Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 208/МА2023/00022

 

******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 148/ШШ2023/00175 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн Сэлэнгэ салбар,

 Хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,760,319.43 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

 Хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёлцэцэг, Х.Тэмүүжин /цахим/, хариуцагч Д.*******, М.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Ундармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1. -Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу 1100033116 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах;

-Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 1100033116 дугаартай Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөг, нийт 33,760,319.43 төгрөгийг хариуцагч Д.*******, М.******* нараас гаргуулах;

 ...Банк 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар нь эвлэрэхгүй татгалзсан болно. Хариуцагч нар нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үндсэн зээл, хүүгийн төлбөрийг 1100033116 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 409 хоног хугацаа хэтрүүлж зээл муу ангилалтай болсон. Нэхэмжлэгч нь 1100033116 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөгийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагч нарт гардуулж заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд 1100033116 дугаартай Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа сануулсан боловч зөрчлийг арилгаагүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1100033116 дугаартай Зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн төлбөр 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөр 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 215,918.42 төгрөг, нийт төлбөр 33,760,319.43 төгрөг болно... гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

 1. ...Үндсэн зээл 26,328,750.00 төгрөгийг төлнө. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй.

...Нэг. Иргэний эрх зүйн гэрээний талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан тухайд:

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн гэрээний эрх, үүрэг тэгш байх зарчим дээр үндэслэгдсэн байхыг хууль тогтоогч шаарддаг. ******* банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний зохицуулалтуудаас үзвэл дээрх зарчим алдагдсан гэж үзэж байна. ...Иргэний хэргийн 1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсгийн агуулгаас үзвэл иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал өмчийн халдашгүй байдлыг хангасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэхэд хоёр шатны шүүх дүгнэлт өгөөгүй алдаа гаргалаа. Энэ нь зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн эрх 8 байхад зээлдэгчийн эрх хоёр байгаагаар тодорхойлогдоно. Мөн зээлийн гэрээнээс харахад банк гэрээг дангаар цуцлах санал гаргаад л цуцалж болдог харин зээлдэгч энэ талаар ямар нэг санал гаргах эрх тусгагдаагүй байгаа нь гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэхээр байна. ******* банк ХХК анх 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №1100028960 дугаартай зээлийн гэрээг зээлдэгч Д.*******тэй байгуулж 11,500,500.00 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар зээлэхээр байгуулсан. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 5 сарын дараа зээлийн үүргээ биелүүлж чадахгүй байна гэж банкнаас ярьж №1100029741 дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000.00 төгрөгийг 36 сарын хугацаатай 20,000,000.00 төгрөгийг шилжүүлж 12,000,000.00 төгрөгийг буцаан банк татаж авсан. /энэ нь нотлох баримтаар хавсаргаж өгнө/ яг бодит байдал дээр банк надад 19,500,000.00 төгрөгийг л зээлсэн болно.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзэхэд зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд авсан зээлийн хүү төлөх үүрэг хүлээжээ. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дуусаагүй байхад дахин нэмж зээлийн гэрээ байгуулаад буцаан 12,000,000 төгрөгийг төлүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хоёр дахь зээлийн гэрээгээр нэг дэх зээлийн гэрээний үүргийг хангуулж байгаа нь хууль бус. Зээлийн гэрээний зарчим бол зээлдэгчийн дансанд мөнгө орж түүнийгээ захиран зарцуулах эрх эдлээгүй. Тухайн мөнгө Д.*******гийн дансанд ороод л гарсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлцлийг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна.

 Хоёр. 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарлаж байна.

Хариуцагч Д.******* надад 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1100033116 дугаартай зээлийн гэрээгээр эргэн төлөлтийн хуваарь гэх график өгсөн. Энэ гэрээг би хэзээ байгуулж гарын үсэг зурсан, ямар гэрээ талаар огт мэдэхгүй. Төлбөрөө төлөөд явж байтал дахин төлөх хуваарь өгөхөд гайхсан. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд энэ гэрээний талаар нэхэмжлэлдээ тайлбарлаж дурдаагүй байгаад гайхаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч/ гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ хэмээн заасан мөн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно хэмээн тус тус заасны дагуу №1100028960 дугаартай гэрээний нөхцөлийн дагуу зээлийн гэрээний харилцаа 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болох ёстой байсан. Өнөөдрийн байдлаар нийт 13,571,551.8 төгрөг өгсөн байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 100,000 төгрөг төлсөн байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 148/ШШ2023/00175 дугаартай шийдвэрээр:

 Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан ******* банк Сэлэнгэ салбар болон Д.*******, М.******* нарын хооронд байгуулсан 1100033116 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.*******, М.******* нараас 30,152,493 925 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ салбарт олгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, М.******* нар 30,152,493925 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг ******* тоот хаягт байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 28м2 талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 3 хэсэг ******* тоот хаягт байрлалтай, гэрчилгээний ******* дугаартай, 237м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар, Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дугаар баг, Бор гүвээ байрлалтай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газар зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 467.152 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 467.152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк Сэлэнгэ салбарт олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Шүүх хууль буруу хэрэглэсэн

 Зохигчид 2019 оны 05 сарын 09-ний өдрийн 1100028960 дугаартай Зээлийн гэрээ-ээр 11,500,000 төгрөгийг 36 сарын 22,8 хувийн хүүтэй, 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 1100029741 дугаартай Зээлийн гэрээ-ээр 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй, гэрээ байгуулж, 2020 оны 05 сарын 11-ний өдөр 1100028960 дугаартай Зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж нэмэлт гэрээ байгуулсан. 2020 оны 03 сарын 16-ны өдөр 1100029741 дугаартай Зээлийн гэрээ-ний нөхцөлийг өөрчилж нэмэлт гэрээг тус тус байгуулсан.

Нэхэмжлэгч нь 1100033116 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 26,328,750 төгрөг, хүүгийн төлбөрт 7,215,651.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 215,918.42 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч бид зээлийн гэрээ байгуулснаас хойш 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс 2021 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,867,008.91 төгрөг, хүүгийн төлбөрт 3,653,203.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,264.75 төгрөг,

2019 оны 11 сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 2,295,241.09 төгрөг, хүүгийн төлбөрт 5,364,277.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,981.86 төгрөг тус тус төлсөн.

 1.1.Иргэний эрх зүйн гэрээний талуудын тэгш эрхийн зарчим алдагдсан тухайд:

 Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн агуулгаас үзвэл, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдлыг хангасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан эсэхэд хоёр шатны шүүх дүгнэлт өгөөгүй алдаа гаргалаа. Энэ нь зээлийн гэрээнд зээлдүүлэгчийн эрх 10 гаруй байхад зээлдэгчийн эрх гурав л байгаагаар тодорхойлогдоно.

Мөн зээлийн гэрээнээс харахад банк гэрээг дангаар цуцлах санал гаргаад л цуцалж болдог, харин Зээлдэгч энэ талаар ямар нэг санал гаргах эрх тусгагдаагүй нь гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 .Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 196.1. Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно: 196.1.1 эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний дагуу зээлийг шилжүүлсний дараа өмнөх зээлийг суутгаж авч буй үйлдэл нь Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай хууль тогтоомжийг зөрчиж байна.

 1.2.Зээлийн гэрээ, төлбөрийн харилцааны тухайд:

 Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь зээлийн гэрээнд эхлээд үндсэн төлбөрөөс тооцож, эцэст нь хүүг төлүүлэх дарааллыг хуульчлан тогтоосон. Энэ шаардлагыг нэхэмжлэгч ******* банк зөрчиж, үндсэн зээлийн хүү 7,215,651 төгрөг төлөхөөр шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй төдийгүй, Зээлийн төлөлтийн графикаас үзэхэд зээлдэгчийн зээлийн буцаан төлөлтийг зээлийн үндсэн төлбөрөөс бус, зээлийн үндсэн хүүгээс хасалтыг хийсэн нь хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т: Төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж зааж, хууль тайлбарлан хэрэглэх нэгдсэн практик тогтсоныг Анхан шатны шүүх анхаараагүй байна.

 1.3.Хамтран үүрэг гүйцэтгэгчийн талаар эрх зүйн зохицуулалтын тухайд:

 Анхан шатны шүүх Үүрэг гүйцэтгэгч Д.*******, М.******* нар нь банкны зээлийг бүхэлд нь төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн болох нь нотлогдож байх ба тэдний тус тус хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул тэнцүү байхаар тогтоох нь зөв гээд Д.*******гээс 15,076,24 төгрөг, М.*******гаас 15,076,246 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж тэнцүү хариуцуулахаар шийдвэрлэснийг эрх зүйн талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэсэн агуулгаас үзэхэд М.******* хэргийн хариуцагч биш байна.

Хоёр. Нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-т "Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэснийг шүүх хангасангүй.

 Тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх, түүнийг нотолсон баримтыг хавсаргасан байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт: ... ******* Банк Сэлэнгэ салбар болон Д.*******, М.******* нарын хооронд байгуулсан 1100033116 тоот гэрээг цуцалж, хариуцагч нараас 30,152,493.925 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж ямар ч нотлох баримтгүйгээр дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр болжээ.

Нөгөөтэйгүүр, Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 4.1.4-т: Зээлдэгч гэж зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээж зээлийн дүнг хүлээж авсан этгээд , Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль -ийн 21 дүгээр зүйлийн 2-т: Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгох, мөн зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох хуулийн зохицуулалтыг ******* банк зөрчиж, дээрх шаардлагын алийг нь ч хангаагүй, дансанд зээлийн мөнгө оруулаад буцаан татаж өмнөх зээлийг төлүүлж, цааш захиран зарцуулах эрхийг эдлүүлээгүй байна. Тиймээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаан хавтаст хэрэгт байхгүй нэхэмжлэгчийн нэхэмжлээд буй нэхэмжлэлийн үндэслэл болсон 1100033116 тоот гэрээг хавсаргаж, нотлох баримтуудыг үндэслэж шүүх шийдэх нь зүйтэй гэж үзэж байна

Маргааны зүйл болох дээрх 1100033116 тоот гэрээ хэрэгт авагдаагүй тохиолдолд уг гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан үндэслэл, түүний үр дагаврыг шийдвэрлэх боломжгүй.

Иймд дээрх үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 20-ны өдрийн 148/ШШ2023/00175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад эвлэрэх асуудал яригдсан. ...Шаардлагатай нотлох баримтуудыг аль аль тал нь хангалттай гаргаж өгсөн. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага гаргасан. ...Шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хүсэлт хангаагүй асуудалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2022 оны 6 сард нэхэмжлэл гаргасан. 2023 оны 3 сар хүртэл 9 сарын хугацаанд боломж олгосон. Хариуцагч нарын өмнөх шүүх хуралдаанд хэлснээр хүүний хөнгөлөлт үзүүлье гэж хүүнээс нь 3.000.000 төгрөг чөлөөлж, бууруулсан. Хүү, үндсэн төлбөрт гэрээг шалгуулахад бэлэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч ******* банкны Сэлэнгэ аймаг дахь салбар нь хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдуулан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийн биелэлт 33,760,319.43 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар ... гэрээг нэг тал хугацаанаас өмнө цуцлах эрхгүй, цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас банкинд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байхад шийдвэрлэж өгөөгүй, зөвхөн үндсэн зээлийг төлнө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, М.******* хамтран үүрэг гүйцэтгэгч биш ... гэж тус тус маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 3.Хариуцагч нар болон түүний өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

а.Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан гэж үзээд үр дагаврыг нь шаардаж байгаа эсвэл гэрээг цуцлах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хоёр шаардлага гаргасан эсэх нь ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүй улмаар нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж нэхэмжлэлийн агуулгаас өөрөөр хуулийн гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах гэсэн эрх зүйн хоёр өөр ойлголтыг хооронд нь ялгахгүйгээр хольж тайлбарлан хэрэглэсэн,

б.Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2019 оны 05 сарын 09-ны өдөр байгуулсан 1100028960 дугаартай 11.500.000 төгрөгийн, 2019 оны 10 сарын 10-ны өдөр байгуулсан 1100029741 дугаартай 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус хэрэгт авагдсан байх ба нэхэмжлэгч нь аль гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах эсвэл цуцалсан гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй энэ талаар шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн,

в.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл тодорхой бус гэрээний дагуу хариуцагчаас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаагаар хэрхэн тооцсон, нэхэмжлэлийн тооцооллыг шүүхэд ирүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй,

г.Нэхэмжлэгчээс хариуцагч нарын хүсэлтээр хоёр зээлийг гэрээг нэгтгэсэн өөрчилсөн гэсэн тайлбарыг үндэслэн хэрэгт авагдаагүй 2021 оны 01 сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулсан 1100033116 дугаартай гэрээг нотлох баримтаар үнэлж улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг тус тус зөрчсөн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Мөн нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч М.*******г оролцуулахаар хариуцагчаар татсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран үүрэг гүйцэтгэгч мөн эсэх талаар хариуцагч маргасан байхад энэ талаар эрх зүйн дүгнэлт хийхгүй орхигдуулжээ.

 5.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүрд зохих дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын эрх зүйн байдлыг тодорхойлоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж хариуцагч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308.713 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167. 1.5 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 -д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 148/ШШ2023/00175 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308.713 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН

АЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ