Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 21

 

 

  2023          05           09                                    206/МА2023/00021

 

 ******* ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2023/00154 дугаар шийдвэртэй,

 

Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан багт байрлах, ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******од оршин суух, Олхонууд овогт ******* *******өд  холбогдох,

 

“Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар Ховд аймаг, Жаргалант сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300 м.кв газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг С.*******өд даалгах тухай шаардлагатай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч  М.Нямбаярын илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Бадамцоодол түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа, хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Уранцэцэг нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

 

1.1   Манай компани нь Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар Ховд аймаг, Жаргалант сум 7-р баг Эрэнцэнгийн 2 гудамж хашааны дугаар 207 хаягтай, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300 квадрат метр газрыг хууль ёсоор эзэмшдэг. Уг газар дээрээ манай компани шинээр барилга барихаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх компанитай гэрээ байгуулан ажлаа эхлүүлэхээр хамгаалалтын хашаа татахад зэргэлдээ байрлах ******* баг Баянголын 4-н 407-н А хаягтай хашааны эзэн Сүхбаатар овогтой ******* нь эрх нь зөрчигдөөгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр эргэн тойрны хүмүүсийг турхиран үймээн үүсгэн, цахим сүлжээнд бичлэг хийх, хэл амаар доромжлох үйлдлийг хийж бидний үйл ажиллагаанд саад учруулан 3 удаа хашааг буулгуулсан болно. Хариуцагч С.*******ийн хувьд бидний барилгын ажил хийх гэж байгаа газарт түүний эзэмших эрх бүхий газар огт байхгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тодруулбал хариуцагчийн хашаа болон барилгын хашааны хооронд 2 машин хангалттай зөрөхөөр хэмжээтэй гудамж үүсгэсэн, төв замаас тухайн гудам руу орох орц гарц нь чөлөөтэй байгаа. Хариуцагч нь манай компани энэхүү газрыг эзэмшиж эхэлснээс хойш утсаар надтай хэд хэдэн удаа ярьж энэ газрыг чи хууль бусаар авсан чамтай шүүхдэн гэж хэлж байсан боловч өдий хүртэл ямар нэгэн гомдол хууль хяналтын байгууллагад гаргаж, шийдвэрлүүлж байгаагүй. Харин бид газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэхээр л эсэргүүцэж, өдийг хүртэл газраа ашиглах боломж нөхцөл бүрдүүлэхгүй саад болсоор байсан. Хариуцагчийн хувьд өөрт огт байхгүй эрхийг байгаа мэтээр эндүүрч албан ёсны зөвшөөрөлтэй газраа үйл ажиллагаа явуулахад саад болж байгаа нь огтхон ч хуульд нийцэхгүй үйл ажиллагаа болоод байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1  Зарчмын хувьд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А/486 ******* Д.Цэвээнравдан даргын захирамж гарсан байдаг. Захирамж гарахаас өмнө буюу 2014 оны 05 сард мэргэжлийн байгууллагаас уг газар дээр газар олгох боломжгүй гэсэн хууль, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт гарсан. Хүч түрээд авсан газар, товчхоноор хулгай хийж авсан газар. Би энэ процессыг яагаад сайн мэдэж байгаа юм гэхээр тухайн үед би газрын төсөл сонгон шалгаруулалтад оролцоод үйлдвэрийн районд газар авсан.

2.2 Тодорхой хууль зөрчсөн. Газар олгохдоо хууль бусаар олгогдсон. Газрын тухай хуульд тухайн газрыг олгохдоо ******* иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж дараагийн шатны байгууллагаар оруулж эцэслэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж баталснаар Засаг дарга захирамж гаргаж уг газар хүчин төгөлдөр болдог. Үзлэг хийж байхад захын кординатын цэг нь дулааны шугамтай давхцсан нөхцөл байдал үүссэн. Би нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Нийтийн эрх ашиг зөрчигдсөн байгаа. Хэдий би тэр хашаанд амьдардаггүй ч гэсэн, манай эцэг, эх амьдардаг. Би хүүхэд ахуй насаа тэр хашаанд өнгөрөөсөн.

2.3 Хашааныхаа үүдэнд хууль бус, хулгайчуудад газар өгч барилга барих гэж байгааг би хараад дуугүй байж чадахгүй, саад хийнэ. Саад хийж байгаа нь тодорхой хуулийн үндэслэл байгаа гэдгийг сая хэллээ.... Хандах гээд бичиг баримтаа бэлдээд төлөөлөлөөрөө гарын үсэг зуруулаад нотариатаар батлуулаад Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байхад газрын албаны асуудлыг татаж үзсэн. Газрын албаны процесс дуусаагүй байгаа... Өргөдөл гомдол Засаг даргын нэр дээр очсон. Засаг даргаас Тамгын газарт цохигдсон. Тамгын газраас н.Болортуул гэдэг мэргэжилтэн дээр очоод н.Болортуулаас Газрын албаны н.Дөлбадралд очсон. Амаар 2 удаа хандаж та нар ажил хийвэл хий, хийхгүй бол би Захиргааны хэргийн шүүхэд хандмаар байна гэж хэлсэн. Энэ процесс дууссаны дараа та үндэслэлээ аваад Захиргааны хэргийн шүүхэд хандаж болно гэж хэлсэн.... Шүүх яаж үзэхийг би хэлж мэдэхгүй. Манай аавын хашааны хаалганаас уг маргаан бүхий газар 6 метрийн зайтай гэж хэмжигдсэн байсан. Манай аавынх нүүрсээ буулгах, хогоо ачихад боломжгүй байгаа. Ачааны машин 10-аас дээш метр, жижиг машин 8 метр, миний эрх ашиг зөрчигдөөгүй гэж хэлэхгүй. Миний аавын хашааны хаалгыг хаагаад хууль бусаар барилга барих гэж байгаа... Уг газар нь манай аавын нэр дээр байгаа. ...Маргаан гараад байгаа газрын доорх орон сууц бүхий байранд амьдардаг байгаа. ...Тэр олон хүний нийтийн эрх ашгийг зөрчиж байгаадаа дүгнэлт хийх ёстой.

2.4 Монгол улсад хууль дүрэм гэж байдаг байх. Газрын тухай хууль дүрэм зөрчигдөж байна гэж би монгол хэлээр маш олон удаа хэлж байхад хүндэтгэж үзэхгүй явж байгаад сүүлдээ шүүх рүү орж байна. Намайг янз бүрээр хэлж болно. Мэдүүлэг дээрээ ч гэсэн хурлын төлөөлөгч гэдгээрээ далайлгаад гэсэн байсан. Хурлын төлөөлөгч ч байна уу, хэн ч байна шүүхийн өмнө тэгш эрхтэй. Зөрчигдөж байгаа эрхээ сэргээлгэх тухайн газартай холбоотой маргаан дээр эрх бүхий байгууллагыг дуудаж үзэж харуулах эрх нь Монгол улсын иргэн бүрт байдаг. Сайн бодож үзээрэй. Болохгүй шүү. Тэнд өчнөөн олон хүн амьдарч байна. 2014 онд үгсэн нийлээд хулгайлаад авч болно. Өнөөдөр 2023 он. Юм өөр болж байна. Цаг үетэйгээ нийцэж ажиллах нь зөв болов уу гэж бодож байна гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2023/00154 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар ******* ХХК-д олгогдсон Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлалтай нэгж талбарын 8414002050 дугаартай, 300 метр квадрат газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад учруулахгүй байхыг хариуцагч С.*******өд даалгаж,

3. 2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******өөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга:

4.1 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс миний биед хариуцуулан ******* багт 300 мкв газар үйлчилгээний төв барих барилгын ажилд саад хийхгүй байхаар даалгасан шийдвэр гаргасан. Газрын тухай хуульд зааснаар зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрх цуцлагдах, зарим инженерийн байгууламжтай уг газар давхацсан зэргийг харгалзан үзэлгүйгээр саад хийхгүй байхаар даалгаж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Бадамцоодол түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1

 

        ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч С.Батмөнхөд холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300м2 газарт үйлчилгээний төвийн барилгын ажил хийх, хамгаалалтын хашаа татахад саад хийхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: манай компани нь зарласан тендерийн дагуу зохих баримт бичгийг бүрдүүлэн газар сонгон шалгаруулалтанд оролцсон.  2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай “газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “*******” ХХК-нд үйлчилгээний төв байгуулах зориулалтаар 300м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Тус компани үйлчилгээний төв барихаар 3 удаа хашаа татахад иргэн С.******* нь “танай компани газрыг хууль зөрчиж авсан, барилга барих эрхгүй” гэж 3 удаа хашааг буулгасан тул түүний үйлдлийг зогсоохоор шүүхэд хандсан гэжээ.

4. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “*******” ХХК-ийн  улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай “газар эзэмшүүлэх тухай” захирамж, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300м2 газрын кадастрын зураг, хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гарган өгчээ.

5. Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна. Үүнд Нэг. “*******” ХХК-нд уг газрыг анх олгохдоо мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарчихсан байхад хууль зөрчиж газрыг олгосон. Мөн газар олгосноос хойш 2 жилийн хугацаанд ашиглахгүй бол хүчингүй болох ёстой. Гэтэл  “*******” ХХК нь 2014 оноос хойш ашиглаагүй гэж,

Хоёр. Уг газарт “*******” ХХК нь үйлчилгээний төв барих юм бол хажууд нь байгаа 48 айлын орон сууц болон манай хашааны хаалганы орж гарах гарцыг хаахаар байна гэж тус тус тайлбарласан байна.

6. Шүүх нэхэмжлэгч “*******” ХХК нь уг газрын шударга эзэмшигч мөн байх тул эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

7. Хариуцагч С.******* нь “Газрын тухай хуульд зааснаар зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрх цуцлагдах, зарим инженерийн байгууламжтай уг газар давхацсан зэргийг харгалзан үзэхгүйгээр саад хийгүй байхыг даалгаж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр тул давж заалдах шатны шүүх гомдол гаргаж байна” гэжээ.

7.1 Хэрэгт авагдсан “*******” ХХК-ийн  улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/486 дугаартай “газар эзэмшүүлэх тухай” захирамж, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300м2 газрын кадастрын зураг, хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч “*******” ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлалтай, нэгж талбарын 8414002050 дугаартай, 300м2 газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь тогтоогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар “нэхэмжлэгч ******* ХХК нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч С.*******ийн хууль бус үйлдлийг зогсоохыг түүнээс шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

7.2 Хариуцагч С.*******ийн “******* ХХК нь уг газрыг хууль бусаар авсан” гэх тайлбар, татгалзал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн “нэхэмжлэгч ******* ХХК нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч С.*******ийн эрх зөрчигдөж байгаа талаар хариуцагч С.******* нь шүүхэд нотлох баримт гарган өгч мэтгэлцээгүй” байна.

Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг  үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” хуульд үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.

8. Хариуцагч С.*******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2023/00154 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.*******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн  дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР