Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/0070

 

Х.М-ийн нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг дарга, Баянзүрх

дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн

Газар зохион байгуулалтын албанд тус

тус холбогдох захиргааны хэргийн

тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:                       Х.Батсүрэн                                                            

                                           Д.Мөнхтуяа

                                           П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:           Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал 

Нэхэмжлэлийн шаардлага:Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Т-нд холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах, “А” ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.Т-ийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээр Х.М-ийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, Х.М-ийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах”, 

Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлага: “С.Г-О, П.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэдийн газар эзэмших хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах     

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0435 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, гуравдагч этгээд Л.С, Ё.М нарын өмгөөлөгч Д.Х-Э, гуравдагч этгээд С.Д, С.Г-О, гуравдагч этгээд С.Г-О-ын өмгөөлөгч Ё.Э нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0435 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай” 703 дугаар захирамжийн М.Т-нд холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгож, “А” ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.Т-ийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээр Х.М-ийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “Х.М-ийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “С.Г-О, П.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэдийн газар эзэмших хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн гуравдагч этгээд С.Г-О, П.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Магадлалаар “...өмнөх эзэмшигч Х.Т-ээс 30,000 м.кв газрыг шилжүүлж авсан...” гэж нэхэмжлэгч маргасан, хариуцагчаас “... “Ф М” ТББ-аас М.Т-нд бодит байдалд 20000 м.кв газар шилжүүлсэн” гэж маргасан, энэ тохиолдолд Х.Т-ээс Х.М-д шилжүүлсэн газрын хэмжээ, хилийн зааг тодорхой байх ёстой, эдгээр газрын байршлыг тодруулах боломжгүй, ямар байршилд Х.М-д шилжүүлснийг тогтоох шаардлагатай...” гэх агуулгатай дүгнэлт хийжээ. Энэхүү дүгнэлт нь үндэслэлгүй. Учир нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2004 оны 113 дугаар захирамжаар “Ф М” клубт 8000 м.кв  талбайгаар эзэмшүүлж, тус клубээс эзэмших газрын хэмжээг баруун талдаа сул байсан 20,000 м.кв-аар нэмэгдүүлэхийг хүсч бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн мөн даргын 2006 оны 125 дугаар захирамжаар тус клубын газрыг нэмэгдүүлж 100,000 м.кв болгосон бичгийн нотлох баримт хэрэгт байгаа болно.

4. “Ф М” ТББ нь өөрийн эзэмшил 100,000 м.кв газраас 30,000 м. кв-ыг нь М.Т-нд шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 299 дүгээр захирамжаар М.Т-нд 30,000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. “Ф М” ТББ-ын эзэмшиж байсан 100,000 м.кв газраа хашиж тэмдэгжүүлсэн байсан ба уг газраасаа Х.Т-нд, Х.Т-ээс 30,000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар Х.М-д шилжүүлж шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслэн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 000494341 дугаартай гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан болох нь гэрээ, гэрчилгээнд тэмдэглээстэй байгаа учраас Х.М-ийн эзэмшил газрын хэмжээ тодорхой, “Ф М” ТББ-ын эзэмшиж байсан газрын хашаан доторх газраас авсан тул газрын байршлыг тодорхойлох боломжгүй гэж үзэхгүй тул давж заалдах шатны шүүхийн “Х.М-д шилжүүлсэн газрын хэмжээ тодорхой байх ёстой” гэх агуулгатай дүгнэлт илт үндэслэлгүй. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд хандан дүүргийн Засаг даргын 2006 оны 125 дугаар захирамжаар “Ф М” ТББ-ын эзэмшил 80,000 м.кв газрыг 20,000 м.кв-аар нэмэгдүүлсэн захирамж гарч, газрын кадастрыг хийлгэхээр хүсэлт гаргасан байхад газрын кадастрын мэдээллийн санд анхнаасаа бүртгэлгүй орхигдуулсан байдаг.

5. Ийнхүү Баянзүрх дүүргийн газрын алба нь “Ф М” ТББ-ын эзэмшил 80,000 м.кв газрыг 20,000 м.кв-аар нэмэгдүүлснийг бүртгээгүй болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон болно. “Ф М” ТББ-ын нэмэгдүүлсэн 20,000 м.кв газрыг 2006 оноос хойш уг газрыг мэдээллийн санд бүртгэгдсэн гэж ойлгож, уг захирамжийн дагуу эзэмшиж байгаа гэх 100,000 м.кв газраа хашаагаар хашиж тэмдэгжүүлсэн байгаа нь мөн шүүхийн үзлэгээр тогтоогдсон. Тиймээс уг хашаан доторх газраасаа л 2007 оноос хойш 30,000 м.кв-ыг М.Т-нд, түүнээс Х.М-д шилжиж ирсэн байгаа тул газрын байршил, хил зааг тодорхойгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасан “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх үүргээ биелүүлээгүй нь хариуцагч газрын албаны буруутай ажиллагаа бөгөөд газар эзэмшигч өөрийн эзэмших газар гэж ойлгож, хашаажуулан тэмдэгжүүлж ирсэн газрыг нь хууль бус гэж үзэх үндэслэл биш юм. Маргаж буй газрыг эзэмшиж байгаа гэдэг ойлголт М.Т-нд 2007 оноос, Х.М-д 2014 оноос үүссэн тул уг газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол гуравдагч этгээд нараас түрүүлж үүссэн гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарахгүй байна.

6. Нөгөө талаас “Ф М” ТББ газрынхаа хил заагийг буруу тодорхойлсон, эсхүл дутуу өгсөн гэх үндэслэл байхгүй болох нь 2007 онд М.Т 30,000 м.кв газрыг хашиж, кадастрын зураг хийлгэх хүсэлтэй байгаагаа дүүргийн Газрын албанд илэрхийлж байснаас харагдана. Хэрэв тухайн үед “Ф М” ТББ-аас М.Т-нд бодит байдал дээр 20,000 м.кв-ыг шилжүүлсэн байсан бол энэ талаар талууд маргах ёстой байсан. Хамгийн тодорхой зүйл нь “Ф М” ТББ-ын 2006 оноос хойш өөрийн эзэмшил гэж үзсэн 100,000 м.кв газраа хашаагаар тэмдэгжүүлсэн, уг хашчихсан газрын эргэн тойрны газар бүгд бусдын эзэмшилд байдаг ба эзэмшлийн бус сул газар байгаагүй, одоо ч байхгүй тул тус байгууллагын нэмэгдүүлсэн 20,000 м.кв газар нь өөр байршилд байх боломж анхнаасаа байгаагүй. Энэ нөхцөлд “Ф М” ТББ нь өөрийн хашаан доторх газраасаа 30,000 м.кв-ын байршлыг зааж М.Т-нд шилжүүлэх хүсэлт гаргасан, хүсэлтийг нь үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж 30,000 м.кв-аар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад М.Т “бодит байдал дээр” 20,000 м.кв-ыг эзэмшсэн гэх, тэдний хашаан доторх 10,000 метр нь хэний ч эзэмшил бус болж, уг газарт 2017 онд гуравдагч этгээдүүд эзэмших хүсэлт гаргасан гэх логикгүй тайлбарыг давж заалдах шатны шүүх хүлээж авсан нь илт үндэслэлгүй.

7. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ё.Э нь шүүх хуралдаанд дахин дахин “М.Т-нд анхнаасаа 20,000 м.кв газар эзэмшүүлсэн, тэнд өөр газар байгаагүй, үлдсэн газар нь “Ф М” ТББ-ын эзэмшил газрын зүүн талд нь байгаа” гэх агуулгатай илт үндэслэлгүй тайлбар гаргаж ирсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг тайлбарыг хариуцагч тайлбарласан мэтээр хүлээн авч, улмаар газрын байршлыг тогтоолгохоор өмнө нь буцаасан, одоо дахин буцааж байна. Хэрэгт авагдсан тухайн газрын кадастрын зураглалаар уг газарт өөр эзэнгүй байрлалтай газар огт байхгүй гэдэг нь тогтоогддог. М.Т-нд эзэмшүүлсэн газрын захирамжид уг газар нь 2 нэгж талбар биш, нэг нэгж талбар гэдэг нь тодорхой байхад Ё.Э-ийн үлдсэн 1 га газар нь өөр байрлалтай гэсэн илт худлаа тайлбарыг үндэслэн дахин дахин хэргийг буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулан нэхэмжлэгчид хүндрэл, чирэгдэл учруулж байна. Баянзүрх дүүргийн Газрын алба нь анхан шатны шүүх хуралдаан дээр захирамжид заасан манай 30,000 м.кв газраас 10,000 м.кв газрыг зааж өгч чадаагүй, уг газар нь өөр газарт байрлалтай гэж үзэж байгаа бол тэр нь хаана байхыг тодорхойлоогүй болно.

8. Манай давхцалтай гэж маргаж буй газрыг “Ф М ” ТББ 2006 оноос, М.Т 2007 оноос, Х.М 2014 оноос тус тусын захирамжаар эзэмшиж, хашиж ирсэн, газрын байршлыг Баянзүрх дүүргийн Газрын алба нь илт газрын кадастрын санд оруулаагүй, улмаар гуравдагч этгээдүүдэд эзэнгүй газар гэж зааж өгч маргаан үүсгэсэн нь захиргааны албан тушаалтны илт хууль бус ажиллагаа  юм. Нэхэмжлэгч Х.М нь “гуравдагч этгээдүүд болох н.О нарыг манай хашаанд орж ирж хашаа барьж эхлэхэд манай дүү очиж нураасан, тэд Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагад хандан гомдол гарган шалгуулж байсан, уг газар нь бусдын эзэмшилд байгаа гэдгийг гуравдагч этгээд нар манай газар дээр анх ирэхдээ л мэдсэн атлаа өөрсдийн зуслангийн байрыг барьж эхэлсэн” гэж тайлбарлаж байна. Магадлалд: “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчдийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/51 дугаартай дүгнэлтээр Х.М-ийн газар нь Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 7835 м.кв талбайгаар, энгийн хамгаалалтын бүстэй 20,000 м.кв талбайгаар тус тус давхацсан” гэсэн байхад шүүх нь шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар М.Т-ийн 30,000 м.кв газрын эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон нь нэхэмжлэгч Х.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар шалгаж дүгнээгүй гэжээ.

9. Нэхэмжлэгч Х.М-ийн захирамжаар эзэмших 30,000 м.кв газрын 7835 м.кв нь усан сангийн онцгой хамгаалалтын бүстэй давхацсан байгаа ба үүнийг  нэхэмжлэгч зөвшөөрч уг хориглосон бүсэд хамаарах газраар маргаагүй болно. Харин Х.М-ийн эзэмших 30,000 м.кв газраас үлдсэн 22,165 м.кв газар нь усны энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа бөгөөд уг газарт газар эзэмшүүлэхийг Усны тухай хууль болон Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмд зааснаар хориглоогүй хэсгийг эзэмших ёстой гэж маргаж байгаа болно. Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 51/75 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”-ийн 13.2-т “Энгийн хамгаалалтын бүсийг улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 1000 метр хүртэлх зайд” байхаар тогтоосон.

10. Мөн 14-т “Энгийн хамгаалалтын бүсэд түгээмэл тархалттай ашигт малтмал хайх, олборлох, мод бут огтлох, хаягдал бохир усыг цэвэршүүлэх байгууламжгүй буюу ариутгах татуургад холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах, газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис хадгалах, агуулах, шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах, хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах, бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх, мал угаах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах, стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглахыг хориглосон” байна. Бусад үйл ажиллагааг хориглоогүй тул иргэн, хуулийн этгээд нь энгийн хамгаалалтын бүсэд хориглоогүй үйл ажиллагааг явуулах зориулалтаар газар эзэмших эрхтэй ба хариуцагч нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нар маргаагүй болно. Анхан шатны шүүхэд дээрх магадлалд дурдсан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар судалсан тул уг баримтыг нотлох баримтаар үнэлсэн гэж ойлгогдож байгаа ба дүгнэлтэд үндэслэсэн болохоо шийдвэртээ дурдаагүй ч нэхэмжлэгчийн “30,000 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлгүй байсан” талаар дүгнэсэн нь Усны тухай хууль болон шинжээчийн дүгнэлтэд үндэслэсэн гэж ойлгогдохоор байгаа юм.

11. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дээрх дүгнэлтийг хийсэн нь хууль зөрчөөгүй, харин үйл баримтыг дүгнэсэн шийдвэртээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн бол энэ үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахгүй болох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.1-121.3.7-д зааснаас харагдаж байна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэргийн 2 ба түүнээс дээш оролцогч гомдол гаргасан бол давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй тул хэргийг бүхэлд нь хянаад өөрөө дүгнэлт өгч шийдвэрлэх эрх хэмжээтэй байгаа асуудлаа дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хуульд нийцээгүй. Хэрэгт шүүхээс нэмж шалгах асуудал, цуглуулах нотлох баримт огт байгаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үзэж байгаа ба зөвхөн нэг талын тайлбараар баримт тодорхойгүй гэсэн нь илт буруу байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь нотлох баримтыг буруу үнэлсэн, өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

12. Гуравдагч этгээд С.Г-О, түүний өмгөөлөгч Ё.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хянуулахаар хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх цуглуулах ёстой нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна.

13. Тухайлбал, давж заалдах шатны шүүх “...М.Т-ээс Х.М-д шилжүүлсэн газрын хэмжээ, хил зааг тодорхой байхаас гадна тухайн газар нь гуравдагч этгээдүүдийн маргаж байгаа газартай давхцаж, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэх нь тодорхой байх ёстой” гэж үзээд “...2007 оны “А” ХХК-ийн М.Т-ийн нэр дээр хийлгэсэн кадастрын зураг..., Х.М Газрын албанд гаргасан хүсэлтдээ “А” ХХК-иар 2014 онд хийлгэсэн 20000.54 м.кв хэмжээтэй газрын кадастрын зураглалыг хавсарган ирүүлсэн байх тул эдгээр зургийг харьцуулан дүгнэх шаардлагатай” гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүхээс Нийслэлийн Газрын албаар “А с” ХХК-ийн 45628.2 га /Х.М-ийн эзэмшил газрын зүүн талд байрлах/ газар, Х.М-ийн 20001 м.кв, М.Т-ийн 2007 онд хийлгэсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй 30000 м.кв, гуравдагч этгээд 8 иргэний маргаж буй газарт хийлгэсэн 5600 м.кв газруудын хил заагийг давхцуулсан зураг хийлгэж нотлох баримтаар авсан байдаг. Энэ зургаар гуравдагч этгээдүүдийн хүсэлт болгосон газар нь нэхэмжлэгчийн 2014 онд анх бусдаас шилжүүлэн авч газар эзэмших эрх анх үүссэн газартай давхцаагүй болох нь нотлогддог.

14. Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг цуглуулсан боловч уг нотлох баримтаа үнэлээгүй, буруу үнэлсэн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдсэн байхад мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзсэн давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн” гэж 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй.

15. Хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсний улмаас давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “нэгэнт хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байгаа учраас...” гэж тайлбарлан гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлүүлэхээр давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.1.2, 121.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх “нотлох баримтыг гаргах, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алиных нь “анхан шатны шүүх нотлох баримтыг хангалттай цуглуулсан байхад давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй.

17. Тодруулбал,  давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан “...өмнөх эзэмшигч Х.Т-ээс 30,000 м.кв газрыг шилжүүлж авсан...” гэж нэхэмжлэгч маргасан, хариуцагчаас “... “Ф М” ТББ-аас М.Т-нд бодит байдалд 20000 м.кв газар шилжүүлсэн” гэж маргасан, энэ тохиолдолд Х.Т-ээс Х.М-д шилжүүлсэн газрын хэмжээ, хилийн зааг тодорхой байх ёстой, эдгээр газрын байршлыг тодруулах боломжгүй, ямар байршилд Х.М-д шилжүүлснийг тогтоох шаардлагатай...” гэсэн дүгнэлтийн тухайд; “Ф М” ТББ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 125 дугаар захирамжаар 100,000 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон, мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 299 дүгээр захирамжаар уг газраасаа 30,000 м.кв газрын эзэмших эрхийг М.Т-д шилжүүлсэн, улмаар уг газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.М-д шилжүүлсэн ба тус захирамжийг үндэслэн 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 000494341 дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн зүгээс газрын хэмжээг багасгах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, өнөөдрийг хүртэл 30,000 м.кв газрын хэмжээгээр газрын төлбөрөө төлсөөр ирсэн үйл баримт бүрэн тогтоогдсон байна.

18. Дээрх хууль зүйн ач холбогдол бүхий үйл баримт буюу дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамжуудыг хэн ч үгүйсгээгүй энэ тохиолдолд тухайн захирамжаар олгогдсон газрын хэмжээ бодит байдалд хэд байсан, кадастрын зураг нь яаж хийгдсэн, яагаад багассан /газар эзэмшигчийн зүгээс хүсэлт гаргаагүй байхад/, янз бүрийн зөрүүтэй кадастрын зургууд хэрэгт авагдсан зэрэг нь тухайн хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй, учир нь нэгэнт захиргааны акт хүчинтэй тул /тухайн цаг үед хүчинтэй байсан, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх одоо ч хүчинтэй/ захирамжид заасан хэмжээгээр газрыг тэмдэгжүүлж, координатжуулах, кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх нь хариуцагч газрын албаны үүрэг, уг үүргээ бүрэн биелүүлээгүйгээс газар эзэмшигч нар, тухайлбал нэхэмжлэгч хохирох ёсгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

19. Харин захирамжаар олгосон газар нь бодит байдал дээр байхгүй тохиолдолд газрын албыг шууд буруутгах боломжгүй, гэвч энэ хэргийн тухайд 2006 онд “Ф М” ТББ-д захирамжаар олгогдсон 100,000 м.кв газар нь бодит байдал дээр байсан, өөрийн эзэмшил газраа хашаагаар тэмдэгжүүлсэн, эргэн тойрны газар нь бусдын эзэмшилд олгогдсон,  өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар орж байж “Ф М” ТББ-ын 100,000 м.кв, улмаар нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан 30,000 м.кв газар байх боломжтой, үүнээс өөр сул газар байхгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

20. Иймд, “маргаан бүхий газар нь анхнаасаа сул чөлөөтэй, хэний ч эзэмшилд байгаагүй учир тухайн газарт гуравдагч этгээд нар хүсэлт гаргаснаар хууль ёсны ашиг сонирхол үүссэн” гэж үзэхгүй тул “...Х.М-ийн маргаж буй газар нь М.Т-ийн 2007 онд хийлгэсэн мэдээллийн санд бүртгэгдээгүй, гуравдагч этгээдүүдийн хүсэлт болгосон газар нь нэхэмжлэгчийн 2014 онд анх бусдаас шилжүүлэн авсан газартай давхцаагүй, анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг цуглуулсан боловч уг нотлох баримтаа үнэлээгүй, буруу үнэлсэн, давж заалдах шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах ёстой байтал хангаагүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 12-15-д заасан гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, харин уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-8-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

21. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийгээгүй байна” гэж анхан шатны шүүхийг буруутгасан байна. Гэвч дээр дурдсанаар анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулсан, иймд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар “хэргийн 2 ба түүнээс дээш оролцогч гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэг...”-ийн дагуу шаардлагатай гэж үзсэн бол хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүрт өөрөө дүгнэлт хийх боломжтой байсан, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол /Тодорхойлох хэсгийн 9-11/ үндэслэлтэй.

22. Хэдийгээр хэргийн оролцогчдын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдаагүй ч дээрх процессын хуулийн дагуу хэргийг бүхэлд нь хянах чиг үүргийн хүрээнд хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд:

23. Хэргийн үйл баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 299 дүгээр захирамжаар “Ф М” ТББ-ын эзэмшиж байсан 100,000 м.кв газраас 30,000 м.кв газрыг М.Т-нд эзэмшүүлэхээр шилжүүлсэн, 2013 оны А/516 дугаар захирамжаар М.Т-ийн газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан, улмаар 2014 оны А/115 дугаар захирамжаар уг газрыг нэхэмжлэгч Х.М-д шилжүүлсэн, харин энэ хооронд буюу 2010 онд Нийслэлийн Засаг даргын 703 дугаар захирамжаар “Ундны усны тэжээлийн дотоод мужид газар эзэмших эрх олгосон” гэсэн үндэслэлээр М.Т-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Т-д холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулахаар /нэхэмжлэлийн нэг шаардлага/ маргажээ.

24. Хариуцагч нийслэлийн Засаг даргаас уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан “2010 оны 703 дугаар захирамжаар ундны усны эх үүсвэрүүдийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж буй 165 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг Газрын тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн тул холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, иймд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн утгатай тайлбар өгсөн, гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буюу нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай” 703 дугаар захирамжийн М.Т-нд холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба нийслэлийн Засаг дарга уг шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байх тул маргаан бүхий актын зарим хэсгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг /шийдвэрийн үндэслэлийг/ хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

25. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас “2010 оны нийслэлийн Засаг даргын 703 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.М-д шилжүүлсэн 30000 м.кв бүхий талбайг иргэн М.Т-ийн эзэмшилд байх үед хүчингүй болгосон, иймд дүүргийн Засаг даргын /өөрийнх нь/ сүүлд гаргасан М.Т-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан, нэхэмжлэгчид шилжүүлсэн захирамжууд хууль бус, маргаан бүхий газар нь одоо сул чөлөөтэй, уг газрыг эзэмшихээр гуравдагч этгээд нар хүсэлтээ гаргасан байгаа...” гэсэн агуулгатай тайлбар үндэслэлгүй.

26. Учир нь, анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга 2013 оны А/516 дугаар захирамжаар М.Т-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа, мөн 2014 оны А/115 дугаар захирамжаар уг газрыг нэхэмжлэгчид шилжүүлэхдээ тухайн газар эзэмших эрх нь хүчинтэй эсэхийг /Нийслэлийн Засаг даргын захирамж гарсныг/ шалгах үүрэгтэй байсан ч уг үүргээ биелүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон буюу шилжүүлсэн 2015 оны А/115 дугаар захирамж одоо ч хүчин төгөлдөр буюу хариуцагчийн хэн аль нь уг захирамжийг хүчингүй болгоогүй, нэхэмжлэгчийн итгэл хамгаалагдсан байна.

27. Иймээс нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй ба энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсний дагуу цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргаж, эзэмшил үүссэн нэхэмжлэгчийн эрх хууль, ёсны ашиг сонирхол нь гуравдагч этгээд нараас түрүүлж хамгаалагдана, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

28. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 568 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, гуравдагч этгээд С.Г-О, түүний өмгөөлөгч Ё.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                        Ч.ТУНГАЛАГ      

         ШҮҮГЧИД                                                                           Х.БАТСҮРЭН

                                                                                                            Д.МӨНХТУЯА

                                                                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                             Г.БАНЗРАГЧ