Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 669

 

Э.Э, А.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч А.Б ын өмгөөлөгч Э.Нарангарав, шүүгдэгч Э.Э ы өмгөөлөгч М.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1163 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1112 дугаар магадлалтай, Э.Э, А.Б нарт холбогдох 2002002500193 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Э.Э

2. Монгол Улсын иргэн, А.Б

Э.Э, А.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц овогт Э.Э, Х овогт А.Б нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сард хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Э, А.Б нарт тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар Э.Э, А.Б нарт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б гаргасан гомдолдоо “... Миний бие нь хориглосон сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисыг бэлтгэж, хэрэглэж буруу зүйл хийж байснаа ойлгон маш их харамсаж байна. Цаашид энэ алдаагаа дахин давтахгүй өөрөө өөртөө эзэн байж урдаа тавьсан зорилгоо биелүүлж, өндөр настай ээж гэр бүлийнхэнтэйгээ хамт байж энэ нийгэмдээ ач тустай, үүргээ биелүүлдэг иргэн байхыг хүсэж байна. Ахин хэзээ ч ийм зүйл давтахгүй тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1163 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний бие хориглосон мансууруулах зүйлийг бэлтгэж хэрэглэсэндээ маш их харамсаж гэмшиж байгаа. Цаашид энэ алдаагаа дахиж давтахгүй. Өөрийн хүсэл зорилгын төлөө сурч боловсорч хөдөлмөр эрхэлж амьдарна. Өндөр настай аав ээжийгээ асран хамгаалж явахыг хүсэж байна. Анхан шатны шүүх намайг ойлгож 1 жилийн тэнсэн оноосонд маш их баяртай байгаа. Дахин хэзээ ч ийм зүйлд орооцолдохгүй гэж амлаж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1163 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Э.Нарангарав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж анхан шатны шүүхэд буцаасан.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ээс 1.8-д заасан “Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал” заалтуудад А.Б од эрүүгийн хариуцлага хүндрүүлж хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байхгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөлд хамаарах байдлыг зөв дүгнэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу А.Б үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийг хэрэглэж шүүгдэгчид ял оногдуулсан нь хууль хэрэглээний хувьд алдаагүй болсон юм.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж тогтоохдоо тохиолдлын шинжтэй байх, анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх гэсэн гурван нөхцөлийг заасан атал давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарыг 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хадгалсан, хэмжээ нь 720.1134 грамм байгаа гэх зэргээс үзэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгож байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болсон гэж үзэхийн сацуу анхан шатны шүүхэд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь шүүгдэгч нарт хүндрүүлж ял оногдуулах үндсэн агуулгатай төдийгүй дээд шатны шүүх доод шатны шүүхэд эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд чиглэл өгөх эрхгүй атал Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол улсын иргэн шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг зөрчсөн байж болохуйц байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-т “... Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэх зохицуулалтаас харахад дээд шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, прокурорт хэргийг буцаахаар заасан тохиолдолд анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд байхгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” байдаг, /А.Б-н хувийн байдал, спортын олон төрлөөр хичээллэн амжилт гаргаж байсан, чин санаанаасаа ухамсарлаж, гэмшиж, гэм буруугаа хүлээсэн зэргийг гаргасан итгэл үзүүлж, хариуцлага хүлээлгэсэн атал хуульд заагдаагүй үндэслэлээр буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хүлээсэн гэх шалтгаанаар хүндрүүлээд зүйлчлээд ирээ гэж анхан шатны шүүхэд буцааж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг харуулж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт Монгол улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенци, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенци, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын 2008 оны конвенци, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулиудыг үндэслэж мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилж, хорих ялын хэмжээг 3 жилээр нэмэгдүүлж ялын бодлогыг чангатгасан гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Яагаад гэвэл эдгээр конвенци, хуулиудыг нэг бүрчлэн уншихад мансууруулах болон сэтгэц нөлөөлт бодистой холбоотойгоор олон улстай хэрхэн хамтарч ажиллах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх эрх зүйн актуудыг дээд шатны шүүх буруу тайлбарлаж эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч нарт хүндрүүлж оногдуулах талаар доод шатны шүүхэд шууд ойлгогдохоор чиглэл өгсөн гэж үзэхээр байна.

Иймд өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг судлан үзэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ДШМ/1112 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э.Э-н өмгөөлөгч М.Отгонцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Э.Нарангарав өмгөөлөгчтэй санал нэг байна. Э.Э-н хувьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй байсан бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасанчлан хөнгөн гэмт хэрэгт хэрэг анх удаа үйлдсэн учраас анхан шатны шүүхээс тэнсэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байсан.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1112 тоот магадлалд “... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гээд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ ... гэж үзэж байгаа бол яагаад үгүйсгэж байгаа үндэслэлээ бичих ёстой бөгөөд дүгнэлт өгөлгүй шууд үндэслэлгүй хэмээсэн нь буруу.

Цахим орчин хурдтай хөгжиж, хүүхэд залуучууд мэдээ, мэдээллийг олон сувгаар олж авч байна. Энэ талаар ямар нэгэн хязгаарлалт, хориггүй цацагдаж байхад мэдээлэл олж авсан, даган дууриах татагдах, сонирхох тохиолдол олон байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэгт холбогдсон үйлдлийг яагаад, ямар үндэслэлээр тохиолдлын шинжгүй хэмээн дүгнэлт хийсэн талаараа үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 36.2.3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг ноцтой зөрчсөн байна.

Э.Э нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг хүлээн зөвшөөрдөг харин бусдад өгсөн, олж авсан үйлдэл байхгүй болно. Түүнд бусдыг уруу татах ямар нэг санаа сэдэл огтхон ч байгаагүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Энэ хэрэг нь олон холбогдогчгүй, нууц, сүлжээ далд аргаар бүлэг зохион байгуулалт хэлбэрт шилжиж, худалдан борлуулсан үйлдэл байхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа 21 настай залууд цаашид хамт олон, гэр бүлийн хүрээлэлд хүмүүжих боломжийг яагаад олгож болохгүй гэж?

Анхны мэдүүлгээрээ гэм буруугаа хүлээж, дахин мэдүүлгээ өөрчлөх эсвэл гэм буруугаа бусдад нялзаах үйлдэл огтхон ч гаргаагүй, байнгын ажил хөдөлмөр эрхэлж, тэтгэвэрт гарсан аав, ээжийгээ асран халамжилж, эм тарианы мөнгөөр таслахгүй яваа ачлалт хүү билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг ноцтой зөрчсөн.

Э.Э-н хувийн байдлыг илтгэх байгууллагын ажил байдлын тодорхойлолт, ШУТИС-ийн Мэргэжил үйлдвэрлэлийн сургалтын төвийн “Шилдэг оюутан” цол өргөмжлөл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны өрхийн эмнэлгийн эмчийн байнгын хяналтад байдаг тухай тодорхойлолт, ар гэрийн анхаарал халамж зэрэг нотлох баримт, нөхцөл байдлыг бүх талаас нь харгалзан үзэж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцсэн байв.

Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдаж, хэргийг шударгаар хянан шийдвэрлэж чадаагүй тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний 1112 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.Б, Э.Э нарт холбогдох хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн хэлтсийн ахлах мөрдөгч Б.Энхманлайгийн гэмт хэргийн шинжтэй мэдээллээр өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Цэргийн хотхоны 14-254/А тоотод оршин суух иргэн “өвс”, “тоос” худалдаалсан байж болзошгүй гэсэн мэдээллээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажилласан. Хойшлуулшгүй ажиллагааны явцад 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цаг 35 минутаас 19 цаг 25 минутын хооронд хэргийн газрыг үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэгээр эд мөрийн баримтаар аяга, тугалган цаас, 720 грамм мансууруулах өвс нэршилтэй бодис илэрсэн. Энэ бодис маань өвс, шавар, тоос гэсэн 3 хэлбэрээр хувцасны шүүгээнд, угаалтуурын доор, цаасан уутанд, ундааны саванд олдсон. 2020 оны 8 дугаар сард “өвс” нэршилтэй мансууруулах бодисыг түүж бэлтгэж, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сарыг хүртэл 8 сарын хугацаанд дээр дурдсан газар хадгалсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж тэнссэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг тохиолдлын шинжтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюул шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна гэж үзэж хүчингүй болгосон нь бол үндэслэлтэй байна. Ийм учраас магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Б , Э.Э  болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “... хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.Б , Э.Э  нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 14 дүгээр гудамжны 254/А тоотод уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Э.Э, А.Б нарт тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэсэн давж заалдах шатын шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн байвал зохино.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э, А.Б нарыг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо ...” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг бодитой үнэлж, дүгнээгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Э, А.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байх тул уг магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Нарангарав, М.Отгонцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1112 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э, А.Б, тэдний өмгөөлөгч М.Отгонцэцэг, Э.Нарангарав нарын тус тус гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Б.БАТЦЭРЭН                   

                                                                                                                 Ч.ХОСБАЯР