Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00054

 

 

 

 

 

 

 

 

                               С.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00069 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Жаргалсайхан, Ж.Цэнгүүн нарт холбогдох

“1.030.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч С.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагч Ж.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Оюут багт байрших Чимэг төв компаний 1 давхрын заалыг 2016 оны 03-р сарын 10-наас нэг сарын 500 000 төгрөгөөр тохирч 1 500 000 төгрөг бэлэн өгсөн. Нийтийн цэнгээнт бүжиг явуулах чиглэлээр түрээслэхээр тохирсон боловч 3 сарын 10-наас 4 сарын 10-ны 1 сарын хугацаанд ерөөсөө хүн цуглаагүй учир нь Чимэг төв нь хотын төвөөс хол зайтай, зах хязгаарлагдмал зайтай байсан. Уг заалны эзэн Жаргалсайханд хандаж ...хүн цуглахгүй байна, түрээслэхээ больё гээд гэрээнээсээ 500 000 төгрөгийг зааландаа авч 1 000 000 төгрөгөө буцааж авна гэж тохирсон боловч одоог хүртэл өгөхгүй байгаа тул 1 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын 30 000 төгрөг, нийт 1 030 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурьдсанаар намайг Чимэг төвийн 1 давхарыг С. Жаргалсайханд түрээслүүлсэн гэх нь үндэслэлгүй худал байна. Учир нь Чимэг төв худалдаа үйлчилгээний зориулалтай барилга нь миний өмч биш юм. Тус төв нь миний эхнэр П.Эрдэнэцэцэг, Энхтайван нарын өмч бөгөөд миний бие тус төвөөр орж гарч зарим ажил, үйлчилгээнд нь тусалдаг болохоос биш үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш тул түрээслүүлэх эрх мэдэл огт байхгүй юм Нэхэмжлэгчийг миний зүгээс Чимэг төвийг түрээслээч хэмээн ятгаагүй бөгөөд нэхэмжлэгч С.Жаргалсайхан олон удаа надад түрээслүүлээч хэмээн гуйж байсан тул миний бие түрээслүүлэгч, түрээслэгч нарын хооронд холбоо тогтоож өгсөнөөр 3 сарын хугацаатай түрээслэсэн. Чимэг төв ХХК-ийг хотоос зайтай хэмээн нэхэмжлэлд бичсэн нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч тухайн үед Чимэг төвийг түрээслэхдээ тус төвийн байрлалыг мэдэж байсан атлаа одоо хотын төвөөс хол зайтай байсан хэмээн бичсэн байна. Мөн миний бие С.Жаргалсайхантай харилцан тохиролцож 1 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр амлаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Ж.Цэнгүүн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд 2016 оны 03 сарын 10 -ны өдрөөс 2016 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэсэн зааланд үйл ажиллагаа явуулсан мэт бичсэн нь худал бөгөөд үнэн хэрэгтээ 2016 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд зааланд үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байсан. Энэхүү бодит үнэнийг тус төвийн жижүүр Б.Бямбаа, бусад ээлжийн жижүүрүүд хүртэл мэдэх тул худал зүйл бичиж байгаад гайхаж байна. Жижүүр Б.Бямбаагийн ээлжинд гарч байх өдөр буюу 2016 оны 06 сарын 15-ны өдөр заалнаас өөрийн гэх зүйлсээ авч явсан бөгөөд ийнхүү авч явахдаа би заалыг түрээслэхээ больж байгаа гэж Жижүүр Б.Бямбаад хэлээд явсан байсан. Ийнхүү заалнаас өөрийн эд зүйлсийг авч явахдаа миний өмчлөлийн сандал, гэрэл зэргийг хөшгөнд боогоод нууцаар аваад явсан болох нь Камерт бичигдэн үлдсэн байдаг. Заалны хаалганы цоожны голыг С.Жаргалсайхан түрээслэж эхлэхдээ сольсон байсан бөгөөд түлхүүр түүнд байдаг байсан. Бидний зүгээс түүнийг бүжиг явуулахад нь саад болж ашиг орлогыг нь бууруулсан зүйл огт байхгүй. Түүнийг гуйсан болохоор л түүнд түрээслүүлсэн, түрээслэсэн 3 сарын хугацаандаа Чимэг төвийн 1 давхрын зааланд үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжилж буй 1.030.000 төгрөгийг хариуцан төлөх боломжгүй юм. Иймээс С.Жаргалсайханы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00069 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Жаргалсайханы 1 030 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Жаргалсайхан, Ж.Цэнгүүн нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан давж заалдсан гомдолдоо: Хариуцагч тал янз бүрийн шалтгаанаар хурлыг 2-3 удаа хойшлуулсан. Хурлын цагаас хоцорч байса. Нэхэмжлэгч талыг өмгөөлөгч гэрчээ аваад 5-хан минут хоцорч ирэхэд аль хэдийн хуралдаад завсарлаад шүүгч нь шийдвэрээ гаргах гээд сандарчихсан сууж байсан. Ж.Жаргалсайхантай түрээслэхээ больж тохирсоны дараа 2016.04.20-нд МАХН-ын үйл ажиллагаа болох гээд Ж.Жаргалсайхан хувиараа намайг гуйж микрофон техник хэрэгсэл дээр 4-5 цаг ажиллуулсан болно. МАХН-ын өгсөн мөнгийг бүгдийг нь авсан. Чиний мөнгийг сонгуулийн юм хийхээр өгнө гэж хэлж байсан. Гэрч Бямбаагийн яриад байгаа зүйл нь ямар ч үндэслэлгүй. Би 06 дугаар сарын 10-н хүртэл 3 сар тасралтгүй бүжиг явуулж ашиг орлого олчихсон бол өнөөдөр шүүхээр яваад мөнгөө төлөөд цагаа үрээд 5-6 удаа явах уу? Надтай хамт байсан Бат-Өлзий гэдэг хүнийг хүү Ж.Цэнгүүн нь хамтран ажиллана гэж хөгжим техниктэй авч үлдсэн хүнийг жижүүр нь минийх гэж буруу ойлгосон бололтой. Би хамгийн сүүлд хөшиг өлгүүр зэргээ авсан болно гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан түрээсийн төлбөр 1.030.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч 3 сарын хугацаанд байрыг ашиглаж 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байрыг хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан байрны 3 сарын төлбөр 1.500.000 төгрөгийг хариуцагч Ж.Цэнгүүнд өгсөн ба энэ талаар талууд маргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж  талуудын хооронд бусдын эзэмшил ашиглалтанд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэдийгээр нэхэмжлэгч С.Жаргалсайхан нь хариуцагчтай түрээсийн гэрээ хийсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн түрээсийн гэрээ нь огноогүй, түрээслүүлэгчийн хаяг, овог нэр бичигдээгүй, гэрээний хугацаа тодорхойгүй /6 жил эсхүл 6 сар/, ямар хөрөнгө  шилжүүлж байгаа талаар зааж бичээгүй, гэрээний агуулга буюу талуудын эрх, үүргийг Эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтанд зааснаар тодорхойлсон, түрээсийн гэрээний хуулиар тусгайлан зохицуулсан “түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу зохих газарт бүртгүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хариуцуулсан нь зөв ба нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсан тухай хариуцагчид мэдэгдсэн гэдгээ нотолж чадаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч С.Жаргалсайхан төлбөр 1.030.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан “...шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү..” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00069 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч С.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч С.Жаргалсайханы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ