрөөс хойш 3 хоногийн дараа хүнд гэмтлийн улмаас нас барсан.

Энэ гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх дүгнэлт зэрэг нь гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл бидний үйлчлүүлэгчийн үйлдэл нь хохирогчийн амь насанд шууд үхэлд хүргээгүй, хохирогч шууд эмнэлгийн тусламж авч чадаагүй, хугацаа алдсаны улмаас нас барсан учраас гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх дээрх гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тул олон удаагийн үйлчлэлээр болсон гэх дүгнэлтүүд зэргээр Д.Б- нь Т.Тэгшжаргалыг цохиж алсан үйл баримт хангалттай тогтоогдсон гэж үнэлж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, яллах талыг үндэс болгож буй нь бидний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна хэмээн үзэж байна.

Мөн шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирлын төлбөрт 11,506,135 төгрөгийг Д. Б-аас гаргуулахаар шийдвэрлэсэн учраас хохирол бүрэн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирлын нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан учраас хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтуудыг нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн байна хэмээн ойлгож урьд нь төлсөн 9,400,000 төгрөгийг хасч 2,200,000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулсан болно.

Гэтэл анхан шатны шүүх төлбөр бүрэн барагдуулсан гэж үзээгүй ба нэгэнт төлөгдсөн дүнг дахин дурдах шаардлагагүй бөгөөд үлдэх 11,506,135 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой ойлгомжтой гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Д.Б- нь өдгөө 64 настай бөгөөд өөрийн хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин шаналж байгаа ба өндөр настай учраас үүний улмаас өөрийнх нь ужиг суурь өвчин сэдэрч, цагдан хоригдож байх хугацаандаа хэд хэдэн удаа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Бидний үйлчлүүлэгчийн хувийн байдал нь өндөр настан төдийгүй эрүүл мэндийн хувьд чихрийн шижин оноштой ба дотоод шүүрлийн эмгэг судлалын эмч нарын хяналтанд байдаг, нэг нүд нь хараагүй, мөн нэг хөл бэрхшээлтэй хүн юм. Үйлдсэн хэргийн хувьд өөрийн гэм бурууг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд тууштай үнэн зөв мэдүүлгүүдийг мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 20,906,135 төгрөгнөөс 11,600,000 төгрөгийг төлсөн нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулахыг эрмэлзсэн байх бөгөөд цаашид үлдэх 9,306,135 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Д.Б-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 1.2-т зааснаар ... учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй байна. Мөн түүний хувийн байдал, өдөр нас, эрүүл мэндийн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой байх тул магадлалд өөрчлөлт оруулж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг хэлсэн саналдаа “Д.Б- нь тохиолдлын шинжэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, амь хохирогчийг гэмтээж, хохироох санаа зорилго байгаагүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн хэргийн зүйлчлэл тохироогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Б- амь хохирогчийг нэг л удаа цохисон ба хохирогч 3 хоногийн дараа хүнд гэмтлийн улмаас нас барсан. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гэмт үйлдэл, үхлийн хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Хохирогч эмнэлгийн тусламж авч чадалгүй хугацаа алдсаны улмаас нас барсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй. Мөн хавтаст хэргийн хуудсыг дугаарлаагүй, 250-иас хол давсан, хэргийн оролцогчийн нотлох баримт шинжлэн судлуулах эрхийг хязгаарласан бөгөөд нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ бүхий ноцтой зөрчил үүссэн. Учир нь хохирлын баримтуудын зарим хэсэгт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, тамга тэмдэг, огноо байхгүй. Гэтэл шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болох амь хохирогчийн 49 хоногт зарцуулсан зардлыг гаргуулахаар тооцсон нь буруу юм. Шүүгдэгч Д.Б- нь 2,200,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан бөгөөд тэрээр 64 настай, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Мөн цагдан хоригдох хугацаандаа хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Хувийн байдлын хувьд өндөр настай төдийгүй, чихрийн шижин өвчтэй, нэг нүд нь хараагүй хөгжлийн бэрхшээлтэй хүн юм. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхийа нгийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б- нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон буюу шүүгдэгчийн үйлдэл, амь хохирогчийн үхэл нь хоорондоо шалтгаант холбоотой. Хохирогч хоёр хоногийн дараа нас барсан нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нарын хамтран гаргасан гаргасан гомдлыг үндэслэн Д.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна иргэн Т.Т-ийг “дүүтэй хамт архи уулаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж алсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.Б-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “...хэргийг зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1386 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1242 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                         

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН