Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01133

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01133

 

 

Н.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/01517 дугаар шийдвэртэй, Н.Д-ын нэхэмжлэлтэй Ц.Ц-д холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх 37\21-ГУ дугаартай гэрээг ОХУ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.В.В-тай байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоот орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, нэг сарын 520.26 ам.доллароор түрээслэхээр харилцан тохиролцсон болно. Үүний дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 37\21- 02ГУ дугаартай гэрээг байгуулж, хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. ОХУ-ын ЕХЭГ нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 77 тоот итгэмжлэлийн үндсэн дээр Белозеров Василий Владимирович нь төлөөлж тухайн орон сууцыг бусдад хөлслөхтэй холбоотой гэрээ хэлэлцээр хийх итгэмжлэлийг авсан болно. Ийнхүү гэрээний дагуу төлбөрийг хөлслүүлэгчид зохих ёсоор төлсөн боловч тухайн орон сууцанд хариуцагч Ц.Ц өнөөдрийг хүртэл амьдарч байна.

Орон сууцыг түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч миний бие эзэмших эрхтэй талаар тайлбарлаж, чөлөөлж өгөхийг хүссэн боловч хууль шүүхийн байгууллагад ханд гэсэн хариуг өгсөн. Миний бие уг орон сууцыг өмчлөгч ОХУ-ын ЕХЭГ-тай гэрээг байгуулж, улмаар тус орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч юм. Энэ талаар Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч Ц.Ц-ийг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус шүүхэд хянагдаж байгаа Н.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

2.1. Д ХХК болон ОХУ-ын ЕХЭГ-ын Хилийн чанад дахь ӨУҮГ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар хоорондын гэрээг дуусгавар болгосон талаарх баримт байдаггүй. Д ХХК-тай миний байгуулсан гэрээ хүчинтэй, сунгагдаад явж байгаа. Учир нь Д ХХК болон миний бие гэрээг дүгнэсэн, дуусгавар болгосон хэлцэл хийгээгүй. ОХУ-ын ЕХЭГ-ын Хилийн чанад дахь ӨУҮГ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашгийн гэрээ байгуулах эрхгүй бөгөөд зөвхөн хэрэглээний зардлаар гэрээ байгуулах үүрэгтэй байгууллага ба хэдийгээр төлөөлөгчийн газар боловч Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан нэхэмжлэгч хариуцагч байх чадвартай газар мөн. Манай байранд өнгөрсөн жил Ц.Д гэрээ байгуулсан гэж байсан ба энэ гэрээгээ цуцалсан дуусгавар болсон талаарх баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Белозоревын талаар цагдаад гомдол гаргасан боловч дипломат эрхтэй гээд шалгахаас татгалзсан. Тэрээр хуурамч гэрээ хийгээд явдаг. Сонгинохайрхан дүүргийн шүүх Б-ын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хуурамч бичиг баримт гэж үзсэн байдаг. Дээд шатны шүүхэд дипломат эрхийн асуудал яригдсан байдаг. Белозеров шүүхийг үл хүндэтгэж байна. Тэрээр ОХУ-ын өмчийг худалдан борлуулах замаар орлого олдог этгээд юм. Нэхэмжлэгч гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд Монгол Улсын хууль хамаагүй гэсэн утга байгаа юм. Нэхэмжлэгч 2020 оноос эхлээд төлбөр төлсөн гэж байна, 3 жил гаруй зочид буудлын хөлс төлсөн нь худал, хүлээж авсан актууд нь хуурамч юм. Энэ байр 2024 онд хувьчлагдах асуудал яригддаг. Орон сууцанд амьдарч байгаа хүн үнэгүй авах боломжтой болно. Маргаж буй байр Монгол Улсын хуулиар үйл ажиллагаа явуулах ёстой, ийм үйл ажиллагаа явуулах эрхгүй. Гэрээгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулахаар тохирсон. Хуурамч баримтад үндэслэж нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ОХУ-ын ЕХЭГ-ын Хилийн чанад дахь БУҮГ, ХЦҮГ-ын газрын тайлбарын агуулга: Баянзүрх дүүрэг, Лхагвасүрэнгийн гудамж, ** хороо, ** хороолол, орон сууцны ** дугаар байр нь ОХУ-ын өмч бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрьн ФГУП Госзагрансобственность-ийн аж ахуйн мэдэлд байдаг. Иргэн Ц.Ц тус байрны 57 тоотод хууль бусаар оршин суудаг бөгөөд байраа чөлөөлөхгүй, ашиглалтад зориудаар саад учруулж байна. Нэхэмжлэгч Н.Д-тай ** тоот байранд байршуулах зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээг хуулийн дагуу байгуулсан боловч хариуцагч Ц.Ц байраа сайн дураараа чөлөөлөхөөс татгалзсан. Өмчлөгч нь ** дугаар байртай холбоотой гуравдагч этгээдэд эрхээ шилжүүлээгүй, зөвхөн өмчлөгчтэй эд хөрөнгө ашиглах гэрээ байгуулсан Н.Д шударга эзэмшигч болж байна.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд нь Ц.Ц болж байгаа бөгөөд өмчлөгчтэй ямар ч эрх зүйн харилцаа тогтоогоогүй. Иргэний хуулийн 94 дугаар зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэрээгүй, эрх зүйн үндэслэлгүй эд хөрөнгө ашиглаж буй Ц.Ц юм.

Иймд Ц.Ц нь дээрх эд хөрөнгийг ашиглах, эзэмших хууль ёсны эрхгүй, үндэслэлгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөх гэрээ, уг орон сууцыг ашиглах, өмчлөгч болон хууль ёсны ашиглагчийн хуулиар олгосон эрхийг дур мэдэн, санаатайгаар зөрчиж байна. Байр чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч Ц.Ц нь орон сууцанд хууль бусаар, үнэ төлбөргүй амьдарсаар байна. Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа Ц.Ц-ийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагч Ц.Ц-ийн эзэмшлээс Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** хороолол /13343/, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-ээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

5.1. Гуравдагч этгээдийг шүүх хуралд оролцуулахаар хойшилсон, гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй.

5.2. Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл төлбөр төлж, гэрээ байгуулжээ. Зочид буудалд ороогүй байж 10 гаруй удаа буудлын төлбөр төлөөд төлөх бүртээ буудлыг хүлээн авсан акт үйлдээд байсан байна. Төлбөрөө төлөөд зочид буудалдаа ороогүй бол төлсөн төлбөрөө буцаан авсан байх ёстой. Бодит байдалд дээрхи шиг үйлчилгээ үзүүлж байсан тохиолдол Монгол Улсад өөр байхгүй. Энэ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн зочид буудлын үйлчилгээний гэрээ.

5.3.Гуравдагч этгээд нь УБЕХ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан бөгөөд уг гэрчилгээгээр төлөөлөгчийн газар нь шүүх хуралд нэхэмжлэгч, хариуцагч байх эрх хуулиараа олгогдсон байдаг. Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ байхад заавал ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас дахин итгэмжлэл авах шаардлага байхгүй. Төлөөлөгчийн газрын гэрчилгээ, дүрэм, гэрээг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх уг гэрчилгээг гаргуулахаас татгалзсан нь гэрчилгээнд ашиг олохыг хориглосон заалт байдаг учир шүүх хэргийн нэг талд үйлчилсэн гэж хардагдах үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, төлөөлөгчийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн гэрчилгээ, дүрмийг нотлох баримтаар гаргуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Ц.Ц-д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ орон сууцанд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх гэрээг ОХУ-ын ЕХЭГ-ын Хилийн чанад дахь ӨЦҮГ, ХУҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.В.В-той байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байршилтай орон сууцыг нэг сарын 520.26 ам доллараар түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг хөлслүүлэгчид төлсөн боловч тухайн орон сууцанд хариуцагч нь өнөөдрийг хүртэл амьдарч байна гэж тодорхойлжээ.

Хариуцагч Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлаа Д ХХК болон ОХУ-ын ЕХЭГ-ын Хилийн чанад дахь ӨУҮГ, ХУҮГ хоорондын гэрээг үндэслэн Д ХХК нь надтай гэрээ байгуулсан. ОХУ-ын ЕХЭГ-ын Хилийн чанад дахь ӨУҮГ ХУҮГ-ын газрын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашгийн гэрээ байгуулах эрхгүй, зөвхөн хэрэглээний зардлаар гэрээ байгуулах үүрэгтэй байгууллага. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн байна.

3. Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, ** дугаар байр, 3,300.80 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь ОХУ болох нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 00076**** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй боловч тус байрны ** тоот орон сууцны эзэмшлийн талаар талууд маргаантай байна.

Нэхэмжлэгч нь ОХУ-ын ЕХЭГ-ын Хилийн чанад дахь ӨУҮГ, ХУҮГ-тай орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан гэж тайлбарласан бол хариуцагч нь Д ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр тухайн орон сууцыг эзэмшиж байгаа, Д ХХК нь ОХУ-ын ЕХЭГ-ын Хилийн чанад дахь ӨУҮГ, ХУҮГ-тай гэрээ байгуулсан гэж мэтгэлцсэн байна.

4. ОХУ-ын ЕХЭГ-ын Хилийн чанад дахь ӨУҮГ, ХУҮГ-тай нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 05, 2021 оны 07 дугаар сарын 01, 2021 оны 10 дугаар сарын 01, 2022 оны 02 дугаар сарын 22, 2022 оны 10 дугаар сарын 12, 2022 оны 11 дүгээр сарын 18, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, Д ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 01, 2016 оны 10 дугаар сарын 01, 2016 оны 12 дугаар сарын 31, 2017 оны 04 дүгээр сарын 01, 2017 оны 07 дугаар сарын 05, 2017 оны 08 дугаар сарын 30, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус тус байгуулсан гэрээнүүд хэрэгт авагджээ. Эдгээр гэрээнээс үзвэл маргаан бүхий орон сууцыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Д ХХК, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Н.Д- тус тус хөлслөхөөр гэрээ байгуулсан нь тогтоогдож байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ОХУ-ын ЕХЭГ-ын Хилийн чанад дахь ӨУҮГ, ХУҮГ ...нэхэмжлэгч Н.Д-тай ** тоот байранд байршуулах зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээг хууль ёсны дагуу байгуулсан боловч хариуцагч Ц.Ц нь байраа сайн дураараа чөлөөлөхөөс татгалзаж байна гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Иймд орон сууны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу өмчлөгч нь нэхэмжлэгчид эзэмших эрхээ шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Н.Д маргаан бүхий орон сууцыг хууль ёсоор эзэмшдэг нь тогтоогдож байх ба хариуцагч Ц.Ц-ийн эзэмшил хууль бус байх тул хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.

5. Иргэний хуулийн 92 дугаар зүйл нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн заалттай холбоотой зохицуулалт юм. Харин нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх байх тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Мөн шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй алдааг залруулах нь зүйтэй.

6. Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 6.1. Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн /1хх-236/ ба гуравдагч этгээд шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд гуравдагч этгээдийг шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 6.2. Хариуцагч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн дүрэм, гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. /1хх 48-49/ Иймд энэ агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 7. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/01517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 92 дугаар зүйлийн 92.1 гэснийг 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 гэж өөрчилж,

2 дахь заалтад 60.1 гэсний дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН