2023 05 05 210/МА2023/00930
А ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00425 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ТК ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 929,566,436 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-, Б.У-, Б.Б-, Х.Ч-, Ч.Т-, Г.Э-, А.Д-, Э.Л- нараас тус тус гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг ТК ХХК-д даалгах тухай бие даасан шаардлагатай,
иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У-, Х.Ч-, Г.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээд Б.А, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: “Хариуцагч компани нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2018 оны 08 сарын 29-ний өдөр ЗГ08292010 тоот зээлийн гэрээ болон БГ08292010 тоот барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдэн авсан. Мөн 2019 оны 05 сарын 09-ний өдөр ЗГ05092010 тоот зээлийн гэрээ болон БГ05092010 тоот барьцааны гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдэн авсан. Дээрх зээлийн гэрээний үүрэгт ТК ХХК нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь эх /13361/, Б.Доржийн гудамж хаягт байршилтай 4,053.28 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй 65/5 байрыг барьцаалсан.
ТК ХХК нь 2018 оны 08 сарын 29-ний өдрийн ЗГ08292010 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 141,843,733 төгрөг, зээлийн хүүд 204,858,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,210,134 төгрөг, нийт 362,912,667 төгрөг төлсөн. Харин 2019 оны 05 сарын 09-ний өдрийн ЗГ05092010 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 25,848,987 төгрөг төлсөн. Дээрх 2 зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 11 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 452,656,267 төгрөг, зээлийн хүү 258,252,287 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,537,190 төгрөг, нийт 762,445,744 төгрөг болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 11 сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны үүрэг 167,120,692 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 929,566,436 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагч ТК ХХК-аас 929,566,436 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
- Хариуцагч хариу тайлбартаа: “Тус компани нь Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт Тулга хотхон нэртэй орон сууцны төсөл хэрэгжүүлсэн. Уг орон сууцны төслийн санхүүжилтэд зориулан А--тай зээлийн гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай, мөн 100,000,000 төгрөгийн сарын 2,6 сарын хүүтэй 18 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор компанийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь эх /13361/, Б.Доржийн гудамж хаягт байршилтай 4,053.28 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй 65/5 байрыг барьцаалсан.
2018 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 11 удаагийн төлөлтөөр 362,912,667 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 159,999,595 төгрөг, зээлийн хүүд 202,913,072 төгрөгийг тооцох байтал нэхэмжлэгч нь зээлийн хүүг буруу тооцоолсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 340,000,405 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 8,458,675 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,691,735 төгрөг, бүгд 350,150,815 төгрөгийг уг гэрээний үүрэгт төлөхөөр байна. 2019 оны 05 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 2 удаагийн төлөлтөөр 25,848,987 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 7,125,165 төгрөг, зээлийн хүүд 18,723,822 төгрөгийг тооцох байтал нэхэмжлэгч нь зээлийн хүүг буруу тооцоолсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 92,874,835 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 26,923,578 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5,385,316 төгрөг, нийт 125,186,729 төгрөгийг уг гэрээний үүрэгт төлөхөөр байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 475,337,544 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
Орон сууцыг 2019 оны 08 сарын 13-ны өдөр барилга, байгууламжийг ашиглалтад өгөх улсын комиссын актын дагуу ашиглалтад хүлээлгэн өгч, 2019 оны 06 сараас орон сууц захиалсан иргэд нүүн орж барилга одоог хүртэл хэвийн ашиглалттай байна.
Тухайн барилгын нийт 4,053 м.кв талбайг дунджаар 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр тооцоход 6,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй болж байна. Бид энэ талаар өнгөрсөн хугацаанд А ХХК-д тайлбарлан зээлийн үлдэгдэл төлбөрт дүйцүүлэн барилгын тодорхой хэсгийг барьцаалах, өмчлөл шилжүүлж авах болон зарим хэсгийг хэсэгчлэн чөлөөлөн оршин суугчдын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх замаар үлдэгдэл төлбөрийг зээлд тооцуулахаар харилцаж байсан ч тохиролцоонд хүрч чадаагүй.
Иймд хэргийн бодит нөхцөл байдал болон барьцаа хөрөнгийн үнэ өссөн, олон иргэдийн эрх ашиг хөндөгдөж, хохирол учирч болзошгүй байдлыг харгалзан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
- Гуравдагч этгээд Г.Б- бие даасан шаардлага, тайлбартаа: “Миний бие ТК ХХК-тай 2018 оны 06 сарын 23-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 байрны 2-р орц, 3 давхрын 00 тоот 51,77 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг захиалсан. Гэрээний дагуу нийт 49,181,500 төгрөгийг бүрэн төлсөн. Уг байрандаа 2019 оны 06 сараас амьдарч байгаа. Иймд Г.Б-ийг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.
- Гуравдагч этгээд Б.Б- бие даасан шаардлага, тайлбартаа: “Миний бие ТК ХХК-тай 2019 оны 05 сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 байрны 2-р орц, 4 давхрын 000 тоот 45,53 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг захиалсан. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн. Иймд Б.Б-ийг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг ТК ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.
- Гуравдагч этгээд Б.У- бие даасан шаардлага, тайлбартаа: “Миний бие ТК ХХК-тай 2015 оны 05 сарын 26-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 байрны 1 давхрын 128,02 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг нийт 192,030,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирсон. Уг төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн. Уг үйлчилгээний талбайгаа 2019 оны 08 сараас дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаа. Иймд Б.У-г дээрх үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг ТК ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.
- Гуравдагч этгээд Х.Ч- бие даасан шаардлага, тайлбартаа: “Миний бие ТК ХХК-тай 2019 оны 04 сарын 02-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 байрны 2-р орц, 2 давхрын 29 тоот 45,54 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Гэрээний дагуу нийт 45,540,000 төгрөгийг бүрэн төлсөн. Уг байрандаа 2019 оны 06 сараас амьдарч байгаа. Иймд Х.Ч-ыг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг гаргаж өгөхийг ТК ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.
- Гуравдагч этгээд Ч.Т- бие даасан шаардлага, тайлбартаа: “Миний бие ТК ХХК-тай 2022 оны 05 сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 байрны 1-р орц, 3 давхрын 13 тоот 35,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авч 48,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Уг орон сууцанд одоогоор гэр бүлийн хамт амьдарч байгаа. Иймд Ч.Т-ыг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг ТК ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.
- Гуравдагч этгээд Г.Э- бие даасан шаардлага, тайлбартаа: “Миний бие ТК ХХК-тай 2018 оны 10 сарын 30-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 байрны 1-р орц, 5 давхрын 17 тоот 45,54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийт 45,540,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн. Уг байрандаа 2019 оны 06 сараас амьдарч байгаа. Иймд Г.Э-ийг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг ТК ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.
- Гуравдагч этгээд А.Д- бие даасан шаардлага, тайлбартаа: “Миний бие ТК ХХК-тай 2018 оны 09 сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 байрны 1-р орц, 3 давхрын 0 тоот 51,77 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу нийт 62,124,000 төгрөгийг бүрэн төлсөн. Уг байрандаа 2019 оны 06 сараас амьдарч байгаа. Иймд А.Д-ийг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай материалыг ТК ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.
- Гуравдагч этгээд Э.Л- бие даасан шаардлага, тайлбартаа: “Миний бие ТК ХХК-тай 2019 оны 02 сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 байрны 1-р орц, 3 давхрын 0 тоот 35,6 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирсон. Гэрээний дагуу нийт 42,720,000 төгрөгийг бүрэн төлсөн. Уг байрандаа 2019 оны 06 сараас амьдарч байгаа. Иймд Э.Л-ийг дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг ТК ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.
- Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 тоот орон сууцны барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 2018 оны 08 сарын 29-ний өдрийн гэрээний дагуу барьцаалсан. Энэ үед орон сууц захиалгын гэрээний талаар яригдаагүй. ТК ХХК зээлээ төлж барагдуулсан тохиолдолд гуравдагч этгээдүүдийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Хариуцагч ТК ХХК нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн 475,337,544 төгрөгийг төлчихвөл гуравдагч этгээдүүдийн орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөх боломжтой. Өмнө манай байгууллага ТК ХХК-ийн хүсэлтээр 2 айлын орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд ипотекийн зээлээс орж ирэх 85,800,000 төгрөгийг манай дансанд шилжүүлнэ гэсэн боловч Замын-Үүдийн барилгадаа зарцуулсан байсан” гэжээ.
- Хариуцагч нь гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-, Б.Б-, Б.У-, Г.Э-, Х.Ч-, А.Д-, Ч.Т-, Э.Л- нарын гаргасан бие даасан шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг манай компани бүрдүүлж өгөх үүрэгтэй. Барилгын ажлын санхүүжилтэд ашиглах зорилгоор барилгын 70 хувь дээр дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулж А ХХК-ийн барьцаанд тавьж, зээл авч, төлбөрөө төлж барагдуулаагүй тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлж өгөх боломжгүй байна” гэжээ.
- Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А-, Б.Ц- нар тайлбартаа: “Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 байр, 2-р орцны 45 тоот орон сууцыг худалдан авч 2019 оны 06 сард байрандаа орсон. Шүүх хуралдаанд оролцож байгаа гол шалтгаан бол 2022 оны 03 сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан нь Б.Анударийг А ХХК-аас 100,000,000 төгрөг зээлсэн гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Уг байрыг 100,000,000 төгрөгөөр худалдан авсан байж дахин 100,000,000 төгрөгийн өрөнд орсон болж байна. Б.А- нь А ХХК-аас 100,000,000 төгрөгийн зээл аваагүй. Бид тус шүүхийн 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 2399 дугаар шийдвэрээр худалдан авсан байрныхаа өмчлөгчөөр тогтоогдсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авах хүсэлтэй байна” гэжээ.
- Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТК ХХК-аас 929,566,436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТК ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч ТК ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь Эх /13361/, Б.Доржийн гудамж, 65/5 тоотын 4,053.28 м.кв талбайтай орон сууцны зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Y-2204089529 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Гантөмөрийн Баттөмөрийг Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орц, 3 давхар, 00 тоотын 51,77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Баттулгын Уртнасанг Баянзүрх дүүрэг, 2-р хороо,Тулга хотхоны 65/5 байрны 1 давхрын үйлчилгээний 128,02 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг бүрдүүлэн өгөхийг хариуцагч ТК ХХК-д даалгаж,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Барамсайн Батмөнхийг Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5-р байрны 2-р орцны, 4 давхар, 000 тоот, 45,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг ТК ХХК-д даалгаж,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хишигдоржийн Чимэддуламыг Баянзүрх дүүрэг, 02-р хороо, Тулга хотхон, 65/5-р байр, 2-р орц, 2 давхар, 29 тоотын 45,54 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг ТК ХХК-д даалгаж,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч-ийн Т-ыг Баянзүрх дүүрэг, 02-р хороо, Тулга хотхоны 65/5 байрны 1-р орц, 3 давхрын 13 тоотын 35,6 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг ТК ХХК-д даалгаж,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г-ийн Э-ийг Баянзүрх дүүрэг, 02-р хороо, Тулга хотхон, 65/5-р байр, 1-р орц, 5 давхар, 17 тоотын 45,54 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг ТК ХХК-д даалгаж,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А-ийн Д-ийг Баянзүрх дүүрэг, 02-р хороо, Тулга хотхон, 65/5 байр, 1 орц, 3 давхар, 0 тоотын 2 өрөө, 51,77 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг ТК ХХК-д даалгаж,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э-ын Л-ийг Баянзүрх дүүрэг, 02-р хороо, Тулга хотхон, 65/5-р байр, 1-р орц, 3 давхар, 0 тоотын 35,6 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоон, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримт бичиг бүрдүүлж өгөхийг тус тус ТК ХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,191,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТК ХХК-аас 4,875,982 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд Г.Б-ийн төлсөн 403,858 төгрөг, Б.У-гийн төлсөн 1,118,100 төгрөг, Б.Б-ийн төлсөн 455,800 төгрөг, Х.Ч-ын төлсөн 385,650 төгрөг, Ч.Т-ын төлсөн 397,950 төгрөг, Г.Э-ийн төлсөн 385,650 төгрөг, А.Д-ийн төлсөн 468,570 төгрөг, Э.Л-ийн төлсөн 371,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТК ХХК-аас 403,858 төгрөг гаргуулан Г.Б-т, 1,118,100 төгрөг гаргуулан Б.У-д, 455,800 төгрөг гаргуулан Б.Б-өд, 385,650 төгрөг гаргуулан Х.Ч-д, 397,950 төгрөг гаргуулан Ч.Т-т, 385,650 төгрөг гаргуулан Г.Э-д, 468,570 төгрөг гаргуулан А.Д-т, 371,550 төгрөг гаргуулан Э.Л- нарт тус тус олгож шийдвэрлэжээ.
- Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
15.а. Гэрчилгээнд тэмдэглэгдсэн 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь ямар нэгэн байдлаар м.кв болон хэсэгчлэн давхар заасан заалт биш бөгөөд тухайн үеийн барилгын хийгдсэн ажлын гүйцэтгэлийн хувийг заасан заалт юм. Манай байгууллага нь дээрх барилгын баригдаж буй үйл явц нь 70 хувийн гүйцэтгэлтэй байхад зээлийн болон барьцааны гэрээ байгуулж барьцаалсан болохоос бүрэн дуусчихсан барилгыг хэсэгчлэн болон давхар зааж барьцаалаагүй болно. Бид Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Доржийн гудамж, 65/5 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь барьцаалж санхүүжүүлснээр 70 хувийн гүйцэтгэлтэй барилга 100 хувь болж барилга ашиглалтад орсон тухай шүүх хурал дээр ч хэлж тайлбарлаж байсан.
15.б. Шүүгч зээлийн болон барьцааны гэрээг зохих журмын дагуу байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргасан атлаа гуравдагч этгээдүүдийг мөн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай материалыг бүрдүүлж өгөхийг ТК ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилдөж, дахин маргаан бүхий байдал үүсгэж болзошгүй байна. Шүүхээс иргэдийг өмчлөгчөөр тогтоохдоо Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 29 дүгээр зүйлийн 29.1.2-т тус тус заасныг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаж өгөлгүйгээр өмчлөгчөөр тогтоолгосон иргэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангагдах болоход саад учруулаад зогсохгүй энэ асуудал нь зохигчдын хооронд дахин маргаан дагуулах байдал үүсээд байна.
15.в. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед ТК ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-т заасан зүйл байхгүй гэж хэлж УБЕГ-т барьцааны гэрээг бүртгүүлсэн. Нөгөө талаар ТК ХХК нь манай байгууллагаас зээл авсан, зээлийн барьцаанд уг орон сууцыг тавьсныг орон сууц худалдан авч буй иргэдэд хэлээгүй, мэдэгдээгүй. Түүнчлэн, тус байрны оршин суугчдаас хэн нь ч ТК ХХК-тай захиалгын гэрээ байгуулахдаа УБЕГ-т хандаагүй, урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй байсан. Хэрэв ТК ХХК нь орон сууц худалдан авч буй иргэдэд барьцаанд байгаа тухай мэдэгдсэн, иргэд нь УБЕГ-т хандаад, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бол өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрэхгүй байсан. Бидний зүгээс байрны оршин суугчдад ТК ХХК-ийн өмчлөлийн энэхүү орон сууц манай байгууллагын барьцаанд байгаа талаар хоёр ч удаа анхааруулгыг хүргэж хамтран ажиллахыг хүссэн ч тэд огт тоогоогүй. ТК ХХК нь барьцаанд тавьсан байраа зарж борлуулсан бол орж ирсэн төлбөрөөсөө зээлийн эргэн төлөлт хийж манай байгууллага руу тодорхой хэмжээнд шилжүүлэх ёстой байтал шилжүүлээгүй, өөр байгууллагаас зээл авсан, зээлийн барьцаанд байдаг тухайгаа хэлж мэдэгдээгүй байна. ТК ХХК нь иргэдийг залилсан шинжтэй хэргийн үр дагавраа өөрөө хариуцах ёстой гэж бид үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгээс “70 хувийн гүйцэтгэлтэй” гэх хэсгийг хасч, 3 дахь хэсэгт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 29 дүгээр зүйлийн 29.1.2-т заасныг нэмж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
- Хариуцагч тал нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Анх 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцаанд тавьсан. Ашиглалтад орсон орон сууцны үнэлгээ өссөн. Өмчлөгчөөр тогтоогдсон этгээдүүдийн орон сууцнаас барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байхыг шүүхийн шийдвэрт нэмж тусгах, эсхүл зөвтгөж оруулах ёстой. Барьцааны гэрээний үүрэг нь бүх орон сууцанд хамааралтай гэх тайлбарыг манай зүгээс дэмжих боломжгүй” гэжээ.
- Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
17.а. 2021 оны 05 сарын 21-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “энэ хуулийг 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заажээ. Тус хууль нь А ХХК болон ТК ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанд үйлчлэхгүй болох нь тодорхой байна. Гэтэл анхан шатны шүүхээс 1995 оны хууль болон 2021 оны хуулийн зохицуулалтыг хольж, нэхэмжлэгчид ашигтай зүйл заалтуудыг сонгож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно” гэх зохицуулалтыг шүүх зөрчсөн.
17.б. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 124 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасан ба талуудын байгуулсан зээлийн гэрээнд 2021 оны 06 сарын 04-ний өдрөөс хойш хүүг хэдий хэмжээгээр тооцох тухай огт тусгаагүй тул хэтэрсэн хугацааны хүү шаардах үндэслэлгүй болно. А ХХК нь 2020 оны 02 сарын 10-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байхад гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нэг жилийн дараа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлгүй тооцож нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дахин хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон өөрчилсөн байгааг анхан шатны шүүх зөвтгөж, зөвхөн хариуцагчид хариуцлага тооцох хэлбэрээр Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэр гаргасныг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль зүйн үндэслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн 454,228,892 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
- Нэхэмжлэгч тал хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Уг барилга нь анх 2019 онд ашиглалтад орсон бөгөөд тухайн үед Ковид-19 цар тахал байгаагүй. Зээлийн гэрээг дуусгавар болсноос хойш манай зүгээс эвлэрэх асуудлаар удаа дараа санал солилцсон. Уг асуудлыг аль болох эвлэрэх талаас нь шийдвэрлэх зорилготой байсан. Манай зүгээс зээлийг төлүүлэхээр барилга ашиглалтад орсноос хойш ипотекийн 8 хувийн зээлд хамруулах боломжтой байгаа учраас эхний орон сууцнаас чөлөөлж өгсөн. Гэтэл уг хүсэлтийн дагуу тухайн төлбөрөө өгнө гэж хэлсэн атлаа өгөхгүйгээр орон сууцны барилга руу оруулсан байсан. Шүүх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндэслэлтэй гэж хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн” гэжээ.
- Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У-, Х.Ч-, Г.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Хоёр компанийн хоорондын зээлийн гэрээ болон барьцааны гэрээний асуудлаас болж гуравдагч этгээдүүдийн өмчлөх эрхийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Анхан шатны шүүх барьцаагаар хангагдах шаардлага нь барьцаалсан хэмжээгээр хангагдах учиртай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өмчлөгчөөр тогтоолгож, өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж чадахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгосон боловч барьцаа хөрөнгийг ТК ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэснийг А ХХК-д мөн адил даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгаж өгөх ёстой байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн м.кв-ын үнэ өссөнтэй холбогдуулан тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ өссөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар ТК ХХК болон А ХХК-д даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
- Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд тайлбар хэлэхэд гуравдагч этгээд Г.Б- нь зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр анх гэрээ байгуулсан. Тухайн өдрөө орон сууцны төлбөрийг 100 хувь төлж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу Г.Б- нь гэрээний үр дүнг өмчилж авах эрхтэй. Уг эрхийг нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Тухайн үед 70 хувийн гүйцэтгэлтэй байсан, барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тухайн үед 70 хувийн гүйцэтгэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Гуравдагч этгээдүүдийн зүгээс тухайн баримтуудтай танилцах боломжгүй байсан. Газрын эзэн ГО ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тогтоолуудыг иргэний хэргийн анхан шатны шүүхэд бүрдүүлж өгсөн. Тухайн тогтоолуудад Баянзүрх дүүргийн 2-р хороо, 65-5 байр, 60 айлын орон сууц нь 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2017 оны 06 сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон гэх баримтыг үндэслэж шийдвэрлэсэн. Гэтэл манай зүгээс 2018 оны 06 сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахад тухайн үед барилга нь 30 хувь буюу карказ угсралтын шатанд явагдаж байсан. 2017 оны 06 сарын 02-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэй гэх гэрчилгээг үндэслэж, барьцааны гэрээ болон зээлийн гэрээ хийгдсэн. 2018 онд гэрээг байгуулахад нэхэмжлэгч нь тухайн үеийн барилгыг очиж үзэх ёстой байсан. Иймд тухайн нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
- Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А-, Б.Ц- нарын өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс гуравдагч этгээд Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нийлж байна. А ХХК нь 100 хувийн гүйцэтгэлтэй орон сууцаар барьцаа хөрөнгийг хангуулах шаардлагагүй гэж үзэж байна. Мөн 70 хувийн гүйцэтгэлээр хангуулах боломж байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн үед барьцаалбар нь 70 хувь байсан эсэх нь эргэлзээтэй. Учир нь ГО ХХК, ТК ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн газраар хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн хөрөнгө оруулагч талаас ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аваагүй атлаа барьцаалбарт бүртгүүлсэн нь хууль бус байна. Уг нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Өмчлөгчөөр тогтоогдсон айл нь шударга өмчлөгч байна. А ХХК нь гуравдагч этгээдүүдийн орон сууцаар барьцааны гэрээний үүргийг хангуулах нь шударга бус байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
- Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч ТК ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 929,566,436 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Тулга хотхон, 65/5 байраар хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дээрх шаардлагаас хариуцагч нь 475,337,544 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Б-, Б.У-, Б.Б-, Х.Ч-, Ч.Т-, Г.Э-, А.Д-, Э.Л- нар гуравдагч этгээдээр оролцож, тус тусын худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг ТК ХХК-д даалгах бие даасан шаардлага гаргажээ.
Дээрх бие даасан шаардлагыг хариуцагч ТК ХХК хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан бол нэхэмжлэгч А ХХК эс зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
- Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.А-, Б.Ц- нар гуравдагч этгээдээр оролцож, хариуцагч талын байр суурийг дэмжсэн тайлбарыг гаргасан байна.
- А ХХК, ТК ХХК нар 2018 оны 08 сарын 29-ний өдөр ЗГ08292010 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 500,000,000 төгрөгийг 30 хоногт 2,6 хувийн хүүтэй 553 хоногийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгийг тохирсон хуваарийн дагуу хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /1хх 7-9/
Мөн талууд 2019 оны 05 сарын 09-ний өдөр ЗГ05092010 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, зээлдүүлэгч нь 100,000,000 төгрөгийг өмнө дурдсан ЗГ08292010 тоот “Зээлийн гэрээ”-тэй адил нөхцөлөөр 551 хоногийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэн авахаар харилцан тохиролцсон байна. /1хх 12-14/
А ХХК, ТК ХХК нар дээрх ЗГ08292010 тоот болон ЗГ05092010 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 08 сарын 29-ний өдөр 08292010 тоот, 2019 оны 05 сарын 09-ний өдөр БГ05092019 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, ТК ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь эх /13361/, Б.Доржийн гудамж, 65/5 тоот 4,053.28 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаалуулсан байна. /1хх 10-11, 15-16/
- Анхан шатны шүүх А ХХК, ТК ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
- Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авсан үйл баримтын тухайд зохигчид маргаагүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүн үндэслэлтэй эсэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй эсэх талаар маргаж, мэтгэлцсэн.
- Нэхэмжлэгч талаас шүүхэд анх гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь зээлийн гэрээний нөхцөл, хариуцагч талаас зээлийн эргэн төлөлтөд төлсөн мөнгөн хөрөнгийн дүн, төлөлт хийсэн огноо зэрэгт үндэслэгдсэн тооцоолол байна. /1хх 2-3/
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлсон, уг тооцоолол нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн үндэслэл бүхий тооцоолол байх тул хариуцагч ТК ХХК-аас нийт 762,458,744 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй.
- Харин нэхэмжлэгч талаас 2022 оны 01 сарын 12-ны өдөр болон 2022 оны 11 сарын 07-ны өдөр гаргасан нийт 167,120,692 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв. /1хх 95-97, 3хх 8-10/
Учир нь, талууд зээлийн гэрээ байгуулах үед 1995 оны 10 сарын 31-ний өдөр батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул хариуцагч ТК ХХК-ийн зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд хандсан цаг хугацаагаар хязгаарлана.
- Өмнө дурдсанчлан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.
Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...70 хувийн гүйцэтгэлтэй...” үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тусгасан нь буруу болжээ.
Учир нь, барьцааны гэрээний талууд Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь эх /13361/, Б.Доржийн гудамж, 65/5 тоот хаягт байршилтай барилгыг барьцаалах, барьцаалуулахаар харилцан тохиролцсон байх ба барьцааны гэрээ байгуулагдах үед барилгын гүйцэтгэл 70 хувьтай байсан нь үл хөдлөх эд хөрөнгийн 70 хувийг барьцаалсан гэсэн үг биш юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулна.
- Анхан шатны шүүх гуравдагч этгээд Г.Б-, Б.У-, Б.Б-, Х.Ч-, Ч.Т-, Г.Э-, А.Д-, Э.Л- нарын тус тус гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд ТК ХХК-аас орон сууц худалдан авч, гэрээний үнийг төлсөн байх тул тэдгээрийг өмчлөгчөөр тогтоох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ[As1] .
- Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-т “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно” гэж, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж зохицуулсан тул гуравдагч этгээдүүдийг холбогдох орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
- Гуравдагч этгээд Б.А-, Б.Ц- нар бие даасан шаардлагыг шүүхэд гаргаагүй учир бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.
- Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн мөнгөн дүнг тэдгээрт буцаан олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна. [As2]
- Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч тал болон хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/00425 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...929,566,436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай” гэснийг “...762,458,744 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, үлдэх 167,120,692 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “...70 хувийн гүйцэтгэлтэй...” гэснийг хасч,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК-аас төлсөн 5,191,960 төгрөг, гуравдагч этгээд Г.Б-өөс төлсөн 403,858 төгрөг, Б.У-гаас төлсөн 1,118,100 төгрөг, Б.Б-өөс төлсөн 455,800 төгрөг, Х.Ч-аас төлсөн 385,650 төгрөг, Ч.Т-аас төлсөн 397,950 төгрөг, Г.Э-өөс төлсөн 385,650 төгрөг, А.Д-ээс төлсөн 468,570 төгрөг, Э.Л-оос төлсөн 371,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 333,658 төгрөгийг Г.Б-т, 1,047,900 төгрөгийг Б.У-д, 385,600 төгрөгийг Б.Б-өд, 315,450 төгрөгийг Х.Ч-д, 327,750 төгрөгийг Ч.Т-т, 315,450 төгрөгийг Г.Э-д, 398,370 төгрөгийг А.Д-т, 301,350 төгрөгийг Э.Л-ид тус тус улсын төсвөөс буцаан гаргуулан олгож, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ТК ХХК-аас 3,970,244 төгрөгийг гаргуулан А ХХК-д, 561,600 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Г.Б-, Б.У-, Б.Б-, Х.Ч-, Ч.Т-, Г.Э-, А.Д-, Э.Л- нарт тус бүр 70,200 төгрөгийг буцаан олгосугай” гэж өөрчлөн найруулж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч тал болон хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас 2023 оны 03 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч талаас 2023 оны 03 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 2,429,094 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.НЯМБАЗАР