Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 31

 

Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаар магадлалтай, Б.Э-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н Э-.

Б.Э- нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, Хөтөл хорооллын задгайд өөрийн гэртээ Ж.Д-тэй маргалдан түүний цээжинд нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 13 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа гаргасан гомдолдоо “...Б.Э-д анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгаж, 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 136 дугаар магадлалаар “...ойлгомжгүй дүгнэлт хийж шүүгдэгчид эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний ял оногдуулсан нь шүүхийн хийсэн дүгнэлт гэмт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, ял шийтгэлийг шүүгдэгчийн гэм буруугаас гадна учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж оногдуулаагүй нь шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна...” гэж ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулсан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт хийж ялыг хүндрүүлж оногдуулах дүгнэлт хийж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасанд гомдолтой байна.

Давж заалдах шүүхийн магадлалын үндэслэлээр Б.Э-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр тогтоосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байтал давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 136 дугаар магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “...хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасныг зөрчсөн байх тул хянаж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ. 

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.Э-н үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон. Амь хохирогч нь шөнөөр халамцуу Б.Э-н гэрт ирж, түүнтэй маргалдан зүрхэндээ хутгалуулж нас барсан. “Анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүх Б.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, Хөтөл хорооллын задгайд өөрийн гэртээ архи уун согтуурч, улмаар хамт архи уусан Ж.Д-тэй маргалдан түүний цээжин тус газар хутгаар нэг удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин Б.Э-ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн зүгээс өөрийн үйлдэлдээ гэмшиж буй хандлага, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг дүгнэж түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял, түүнийг эдлүүлэх хорих ангийн дэглэмийг хөнгөрүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд хорих ялыг хөнгөрүүлсэн, дэглэм сольсон өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн “...ял хөнгөрүүлэх” агуулгатай гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар 08 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар магадлалд “шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил хорих ял шийтгэсүгэй”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН