Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2017/0811/З |
Дугаар | 001/ХТ2021/0095 |
Огноо | 2021-03-29 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2021/0095
Х ш ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн
Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Э.Г-д Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасангийн олгосон 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Барилгын ажлын 0000735/186/2017 дугаар зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0426 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 586 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нар.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0426 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Э.Г-од Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасангийн олгосон 2017 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн 0000735/186/2017 дугаар гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ш ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн иргэн Э.Г-д Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газар эзэмших эрх олгосны 167 м.кв хэсэгт хамаарахыг нь хүчингүйд тооцуулах нэхэмжлэлээс татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 586 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 426 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Э.Г-д олгосон 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 0000735/186/2017 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг дахин шинээр гаргатал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж, 2 дахь заалтын Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн гэснийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/726 дугаар захирамжийн гэж, 3 дахь заалтын үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэснийг үлдээсүгэй гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ариунболор нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Х ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Гомдлын үндэслэл: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.14-ний өдрийн 586 дугаар магадлал нь дараах үндэслэлээр хууль буруу хэрэглэж, хууль зөрчсөн байна. Үүнд:
4. Магадлалын ТОГТООХ хэсэгт Гэрчилгээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоолгох өөрчилсөн хүрээнд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн тухайд.
5. Тайлбар. Маргаан бүхий захиргааны акт болох гуравдагч этгээдэд олгосон 2017.9.18-ны өдрийн 0000735М/186/2017 дугаар барилгын ажлын зөвшөөрөлд уг гэрчилгээний хүчинтэй хугацаа 2018.6.1-ний өдөр дуусгавар болохоор заасан байна. Гэтэл магадлалд ... хэрэг хянан шалгах явцад шүүгчийн 2018.1.26-ны өдрийн 681 дүгээр захирамжаар захиргааны актын биелэлтийг ийнхүү дуусгавар болохоос өмнө түдгэлзүүлсэн байх тул гэрчилгээний хүчинтэй хугацааг дуусгавар болсон гэж үзэхгүй хэмээн дүгнэсэн.
6. Маргаан бүхий захиргааны акт дээр байгаа 2018.01.26-ны хүртэл хүчинтэй байх хугацаа нь Барилгын тухай хуулийн 30.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ижил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно хэмээн тодорхойлсон барилгын зураг төсөл, цаг үеийн гүйцэтгэл төлөвлөлтөөс хамаарсан графикт хугацаа бөгөөд энэ хугацаанд барилгын ажил дуусаагүй бол Барилгын тухай хуулийн 30.2[1]-д Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана. дагуу дуусаагүй ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа бүхий шинэ төлөвлөлт хийж хянуулан тусгай зөвшөөрлийг шинэ хугацаагаар батлуулна. Иймд барилгын ажлын тусгай зөвшөөрлийн хугацаа нь Журмын 2.9[2] дагуу тухайн барилгын ажлын зураг төсөл, тухайн цаг үеийн ажлын зохион байгуулалтаас хамааран тооцоологдсон графикт хугацаа юм. Эдгээр хуулийн заалтуудаас үзвэл Барилгын ажлын тусгай зөвшөөрөлд заасан хугацаа нь барилгын ажлыг зогсоон түдгэлзүүлэн хугацаагаар сунгагдаж хүчин төгөлдөр үйлчилдэггүй өөрөөр хэлбэл, гэрчилгээний хүчинтэй байх хугацаа шууд дуусгавар болохоор хуулиар зохицуулсан байна. Иймд хууль бус байсан болохыг тогтоох нэхэмжлэл-ийн гол зорилго нь дахин шинэ хугацаа бүхий барилгын ажлын зөвшөөрөл олгоход өмнө гаргасан хуулийн зөрчлөө давтахаас сэргийлэхэд орших тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү.
7. Магадлалд ... батлагдсан барилгын эх загвар зургийн дагуу зохих зөвшөөрлүүд олгогдсон байгаа энэ тохиолдолд улсын байцаагчийн удаа дараа дүгнэлт болон барилга хоорондын зай нь барилгын норм, дүрэмд дүгнэлт хийх байдлаар маргааныг шийдвэрлэх нь хангалтгүй гэх тухайд:
8. Нэхэмжлэлийн зорилго нь иргэн Э.Гын зөвшөөрөл авахаар бүрдүүлсэн материал нь хууль зөрчсөн байгааг тогтоолгох юм. Тодруулбал, барилгын зургаа хянуулж зөвшөөрөл авахаар барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч хурандаа Л.Тэгшбаярт хандсан бөгөөд тэрээр 2017.9.12-ны өдөр 10\636 дугаар Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд ... 1. Барилга баригдах байршилд барилга хоорондын гал эсэргүйцэх зай хэмжээг \БНбД 30-01-04\-ийн заавал биелүүлэх 4 дүгээр хавсралтын дагуу хийж гүйцэтгэх. ...дээрх шаардлагыг биелүүлснээр тус ажлын зураг нь галын аюулгүй байдлыг хангаж байгаа болно. (Ажлын зураг дээр зөвшилцөн засаж, нормын дагуу засвар хийгдсэн зургаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байх шаардлагатай) хэмээн барилгын зураг төсөл нь холбогдох хууль, норм дүрэм зөрчиж байгааг маш тодорхой бичсэн байна. Ийм хориглосон тодорхой заавал биелүүлэх шаардлага бүхий дүгнэлт байсаар байтал 5 өдрийн дараа буюу 2017.9.17-ны өдөр тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Дээрх хуулийн зөрчил нь хавтас хэрэгт байгаа дараах баримтуудаар хангалттай нотлогддог:
Э.Гын барилгын зурагт дүгнэлт гаргуулахаар 2017.9.11-ний өдөр Мандах Товер констракшн ХХК нь хүсэлт гаргасан байдаг. \2хх 5ху\. Уг хүсэлтийн дагуу 2017.9.12-ны өдөр Барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч Л.Тэгшбаяр 10\636 дугаар дүгнэлт гаргасан \1хх 179 тал\. Уг дүгнэлтэд Барилга хоорондын гал эсэргүйцэх зай хэмжээг заавал биелүүлэх 4 хавсралтын дагуу хийж гүйцэтгэх. Дээрх шаардлагыг биелүүлснээр галын аюулгүй байдлыг хангана. хэмээн барилгын зураг норм дүрэм зөрчиж байгааг маш тодорхой дурдсан.
Х ш ХХК-ний хүсэлтээр 2017.10.09-ний өдөр Чингэлтэй дүүргийн галын улсын байцаагч ахмад Мягмаржав 119\ 122 дугаар дүгнэлт гаргаж Гал тусгаарлах хамгаалалтын зай 3 зэргийн барилга хоорондын зай 8 м байхыг зөрчсөн хэмээн тогтоосон. \1хх 32ху\
Э.Г дээрх дүгнэлтийг үл зөвшөөрч Нийслэлийн онцгой байдлын газарт гомдол гаргасан. Уг гомдлын дагуу газар дээр нь хяналт шалгалт хийж 2017.11.28-ны өдөр хошууч С.Эрдэнэбаяр 10\59 дугаартай дүгнэлт гаргаж иргэн Э.Год гомдлын хариуг нь өгсөн. Уг дүгнэлтэд хууль тогтоомж холбогдох норм дүрмийг зөрчсөн нь гал түймэр гарсан үед иргэдийн амь нас, эд хөрөнгөд аюул учруулах эрсдэлтэй \3хх 104ху\ хэмээн дурдаж дүүргийн улсын байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээж гомдлыг хангаагүй.
9. Гуравдагч этгээд Э.Г галын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргасан тул эрх бүхий байгууллагаас газар дээр ирж шалган, мөн маргалдагч талуудын хоорондох барилга хоорондын зай болон аваарын хаалга, цонх өмнө нь байсан, уурын зуухнаас болоод бөглөсөн учир түүнийг буулгахад байгаагүй, цайны газар, ажилчдын хувцасны өрөө байгаа учир хаалга цонхыг заавал сэргээх шаардлага тавьсан, иймд барилгын ажил эхлэхээс, зөвшөөрөл авахаас өмнө хаалга цонхтой байсан зэрэг асуудлыг хянан шалгасан. Галын норм дүрэм нь ганц хаалга цонхноос бус барилгын материал, түүний галд тэсвэрлэх байдал, барилгын зориулалт ашиглалт зэрэг олон хүчин зүйлсээс хамааран тооцогддог тодорхой аргачлалтай болохыг маргаж буй талуудад тайлбарласан бөгөөд Э.Гын гомдлыг хэрэгсэхгүй болгож байцаагчийн дүгнэлтийг хэвээр үлдээсэн. Иргэн Э.Г галын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч цаашид шүүхэд нэхэмжлэл гаргаагүй мөн давж заалдах гомдолд дурдаагүй болно.
10. Анхан шатны шүүх хурал дээр хавтаст хэрэгт буй 3 шатны галын улсын байцаагч нарын дүгнэлтүүдийг шинжлэн судлаад Э.Г нь барилгын ажлын зөвшөөрөл авахдаа галын аюулгүй байдлын норм дүрэм зөрчсөн зураг төсөл бүхий материал гаргаж өгснийг тогтоосон болно. Гэтэл магадлалд ... улсын байцаагчийн удаа дараа дүгнэлт болон барилга хоорондын зай нь барилгын норм, дүрэмд дүгнэлт хийх байдлаар маргааныг шийдвэрлэх нь хангалтгүй... хэмээн өөрөөр хэлбэл, галын норм дүрэм, галын улсын байцаагчийн шаардлагыг зөрчиж болно гэж ойлгогдохоор дүгнэлт хийж дараах хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн байна.
Барилгын тухай хууль 5.1.Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна: 5.1.1.барилгын норм, дүрэм; 5.1.2.барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал: 5.1.3.стандарт. 5.2.Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал мөрдөнө.
Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоол. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 2.6.Зөвшөөрөл олгох байгууллага дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзаж, энэ тухай захиалагчид бичгээр хүргүүлнэ: 2.6.1.баримт бичгийг дутуу. эсхүл хуурамчаар бүрдүүлсэн; 2.6.2.баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй.
11. Мөн 2020.01.05-ны өдрийн шинжээчийн 11\135 дугаар дүгнэлтээр барилгажилтын норм дүрэмд заасан барилга хоорондын зай 6м гэснийг зөрчсөн, зургийн дагуу баригдаагүй 25 м.кв илүү барьсан \4хх 105ху\ хэмээн зөрчил тогтоосон учир энэхүү барилгын ажлыг цаашид хууль зүйн хувьд үргэлжлүүлэх боломжгүй байна.
12. Магадлалд .. цайны газар, ажилчдын хувцас солих өрөөний аваарын гэх хаалгыг хааж барилга барьсан гэх тайлбар нь хэргийн шийдэлд харгалзан үзэх үндэслэл болохгүй..., ... аваарын хаалгыг ашиглах тохиолдолд гуравдагч этгээдийн эзэмшил газраар зайлшгүй дайрахаар байгаа нь ... гэсэн дүгнэлт хийсэн. Тайлбар. Галын аюул гарсан тохиолдолд цайны газар, ажилчдын хувцасны өрөө хамгийн эмзэг цэг, мөн бусдын эзэмшил газар дээгүүр явах бүү хэл барьсан хашааг нь нураагаад хүний амь нас аврах нь жирийн хүний ёс зүйд нийцэх үйлдэл юм.
13. Магадлалд ... өмнө нь байсан уурын зуухыг 2017.4 дүгээр сард нурааж байх үед хаалга цонх байхгүй байсан..., одоогийн байдлаар хаалга цонхыг дотор талаас нь хувцасны шүүгээгээр бүхэлд нь хаасан байдалтай байгаа нь... хэмээн дүгнэсэн. Тайлбар. Олон хүн бужигнасан худалдааны төв дээр ажилласан 3 өөр галын улсын байцаагч нар бүгдээрээ энэ барилга галын аюултай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн олон талаас нь тооцоолон гаргасан байдаг. Энэ бол эргэлзэхийн аргагүй олон хүний амь настай холбоотой мэргэжлийн ёс зүй юм. Гэтэл магадлалд нийтэд илэрхий энэ үнэнийг маш увайгүй байдлаар (хаалга цонхгүй бол, түүнийг шүүгээгээр таглачихвал гал гарахгүй гэх мэтээр) үгүйсгэхээр оролдсон байна.
14. Магадлалд Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбайг 198 м.кв гэсэн байхад барилгын ажлын зөвшөөрөлд 204 м.кв болгон нэмэгдүүлсэн шалтгааныг, мөн зөрүү 6 м.кв нь барилгын аль талд байгаа болохыг дахин захиргааны акт гаргахдаа анхаарах нь зүйтэй. хэмээн илт мэдэн будилсан байна. Тайлбар. Яг энэ асуудлаар талууд маргасан тул хамгийн сүүлд 2020.1.5-ны өдрийн шинжээчийн 11\135 дугаар дүгнэлтээр иргэн Гын МЗХ2017М6-42 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавартай барилгад газар дээр нь хэмжилт хийхэд 223.5 м.кв талбайтай байгаа нь зөвшөөрсөн зураг хэмжээнээс 25 м.кв-аас илүү талбайд барилга барьсан байна. (хавсралт зураг 4) батлагдсан зураг болон барьж байгаа барилгыг хэмжиж зургийг давхцуулан аль хэсэгт илүү байгааг ягаан өнгөөр ялган үзүүлсэн байдаг. Шүүгч яагаад батлагдсан зургаасаа 25 м.кв илүү барьсан гээд байхад 6 м.кв гэсэн, хаана нь илүү гарсныг ягаан өнгөөр тодруулаад тайлбар зүүсэн байхад аль талд нь илүү гарчих ваа хэмээн мэдэн будилсан өөрөөр хэлбэл яаж ийж байгаад аргалаад захиргааны акт гаргахыг зөвлөсөн байх юм. Уг нь шинжээчийн дүгнэлтийг ямар жирийн эрүүл иргэн хараад ойлгохоор зураад тайлбарласан байдаг.
15. Иймд, Х ш ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.14-ний өдрийн 586 дугаар магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.3-т заасны дагуу хүчингүйд тооцож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.6.17-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж үзэхэд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
17. Нэхэмжлэгч Х ш ХХК-иас анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн иргэн Э.Год Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад Иргэн Э.Год Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасангийн олгосон 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн 0000735/186/2017 дугаар гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн байна.
18. Улмаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/22 дугаар захирамжийн иргэн Э.Год Чингэлтэй дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт 409 м.кв газар эзэмших эрх олгосны 167 м.кв хэсэгт хамаарахыг нь хүчингүйд тооцуулах гэж тодорхойлон маргаж, нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаан дээр уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлжээ.
19. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасангийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 0000735/186/2017 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр иргэн Э.Год Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн мянгад байршилтай өөрийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай 409 м.кв газарт 17.0х12.0 метр хэмжээтэй, цутгамал төмөр бетон үндсэн хийц бүхий 2 давхар үйлчилгээний барилгын ажлын зөвшөөрлийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар олгосон байна.
Нэг. Барилгын норм дүрэм зөрчсөн, ... галын улсын байцаагчийн дүгнэлтүүдээр барилга хоорондын гал тусгаарлах зай хэмжээг зөрчсөн нь нотлогдсон, иргэн Э.Гын барилга нь батлагдсан зураг, төслийн дагуу барилга, байгууламж баригдаагүй гэх маргаан тухайд:
20. А. Нэхэмжлэгч Х ш ХХК-ийн хувьд улсын бүртгэлийн Y-2201014412 дугаарын бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн мянга /15120/ 49, 50, 51, 55, 56/1-д байршилтай зохих хууль журмын дагуу олгогдсон эрхий бүхий байгууллагын зөвшөөрөлтэй баригдсан таван барилгатай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Эдгээрээс гадна нэхэмжлэгчийн 52 дугаартай гэх үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн өөрийнх нь эзэмшил газарт, уг газрынх нь хойд хэсэгт байршлын хувьд гуравдагч этгээдийн эзэмшил газартай залгаа, урд хэсэгт байрладаг байна.
21. Нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 52 дугаартай барилга нь Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10/59 дугаартай дүгнэлтээр[3] ... Х ш ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга, мах бэлтгэн нийлүүлэх худалдааны зориулалттай 1 давхар барилга байгууламжууд нь нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, мөн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ тус тус гаргуулаагүй, зөвшөөрөлгүй, уг барилгын хойд талд зөвшөөрөлгүйгээр барьсан өргөтгөлийн барилга /цайны газар, ажилчдын хувцас солих өрөөний зориулалтаар ашигладаг/ ... гэх, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 664 дүгээр албан бичгээр[4] ... 52 тоот эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгүүлээгүй гэсэн баримтууд хэрэгт авагджээ.
22. Б. Гуравдагч этгээд Э.Г-ын барилга барих зөвшөөрөл хүссэн хүсэлтийн дагуу нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, барилгын эскиз зургийг үндэслэн нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0000735/186/2017 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна.
23. Гуравдагч этгээдийн хувьд Х ш ХХК-ийн 52 дугаартай барилгын хойд талд байршилтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга барьж буй бөгөөд дээрх 0000735/186/2017 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр үйлчилгээний зориулалттай 409 м.кв газарт 17.0х12.0 метр хэмжээтэй барилга байхаар заасан. Харин, Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг 18.0х11.0 метр консольгүй, тагтгүй, довжоо 1,8 метрээс илүүгүй, рампыг нормоор тооцон эдэлбэр газарт багтаан төлөвлөхөөр заажээ.
24. В. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/135 дугаар шинжээчийн ... Э.Гын барьсан 223 м.кв барилга нь Х ш ХХК-ний барилгаас урд талаараа 0.45 метр зүүн талаараа 2.8 метр зайтай байрлаж байгаа нь ... Галын аюулаас хамгаалах шаардлага-д барилгын галд тэсвэржилтийн I, II дугаар зэрэглэлтэй барилгын хоорондын зай нь хамгийн багадаа 6 метр байх шаардлагыг хангахгүй ... гэсэн дүгнэлт[5] хэрэгт авагджээ.
25. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, гуравдагч этгээд Э.Г нь Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан барилгажих талбайгаас илүү хэмжээгээр барилгын суурийг цутгасан болох нь шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/135 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
26. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс цайны газар, ажилчдын хувцас солих өрөөний галын аваарын хаалга хаасан гэж маргаж байх боловч 2017 оны 04 дүгээр сард хуучин уурын зуухыг нурааж оронд нь барилга барихаар төлөвлөж байх үед 52 дугаартай барилгын хойд хэсэг буюу гуравдагч этгээдийн төлөвлөсөн барилгатай зэрэгцэх хэсгээр хаалга, цонх гаргасан, мөн хаалга, цонхыг дотор талаас нь хувцасны шүүгээгээр бүхэлд нь хаасан нь хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тогтоогджээ.
27. Г. Дээрх үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшил газар хил залгаа боловч газрын давхцалгүй, гуравдагч этгээдийн эзэмшиж байсан хуучин уурын зуух байсан газар дээр шинээр үйлчилгээний барилга барихад нэхэмжлэгч Х ш ХХК-ийн 52 дугаартай барилгын гал тусгаарлах хамгаалалтын зай зөрчсөн эсэхийг тогтоох асуудал зөвхөн гуравдагч этгээдийн үйл ажиллагаанаас эсвэл түүнд олгосон барилгын зөвшөөрлөөс хамааралтай биш байна.
28. Учир нь нэхэмжлэгчийн 52 дугаартай барилга нь өөрөө уг байршилд зөвшөөрөлгүй баригдсан байгаа тул тухайн барилгын бүтэц, зориулалт (уг байршилд зөвшөөрөгдөх)-ыг нь шүүхээс тодорхойлох боломжгүйгээс үүдэн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай зөрчигдсөн гэж шүүх дүгнэх боломжгүй байна. Хот төлөвлөлтийн барилгажилтын норм ба дүрэм /БнбД 30-01-04/-д заасан барилгын гал тэсвэржилтийн II дугаар зэргийн барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай 8 метр байхаар заасан, энэ норм дүрэмд дурдагдсан галын зай зөрчигдсөн эсэхийг тухайн зэрэгцээ хоёр барилга ямар зориулалтаар зөвшөөрөгдсөн, ямар хийц, бүтэцтэй хийгдсэн зэргээс хамаарч тогтоох учир зай зөрчигдсөн эсэхэд шууд дүгнэлт хийх нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.
29. Тиймээс, давж заалдах шатны шүүхээс ... гуравдагч этгээдийн хувьд өөрийн өмчлөлийн 409 м.кв газартаа үйлчилгээний барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт, батлагдсан барилгын эх загвар болон шаардагдах зөвшөөрлүүд олгогдсон энэ тохиолдолд ... Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбайг 198 м.кв гэсэн байхад барилгын ажлын зөвшөөрөлд 17.0х12.0м буюу нийт 204 м.кв болгон нэмэгдүүлсэн шалтгааныг, ... дахин захиргааны акт гаргахдаа анхаарах нь зүйтэй ... гэж дүгнэн 0000735/186/2017 дугаартай Барилгын зөвшөөрлийн гэрчилгээг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн шийдэл үндэслэлтэй болжээ.
Хоёр. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан гэх маргаан тухайд:
30. Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно, 30.2-т Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргах-аар тус тус заажээ.
31. Нэхэмжлэгчээс ... гуравдагч этгээд Э.Год олгосон 2017 оны 0000735/186/2017 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ... гэж маргаж байх боловч хүчинтэй байх хугацаанд шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 681 дүгээр захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлсний улмаас гуравдагч этгээд зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, хүчинтэй хугацаанд шүүгчийн захирамжаар үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн тул гэрчилгээ хүчинтэй байх хугацааг дууссан гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
32. Харин, шүүхүүд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам-ын 4.3.2-т гэр хорооллын нэгж талбарт байгаа эдэлбэр газрын гэсэн заалтыг ямар үндэслэлээр энэ хэргийн маргаанд хэрэглэсэн нь тодорхой биш байна. Учир нь маргаж буй газар, барилга нь гэр хорооллын эдэлбэр газар биш, үйлчилгээний зориулалттай зэргэлдээ нэгж талбарууд байна.
33. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 586 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Б.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
[1] Барилгын тухай хууль 30 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа 30.1.Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно. 30.2.Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана.
[2] Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоол. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм. 2.9.Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгах болон барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтэд энэ дүрмийн 2.2-т заасан баримт бичгээс гадна барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах
[3] 3 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал
[4] 4 дүгээр хавтаст хэргийн 101 дэх тал
[5] 4 дүгээр хавтаст хэргийн 102-105 дахь тал