Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00069

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр                   Дугаар 142/ШШ2017/00069                      Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 51 настай эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-15-26 тоотод оршин суух Харчин овгийн Сампилын Жаргалсайханы /регистрийн дугаар ФА66102571/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1967 онд төрсөн, 50 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-4-58 тоотод оршин суух Лувсандорж овгийн Жамцын Жаргалсайхан /регистрийн дугаар ЧП67021077/,

Хариуцагч: 1990 онд төрсөн, 27 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-4-58 тоотод оршин суух Лувсандорж овгийн Жаргалсайханы Цэнгүүн /регистрийн дугаар УЧ90012799/ нарт холбогдох 1 030 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Ж.Цэнгүүн, хариуцагч Ж.Жаргалсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, гэрч Б.Бямба, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Оюут багт байрших Чимэг төв компаний 1 давхрын заалыг 2016 оны 03-р сарын 10-наас нэг сарын 500 000 төгрөгөөр тохирч 1 500 000 төгрөг бэлэн өгсөн. Нийтийн цэнгээнт бүжиг явуулах чиглэлээр түрээслэхээр тохирсон боловч 3 сарын 10-наас 4 сарын 10-ны 1 сарын хугацаанд ерөөсөө хүн цуглаагүй учир нь Чимэг төв нь хотын төвөөс хол зайтай, зах хязгаарлагдмал зайтай байсан. Уг заалны эзэн Жаргалсайханд хандаж “...хүн цуглахгүй байна, түрээслэхээ больё” гээд гэрээнээсээ 500 000 төгрөгийг зааландаа авч 1 000 000 төгрөгөө буцааж авна гэж тохирсон боловч одоог хүртэл өгөхгүй байгаа тул 1 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын 30 000 төгрөг, нийт 1 030 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С.Жаргалсайхан 1 030 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. С.Жаргалсайхан нь “Чимэг төв” Худалдаа үйлчилгээний зориулалттай 4 давхар барилгын 1 давхарыг түрээслэн цэнгээнт бүжиг явуулмаар байна чи надад түрээслүүлээч хэмээн олон удаа гуйсан ба тухайн үед миний бие Чимэг төвийг түрээслүүлэх асуудлыг би мэдэхгүй эхнэр мэднэ асуугаад хэлье гэсэн ба ийнхүү хэлсэн ёсоор эхнэр П.Эрдэнэцэцэгээс асууж түрээслэгч С.Жаргалсайхан түрээслүүлэгч нарын хооронд холбоо тогтоож өгсөн. Нэхэмжлэлд дурьдсанаар намайг Чимэг төвийн 1 давхарыг С. Жаргалсайханд түрээслүүлсэн гэх нь үндэслэлгүй худал байна. Учир нь “Чимэг төв” худалдаа үйлчилгээний зориулалтай барилга нь миний өмч биш юм. Тус төв нь миний эхнэр П.Эрдэнэцэцэг, Энхтайван нарын өмч бөгөөд миний бие тус төвөөр орж гарч зарим ажил, үйлчилгээнд нь тусалдаг болохоос биш үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш тул түрээслүүлэх эрх мэдэл огт байхгүй юм Нэхэмжпэгчийг миний зүгээс Чимэг төвийг түрээслээч хэмээн ятгаагүй бөгөөд нэхэмжпэгч С.Жаргалсайхан олон удаа надад түрээслүүлээч хэмээн гуйж байсан тул миний бие түрээслүүлэгч, түрээслэгч нарын хооронд холбоо тогтоож өгсөнөөр 3 сарын хугацаатай түрээслэсэн. Чимэг төв ХХК-ийг хотоос зайтай хэмээн нэхэмжлэлд бичсэн нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжпэгч тухайн үед Чимэг төвийг түрээслэхдээ тус төвийн байрлалыг мэдэж байсан атлаа одоо хотын төвөөс хол зайтай байсан хэмээн бичсэн байна. Мөн миний бие С.Жаргалсайхантай харилцан тохиролцож 1 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр амлаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэжээ.

Хариуцагч Ж.Цэнгүүн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Чимэг төвийн зохион байгуулалтыг хариуцан ажилладаг бөгөөд С.Жаргалсайханы гаргасан 1 030 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Жаргалсайхан нь 2016 оны 03 сарын 10-ны өдрөөс 2016 оны 06 сарын 10 өдөр хүртэлх 3 сарын хугацаанд тус төвийн 1 давхарын заалыг 1 сарын 500 000 төгрөгөөр түрээслэхээр надтай тохиролцон надад 1 500 000 төгрөг өгсөн гэдгээ нэхэмжлэлд бичсэн байна. Энэ нь хэдийгээр үнэн боловч нэхэмжлэлийн зарим хэсэг нь огт үндэслэлгүй худал зүйлүүдийг бичсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэхэмжлэлд 2016 оны 03 сарын 10 -ны өдрөөс 2016 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэсэн зааланд үйл ажиллагаа явуулсан мэт бичсэн нь худал бөгөөд үнэн хэрэгтээ 2016 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд зааланд үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж байсан. Энэхүү бодит үнэнийг тус төвийн жижүүр Б.Бямбаа, бусад ээлжийн жижүүрүүд хүртэл мэдэх тул худал зүйл бичиж байгаад гайхаж байна. Жижүүр Б.Бямбаагийн ээлжинд гарч байх өдөр буюу 2016 оны 06 сарын 15-ны өдөр заалнаас өөрийн гэх зүйлсээ авч явсан бөгөөд ийнхүү авч явахдаа би заалыг түрээслэхээ больж байгаа гэж Жижүүр Б.Бямбаад хэлээд явсан байсан. Ийнхүү заалнаас өөрийн эд зүйлсийг авч явахдаа миний өмчлөлийн сандал, гэрэл зэргийг хөшигөнд боогоод нууцаар аваад явсан болох нь Камерт бичигдэн үлдсэн байдаг. Заалны цоожны голыг С.Жаргалсайхан түрээслэж эхлэхдээ сольсон байсан бөгөөд түлхүүр түүнд байдаг байсан. Бидний зүгээс түүнийг бүжиг явуулхад нь саад болж ашиг орлогыг нь бууруулсан зүйл огт байхгүй. Түүнийг гуйсан болохоор л түүнд түрээслүүлсэн, түрээслэсэн 3 сарын хугацаандаа Чимэг төвийн 1 давхарын зааланд үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэж буй 1 030 000 төгрөгийг хариуцан төлөх боломжгүй юм. Иймээс С.Жаргалсайханы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан нь С.Жаргалсайхан, Ж.Цэнгүүн нарын хооронд байгуулагдсан “түрээсийн гэрээ” нэртэй гэрээг үндэслэн хариуцагч Ж.Жаргалсайхан, Ж.Цэнгүүн нараас түрээсийн төлбөрт өгсөн 1 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандахад төлсөн 30 000 төгрөг, нийт 1 030 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...би хамт ажилладаг Ж.Жаргалсайхантай Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт байрлах “Чимэг” төвийн 1 давхарын заалыг цэнгээнт бүжиг явуулах зорилгоор түрээслэхээр ярилцаж тохиролцоод 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түрээслэж эхэлсэн. Ж.Жаргалсайхан хүүтэй маань уулзаад гэрээ хийчих гэсний дагуу хүү Ж.Цэнгүүнтэй нь уулзаж түрээсийн гэрээ хийж 1 500 000 төгрөг өгсөн.Хүн цөөн ирж байсан учраас 2016 оны 04 дүгээр сарын 10 хүртэл хугацаанд түрээслэн ажилласан. Ингээд Ж.Жаргалсайхантай уулзаж “хүн цөөн ирж байгаа учраас түрээслэхээ больё, түрээсийн төлбөрт өгсөн 1 500 000 төгрөгнөөс 500 000 төгрөгийг түрээсийн төлбөрт өгч 1 000 000 төгрөгийг надад буцааж өгөхөөр тохиролцсон боловч энэ мөнгөө өгөхгүй байгаа учраас С.Жаргалсайхан, Ж.Цэнгүүн түрээсийн төлбөрт өгсөн 1 000 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандахад төлсөн 30 000 төгрөг, нийт 1 030 000 төгрөг гаргуулж өгнө үү.Би анх Ж.Жаргалсайхантай ярилцаж тохиролцсон, хүүтэй нь гэрээ хийж мөнгөө өгсөн учраас энэ 2 хүнээс нэхэмжилж байгаа” гэж тайлбарлаж байгаа.

 Хариуцагч Ж.Жаргалсайхан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...би “Чимэг” төвийг түрээслэх эрхтэй хүн биш.”Чимэг” төвийн өмчлөгч нь миний эхнэр П.Эрдэнэцэцэг, П.Энхтайван гэж хүмүүс байгаа.С.Жаргалсайхан олон дахин гуйсан учраас би түрээслэгч, түрээслүүлэгч нарыг холбож өгсөн.Би нэхэмжлэгч С.Жаргалсайханд 1 000 000 төгрөгийг буцааж өгөхөөр амлаагүй.Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч Ж.Цэнгүүн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...С.Жаргалсайхан “Чимэг” төвийн заалыг сарын 500 000 төгрөгөөр түрээслэхээр надтай тохиролцож нийт 3 сарын түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг өгсөн. Түрээслэсэн 3 сарын хугацаанд “Чимэг” төвийн 1 давхарын зааланд үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжилж байгаа 1 030 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлаж байгаа.

Нэхэмжлэгч С.Жаргалсайхан хариуцагч Ж.Цэнгүүн нарын хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт байрлах “Чимэг” төвийн 1 давхарын заалыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 6 сарын хугацаатай хөлслөхөөр, С.Жаргалсайхан заалыг ашигласны хөлс төлөхөөр тохиролцсон эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

Гэрээний дагуу хөлслүүлэгч Ж.Цэнгүүн “Чимэг” төвийн 1 давхарын заалыг хөлслөгч С.Жаргалсайханы эзэмшил, ашиглалтад түр хугацаагаар шилжүүлсэн, хөлслөгч Ж.Жаргалсайхан заалыг ашиглахаар хүлээн авч нийт 3 сарын хугацааны түрээсийн төлбөрт 1 500 000 төгрөг өгсөн, авсан тухайд талууд маргаагүй.

Нэхэмжлэгч “...хүн цөөн ирж байсан учраас 2016 оны 04 дүгээр сарын 10 хүртэл хугацаанд түрээслэн ажилласан. Ингээд Ж.Жаргалсайхантай уулзаж “хүн цөөн ирж байгаа учраас түрээслэхээ больё, түрээсийн төлбөрт өгсөн 1 500 000 төгрөгнөөс 500 000 төгрөгийг түрээсийн төлбөрт өгч 1 000 000 төгрөгийг надад буцааж өгөхөөр тохиролцсон боловч энэ мөнгөө өгөхгүй байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч дээрхи тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөөр гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд талууд гэрээний хугацааг 6 сараар тохиролцсон байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Ж.Жаргалсайхан гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа гэрээ байгуулсан эд хөрөнгө хөлслөгч Ж.Цэнгүүнд мэдэгдээгүй.Ийнхүү мэдэгдээгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй.

Тэрээр “...Ж.Жаргалсайхантай уулзаж “хүн цөөн ирж байгаа учраас түрээслэхээ больё, түрээсийн төлбөрт өгсөн 1 500 000 төгрөгнөөс 500 000 төгрөгийг түрээсийн төлбөрт өгч 1 000 000 төгрөгийг надад буцааж өгөхөөр тохиролцсон” гэж тайлбарлаж байгаа боловч эд хөрөнгө хөлслөх гэрээг Ж.Жаргалсайхантай биш Ж.Цэнгүүнтэй байгуулсан тул гэрээнээс татгалзаж байгаагаа Ж.Цэнгүүнд мэдэгдэх ёстой байсан.

Тиймээс нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдээгүй гэж үзэх үндэстэй байна.

Мөн нэхэмжлэгч “...би “Чимэг” төвийн 1 давхарын заалыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 10 хүртэл хугацаанд түрээслэн ажилласан” гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Харин хариуцагч Ж.Цэнгүүний “...С.Жаргалсайхан нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10 хүртэл 3 сарын хугацаанд “Чимэг” төвийн 1 давхарын зааланд үйл ажиллагаа явуулсан” гэсэн тайлбар нь гэрч Б.Бямбаагийн “...би С.Жаргалсайханыг анх хэзээ түрээслэн орсон болохыг санахгүй байна.Учир нь манайх 3 жижүүртэй учраас миний ээлжин дээр ирээгүй байж магадгүй.Харин 2016 оны 06 дугаар сарын 15-нд С.Жаргалсайхан “Чимэг” төвийн байрнаас гарсан.Би тэр өдөр жижүүртэй байсан бөгөөд надад би өнөөдрөөс эхлээд гарна гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа.

Түүнчлэн гэрч Б.Бямбаа “...С.Жаргалсайхан явахдаа хөшиг, хөгжим зэрэг эд зүйл авч явсан.Харин хөшиг дотороо байгууллагын 2 сандал авч гарсан байсныг би тухайн үед мэдээгүй.Дараа нь сандал алга болсон байна гэхээр нь камер шүүж үзэхэд хөшигнд боож авч гарсан байсан.Би авч гарсан эд зүйлийг нь машин руу нь зөөж хүргэж өгсөн.Надад түлхүүр хүлээлгэж өгөөгүй” гэсэн тайлбар гаргасан ба нэхэмжлэгч эд зүйл авч явсан тухайн өдөр Б.Бямбаа жижүүрээр гарч байсан, эд зүйлийг нь зөөж машинд хүргэж өгсөн тухайд маргаагүй.

Иймд нэхэмжлэгчийг “Чимэг” төвийн 1 давхарын заалтыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 10 хүртэл 1 сарын хугацаанд түрээслэн ажилласан болохоо нотолж чадаагүй гэж үзэж түүний хариуцагч Ж.Жаргалсайхан, Ж.Цэнгүүн нарт холбогдуулан гаргасан түрээсийн төлбөрт өгсөн 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлагчид хандсан нь хариуцагч нарт ямар нэгэн үүрэг үүсэх, төлбөр гаргуулах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Жаргалсайханы 1 030 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.Жаргалсайхан, Ж.Цэнгүүн нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА