Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 201/МА2023/00018

 

Дорнод худалдаа ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 138/ШШ2023/0159 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК

Хариуцагч *******т холбогдох,

Дутагдуулсан 74 тооны үхрийн үнэд 81 566 662 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч *******ын өмгөөлөгч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2010 оноос эхлэн малчин *******тай мал маллах гэрээ байгуулан компанийн малыг маллуулсан. Гэрээг жил бүр дүгнэн дахин шинээр байгуулдаг. Малчинтай байгуулсан гэрээний дагуу бид сар бүр ажлын хөлсөнд 600 000 төгрөг төлдөг. Цалингаа Хас банкны дансаар авдаг байсан. Бид 2021 онд гэрээг дүгнэн 2021 оны 03 сарын 22-ны өдөр 01 дугаартай малчинтай байгуулах гэрээг байгуулсан ба гэрээний дагуу бух 2, нас гүйцсэн үнээ 113, эр үхэр 4, хязаалан эр үхэр 32, шүдлэн эр үхэр 28, шүдлэн эм үхэр 26, бяруу эр нь 30, эм нь 30, уналганы морь 4, нийт 269 тооны мал хүлээлгэн өгсөн. 2021 оны 11 сард захирал өөрийн биеэр хөдөө мал руугаа очиж малаа тоолоход уналганы 4 морийг оруулахгүйгээр 198 тооны мал тоолсон, 67 тооны мал дутсан. 2022 оны 03 сард дахин мал тооллого хийхэд 86 тооны мал мөн л дутсан. Өмнөх тооллогоос хойш үнээ 2, эр бяруу 2, нийт 4 үхэр үхсэн, хязаалан насны 20 эр үхэр бойнд, захирал өөрөө 1 шүдлэн эр үхэр идшинд хэрэглэсэн ба нийт 25 толгой малын зарлага гарсан. 2022 оны 04 сарын 02-ны өдөр өөр малчин буюу *******д малаа хүлээлгэн өгөхөөр очин, малаа хүлээж авахад өмнө тоологдсон 159 толгой мал нэмэгдсэн байсан. Баярцэнгэлд Ганбаярын маллаж байсан малыг хүлээлгэн өгөхөд бух 2, үнээ 73, эр үхэр 4, хязаалан эр үхэр 1, шүдлэн үхэр эр нь 20, эм нь 20, бяруу эр нь 28, эм нь 18, уналганы морь 4, нийт 170 толгой мал тоолж хүлээлгэж өгсөн. Компанийн захирлын тушаалаар дутагдуулсан малыг зах зээлийн үнээр тооцож төлүүлэх, өр авлагыг барагдуулж тооцоо нийлэхийг ня-бо ******* надад үүрэг болгосон. Үүний дагуу бид хохирлоо тооцож байгаа ба үнээ 1 бүрийн үнэ 1 500 000, хязаалан эр үхэр 1 бүрийн үнэ 1 500 000, шүдлэн эр үхэр 1 бүрийн үнэ 900 000, эм нь 1 000 000, бяруу эм 1 бүрийн үнэ 500 000 төгрөг бүгд нийлээд дутаасан малын үнэ 91 700 000 төгрөг болсон. Иймд хариуцагч *******аас үнээ 38, хязаалан үхэр 11, эр шүдлэн 8, эм шүдлэн 5, эм бяруу 12, нийт 74 толгой малыг үнэлгээний газрын үнэлсэн үнэлгээгээр тооцож 81 566 662 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорнод худалдаа ХК-ийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээр дамжуулан малын төлбөр тооцоотой холбоотой асуудлаар 91 700 000 төгрөг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нотлох баримт болон хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө. гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 74 тооны үхрийн үнэд нийт 81 566 662 /наян нэгэн сая таван зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616 450 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 565 783 /таван зуун жаран таван мянга долоон зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК-д олгож,... шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагааны хэд хэдэн ноцтой алдаа гаргасан нь тухайн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шинжийг хангаж чадаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон.

Тодруулбал, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан малын зах зээлийн үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 138/ШЗ2022/02354 дүгээр шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар тус байгууллагаас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Р22-353 дугаартай дүгнэлтийг гаргаж шүүхэд хүргүүлсэн ба тухайн шинжээчийн дүгнэлттэй хариуцагч болон түүний өмгөөлөгч би огт танилцаагүй. Надад танилцуулаагүй нь агуулгаараа өмгөөлөгч надад хэргийн материалтай танилцуулаагүйтэй нэгэн адил юм.

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх шинжээчийн дүгнэлт гарсан эсэх талаар хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарт огт мэдэгдэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, тухайн сэргээсэн шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан ...шүүхийн өмнө эрх тэгш байх... гэх зарчимтай нийцэхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр товлон зарлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу хариуцагч ******* болон өмгөөлөгч Ц.Энхболд надад мэдэгдээгүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч болон түүний өмгөөлөгч нарт хуралдааны товыг мэдэгдсэн мэтээр тайлбарлаж бичсэн нь үндэслэлгүй байна.

Иймд хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, процесс алдаа гаргасан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн дээрх хууль бус үйлдлийг давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйлгүй, өмгөөлөгч тайлбар гаргана. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ц.Энхболдын хувьд *******ын хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр нь оролцож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийн үүргийг биелүүлэх ёстой. Гэтэл шүүхийг буруутгасан зүйл ярьж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Энэ үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй байна. Гомдол гаргах эрхээр хангаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Хэрэг сэргээсэн захирамжийг өөрийнх нь и-мэйл хаягаар хүргүүлсэн байгаа. Хэрэв өөрчилсөн бол өөрөө тухайн өөрчилсөн хаягаа шүүхэд мэдэгдэх ёстой. ... Анхан шатны шүүх хуралдаан эхлэх цагаасаа 30 минутын дараа эхэлсэн. Энэ өмгөөлөгчийг хүлээсэн. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байгаа тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналыг гаргасан. ... Ер нь өмгөөлөгч өөрийн биеэр шүүх хуралдаанд ирэх ёстой байсан. Шүүх Ц.Энхболд өмгөөлөгчийн тааллаар анхнаасаа харьцаж ирсэн. Ирж хэргийн материалтай танилцаагүй. Цахимаар хэрэгтэй танилцаж байсан. ... Энэ бүх байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. *******ын хувьд хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж ирсэн. Энэ бүгдэд хуулийн үндэслэл журмын дагуу хандсан. Өөрсдөө үүргээ эхлээд биелүүлэх ёстой байсан. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүхээс ******* ХХК-иар үнэлгээ гаргуулж 2022 оны 11 сарын 29-ний өдөр шинжээчийн дүгнэлт ирсэн юм байна. Гэтэл шүүх хэргээ шууд сэргээгээд шүүх хуралдааныг зарлаж болохгүй. Бидэнд танилцуулж гомдол гаргах эрхээр хангах ёстой байсан. Би 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй байсан. Миний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр юм.

Дараагийн дугаарт хуулинд шүүх хуралдаан хэзээ хаана болохыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэтэл ийм ажиллагаа огт хийгдээгүй байна. Хуурамчаар хариуцагч болон түүний өмгөөлөгчид мэдэгдсэн мэтээр баримт үйлдсэн байна. Хэргийн оролцогч нарт хуралдааны товоо мэдэгдээгүй байж хуралдааныг үргэлжлүүлж байгааг нь ойлгоогүй өнгөрсөн. Нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах бүрэн боломжтой байсан. Би арга буюу ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийг сахилгын хороонд мэдэгдэж гомдол гаргасан байгаа. Анхан шатны шүүхийн үйл ажиллагааг үнэхээр ойлгохгүй байна. Нэхэмжлэлтэй холбоотой үндэслэл тайлбар гаргах ямар ч боломжгүй байна. Давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболдын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч *******ын өмгөөлөгч Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК нь хариуцагч *******т холбогдуулан дутагдуулсан 74 тооны үхрийн үнэд 81 566 662 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Хариуцагч ******* нь нийт 170 толгой малыг компанид хүлээлгэж өгч, 74 тооны үхэр дутагдуулсан. Компанийн зүгээс дутагдсан малын төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах талаар *******т мэдэгдэл өгсөн боловч мэдэгдлийг хүлээж авдаггүй, шүүхэд ханд гэсэн. ... ******* нь хариуцсан малыг хүлээлгэж өгсний дараа дутаасан 74 тооны малаа малаар болон мөнгөөр 2 жилийн хугацаанд төлнө. гэсэн баримтыг үйлдсэн байдаг. Хариуцагчийн зүгээс малыг дутаагаагүй гэж маргадаггүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359, 189 дүгээр зүйл, малчинтай байгуулсан гэрээний 3.8-д зааснаар *******аас дутагдуулсан 74 толгой үхрийг үнэлгээний газрын үнэлсэн үнэлгээний дагуу тооцож 81 566 662 төгрөгийг шаардах эрхтэй. ... гэж,

4. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ. /хх 18/

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК нь 2010 оноос эхлэн хариуцагч *******тай малчинтай байгуулах гэрээ байгуулан, компанийн малчнаар авч ажиллуулсан ба жил бүр гэрээгээ дүгнэж, гэрээг шинэчлэн байгуулдаг байсан, талуудын хооронд 2010-2020 онуудад малчинтай байгуулсан гэрээний талаар болон мал дутагдуулсан тухай ямар нэгэн маргаан гарч байгаагүй, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Шинэбаяр нь хариуцагч *******ынд очиж үхрээ тоолсон ба нийт 265 үхэр байхаас бэлэн тоологдсон 198, 67 үхэр дутагдуулсан ба энэ тухай Мал тооллогын акт үйлдсэн, /хх 7/ 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК-иас хариуцагч *******ынд очиж дахин тооллого хийхэд бэлэн 159 үхэр тоологдож, 86 тооны үхэр дутагдуулсан ба энэ талаар бүртгэл тооцоог бичгээр гаргаж, малчин *******, тооллого хийсэн нягтлан бодогч *******, малын даамал Б.Хуягбаатар нар гарын үсгээ зурж, санхүүгийн тамга тэмдэг дарсан, /хх 60/ нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК нь хариуцагч *******аас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нийт 170 тооны мал хүлээж авсан, /хх 8, 10/ хариуцагч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод худалдаа ХК-д малчин ******* нь 74 тооны үхэр дутагдуулснаа хүлээн зөвшөөрсөн тухай баримт үйлдэж өгсөн зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдсон байна. /хх 9/

6. Нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК нь хариуцагч *******ын дутагдуулсан 74 тооны үхрийн үнэ 91 700 000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр ******* ХХК үнэлгээ хийж, тус компанийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 74 тооны үхрийн үнийг 81 566 662 төгрөгөөр /нас гүйцсэн үнээ 38х1 383 333 төг= 52 566 654 төг, хязаалан эр үхэр 11х 1 366 667 = 15 033 337 төг, шүдлэн эр үхэр 8х 566 667 төг = 4 533 336 төг, шүдлэн эм үхэр 5х 566 667 = 2 833 335 төг, эм бяруу 12х 550 000 төг = 6 600 000 төг, нийт 81 566 662 төг/ үнэлсэн ба шүүх энэхүү үнэлгээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

7. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан. Зохигчдын хооронд байгуулагдсан Малчинтай байгуулах гэрээнээс үзэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

8. Зохигчдын хооронд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Малчинтай байгуулах 01 дугаар гэрээний 1.4-т Малчныг гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар хяналт тавих, ... маллагааны зөрчил, дутагдал гаргахгүй байхыг шаардах, хэрэв зөрчил гаргавал зөрчлөөс үүдэн гарсан хохирлыг нэхэмжлэх ... гэж, 3.8-д Компанийн малыг дутагдуулбал малаар нь өгөх буюу тухайн үеийн зах зээлийн үнээр төлж байгууллагыг хохиролгүй болгоно. гэж тус тус заажээ.

Мөн хариуцагч ******* нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК-д Тус компанийн малчин ******* миний бие хариуцан маллаж байсан үхрээс үнээ 38, хязаалан үхэр 11, шүдлэн 8 эр, эм шүдлэн 5, бяруу 12 дутсан нь үнэн болно. Нийт 75. Эдгээр дутсан малаа малаар болон мөнгөөр нь 2 жилийн хугацаанд төлөх болно. ... гэсэн баримт үйлдэж өгсөн байна.

9. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

10. Хариуцагч *******ын өмгөөлөгч Ц.Энхболд ... шинжээчийн дүгнэлттэй хариуцагч болон түүний өмгөөлөгч би огт танилцаагүй, ... шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр товлон зарлахдаа ... хариуцагч ******* болон өмгөөлөгч Ц.Энхболд надад мэдэгдээгүй, ... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, тухайлбал: анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд зайнаас оролцохоор хүсэлт гаргаж, цахим оролцогчийн баталгааны баримт, ... эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт, хэрэг танилцуулсан баримтанд тус тус гарын үсэг зурсан байна. Мөн тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувдын хариуцагчийн дутагдуулсан малын үнэлгээний талаар ... 2022 оны хавар дутагдуулсан тухайн үеийн ханшаар үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг хариуцагч *******ын өмгөөлөгч Ц.Энхболд дэмжиж оролцсон байна. /хх 30-39/

Анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 138/Ш2023/00406 дугаар шүүгчийн захирамжаар Дорнод худалдаа ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 09.00 цагт явуулахаар тогтоосныг мөн өдрөө зохигчдод мэдэгдэхэд хариуцагч *******, түүний өмгөөлөгч Ц.Энхболд нар За ойлголоо гэжээ. /хх 53-55/

Мөн шүүхээс 2023 оны 02 сарын 02-ны өдөр хариуцагч *******, түүний өмгөөлөгч Ц.Энхболд нартай дахин холбогдож хэргийн материалтай танилцах, ******* ХХК-ийн үнэлгээний тайлантай танилцах талаар мэдэгдэхэд хариуцагч ******* Би хөдөө байна, очиж чадахгүй, хүүгийнхээ мэйлээр танилцана. гэсний дагуу 9822 2300 дугаараар хүү *******тай холбогдож ******* хаягаар хариуцагчид хүргүүлсэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд За ойлголоо, үнэлгээтэй танилцаж байж хурал хийлгэх эсэхийг шийднэ. Мэйлээр үнэлгээтэй танилцана. гэж ******* гэсэн хаяг өгсний дагуу өмгөөлөгчид хүргүүлсэн, /хх 56-57/

Мөн шүүхээс 2023 оны 02 сарын 05-ны өдөр дахин хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболдтой холбогдож шүүх хуралдаанд биеэр оролцох талаар асуухад цахимаар оролцоно гэж хариу өгсөн, /хх 57/ 2023 оны 02 сарын 06-ны өдөр хүсэлт байгаа эсэх, Зүүмээр холбогдох зааварчилгаа өгөхөөр хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболдын 8810 5957 дугаарын утас руу 5 удаа, хариуцагч *******ын 9827 7878 дугаарын утас руу 2 удаа залгасан боловч утсаа аваагүй үйл баримтууд тогтоогдсон байна. /хх 58-59/

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1Зохигч, гуравдагч этгээд, ... хэргийн оролцогч гэнэ. гэж, 26 дугаар зүйлийн 26.1Хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна. гэж, 25 дугаар зүйлийн 25.2.2шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;, 25.2.3шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;, 25.2.4шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх;, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүргийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах;, 34.3.12шүүх хуралдаанд оролцох; 34.4.5хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох;, 76 дугаар зүйлийн 76.2Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан.

Мөн Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.11шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зохих мэдээлэл, судалгаа, бэлтгэлтэй оролцох;, 14.1.12хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох; гэж өмгөөлөгчийн үүргийг заасан байна.

13. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т тус тус зааснаар хариуцагч, түүний өмгөөлөгч нарын эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

14. Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболдын гаргасан ... шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн ... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

15. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболдоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565 783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 138/ШШ2023/00159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболдоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565 783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН

 

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

 

З.ЭНХЦЭЦЭГ