Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 218/МА2023/00007

 

 

С.Цийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, шүүгч З.Т, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж шийдвэрлэсэн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00... тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Ц

Хариуцагч Т ХХК-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 7232956 төгрөг гаргуулах тухай

хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж /цахим/, хариуцагчийн төлөөлөгч Х.Ө, хариуцагчийн өмгөөлөгч У.М, нарийн бичгийн дарга Б.Норолцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч “Т” ХХК нь Дундговь аймгийн Ө сумын И нэртэй газарт 1317,92 гектор талбай бүхий Х1/-0174.. дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан. Тус тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дуусч байсан тул тус компанийн хувьцаа эзэмшигч С.Ө нь С.Ц надад хандаж, компанийн XV-017.. дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ажлыг гүйцэтгүүлэхийг хүссэн. Улмаар миний бие “Т” ХХК-ийн XV-017.. дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хандаж, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаагаар сунгуулсан бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6/179 дүгээр албан бичгээр “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жилээр сунгагдсан тухай албан бичиг хүргүүлсэн байдаг. Дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахтай холбоотойгоор “Т” ХХК нь хугацаа сунгуулах хураамж, тайлан хянуулах төлбөр, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр, байгаль орчин хамгаалах санд төлөх төлбөр зэргийг төлөх зайлшгүй шаардлагатай байсан тул энэ талаар С.Өд хэлэхэд “та өөрөөсөө түр гаргаад төлж бай, би бөөнд нь танд өгнө” гэж хэлсний дагуу миний бие “Т” ХХК-ий өмнөөс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 7232956 төгрөгийг төлсөн. Миний бие “Т” ХХК-д ажилладаггүй, огт хамааралгүй этгээд бөгөөд дээрх 7232956 төгрөгийг буцаан гаргуулахаар хандахад удахгүй өгнө гэж хэлээд өдийг хүрээд байна. Ийнхүү Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу Т ХХК-ийн өр төлбөрт төлсөн 7232956 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 7232956 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

           2.Хариуцагч талын тайлбар, агуулга: ...Манай компани анх 154.. тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс авч холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулан, татвар хураамжаа төлж ирсэн болно. Бид талбайдаа 6 жилийн хугацаанд хайгуул хийж багагүй зардал гаргаж, санхүүгийн хувьд асуудалтай болсон бөгөөд эцэст нь үр дүн гарахгүй юм байна гэж үзээд болихоор болсон байсан юм. Тухайн үед манай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байсан бөгөөд цаашид хайгуул хийх боломжгүй учраас лицензээ сунгуулах шаардлагагүй гээд шийдчихсэн байсан. 2016 онд С.Ц өөрөө холбогдон танай тусгай зөвшөөрлийг би өөрөө хариуцаад хүн амьтанд санал болгоод зараад өгье гэхээр нь зөвшөөрсөн юм. Миний хувьд өөрөө Ц гэдэг хүнд хандаж байгаагүй, бас таних ч үгүй. Бас намайг хугацаагаа сунгуулахаар гуйсан гэж, намайг “та өөрөөсөө түр гаргаад төлж бай, би бөөнд нь өгнө гэж, мөн 7232956 төгрөгийг буцаан гаргуулахаар хандахад удахгүй өгнө гэж ор үндэсгүй, бодит байдалд нийцэхгүй зүйл бичжээ. Учир нь би С.Цоос манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг танихгүй болохоор сунгуулаад өг гэж гуйгаагүй, асуугаа ч үгүй, С.Ц бидэнтэй холбогдож тусгай зөвшөөрөлтэй холбоотой би өөрөө хийгээд сунгуулаад бусдад зарж шилжүүлье гэж хэлээгүй бол бид хайгуулын тусгай зөвшөөрлөө цаашид сунгахгүй байсан, өөрөөр хэлбэл хуульд зааснаар дуусгавар болгох байсан, С.Ц нь өөрөө санаачилж хүсч төлбөр, хураамжийг төлье гэсэн, бидний хувьд түүнд даалгавар өгч, эсхүл хүсэлт тавьж, эсхүл эхлээд чи төлчих, дараа нь бид төлье гэсэн ямар ч зүйл яриагүй болно. Эцэст нь хэлэхэд манай тусгай зөвшөөрлийг зарж ашиг олж чадаагүйгээс болж өөрөөсөө гаргасан мөнгийг шаардаж байгааг бид үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Цд Я гэдэг хүн Т  ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүн хайж байгаа гэж хэлж энэ хүмүүсийг хооронд нь холбож өгсөн байдаг. Улмаар ярьж тохиролцоод С.Ц нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах, гарсан зардлыг Т  ХХК нь хайгуулын зөвшөөрөлтэй газраа зараад өгөхөөр тохиролцсон байдаг. Гэвч аль 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл Т ХХК-ий хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахтай холбогдон гарсан зардлыг С.Цд өгөхгүй байгаа учраас баримтаар нотлогдож байгаа дээрх мөнгийг Т ХХК-аас нэхэмжлэгч С.Цд гаргуулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Х.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 онд дуусаж байсан. Уг тусгай зөвшөөрөлтэй газрыг анх авахдаа Яийн зөвлөгөөгөөр авч байсан учир би Ят манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байна, ашиг ч гарахгүй юм орхино гэж хэлж байсан. Гэтэл С.Ц гэж хүн яриад хайгуулын тусгай зөвшөөрлийг чинь сунгуулаад газрыг чинь зараад танд өмнө гарсан зардлыг чинь өгье гэхээр нь өмнө гарсан зардлаа олоод авчихвал зүгээр юм даа гээд зөвшөөрсөн юм. Тэгээд Ц нь тусгай зөвшөөрлийг сунгуулсан байсан. Уг газрыг зарж чадаагүй болохоор өөрийнхөө гаргасан зардлыг нэхэж байх шиг байна. Хэрэв зараад ашиг олсон бол ингэхгүй байсан байх. Уг нь бидний тохироо С.Ц бүх зардлыг гаргаад тусгай зөвшөөрлийг сунгуулах, газрыг зарж манай компанид өмнө гарсан зардлыг өгөх байсан. Гэхдээ бичгээр хийсэн гэрээ тохиролцоо байхгүй гэжээ.

           5. Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Т ХХК-аас 7232956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Цд олгож,

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130678 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 130678 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цд олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх “Т” ХХК болон С.Цийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тайлбарладаг, харин хариуцагчийн зүгээс маргагч талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж мэтгэлцсэн боловч шүүх зөвхөн нэхэмжлэгч талын байр суурийг харгалзан шийдвэр гаргасан.

            Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн 2016 оны 1 дүгээр сараас 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хооронд төлсөн төлбөр дээр маргаагүй боловч түүнийг нэхэмжлэгч ямар зорилгоор төлсөн, ямар үр дүн хүсч байсан, яах гэж 3 жил тасралтгүй хайгуулын лицензтэй холбоотой төлбөрүүдийг төлөв, зардлаа энэ хугацаандаа яагаад шаардаагүй талаар тайлбарлаж маргасан ба энэ нь талуудын хувьд тохиролцоо байсан буюу нэхэмжлэгчийн шаардсан зардал нь гэрээний харилцааны үндсэн дээр үүссэн зардал гэж тодорхойлогдохоор байгаа юм. Нөгөө талаар шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тайлбарлахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах ажлыг С.Ц өөрийн зардлаар гүйцэтгэсэн гэдэг бөгөөд үүгээрээ талуудын хооронд гэрээний харилцаа үүссэнийг хүлээн зөвшөөрсөн юм.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

            Гэрчийн мэдүүлгээр гэрч нь 2 талыг хооронд нь зуучилсан үйл баримтын талаар гэрчилдэг бөгөөд мэдүүлэгтээ ‘‘..Тэр үед хоорондоо яриад тохирсон байх..”, “..С.Ц гэдэг хүн нь энэ хайгуулын талаар мэддэг хүн учраас С.Өд туслахаар ярьж хэлсэн” гэж ярьснаас үзвэл маргагч талуудын хооронд ямар  нэгэн тохиролцоотой байсныг, өөрөөр хэлбэл, гэрээний харилцаатай байсан нь нотлогддог.

Эцэст нь С.Ц нь тусгай зөвшөөрлийг зарж, бусдад шилжүүлж ашиг олж чадаагүйгээс болж өөрөөсөө гаргасан мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа тул Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00.. дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно ” гэж заасан боловч хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх анхан шатны шийдвэрийг хэзээ гардаж авсан талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхээс шууданд хийсэн шүүхийн шийдвэрийг манай жижүүр 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зуран гардан авсан” гэж дурдаад Монгол шуудангийн тамга бүхий хүснэгтийн фото зургийг хавсаргасан байх боловч тус зурагт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А миний утасны дугаар /9510../ болон ажлын хаягаар /С дүүрэг, ..-р хороо, Х.. плаза, 4.. тоот/ хүлээн авагч буюу нэхэмжлэгч С.Цд шуудан хүргэгдсэн талаар тодорхой тусгасан байна.

Ийнхүү хариуцагчийн өмгөөлөгч нь өөрийн оршин суугаа хаягаар анхан шатны шүүхийн шийдвэрийг шуудангаар дамжуулан гардан авсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасны дагуу холбогдох баримтын эх хувь эсхүл, нотариатаар батлуулсан хувийг гомдолдоо хавсаргаж өгөх үүрэгтэй боловч тухайн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацааг хэтрүүлж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байх тул тус давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дундговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар тус аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00... тоот шийдвэртэй хэргийг хариуцагч талын давж заалдсан гомдлын дагуу хянав.

Нэхэмжлэгч С овогтой Ц нь шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасны дагуу Т ХХК-ийн өр төлбөрт төлсөн 7232956 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд 7232956 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүссэн байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн үндсэн болон өөрчлөгдсөн шаардлагуудад дүгнэлт хийн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Т ХХК-иас 7232956 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цд олгож, улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулахаар тогтоож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг хариуцагч Т ХХК эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх “Т М” ХХК болон С.Цийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тайлбарладаг, харин хариуцагчийн зүгээс маргагч талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж мэтгэлцсэн боловч шүүх зөвхөн нэхэмжлэгч талын байр суурийг харгалзан шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

            Гэрчийн мэдүүлгээр гэрч нь 2 талыг хооронд нь зуучилсан үйл баримтын талаар гэрчилдэг бөгөөд мэдүүлэгтээ ‘‘..Тэр үед хоорондоо яриад тохирсон байх..”, “..С.Ц гэдэг хүн нь энэ хайгуулын талаар мэддэг хүн учраас С.Өд туслахаар ярьж хэлсэн” гэж ярьснаас үзвэл маргагч талуудын хооронд ямар  нэгэн тохиролцоотой байсныг, өөрөөр хэлбэл гэрээний харилцаатай байсан нь нотлогддог.

Эцэст нь С.Ц нь тусгай зөвшөөрлийг зарж, бусдад шилжүүлж ашиг олж чадаагүйгээс болж өөрөөсөө гаргасан мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа тул Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00.. дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч талаас гарган ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, газрын төлбөрийг төлсөн төлөлтийн баримт зэрэгт үндэслэн дүгнэлт хийж гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч талын зүгээс энэ маргааны зүйлийн үндэс нь талуудын хооронд гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа ч хуульд заасан шаардлагыг хангасан, хуулийн дагуу хийгдсэн гэж үзэн чухам ямар гэрээ буюу хэлцэл байгааг тодорхойлж нотлоогүй байна.

Нэхэмжлэгч С.Ц нь нэхэмжлэлдээ Т ХХК-ий өмнөөс түүний гүйцэтгэх ёстой байсан үүрэг буюу лицензийн төлбөр болон мөнгийг захирал Өаас төлчих, дараа нь тооцоо хийнэ гэсний дагуу төлсөн бөгөөд Т компанид ажилладаггүй, түүний өмнө ямар нэг үүрэг хариуцлага хүлээсэн зүйл байхгүй, төлбөр хураамжийг төлөх ямар нэг үүрэг хүлээгээгүй атлаа түүний зөвшөөрсний дагуу төлбөрийг төлсөн учир уг мөнгийг гаргуулахыг шаардсаныг хангах үндэстэй байна гэж үзэв.

Хариуцагч энэ төлбөрийг хариуцахгүй гэж байгаа ч үүнийг нотлох, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаагаа нотлох хуульд заагдсан нотлох баримтыг гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл бүхий гэж үзэн хангаж шийдвэрлэсэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл байна гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж тогтов.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан шийдвэрлэсэн байх бөгөөд тухайн зүйл ангид бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хууль заасан тодорхой тохиолдолд буцаан шаардахыг заан тодорхойлсон. Нэхэмжлэгч С.Цийн хувьд бусдын өмнө хүлээсэн ямар үүрэг байсан гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан “хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж... төлсөн тухай” заалт нь энэ маргааныг зүйлчилж шийдвэрлэхэд илүү тохиромжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэж хууль хэрэглэсэн өөрчлөлтийг оруулав.

Гомдол гаргагчийн зүгээс гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон үед улсын орлогод хэвээр үлдэх хуулийн зохицуулалттай.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2022/00... тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “496 дугаар зүйлийн 496.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130678 /нэг зуун гучин мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                     Ц.О, 

                                                                 ШҮҮГЧИД                          З.Т

                                                                                                             Ш.Т