Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 7

 

  Б.Б, Л.Б, Г.С нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Энхчулуун, шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Бу.Оюунбилэг, шүүгдэгч Г.С-н өмгөөлөгч Ба.Оюунбилэг, Д.Наранцэцэг, Х.Мөнгөнсүх, иргэний хариуцагч С.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 489 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 868 дугаар магадлалтай, Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох 201701000122 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Ч овогт Б.Б

2. Монгол Улсын иргэн, Я овогт Л.Б

3. Монгол Улсын иргэн, Г овогт Г.С

Б.Б, Л.Б, Г.С нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Г.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Б.Б, Л.Б нарыг нийтийн албан тушаалтан бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Л.Б  ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5.500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б  т оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б  ын нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял эдэлж эхлэх үеэс, шүүгдэгч Б.Б ы нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс тус тус тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Б   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Б , Л.Б   нар болон иргэний хариуцагч “Тиара резот” ХХК нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч нарын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...шүүгдэгч Б.Б д 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Б.Б  болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийн шинж чанартайгаар уг гомдлыг хамтран гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б  нь хувийн байдлын хувьд одоо 60 настай, эрүүл мэндийн хувьд маш муу, зүрхний өвчтэй /байнгын хэм алдагдалт, хурц дутагдалтай/, ходоодны шархтай /хагалгаа хийлгэсэн/, нүдний хараа 50 хувь устсан, нүдний даралт буюу клакома өвчтэй, уушигны сүрьеэ өвчнөөр өвдөж байсан голомттой өвчтэй /бүгд эмнэлгийн албан ёсны оношоор баталгаажсан/, байнгын эмчийн хяналтад эмчлэгдэж байсан, гуравхан настай хэнз хүүхэдтэй иргэн юм.

Б.Б нь эрх зүйн байдлын хувьд буруутгаж буй зүйл ангиар гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч шүүхэд мэдүүлсэн нь хурлын тэмдэглэлээр нотлогдож, шүүхийн шийдвэрийг бүрэн хүндэтгэж байгаа болохоо энэхүү гомдол хүсэлтээр бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж, уучлал гуйж байгаа болно.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хийсэн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б , Л.Б   нар нь “уг асуудал иргэд хоорондын маргаан, гэмт хэрэг бус, бид гэмт хэрэг хийгээгүй” хэмээн мэтгэлцэж оролцсон тул гэм буруу дээр маргасан гэж үзэх үндэслэлтэй иймээс тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байна” гэж дурдсан байна.

Шүүхийн дээрх дүгнэлт нь Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т заасан “... өөрийгөө өмгөөлөх ... эрхтэй, мөн ... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг ... хориглоно” гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим, өмгөөлөгчийн зөвлөж хэлсэн ёсоор шүүх хуралдаанд мэдүүлсэн явдал нь “гэм буруугаа хүлээгээгүй” гэж дүгнэлт хийхэд хүргэсэн мэтээр тусгагджээ. Хохирлоо шууд бүрэн төлж барагдуулсан нь гэм буруугаа хүлээж байгаа гол нотолгоо гэж үзэж байгаа ба Б.Б  нь өөрийн үйлдэл, холбогдлыг бүрнээ ухамсарлан ойлгож, шүүхийн тогтоол, магадлалыг хүндэтгэж байгаа болно.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн амьдралын 38 жилийг тасралтгүй цэрэг, Батлан хамгаалахын салбарт ажиллаж, байлдагчаас хурандаа хүртэл Монгол Улсын зэвсэгт хүчний бүх л нэгж, салаа, батальон, дивиз командлан, Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг 1990 онд батлалцаж, Монгол Улсын зэвсэгт хүчний хөгжил цэцэглэлтэд өөрийн хүч бололцоо, чадвар зүтгэлээрээ жинтэй хувь нэмэр оруулсан арвин түүх, туулсан замнал бүхий кадр офицер хүн бөгөөд манай шилдэг тэргүүний цэргийн мэргэжилтэн, халамжлан хүмүүжүүлэгч, сайтар бэлтгэгдсэн офицер дайчин болно. Монгол Улсын төрөөс түүний хөдөлмөр гавъяа зүтгэлийг өндрөөр үнэлж Алтан гадас, Цэргийн гавъяаны одон, Засгийн газрын хүндэт жуух зэрэг төрийн одон, цол, тэмдгээр шагнагдаж байсан нь үүнийг тодорхой гэрчилнэ.

Гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр болох 109.415.831 /нэг зуун есөн сая дөрвөн зуун арван таван мянга найман зуун гучин нэг/ төгрөгийг хохирогчид бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсон байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5-д зааснаар анх удаагаа тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн дүүрэн төлж барагдуулсан байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн         1.15-р зүйлийн 2, мөн хуулийн 40.8-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн ял шийтгэлийн хувьд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх, мөн хуулийн заалтын дагуу хорихоос өөр төрлийн ялыг сонгон шийтгэх бүрэн боломжтой гэж үзэж энэхүү гомдол /хүсэлт/-ыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргав. Гомдлыг хүлээн авч магадлан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ж.Энхчулуун хяналтын журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.

1. Шүүгдэгч Б.Б д оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтуудтай нягт уялдуулан үзэх шаардлагатай тухай

Эрүүгийн хариуцлагын зорилгын талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан ба “ял” нь өөрөө зорилго байх бус харин Эрүүгийн эрх зүйн зорилтод хүрэх арга хэрэгсэл байх ёстой.

Өмнө нь манай гомдлыг хүлээн авахаас татгалзаж манай зүгээс гомдол гаргаж маргасан. Энэ асуудлаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлаас анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал үүсч байна.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын 29-р хуудсанд “Шүүгдэгч Б.Б, Л.Б нар нь “уг асуудал иргэд хоорондын маргаан, гэмт хэрэг бус, бид гэмт хэрэг хийгээгүй” хэмээн мэтгэлцэж оролцсон тул гэм буруу дээр маргасан гэж үзэх үндэслэлтэй иймээс тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байна” гэж заасан.

Бид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалын 12-р хуудсанд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр олж тогтоосны дагуу анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцжээ. Журмын дагуу тэдний тайлбар мэдүүлэг болон бусад нотлох баримтыг шинжлэн судалж Б.Б, Л.Б нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ. Бид нарын гомдлын талаар огт дурдаагүй.

Б.Б  нарт холбогдох хэргийг 2015 онд үйлдсэн гэж үзээд 2017 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдсан. Энэ 5 жилийн хугацаанд эдгээр хүмүүс цээрлэлээ хүлээсэн гэж үзэж байна. Нөгөө талаас Б.Б  нь 2020 оны 5 сараас өнөөдрийг хүртэл 8 сарын хугацаанд ял эдэлж байна.

Эрүүгийн хуулийн зорилт болох “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, үндэсний болон нийтийн ашиг сонирхол …”-ыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болох “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зэрэг зорилтуудад үндэслэн эрүүгийн хариуцлагыг оногдуулах ёстой.

Шүүгдэгч Б.Б  нь улсад учруулсан гэх 109.415.831 төгрөгийн хохирлоо нөхөн барагдуулсан, түүний буруутай гэмт үйлдлийн улмаас зөрчигдсөн эрх ашиг сэргээгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргээс үзвэл зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээх, гэмт этгээдийг нийгэмшүүлэх гэх эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жилийн турш тасралтгүй үргэлжилж, сунжирсан гэх нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хурдан шуурхай байх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудад нийцүүлэн, харгалзан үзсэний үндсэн дээр түүнд эрүүгийн хариуцлагыг оногдуулах шаардлагатай байна.

Шүүгдэгч Б.Б  нь одоо 60 настай, эрүүл мэндийн хувьд маш муу, зүрхний хурц дутагдалтай /байнгын хэм алдагдалт, хурц дутагдалтай/, ходоодны шархтай /хагалгаа хийлгэсэн/, нүдний хараа 50 хувь устсан, нүдний кпакома өвчтэй, уушигны сүрьеэ өвчнөөр өвдөж байсан голомттой /бүгд эмнэлгийн албан ёсны оношоор баталгаажсан/ бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид 2 сар цагдан хоригдож, энэ хугацаанд 3 удаа 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдсэн, зүрхний хэм алдалт, даралт тогтворгүй /А/D-120-180/ гэсэн оноштой 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрийн биеэр эдлэх чадвартай эсэх нь эргэлзээтэй, ял эдлэх хугацаанд шүүгдэгч Б.Б ы амь нас эрсдэж болзошгүй аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хир хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-н эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүний хувийн нөхцөл байдалд тохируулан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна.

2. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 586 тоот хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг хүндрүүлэх шаардлагатай эсэх талаар дурдаагүй тухай:

Шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн 201701000122 тоот хэргийг хяналтын журмаар шийдвэрлэсэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 586 тоот Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон болохыг дурдаж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс гаргасан гомдлын агуулгыг авч хэлэлцээгүй билээ. Гагцхүү хяналтын шатны шүүхийн тогтоолд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б д торгох ял оногдуулах болсон үндэслэлээ тодруулах шаардлагатай болохыг дурдаж, улмаар хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан болно.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцүүлэхдээ Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд үндэслэлгүй, өмнө оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж, шүүгдэгч Б.Б-н эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Б.Б-н гэмт үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал огт тогтоогдоогүй, харин ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх нөхцөл байдлууд тогтоогдож байхад “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт сонгож хэрэглэх ялуудаас (торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих) хамгийн хүнд ял болох хорих ялыг оногдуулсан бөгөөд энэхүү үндэслэлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

Шүүгдэгч Б.Б  нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль болон ЭХХШтХ-иар олгогдсон өөрийгөө өмгөөлөх эрх, шүүхэд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж оролцсон нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдэл биш бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн болохыг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно.

Тиймээс шүүгдэгч Б.Б-н хувийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.С-н өмгөөлөгч Ба.Оюунбилэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Г.С-н хувьд хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий дүгнэж зөв шийдвэр гаргасэн гэж үзэж байна” гэжээ.

Шүүгдэгч Г.С-н өмгөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...хоёр шатны шүүх хууль заасан үндэслэл журмын дагуу зөв шийдвэр гаргасэн гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Г.С-н өмгөөлөгч Х.Мөнгөнсүх шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Г.С-н хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Л.Б-н өмгөөлөгч Бу.Оюунбилэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Энэ хэргийн өмнө Улсын дээд шүүх хянан хэлэлцэж 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 586 дугаар тогтоолоор “...хэргийн үйл баримт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч нар нь гэм буруутай эсэх талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зайлшгүй дүгнэгдэх нөхцөлүүдийн талаар хуулийн шаардлагад нийцүүлэн дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүх 3 төрлийн сонгох ялаас хамгийн хөнгөн ял сонгож хэрэглэснээ тайлбарлаагүй учраас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэрэг буцсаннаас хойш ямар нэгэн нэмэлт баримт авагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч Г.С т холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Энхчулуун нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “...хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.Б-г Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Б  , Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С  нартай бүлэглэн “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн амины орон сууцны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид нийт 109.415.831 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,

Л.Б-г Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С , Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б  нартай бүлэглэн Б.Б д давуу байдал олгож “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Б-н оршин суух байрны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид нийт 109.415.831 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,

Г.С ыг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б  , Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б  нартай бүлэглэн Б.Б д давуу байдал олгож “Тиара резорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Б ы оршин суух байрны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид нийт 109.415.831 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Г.С т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б.Б , Л.Б нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Шүүх шүүгдэгч Б.Б , Л.Б   нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, тэдэнд хуульд заасан төрөл, хэмжээний доторх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б ы өмгөөлөгч нараас “...өмнө оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж, шүүгдэгч Б.Б ы эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна ... энэхүү үндэслэлээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн гомдол гаргасан байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй бөгөөд шүүгдэгч Б.Б ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ял нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлүүд нь шүүхэд үүрэг болгосон заалт биш ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хор уршгийг харгалзан хэрэглэж болох шүүхэд эрх олгосон хуулийн зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Энхчулуун нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 489 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 868 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б ы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Энхчулуун нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН