Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2023/00020

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШШ2023/00175 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* сумын Засаг дарга, түүний Тамгын газарт холбогдох

Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 96 756 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагчийн төлөөлөгч *******, *******, тэдний өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг даргын ******* оны 02 сарын 05-ны өдрийн А/01 захирамжаар тариалангийн газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа Монгол улсын хэмжээнд ******* оны 02 сарын 05-ны өдөр Тамгын газрын цахимаар болсон. Уг дуудлага худалдаагаар ******* сумын нийт 15 газар оролцсоноос миний бие газар тариалангийн зориулалттай 11 газрын дуудлага худалдаанд оролцож, нийт 5 газрын дуудлага худалдааны ялагч болсон. Улмаар ******* оны 02 сарын 09-ний өдөр ******* сумын Тамгын газрын даргатай дуудлага худалдааны ялагчтай байгуулах *******-*******-******* тоот гэрээг байгуулсан. Гэрээний 3.1-т заасны дагуу 14 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчийн үнэ болох 547 510 306 төгрөгийг ******* сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн дансанд шилжүүлсэн. Уг 5 газрын нийт хэмжээ нь 1016,06 га, нийт үнэ нь 553 783 678 төгрөг болсон. Тиймээс дэнчинд тавьсан 6 сая гаруй төгрөг дээрээ нэмж 547 510 306 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг миний бие Төрийн банк дахь хугацаатай мөнгөн хадгаламжийн ******* тоот гэрээгээ цуцалж, Хас банкны ******* тоот дансандаа шилжүүлж төлсөн. 2020 оны 10 сарын 13-ны өдөр миний бие Төрийн банкинд 550 100 967,81 төгрөгөөр жилийн 12,9 хүүтэй, 370 өдрийн хугацаатай хадгаламж нээсэн. Гэрээний нөхцөлд хүүгээр арвижих хадгаламжийн үндсэн дансанд хүү олгох ба хүүгээс хүү тооцогдож жилийн бодит хүү 13,69% байна гэж заасан. Миний бие газар тариалан эрхлэхээр нэг гишүүнтэй ХХК-ийг байгуулж, ******* оны 3 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан. ******* оны 04 сарын 06-ны өдөр ******* сумын Засаг даргын А/61 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Улмаар тариалангийнхаа газарт тариа тарихаар бэлтгэл ажлуудыг хөөцөлдөж хөдөө орон нутгаар явж байх үед буюу ******* оны 9 сарын 9-ний өдөр дансанд мөнгө орж ирсэн тухай мессеж миний гар утсанд гэнэт ирсэн. Гайхаад лавлатал ******* оны 8 сарын 24-ний өдөр ******* сумын Засаг даргын захирамж хүчингүй болгох тухай А/97 тоот захирамж гарсан болохыг мэдсэн. Уг захирамжаар миний дуудлага худалдаагаар авсан газруудын эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Ингээд хүчингүй болсон захирамжаа сэргээлгэх нэхэмжлэлийг ...Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2022 оны 1 сарын 7-ны өдрийн 116/ШШ2022/0002 тоот шийдвэрээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх ...хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирол болох хугацаатай хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлаагүй байсан бол олох ёстой байсан хүүгийн орлого 96 756 500 төгрөгийг ******* сумын Засаг дарга, түүний тамгын газраас гаргуулахаар шаардаж, энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Газар эзэмшүүлэх, тариалангийн дуудлага худалдааг явуулах тухай захирамж анхнаасаа хууль зөрчсөн болох нь Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 02 дугаартай шийдвэрээр тогтоогдсон байдаг. Иймээс Засаг даргын захирамж нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн нь үндэслэлтэй байна. Хууль зөрчсөн үр дагаврыг арилгах буюу түүнд учирсан хохирлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зохицуулсан байгаа. Нэхэмжлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй. Үүний дагуу өөрт учирсан хохирол болох 96 756 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь дуудлага худалдаанд орж, ялагч болсон газартаа судалгаа хийж ******* сум руу хэд хэдэн удаа ирж, очсон болон бусад зардлыг нэхэмжлээгүй. .... Төлбөрийг шилжүүлсэн талаар талууд маргадаггүй. Иймээс газрын төлбөрийг шилжүүлсэн учраас олох ёстой байсан орлогоос 96 756 500 төгрөгийг нэхэмжилж байна. ... Төрийн банкнаас гаргаж өгсөн 43-16/79 дугаартай албан бичиг дээр нийт хугацаанд 2020 оны 10 сарын 13-ны өдрөөс ******* оны 02 сарын 09 хүртэл хугацаанд хадгаламжид 700 гаруй сая төгрөгт хүү бодогдоод явж байсан. 370 хоногийн хугацаанд хэвээрээ байршуулсан бол 96 756 500 төгрөг авна гэдгийг гаргаж өгч байсан.

... Шинэбаярын хувьд Иргэний хуулийн 228.1 229.1-д заасан олох ёстой байсан орлого гэж үзэж байгаа юм. Энэ мөнгөө хадгалуулаад орлогоо нэмээд хүүгээ авах байсан. Гэм хор учруулаагүй байсан бол энэ орлогыг олно гэж нэхэмжилж байгаа юм. Төрийн байгууллагын гаргаж байгаа шийдвэртэй холбоотой гэм хорын хохирол үүссэн. Бодогдсон байсан 19 131 685.71 төгрөгийн хүүг Төрийн банк олгоогүй. Олгоогүй учраас хадгалуулсан хугацааны хүү ч олдоогүй. Хариуцагч талын хувьд ХХК-тай холбогдуулж байх шиг байна. Эрх шилжүүлэхээс өмнө энэ үйл явдал хууль зөрчөөгүй байсан хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй байсан. Хадгаламжийн хүүний асуудал гэрээний асуудал нь хөдлөшгүй нотлох баримт болгоод гэрээн дээр тодорхой заасан байгаа учир нотлох баримтуудыг хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 56.1.1, 56.2, 497.1, 498.1, 498.2 дахь заалтыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* болон хариуцагч нарын өмгөөлөгч нар хариу тайлбартаа: Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 476 дугаар тогтоолоор Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд ...атаршуулж олон жил орхигдсон 60,0 мянга га талбайг эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж, тариалангийн талбайн зүй зохистой газар ашиглалтыг хянах, эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулах нөхцөл бүрдсэн байна гэж тусгагдсаны дагуу  ...Онон голын хойд талын атаршсан газрыг эргэлтэд оруулах саналыг Хил хамгаалах ерөнхий газарт 2020 оны 4 сард хүргүүлсний дагуу ...тус газраас Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам-ын дагуу холбогдох материалыг тухай бүр нь бүрдүүлж зөвшөөрөл авч байх талаар албан бичгээр хариу ирсэн. Үүнийг бид Засгийн газрын зохих зөвшөөрлийг авсан гэж ойлгож байсан. Ингээд тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 2-р хуралдааны 06 дугаар тогтоолоор ******* сумын ******* оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, ...сумын Засаг даргын ******* оны 01 сарын 05-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдааг ******* оны 02 сарын 05-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулсан. Дуудлага худалдаанд ...иргэн ******* нь 11 нэгж талбарт оролцохоо илэрхийлж, дэнчинг байршуулан, 5 нэгж талбар буюу 1016,0910 га газрыг 553 733 674 төгрөгөөр ялагч болсон бөгөөд бид ялагчтай байгуулах гэрээг *******тай байгуулсан. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 11.8-д "Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр өөрийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлэн авах этгээд нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгааг бичгээр нотолсон байна. гэж заасны дагуу ******* нь өөрийн ялагчийн эрхээ ХХК-д шилжүүлсэн. ХХК нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авсан тул сумын Засаг даргын ******* оны 04 сарын 06-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар Онон ХХК-д 1016,0910 га газрыг эзэмшүүлсэн. Гэвч ******* оны 08 сарын 12-ны өдрийн 1/1626 дугаартай аймгийн Засаг даргын албан бичигт Онон ХХК-д 1016,0910 га газрыг эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох арга хэмжээг авах гэсэн агуулгатай байсан. Үүний дагуу сумын Засаг даргын ******* оны 08 сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжаар сумын Засаг даргын ******* оны А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын Тамгын газраас *******т дуудлага худалдааны үнэ болох 553 733 674 төгрөгийг ямар нэгэн шимтгэлгүй буцаан олгосон. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Захиргааны ерөнхий хуулийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. гэж заасан боловч нэхэмжлэгч ******* нь уг хуульд заасан шаардах эрхийг эдлэхгүй юм. Учир нь ******* дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн ч өөрийн ялагчийн эрх буюу газар эзэмших эрхээ Онон ХХК-д шилжүүлсэн, дуудлага худалдааны ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг Онон" ХХК шилжүүлэн авч газар эзэмших эрхтэй болсон байсан. Уг дуудлага худалдаа болон сумын Засаг даргын захирамжтай холбоотойгоор гомдол гаргах, хохирлоо шаардах эрх нь зөвхөн Онон ХХК-д бий. Тиймээс ч Онон" ХХК-ийн эрх ашгийг хохироосон гэсэн үндэслэлээр тус компаниас сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага нь өөрийн үйл ажиллагаанаас " Онон" ХХК-д биш, *******т учирсан гэх хохирлыг хариуцах үндэслэл байхгүй байна. ...Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хугацаатай хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлаагүй бол олох ёстой байсан хүүгийн орлого 96 756 500 төгрөг гэдэг нь ямар тооцоолол, баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Мөн хадгаламжийн гэрээнд заасан хэдэн хувийн хүүгээр тооцсон нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь дуудлага худалдааны үнэ 547 510 306 төгрөгийг төлөхийн тулд хугацаатай хадгаламжаа цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдалд хадгаламжаа цуцлахад хүргэсэн нэг бодит шалтгаан нь Корона вируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд ******* оны 01 сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох болсонтой холбоотой байсан гэж үзэж байна. ...Түүнчлэн нэхэмжлэгч нь 96 756 500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хоёр хариуцагч татсан боловч хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах нь одоо хүртэл тодорхойгүй байна. Сумын Засаг дарга нь бие даасан төсөвгүй, хуулийн этгээдэд тооцогдохгүй хувь хүн байдаг. Харин сумын Засаг даргын тамгын газар нь бие даасан төсөвтэй, хуулийн этгээдэд тооцогддог. Иймд нэхэмжлэгч нь хохирлоо сумын Засаг дарга гэдэг хувь хүнээс нэхээд байна уу, сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжилж байна уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Хариуцагч нар нь дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул *******ын гаргасан 96 756 500 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч тал сумын Засаг даргаас зарласан дуудлага худалдаа хууль зөрчсөн гэж байна. ******* оны 01 сарын 05-ны өдрийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Харин сумын Засаг даргын ******* оны 61 тоот ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хуульд нийцээгүй байна гэж гаргасан шийдвэрийг захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болгох нь зөв байжээ гэж дүгнэсэн. Энэ сумын Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж бол Онон ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж байгаа. Анхны ******* оны 01 сарын 05-ны өдрийн захирамжийг хууль бус учраас эрх нь үүсч байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Онон ХХК-д ямар нэгэн хохирол учирсан бол тэр асуудлыг ярьж болно. Одоо Онон ХХК нь хохирсон гэдэг асуудал гаргаагүй байна. Тийм учраас нэхэмжлэгчид ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаагүй, иргэний хувьд гаргасан учир Иргэний хуулийн 498.1 дэх заалт хангагдахгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус зааснаар хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас Төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлогод 77 624 814,29 /далан долоон сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун арван дөрвөн төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 131 685,71 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 641 735.50 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 546 074 /таван зуун дөчин зургаан мянга далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,... шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч *******, ******* нар давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар зөв дүгнэсэнгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 11.2-д зааснаар ******* сумын Засаг даргын Тамгын газар нь дуудлага худалдааны ялагч *******тай ******* оны 02 дугаар сарын 09-ний өдөр *******-*******-******* дугаартай Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ-г байгуулсан боловч дээрх журмын 11.8-д зааснаар ******* нь дуудлага худалдааны талаар ямар нэг гомдол гаргалгүйгээр өөрийн ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг ХХК-д шилжүүлсэн. Иймд уг гэрээний нэг талыг өөрийн эрх, үүргээ бусдад шилжүүлсэн буюу гэрээний нэг талыг өөрчлөгдсөн гэж үзэх нь зөв. Гэрээний нэг тал өөрчлөгдсөний дараа гэрээний нөгөө тал болох ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хохирол шаардах нэхэмжлэл гаргах, хохирол шаардах эрхийг мөн л гэрээний нөгөө тал болох ХХК хэрэгжүүлэх эрхтэй. Гэрээний оролцогч биш болсон *******т Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ-тэй холбогдуулан шүүхэд хохирол нэхэмжлэх эрх байхгүй болсон гэж үзэж байна. Иймд шүүх ******* шаардах эрхтэй гэж буруу дүгнэсэн.

2. Шүүх Коронавируст халдвар /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийг хэрэглэсэнгүй, мөн хохирлын хэмжээг зөв тодорхойлсонгүй.

а/ Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Төрийн банкны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээнээс үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 550 100 967.81 төгрөгийг 370 хоногийн хугацаагаар жилийн 12.9 хувийн хүүтэйгээр, хэрэв хадгаламжийг хугацаанаас өмнө цуцлавал олгох хүүг 3.6 хувийн хүүтэйгээр тохирч хадгалуулсан байна.

******* оны 02 дугаар сарын 08-ны өдөр хадгаламжийг цуцлах хүртэл банк 12.9 хувийн хүүгээр бодож сар бүр буюу 2020 оны 11 дүгээр сарын 22-нд 6 026 996.63 төгрөгийн хүү, 2020 оны 12 дугаар сарын 12-нд 5 832 577.38 төгрөгийн хүү, ******* оны 01 дүгээр сарын 12-нд 7 272 11.70 төгрөгийн хүү, нийт 19 131 685 төгрөгийн хүү хадгаламжийн дансанд олгосон ч сар бүрийн хүүг олгосон өдөртөө зарлага болгон өөр дансанд шилжүүлсэн байна. Харин хадгаламжийн гэрээ цуцалсан өдөр хугацаа цуцалсны торгуульд 11 808 801 төгрөгийг үндсэн данснаас суутгаж авсан нь дансны хуулгаас үзэхэд тодорхой байна. Уг хадгаламжийн нөхцөл нь хадгаламжийн хугацаа дуусахад нийт бодогдсон хүүг дансанд нь олгодог байна.

Нэхэмжлэгч хадгаламж нээлгэснээс хойш 119 хоног болоод гэрээгээ цуцлан, ******* оны 02 дугаар сарын 08-нд хадгаламжаасаа 470 сая төгрөгийг дуудлага худалдааны төлбөр төлөх зорилгоор шилжүүлсний дараа хугацаагүй хадгаламжийн дансны үлдэгдэл 291 791 666.79 төгрөг болсон нь уг дансны хуулгаас үзэхэд тодорхой байна.

Нэхэмжлэгч хугацаагүй хадгаламжинд үлдсэн 291 791 666.79 төгрөгөө үргэлжлүүлэн хугацаатай хадгаламж болгон хадгалж, анхны хадгаламжийн гэрээ дуусах хугацаа болох ******* оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 251 хоногийн турш үргэлжлүүлэн хадгалж хүү авах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч өөрөө боломжоо ашиглаагүй байхад шүүхээс уг мөнгөний хүүг авах боломжийг алдагдуулсан гэж хариуцагчийг буруутгаж, уг хүүгийн орлогыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд байсан 470 сая төгрөгийг ******* оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өөрийнх нь дансанд буцаан олгосон гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд хариуцагч нь энэ хугацааны талаар маргаагүй. Нэхэмжлэгчийн хадгаламжийн хугацаа дуусах өдөр нь ******* оны 10 дугаар сарын 18-ны өдөр байсан тул энэ нь уг хугацаа болохоос 39 хоногийн өмнө мөнгийг буцаан олгосон гэсэн үг юм. Иймд уг 39 хоногийн хүүг хариуцагч хариуцан төлөх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл нэгэнт өөрийнх нь мөнгийг буцаан олгосон тул нэхэмжлэгч мөнгөө үргэлжлүүлэн банкинд хадгалуулж үлдсэн 39 хоногийн хүүг авах боломжтой байсан. Гэтэл уг 39 хоногийн хүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь 470 сая төгрөгийг ******* оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс ******* оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 7 сар буюу 212 хоног өөрийн дансанд байлгасан. Иймд хохирлын хэмжээ нь уг 7 сарын хүүгээр хязгаарлагдах ёстой байсан.

б/ Төрийн банкнаас шүүхийн журмаар гаргуулж авсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг 2020 оны 10 дугаар сарын 13-нд хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулах үед Төрийн банкны захирлын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/105 тоот Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл шинэчлэн батлах тухай тушаалын дагуу иргэдийн хугацаатай хадгаламжийн хүү 370-730 хоногтойд жилийн 10.30 хувь байжээ. Нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нээлгэсэн хадгаламжийн хүү нь энгийн нөхцөлтэй хадгаламжаас өөр нэмэгдэл хүүтэй буюу жилийн 12.9 хувийн хүүтэй байсан. Энэхүү нэмэгдэл хүүтэй хадгаламжийг тусгай нөхцөлтэй хадгаламж гэж үздэг бөгөөд хүүгийн хэмжээг Төрийн банкны захирлын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/389 тоот Бүтээгдэхүүн, үйлчилгээний тусгай нөхцлийг шинэчлэн батлах тухай тушаалаар баталсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг тусгай нөхцөлд заасан хадгаламжийн хүүгээр хадгаламжаа нээлгэсэн байна.

Коронавируст халдвар /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуульд ******* оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орж тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг 10.4 Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монгол банкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно. гэж өөрчлөн найруулсан. Энэхүү хууль нь 2022 он дуустал хүчин төгөлдөр үйлчилсэн болно.

Нэхэмжлэгчийн хадгаламж энгийн хадгаламжаас илүү хүүтэй буюу тусгай нөхцөлтэй хадгаламж байсан бөгөөд тусгай нөхцөлтэй хадгаламжид ******* оны 02 дугаар сараас эхлэн энгийн хадгаламжийн хүү тооцохоор уг хуулиар хуульчилсан.

Төрийн банкны захирлын ******* оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/06 тоот Үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөл шинэчлэн батлах тухай тушаалаар иргэдийн хугацаатай, энгийн хадгаламжийн хүүгийн хэмжээг тэр үед 370-730 хоногтойд жилийн 8.60 хувь байхаар тогтоосон байсан. Иймд нэхэмжлэгч нь хэрэв хадгаламжаа цуцлаагүй байсан бол ******* оны 02 дугаар сараас эхлэн хадгаламжийн хугацаа дуусах 10 дугаар сар хүртэл 8.60 хувийн хүү авах байсан.

Хариуцагч нь 470 сая төгрөгийг 7 сар буюу 212 хоног өөрийн дансанд байлгасан. Энэхүү 470 сая төгрөгийн ******* оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс ******* оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 212 хоногийн 8.6 хувийн хүү нь 23 476 821.88 төгрөг болох байсан. /470 000 000*8.6%*212=23 476 821.88/ Үүнээс хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар 10 хувийг суутгавал гар дээр олгох дүн 21 129 139.70 төгрөг болох байсан.

3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө оролцоогүй, мөн өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлээгүй байхад шүүх шийдвэртээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу шүүх хуралдааныг явуулсан гэж бичсэн нь буруу болсон.

Мөн шүүх хуралдаанд энэ хэргийн нөгөө хариуцагч болох сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй бөгөөд тэрээр шүүх хурлын товыг мэдээгүй, шүүхээс түүнд товыг мэдэгдэж чадаагүйгээс шүүх хуралдаанд ирээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. гэж заасан боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрөө ирээгүй тул уг хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчийг тийнхүү хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хуралдаанд ирсэн хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагч сумын Засаг даргад холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа бол сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжүүлж болно гэж хэлсэн боловч шүүх нэхэмжлэгчийг хариуцагч сумын Засаг даргад холбогдох шаардалагаасаа татгалзсан гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийсэн байх тул шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг дахин хийх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.

 Хариуцагч нарын өмгөөлөгч М.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Цар тахалтай холбоотой хууль хэрэгжиж эхэлсэн. Шүүхээс тухайн хуулийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн хадгаламжийн хувьд энгийн хугацаатай хадгаламж биш. ... Нэхэмжлэгч анх хадгаламж нээлгэх үед 370 хоногийн хугацаатай хадгалуулсан тохиолдолд жилийн 10.2 хувь байхаар үзэглэж гарын үсэг зурсан байдаг. Гэтэл сүүлд 19.2 хувийн хүүтэй хадгаламжийн тайлбар үзүүлээд байгаа юм. Тиймээс энгийн хугацаатай хадгаламж гэж үзэх боломжгүй байна. ... Цар тахлын үед мөрдөх тухай хуулийн 10.4 дэх хэсэгт тусгай нөхцөлтэй хадгаламжийн хүүг энгийн хадгаламжийн хүүгээр тооцож олгуулах тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. ... Хуулийг хэрэглэх юм бол хадгаламжийн хүү нь 8.6 хувь байх байсан талаар Төрийн банкнаас баримт ирүүлсэн. ******* оны 11 дүгээр сарыг хүртэл хэрэгжсэн хууль байгаа.

Хохирлын хэмжээг мөн зөв тогтоогоогүй гэж үзэж байна. Анх нэхэмжлэгч 550 сая төгрөгөөр хадгаламж нээлгэсэн байсан. Явцын дунд үнэлгээг ихэсгэж 700 сая төгрөг болгосон. Ингээд хадгаламжаа цуцлаад 471 сая төгрөгийг дуудлага худалдааны төлбөр гэсэн утгатай шилжүүлсэн. 291 сая төгрөгийг ямар нэгэн байдлаар ашиглаагүй. Цаашид хадгалаад хүүг ашиглах бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүхээс 291 сая төгрөгөөс хүү тооцсон байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дуудлага худалдааг өөрсдөө зохион байгуулж бусдыг уриалчихаад гэмгүй мэт яриад байх юм. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр үндэслэлийг маш тодорхой бичсэн байгаа. Ерөнхийдөө гомдол нь шаардлага хангахааргүй байна. ... Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх хүсэлтээ гаргасан. ... Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж тайлбарлаж байна. ... Энэ хоёр төлөөлөгчийн хувьд нэг газарт ажилладаг харилцаа холбоотой хүмүүс байдаг. Нэг төлөөлөгч нь мэдээд байдаг нөгөө төлөөлөгч нь мэдэхгүй байж болохгүй. Өөрөө иргэний хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг асууж тодруулах ёстой байсан.

... Ингээд гол нь тухайн хадгаламжийг яагаад цуцалсан бэ гэдэг асуудлаас болж өнөөдрийн маргаан үүссэн байгаа. Багахан хэмжээтэйг нь авсан ч авсан л бол үлдсэн мөнгөнөөс хүү тооцох боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Түүний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн. Тухайн захиргааны байгууллагын буруутай үйлдлээс болж иргэн хохирч байна. Гэрээ үргэлжлүүлэх эсэх нь тусдаа асуудал юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч *******, ******* нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* сумын  Засаг дарга түүний Тамгын газарт тус тус холбогдуулан Төрийн албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол буюу олох байсан орлого 96 756 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... ******* сумын   Засаг   даргын   ******* оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/01 дугаар захирамжаар тариалангийн газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа Монгол улсын хэмжээнд ******* оны 02 сарын 05-ны өдөр Тамгын газрын цахимаар болсон. Уг дуудлага худалдаагаар ******* сумын нийт 15 газар оролцсоноос миний бие газар тариалангийн зориулалттай 11 газрын дуудлага худалдаанд оролцож, нийт 5 газрын дуудлага худалдааны ялагч болсон. Улмаар ******* оны 02 сарын 09-ний өдөр ******* сумын Тамгын газрын даргатай дуудлага худалдааны ялагчтай байгуулах *******-*******-******* тоот гэрээг байгуулсан. Гэрээний 3.1-т заасны дагуу 14 хоногийн дотор дуудлага худалдааны ялагчийн үнэ болох 547 510 306 төгрөгийг ******* сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн дансанд шилжүүлсэн.  Уг 5 газрын нийт хэмжээ нь 1016.06 га, нийт үнэ нь 553 783 678 төгрөг болсон. Тиймээс дэнчинд тавьсан 6 сая гаруй төгрөг дээрээ нэмж 547 510 306 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг Төрийн банк дахь хугацаатай мөнгөн хадгаламжийн ******* тоот гэрээгээ цуцалж, Хас банкны ******* тоот дансанд шилжүүлж төлсөн.

... Миний хувьд уг дуудлага худалдааны үнийг төлөхийн тулд 2020 оны 10 сарын 13-ны өдөр Төрийн банкинд 550 100 967,81 төгрөгийг, жилийн 12,9 хувийн хүүтэй, 370 хоногийн хугацаатай хадгаламж нээсэн. Гэрээний нөхцөлд хүүгээр арвижих хадгаламжийн үндсэн дансанд хүү олгох ба хүүгээс хүү тооцогдож, жилийн бодит хүү 13,69 % байна гэж заасан.

Миний бие газар тариалан эрхлэхээр нэг гишүүнтэй ХХК-ийг байгуулж, ******* оны 3 сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан. ******* оны 04 сарын 06-ны өдөр ******* сумын Засаг даргын А/61 тоот газар эзэмшүүлэх тухай захирамж гарсан. Улмаар ... ******* оны 9 сарын 9-ний өдөр дансанд мөнгө орж ирсэн тухай миний гар утсанд мессеж ирсэн. Гэтэл Баян-уул сумын Засаг даргын ******* оны 08 сарын 24-ний өдрийн захирамж хүчингүй болгох тухай А/97 тоот захирамжаар миний дуудлага худалдаагаар авсан газруудын эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан.

Дээрх ... хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирол болох хугацаатай хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлаагүй байсан бол олох ёстой байсан хүүгийн орлого 96 756 500 төгрөгийг ******* сумын Засаг дарга, түүний Тамгын газраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ... Уг хадгаламжийн данс нь 370 хоногийн хугацаанд зарлага гаргахгүй, жилийн 12,09 хувийн хүүтэйгээр бодогдох хадгаламж байсан. Хүүгээс хүү тооцвол 13,69 хувийн хүүтэй. ... Гэрээг цуцлаагүй байсан бол хүү бүтэн нэг жилээр тооцогдох байсан. ... Төрийн банк нэг жилийн хүүг 12,09 хувиар тооцож 96 756 500 төгрөг олох ёстой байсан гэж тооцоолсон учраас энэхүү мөнгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн. ... гэж,

4. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ... сумын Засаг даргын ******* оны 08 сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжаар сумын Засаг даргын ******* оны А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын Тамгын газраас *******т дуудлага худалдааны үнэ болох 553 733 674 төгрөгийг ямар нэгэн шимтгэлгүй буцаан олгосон. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа Захиргааны ерөнхий хуулийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. гэж заасан боловч нэхэмжлэгч ******* нь уг хуульд заасан шаардах эрхийг эдлэхгүй юм. Учир нь ******* дуудлага худалдааны үнийг бүрэн төлсөн ч өөрийн ялагчийн эрх буюу газар эзэмших эрхээ Онон ХХК-д шилжүүлсэн. Дуудлага худалдааны ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг Онон" ХХК шилжүүлэн авч газар эзэмших эрхтэй болсон байсан. Уг дуудлага худалдаа болон сумын Засаг даргын захирамжтай холбоотойгоор гомдол гаргах, хохирлоо шаардах эрх нь зөвхөн Онон ХХК-д бий. ... Нэхэмжлэгчийн шаардаж байгаа хугацаатай хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцлаагүй бол олох ёстой байсан хүүгийн орлого 96 756 500 төгрөг гэдэг нь ямар тооцоолол, баримтаар нотлогдож байгаа нь тодорхойгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Мөн хадгаламжийн гэрээнд заасан хэдэн хувийн хүүгээр тооцсон нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь дуудлага худалдааны үнэ 547 510 306 төгрөгийг төлөхийн тулд хугацаатай хадгаламжаа цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдалд хадгаламжаа цуцлахад хүргэсэн нэг бодит шалтгаан нь Корона вируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд ******* оны 01 сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох болсонтой холбоотой байсан гэж үзэж байна. ...Түүнчлэн нэхэмжлэгч нь 96 756 500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хоёр хариуцагч татсан боловч хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах нь одоо хүртэл тодорхойгүй байна. Сумын Засаг дарга нь бие даасан төсөвгүй, хуулийн этгээдэд тооцогдохгүй хувь хүн байдаг. Харин сумын Засаг даргын тамгын газар нь бие даасан төсөвтэй, хуулийн этгээдэд тооцогддог. Иймд нэхэмжлэгч нь хохирлоо сумын Засаг дарга гэдэг хувь хүнээс нэхээд байна уу, сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжилж байна уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Хариуцагч нар нь дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул *******ын гаргасан 96 756 500 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар ******* оны 02 сарын 05-ны өдөр хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга, түүний Тамгын газраас тус сумын 5, 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Онон голын хойно, улсын хилийн зурвас газарт байрлах тариалан /атаршсан/-гийн зориулалттай 1466.05 га 11 нэгж талбар бүхий газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийн дагуу дээрх газруудын эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахимаар зохион байгуулсан, /1хх 42-47/

нэхэмжлэгч ******* нь дэнчингийн мөнгийг байршуулан цахим дуудлага худалдаанд оролцож, нийт 5 нэгж талбар буюу 1016,06 га газрын эзэмших эрхийг нийт 553 733 674 төгрөгөөр ялагч болж, ******* оны 02 сарын 09-ний өдөр хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газартай Дуудлага худалдааны ялагчтай байгуулах тухай гэрээг байгуулсан, /1хх 13-16, 158-161/

мөн нэхэмжлэгч ******* нь дуудлага худалдаагаар авсан 1016,06 га газрын үнийг шилжүүлэхийн тулд 2020 оны 10 сарын 13-ны өдөр Төрийн банктай байгуулсан иргэдийн хүүгээр арвижих нөхцөлтэй Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-г гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 02 сарын 08-ны өдөр цуцалж, уг хадгаламжаас 470 000 000 төгрөгийг Хас банкны ******* гэх дансанд шилжүүлж тус банкны Шинэбаяр гэх данснаас газрын үнэд 547 510 306 төгрөгийг шилжүүлсэн, ******* сумын Засаг даргын ******* оны 04 сарын 06-ны өдрийн А/61 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар ... газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаанд 553 733 674 төгрөгөөр ялагч болсон Онон ХХК-д 6 дугаар багийн нутаг Онон голын хойно хавсралтад заагдсан 1016,0910 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, /1хх 14, 20, 48, 105, 107, 163-164/

хариуцагч ******* сумын Засаг дарга нь ******* оны 08 сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжаар ... ******* оны 02 сарын 05-ны өдөр ... зохион байгуулсан газрын дуудлага худалдааг хууль зөрчин явуулсан гэсэн үндэслэлээр ******* оны 04 сарын 06-ны өдрийн А/61 дугаар захирамжийг хүчингүй болгосон, /1хх 49/

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 07-ны өдрийн 116/ШШ2022/0002 дугаар шийдвэрээр ******* сумын Засаг дарга хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд А/61 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж дүгнэж, Онон ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /1хх 5-10/

******* оны 09 сарын 09-ний өдөр хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч *******ын харилцах дансанд дуудлага худалдааны үнэ болох 553 733 674 төгрөг буцаан олгогдсон зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ******* оны 02 сарын 09-ний өдрийн Дуудлага худалдааны ялагчтай байгуулах тухай *******-*******-******* дугаар бүхий гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т Дуудлага худалдааны ялагч нь газрын үнийг бүрэн төлснөөр өөрийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд шилжүүлэн авсан этгээд нь ялагчийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн зөвшөөрч байгааг бичгээр нотолсон байна. гэж заажээ.

Нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасны дагуу өөрийн ялагчийн эрх үүргээ Онон ХХК-д шилжүүлэхээр ******* сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу хариуцагч ******* сумын Засаг даргын ******* оны 04 сарын 06-ны өдрийн А/61 дугаар Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Онон ХХК-д 1016,0910 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. /1хх 48, 76/

7. Нэхэмжлэгч ******* нь ялагчийн эрх үүргээ Онон ХХК-д шилжүүлэхээс өмнө иргэний хувиар хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан цахим дуудлага худалдаанд оролцон ялагч болсон, Төрийн банк дахь өөрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээ цуцлан газрын үнийг төлсөн, ялагчтай байгуулах гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй болно.

8. Хариуцагч ******* сумын Засаг даргын ******* оны 08 сарын 24-ний өдрийн А/97 дугаар захирамжаар ... ******* оны 02 сарын 05-ны өдөр ... зохион байгуулсан газрын дуудлага худалдааг хууль зөрчин явуулсан гэсэн үндэслэлээр ******* оны 04 сарын 06-ны өдрийн А/61 дугаар захирамжийг хүчингүй болгож, улмаар ******* оны 09 сарын 09-ний өдөр хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч *******ын харилцах дансанд дуудлага худалдааны үнэ болох 553 733 674 төгрөгийг буцаан шилжүүлснээр зохигчдын хооронд маргаан үүсжээ.

9. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* сумын Засаг дарга, түүний Тамгын газар нь газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулахдаа Монгол Улсын Хилийн тухай болон Газрын тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдсон.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана., 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /.../ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч ******* өөрт учирсан хохирол буюу олох байсан орлогоо хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй.

11.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг зөв тодорхойлж чадаагүй, тооцооны алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэв.

12. Хариуцагчийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч нар нь ... нэхэмжлэгч ******* нь компанийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар зөв дүгнээгүй, ... шүүх хохирлын хэмжээг зөв тодорхойлоогүй, мөн шүүх Корона вируст халдвар/Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэглээгүй, ... шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ... тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

13. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, ... байна. гэж заасан.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан газрын дуудлага худалдаанд цахимаар оролцож ялагч болсон, ялагчийн мөнгийг Хас банк дахь өөрийн харилцах дансаар ******* сумын Засаг даргын Тамгын газрын харилцах данс руу шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ Онон ХХК-д шилжүүлснээр өөрт учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрх нь хязгаарлагдахгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх., 76.2-т зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т Зохигч, ... д шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. ..., 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. ... энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно. гэж тус тус заажээ.

 

15. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь Япон улсад явж байгаагаас шалтгаалж шүүх хуралдаанд биеэр оролцох боломжгүйгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд мэдэгдсэн, хариуцагчийн байгууллагын төлөөлөгч *******эд шүүх хуралдаан хэзээ, хаана, хэдэн цагт болох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг түүний оршин суух хаягт 2-3 удаа хүргүүлсэн боловч тэрээр шүүхэд мэдэгдсэн хаягтаа байгаагүй, холбоо барих утасны дугаар нь холбогдохгүй байсан болох нь шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглэсэн байх тул хариуцагчийн байгууллагын төлөөлөгч *******ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /2 хх 62, 63, 65/

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нарын эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг хариуцагч тал зөвшөөрсөн байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-т заасантай нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын гомдлыг үндэслэлгүй гэж үзэв. /2хх 65/

16. Корона вируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжинд энгийн хадгаламжийн хүү тооцох ... гэж заасан ба энэхүү зохицуулалт нь хугацаатай хадгаламжинд хамааралгүй учраас хариуцагч байгууллагын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

17. Анхан шатны шүүх төрийн албан хаагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан, нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй, мөн хариуцагч тал нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлын хэмжээг зөв тогтоож чадаагүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч ******* нь Төрийн банктай байгуулсан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.7-д зааснаар 550 100 967,81 төгрөгийг 370 хоногийн хугацаатай, /2020 оны 10 сарын 13-ны өдрөөс ******* оны 10 сарын 18/ жилийн 12,90 хувийн хүүтэй хадгалуулсан ба уг гэрээгээ ******* оны 02 сарын 08-ны өдөр цуцалж 470 000 000 төгрөгийг Хас банкинд шилжүүлж, Хас банкны харилцах данснаас газрын үнэд 547 510 306 төгрөгийг хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын харилцах данс руу шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хугацаатай хадгаламжаа цуцалж шилжүүлсэн 470 000 000 төгрөгийг жилийн 12,90 хувиар тооцоход, хугацаатай хадгаламжийн гэрээний хугацаа дуусахад 60 630 000 төгрөгийн хүү бодогдох байжээ. /1хх 18-20, 60/

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т зааснаар хадгаламжийн хүү 60 630 000 төгрөгөөс хадгаламжийн хүүгийн орлогын албан татварт ногдох 10 хувийг суутгаж, үлдэх 54 567 000 төгрөгийг хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ийн гаргасан гомдлоос ... шүүх хохирлын хэмжээг зөв дүгнээгүй ... гэх хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 074 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 074 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 138/ШШ2023/00175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 77 624 814,29 ... гэснийг ... 54 567 000 ... гэж, ... 19 131 685,71 ... гэснийг ... 42 189 500 ... гэж, 2 дахь заалтын ... 546 074 ... гэснийг ... 430 785 ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т тус тус зааснаар хариуцагчийн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 546 074 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 074 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

С.ОЮУНТУНГАЛАГ