Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00741

 

С.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00069 дүгээр шийдвэр,        

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч С.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Жаргалсайхан, Ж.Цэнгүүн нарт холбогдох,

1 030 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Оюут багт байрлах Чимэг төв компанийн 1 давхарын заалыг 2016 оны 3 дугаар сарын 10-наас нэг сарын 500 000 төгрөгөөр тохирч 1 500 000 төгрөг бэлэн өгсөн. Нийтийн цэнгээнт бүжиг явуулах чиглэлээр түрээслэхээр тохирсон боловч 3 дугаар сарын 10-наас 4 дүгээр сарын 10-ны 1 сарын хугацаанд ерөөсөө хүн цуглаагүй учир нь Чимэг төв нь хотын төвөөс хол зайтай, зах хязгаарлагдмал зайтай байсан. Уг заалны эзэн Жаргалсайханд хандаж “...хүн цуглахгүй байна, түрээслэхээ больё” гээд гэрээнээсээ 500 000 төгрөгийг зааландаа авч 1 000 000 төгрөгөө буцааж авна гэж тохирсон боловч одоог хүртэл өгөхгүй байгаа тул 1 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын 30 000 төгрөг, нийт 1 030 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлд дурдсанаар намайг Чимэг төвийн 1 давхарыг С.Жаргалсайханд түрээслүүлсэн гэх нь үндэслэлгүй худал байна. Учир нь Чимэг төв худалдаа үйлчилгээний зориулалттай барилга нь миний өмч биш юм. Тус төв нь миний эхнэр П.Эрдэнэцэцэг, Энхтайван нарын өмч бөгөөд миний бие тус төвөөр орж гарч зарим ажил, үйлчилгээнд нь тусладаг болохоос биш үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш тул түрээслүүлэх эрх мэдэл огт байхгүй юм. Нэхэмжлэгчийг миний зүгээс Чимэг төвийг түрээслээч хэмээн ятгаагүй бөгөөд нэхэмжлэгч С.Жаргалсайхан олон удаа надад түрээслүүлээч хэмээн гуйж байсан тул миний бие түрээслүүлэгч, түрээслэгч нарын хооронд холбоо тогтоож өгснөөр 3 сарын хугацаатай түрээслэсэн.“Чимэг төв” ХХК-ийг хотоос зайтай хэмээн нэхэмжлэлд бичсэн нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тухайн үед Чимэг төвийг түрээслэхдээ тус төвийн байрлалыг мэдэж байсан атлаа одоо хотын төвөөс хол зайтай байсан хэмээн бичсэн байна. Мөн миний бие С.Жаргалсайхантай харилцан тохиролцож 1 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр амлаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Ж.Цэнгүүн шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэсэн зааланд үйл ажиллагаа явуулсан мэт бичсэн нь худал бөгөөд үнэн хэрэгтээ 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд зааланд үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байсан. Энэхүү бодит үнэнийг тус төвийн жижүүр Б.Бямбаа, бусад ээлжийн жижүүрүүд хүртэл мэдэх тул худал зүйл бичиж байгаад гайхаж байна. Жижүүр Б.Бямбаагийн ээлжинд гарч байх өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр заалнаас өөрийн гэх зүйлсээ авч явсан бөгөөд ийнхүү авч явахдаа би заалыг түрээслэхээ больж байгаа гэж Жижүүр Б.Бямбаад хэлээд явсан байсан.Ийнхүү заалнаас өөрийн эд зүйлсийг авч явахдаа миний өмчлөлийн сандал, гэрэл зэргийг хөшгөнд боогоод нууцаар аваад явсан болох нь камерт бичигдэн үлдсэн байдаг. Заалны хаалганы цоожны голыг С.Жаргалсайхан түрээслэж эхлэхдээ сольсон байсан бөгөөд түлхүүр түүнд байдаг байсан. Бидний зүгээс түүнийг бүжиг явуулахад нь саад болж ашиг орлогыг нь бууруулсан зүйл огт байхгүй. Түүнийг гуйсан болохоор л түүнд түрээслүүлсэн, түрээслэсэн 3 сарын хугацаандаа Чимэг төвийн 1 давхрын зааланд үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжилж буй 1 030 000 төгрөгийг хариуцан төлөх боломжгүй юм. Иймээс С.Жаргалсайханы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00069 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Жаргалсайханы 1 030 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Жаргалсайхан, Ж.Цэнгүүн нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00069 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч С.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч С.Жаргалсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Миний бие 3 дахь удаагийн хуралдаанаар гэрч болох 2 хүнээ аваад 5 минут хоцроод ирэхэд цагаасаа хожимдсон гээд хуралдаан бололгүй шууд шийдвэрээ гаргасан. Хариуцагч талыг хуралдаанд хоцрох, өмгөөлөгч ирээгүй нөхцөлд хариуцагч талд боломж олгож байсан. Иймд гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байх тул дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ. Харин хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлоогүй, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг шийдвэр, магадлалдаа баримтлаагүй нь алдаатай болсон байх тул шийдвэр, магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан нь хариуцагч Ж.Жаргалсайхан, Ж.Цэнгүүн нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Оюут багт байршилтай “Чимэг” төвийн 1 давхрын заалыг нийтийн цэнгээнт бүжиг явуулах зорилгоор түрээслэхээр тохиролцсон, хүн цуглахгүй байсан тул түрээсийн төлбөрт төлсөн 1 500 000 төгрөгөөс 1 030 000 төгрөгийг буцаан авахыг шаарджээ. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар шүүхэд гаргахдаа тэдгээрийн хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг үгүйсгээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэн алины тайлбар, мөн түрээсийн нэртэй гэрээ зэргээр батлагдсан байхад шүүх Иргэний хуулийн тухайн харилцааг зохицуулсан 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан эрх зүйн хэм хэмжээг бус харин эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1. дэх хэсгийг баримталсан нь алдаатай болжээ.

Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бол түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Нийтийн цэнгээнт бүжиг явуулахаар бусдын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглахаар байгуулсан гэрээг ашиг олох, аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилготой түрээсийн гэрээ гэж үзэхээр байна.

Түрээсийн гэрээ нь үйл ажиллагаа, зорилгын хувьд эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгаатай байдаг ба түрээсийн гэрээг зохицуулсан Иргэний хуулийн бүлэгт өөрөөр заагаагүй тохиолдолд л түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч С.Жаргалсайхан нь хариуцагч нараас түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг бус харин гэрээ дуусгавар болсоны үр дагаврыг шаардсан байхад шүүх Иргэний хуулийн гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсаны эрх зүйн үр дагаварт холбоотой зохицуулалтыг баримтлаагүй нь буруу болжээ.

Түрээсийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин тодорхой хугацаанд хэрэгждэг хэлцэлд хамаардаг тул уг гэрээг хугацаанаас өмнө цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн зохицуулалт хамааралтай болно. Энэ зүйлийн 221.1., 221.5.-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлаж, ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлоогүй, улмаар хариуцагч нараас 1 030 000 төгрөг гаргуулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул оролцсон, шүүх хуралдаан 10 цаг 50 минутад эхэлж, 11 цаг 50 минутад дууссан байх тул “... 5 минут хоцроод ирэхэд цагаасаа хожимдсон гээд хуралдаан бололгүй шууд шийдвэрээ гаргасан” гэх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан байх ба шүүх түүний хүсэлтээр Б.Бямбаагаас гэрчийн мэдүүлэг авсан байна. Нэхэмжлэгч талаас гэрч асуулгах талаар  шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүх зохигчдоос шинээр гаргах нотлох баримт, хүсэлт, санал байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч, хариуцагч тал байхгүй гэж хариулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг хэрэглээгүй гэх үндэслэлээр өөрчлөлт оруулж, харин нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр магадлал, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэснийг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН