Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2023/01008

 

 

 

 

 

 

 

 

2023 05 17 210/МА2023/01008

 

 

Д.Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2023/00881 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д гийн хариуцагч Ч.Т д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, толгойтын * тоот од байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгож, өөрт ногдох 70,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Д.Д нь 1938 онд төрсөн. Тэрээр охин Ч.Т , Ч.С,Ч.Г , хүү Ч.Э , Ч.Э нарыг төрүүлж өсгөсөн. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 1 дүгээр 40 мянгатын 76 дугаар байрны 5 тоотын 2 өрөө орон сууцанд 30 жил амьдарсан боловч 2000 онд Ч.Т , Ч.Э нар эх Д.Д гаа эрүүл агаартай орчинд хаус барьж амьдруулахаар 11,000,000 төгрөгөөр бусдад худалдсан. Уг мөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 73 дугаар гудамж * тоот од газар худалдаж авч, уг газар дээр 10*10 харьцаатай 2 давхар барилга барьж, барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байхад буюу 2004 онд Ч.Т нь Анод банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авч улмаар Д.Д гаар 2012 он хүртэл төлүүлсэн. Тухайн барилга баригдаж дууссаны дараа Ч.Т нь хууль бусаар өөрийн охин Т.О, Т.О нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсныг эх Д.Д нь 2018 онд мэдсэн. Ч.Т нь төрсөн эх Дулмааг тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүйгээр газар болон орон сууцыг нь хууль бусаар бэлэглэлийн гэрээгээр өөртөө авсан болох нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар нотлогдоно.

Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн сангаас 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр лавлагаа авахад Г-2201002193 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэсэн гэсэн. Энэ талаар Д.Д нь 2022 онд мэдсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, толгойтын * тоот газар, хашаа, байшин нь Д.Д гийнх мөн болохыг баталгаажуулах, мөн * тоот од буй хашаа, 2 давхар амины орон сууц, газраа нийт 100,000,000 төгрөгөөр үнэлж, өөрийн ногдох 70 хувь буюу 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын 76 дугаар байрны орон сууцыг зөвшөөрөлгүй худалдсан гэж гүтгэж байна. Орон сууц худалдсан 11,000,000 төгрөгөөс дүү Ч.Э т 4,000,000 төгрөгөөр ГАЗ-469 машин, эх Д.Д д 1,800,000 төгрөгөөр тавилгатай гэр худалдаж авч өгсөн. Тухайн үед барилга барьж дуустал амьдрах байр шаардлагатай байсан тул 2 өрөө орон сууцыг 1,400,000 төгрөгөөр түрээсэлсэн. Мөн дүү Ч.Э ын орон сууцны засварын ажилд 2,000,000 төгрөг зарцуулсан. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 73-* тоот од байрлах 0,7 га газрыг улсаас үнэ төлбөргүй өмчилж авсан. Эх Д.Д хүүхдүүдийнхээ баримт бичгийг хадгалан цэгцэлдэг байсан тул миний газрын гэрчилгээнд манай хүүхдүүдийн нэр байгааг 2018 онд мэдсэн гэдэг худлаа. Барилгын ажлыг эхлүүлсэн боловч урсгал зардалд нэмэлт санхүүжилт хэрэгцээтэй байсан тул дутуу барилгыг банкинд барьцаалж 12,000,000 төгрөгийн зээл авч, барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Эх Д.Д гийн нэр дээрх газрыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бэлэглэлийн гэрээгээр худалдах нь хууль ёсны дагуу байх ямар ч боломжгүй. Үүнийг гэрчлэх тухайн газрыг авсан иргэн байгаа. Эх, дүү нарын хамт 6 айлын газар худалдаж авсан. Орон сууц худалдсаныг мэдээгүй, дараа нь мэдсэн. Би ажил хийдэг байхдаа эхэд мөнгө хангалттай өгдөг байсан. Миний 2 охиныг ээж хардаг байсан нь үнэн. Тухайн барилгыг өөрийн хөрөнгөөр барьсан тул эх, дүү Ч.Э нарт өгөхгүй. Одоо хашаа байшинг худалдаж, эх, дүү нараас хамааралгүй амьдармаар байна. Эх орон сууц худалдаж Ч.Э т 5,000,000 төгрөг, н.Болдоод 2,000,000 төгрөг, 2,800,000 төгрөгөөр өөрөө иж бүрэн 5 ханатай гэр авсан. Би цалин орлогоосоо уг хувийн сууцыг барьж байгаад мөнгө хүрэхгүй болохоор нь гэрчилгээ гаргуулж байгаад зээл авсан нь үнэн. Уг зээлийг би өөрөө төлж дуусгасан. Эх одоо гэр оронгүй биш, дүүЧ.Г орон сууц авч өгсөн түүндээ амьдарч байгаа. Уг байрыг эхийн нэр дээр өгөхөөр Ч.Э т өгч алдах учир нэрийг нь шилжүүлэхгүй. Анх тэтгэвэрт гараад өөрийн гэсэн байшинтай болох зорилгоор байшинг барьсан. Эх энэ байшинд хөрөнгө оруулсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Т д холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, * тоот од байрлах, 2 давхар, өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2201012992 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгон, уг хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 70 хувийг буюу 70,000,000 төгрөг гаргуулах тухай Д.Д гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Гэртээ харьж чадахгүй 1,6 жил болж, солих хувцасгүй охиндоо хөөгдөж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрх нь ноцтой зөрчсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь үнэн зөв баримт бичгүүд учир хувь хүний гарын үсэгтэй аливаа нөлөөллөөс үл хамаарах хүчин төгөлдөр мөн. Хариуцагч Ч.Т гийн эсрэг нэг ч удаа худал хуурмаг баримт бичиг хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд аль нэг хүүхдээ элдвээр гүтгэн дайрч доромжлоогүй, шүүхийг төөрөгдүүлэх аливаа хууль бус үйлдлийг хийгээгүй. Хариуцагч Ч.Т гийн гаргаж өгсөн нотлох баримт худал хуурмаг, үнэнд үл нийцсэн, алдаатай, буруу ташаа, он, сар, өдөр, тамга тэмдгийн зөрчилтэй, хаяг бүртгэлийн зөрүүтэй, хууль бус болохыг бичгээр дахин нотлон илэрхийлж байна. Төрсөн эх болон дүүгийнхээ эсрэг мэдүүлсэн хуурамч мэдүүлэг, баримтууд болон гүжир гүтгэлгийн чанартай амаар мэдүүлсэн үгс өөрийг нь ноцтой байдалд хүргэж байна. Иргэний үнэмлэхийн хуулбаруудыг авч үзвэл хаягийн бүртгэлийн зөрүүтэй, засвар өөрчлөлттэй Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, * тоот 12 тоот гэх мэтийн зөрчил байгаа. Мөн газрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн бүртгэлийн алдаатай, ногдох га талбайн хэмжээнүүдийн зөрүүтэй * тоот * тоот т, * тоот гэх мэтийн зөрчлүүд, холбогдох газруудад хүргүүлсэн болон авсан бичиг баримтууд нь маргаантай, зээл барьцааны гэрээний хаягжилтын зөрчилтэй байна. Гэрч Ч.Э ын мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлсэн. Хуулийн байгууллагуудад танил талын холбоог ашиглаж хариуцагч Ч.Т гийн өмнөөс хуурамчаар үйлдсэн иргэнЧ.Г гийн өргөдлийг анхаараагүй. Мөн 1975 оны орон сууцыг гэрчилгээг 1997 онд өөрчилсөн болон 2000 онд н.Гэрэлд худалдсан тухай бэлэглэлийн гэрээг авч хэлэлцээгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар * тоот , мөн * тоот хашааныхаа баруун талын хэсгээс 8 метрын өргөнтэй газрыг н.Бямбатулгад худалдсан учир айл тус бүрийн газрын ногдох талбай өөрчлөгдсөнийг шийдээгүй. Гараашийн барилгыг орон сууц болгуулах асуудлыг тусгаагүй. Хариуцагч Ч.Т гийн авсан зээлээр 3 өрөө байр худалдан авах буюу дахин 2 давхар байшин барих хэмжээний боломж байсан. Нэхэмжлэгчийн барьсан байшинд зээлийн 10 хувь орсон. Ихэнх 90 хувь нь юунд зарцуулсан тухай баримтууд байхгүй. Иргэн н.С, н.С, н.С нартай утсаар ярьсан бичлэгийн протоколыг анхааралд аваагүй. Ч.Т , Ч.Э нарт бичгээр тавьсан асуултуудыг шүүх анхаараагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх боломж хэргийн оролцогчдод хангалттай олгосон. Эх Д.Д дүүЧ.Г гийн орон сууцанд амьдарч байгаа. Уг орон сууцны урсгал зардлыг Ч.Саруултуяа төлдөг. Би эхийгээ зодоогүй, харин дүү Ч.Э намайг зоддог. Эх, дүү хоёр нийлж хүүхдүүдийн хамт хөөж байсны улмаас нийтийн байр, хашаа түрээсэлж амьдарч байсан. Энэ хугацаанд эхэндээ их гайхдаг байсан бол сүүлдээж эхдээ гомдож, эцэст нь тоохгүй байхаар шийдсэн. Эх, дүү хоёрын надад учруулсан хохирлоо нэхэмжлэхийг хүсдэг боловч эхийгээ өрөвдөөд чаддаггүй. Иргэний үнэмлэхийн хаяг алдаатай байгаа нь үнэн, уг алдаа засуулах гэсэн боловч хорооноос сольж өгөөгүй байгаа. Байшингийн болон газрын гэрчилгээ дэх хаяг өөр байгаа нь засаг захиргаанаас явуулсан өөрчлөлттэй холбоотой байх гэж үздэг. Зээлийн барьцаанд газрын болон байшингийн гэрчилгээг барьцаалсан. Дүү Ч.Э гэрчээр оролцсон бөгөөд тэрээр манай гэр бүлийн доторх үнэнийг хэлж, хэн буруутай болохыг гэрчилсэн. 1975 оны ордерыг 1997 онд өөрчилж байсныг би энэхүү гомдлоос олж мэдлээ, тийм ордер харж байгаагүй. Эх бүх бичиг баримтыг цэгцлэн хадгалахаас гадна эхэд их хэмжээний мөнгө хадгалуулдаг байсан. Хуулийн байгууллагад надад таних танил байхгүй. 1999 онд хийгдсэн бэлэглэлийн гэрээг эх, хүүтэйгээ хамт хийчээд уг гэрээг намайг хийсэн мэт бичээд байгаа. Худалдагч авагчийг шүүх хуралд гэрчээр оролцуулах боломжтой. Эх өөрийнхөө газрыг худалдахдаа миний газраас бас өгснөө мэдэх ёстой гэж бодож байна. Хүний нэр дээр байгаа газрыг өөр хүн зарах эрхгүй. Би авсан зээлээрээ орон сууц авах боломжтой байсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг байшин барихад зарцуулсан. 12,000,000 төгрөгийн зээлээс Ч.Э 3,000,000 төгрөг авна гэхэд нь татгалзсан. Байшин барих бүх материалыг зээл авсан мөнгөөр худалдан авч барилгыг барьж дуусгасан. Ч.Э ын тавьсан асуултууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байснаас гадна хэрүүл маргаан үүсгэсэн асуултууд байсан учраас шүүхийн тэмдэглэлд тусгах нь ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлууд тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ч.Т д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, толгойтын 79-* тоот од байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгож, өөрт ногдох 70,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2000 онд өөрийн өмчлөлийн орон сууцыг 11,000,000 төгрөгөөр худалдаж, уг мөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, толгойтын 79-* тоот од байршилтай газар, гэр худалдан авч, 10х10 хэмжээтэй 2 давхар барилгыг хүмүүс хөлсөлж бариулсан, барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байхад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Түүнчлэн, уг барилгыг 2004 онд охин Ч.Т Анод банкнаас зээл авахаар барьцаалж Д.Д гийн тэтгэврийн мөнгөөр 2012 он хүртэл төлүүлсэн гэж тодорхойлжээ.

5. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс үзвэл Ч.Т Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2003 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөлдөө ...амины 2 давхар орон сууцны байшин барьж байгаа... үнэлгээ 11,500,000 төгрөг, гүйцэтгэл 70 хувь гэж тусгасан байх ба 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 56 дугаар гудамж * тоот т 81 м.кв талбайтай, хоёр давхар дуусаагүй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ч.Т , Т.О, Т.О нарт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

5.1. Ч.Т нь Ситико-Аудит ХХК-д хандаж, тус компанийн 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг 16,807,500 төгрөгөөр үнэлсэн, мөн Анод банкны 19-р тооцооны төв, иргэн Ч.Т нарын хооронд 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр маргаан бүхий 2 давхар дуусаагүй амины орон сууцыг 13,241,000 төгрөгөөр үнэлж барьцаалсан үйл баримтууд тус тус тогтоогдсон боловч энэ барилга барихад хэн хөрөнгө оруулалт хийсэн үйл баримт маргаантай нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. /хх11-17, 49-57, 141-144, 156-158/

6. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, толгойтын 79-* тоот од байршилтай газар, 2 давхар амины орон сууцыг нийт 100,000,000 төгрөгөөр үнэлж, өөрт ногдох 70 хувь буюу 70,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгийг ямар баримтыг үндэслэн ийнхүү үнэлж байгаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс 100,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгө гэх агуулгаар тайлбарласан боловч нэг талын тайлбарыг үндэслэн уг амины орон сууцны үнийг тодорхойлох, маргааныг шийдвэрлэх боломжгүй.

6.1. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ хөрөнгийн үнэлгээг шүүхийн журмаар тодруулах боломжтой гэсэн агуулгаар тайлбар гаргасан байна. Шүүх энэ талаарх ажиллагааг хийгээгүй, зохигчдыг мэтгэлцүүлээгүй байх тул уг асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй.

7. Эдгээр нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, улмаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломж бүрдэнэ. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2023/00881 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН