Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 207/МА2023/00047

 

  “Т” ХХК-ийн Орхон салбарын

  нэхэмжлэлтэй хариуцагч Х.Дд

  холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч С.У, шүүгч Б.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2023/00421 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Х.Дд холбогдох,

 

“Зээлийн төлбөр 7.046.329 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн хүү 4.639.151 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Иргэн Д.Б нь Тны Б тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 340502442820-20181005 тоот зээлийн гэрээгээр 14 980 000 төгрөгийн тэтгэврийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,5 хувь /жилийн 18 хувь/-ийн хүүтэй авсан. Зээлдэгч Д.Б нь 2019 оны 06 дугаар 10-ны өдөр нас барсан. Зээлдэгчийг нас барснаас хойш төрөөс 6.000.000 төгрөгийн зээлийг төлсөн. Иргэн Х.Д нь зээлдэгчийн хамтран зээлдэгчээр орж, зээлийн гэрээний 2.3 дахь заалтыг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Хамтран зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийг төлөхгүй өдий хүрсэн. Зээлдэгч нь зээлийн төлбөр тооцоог хийхгүй зээлийн төлбөрийг хэрэгсэхгүй болгуулахаар СДИХАШ шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Х.Д нь зээл, хүүний төлбөрийг төлөх сонирхолгүй нь нотлогдож байна. Хамтран зээлдэгч Х.Дд зээл, хүүгийн төлбөрийг барагдуулах мэдэгдлийг 2020 оны 07 дугаар сарын 29, 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд хүргүүлэн, гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн. 2022 оны 09 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4 422 843 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 597 312 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26 174 төгрөг, нийт 7 046 329 төгрөгийг Х.Дгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тны Орхон салбарын харъяа Б тооцооны төвийн Х.Д надад холбогдуулан гаргасан 7 046 329 төгрөгийг хариуцан төлөх хууль зүйн үндэслэл байхгүй болох талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Х.Д би тус банкны Б тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ямар нэгэн зээл аваагүй бөгөөд миний төрсөн эх Д.Б Тны Б тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр тус банкны тооцооны төвтэй тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж 14 980 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэж авсан. Уг зээлийг авахад заавал хамтран зээлдэгч байх учиртай гэсний дагуу би хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гарын үсэг зурсан. Зээлийн гэрээний 1.2.1-д Банк зээл эргэн төлөх хуваарийг хугацаанд зээлдэгчийн 340502442820 тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үндсэн зээл, хүүг үл маргах журмаар шууд бэлэн бусаар төлүүлнэ. Гэрээний 1.3-т 3ээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл өөрийн тэтгэврийн дэвтэр болон тэтгэврийн картыг банкинд хадгалуулна. Гэрээний 2.1.5-д Зээлийг зээлдэгчийн тэтгэвэр, тэтгэмжийн данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ. 2.1.6-д 3ээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг нас барагчид олгох оршуулгын тэтгэмж болон нас барснаас хойш 1 сарын хугацаатай олгодог тэтгэврийн орлогоос шууд суутган авах эрхтэй. гэжээ. Хоёр талын гэрээний дээрх заалтуудаас хархад миний төрсөн эх Д.Бд түүний тэтгэврийг барьцаалж зээл олгосон бөгөөд зээлдэгч нас барсан тохиолдолд банк ямар арга хэмжээ авах тухайгаа энэхүү гэрээндээ тодорхой заасан байж юуны учир надаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардана вэ. Тэгээд ч Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хууль, 2020 оны 01 сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд миний төрсөн эх Данзангийн Баасанжав 1952 онд төрсөн бөгөөд 67 настайдаа 2019 оны 06 сарын 10-ны өдөр нас барсан. Дээрх хуулийн 3-р зүйлийн 3.1.1-д: Тэтгэвэр барьцаалсан зээл гэж энэ хуулийн 3.1.2-т заасан иргэний тэтгэвэрээ барьцаалан банкнаас гэрээний үндсэн дээр зээлсэн мөнгөн хөрөнгийг гэжээ. Ээж маань тэтгэврийн зээл авсан болох нь хоёр талын гэрээний нэр нь өөрөө тэтгэврийн зээл гэсэн байгаа. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т: Тэтгэвэр авагч гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3 дах заалтад хамаарах тэтгэвэр авагч иргэнийг хэлнэ гэжээ. Мөн хуулийн 4-р зүйлийн 4.2-т Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 2 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана. Энэ хуулийн 4.1, 4.2-т заасан зээлдэгчийн 6.0 сая төгрөг түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна гэжээ. Миний төрсөн эх Д.Б 2018 оны 09 сарын 03-ны өдөр тэтгэвэр барьцаалсан зээлийг авсан бөгөөд 2019 оны 06 сарын 10-ны өдөр нас барсан. Дээрх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх үед тэтгэврийн зээлийн үлдэгдэл нь 4.422.843,07 төгрөг байсан учир 100 хувь төр хариуцан төлөх учиртай байсан байхад банк өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хуулийн дээр заалтыг хэрэгжүүлээгүй буруутай байж юуны учир надаас хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардана вэ? Тус банк ээжийг нас барсны дараа сараас эхлээд зээлийн хүү төлөхийг шаардаж байсан учир би 2019 оны 7, 8, 9-р саруудын хүүг төлсөн бөгөөд нас барсан хүний зээлдэж авсан зээлийн хүүг зогсоодог гэхээр нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахаар шаардлага гаргаж байсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... нас барсан тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилсан байхад өнөөдрийг хүртэл хууль хэрэгжүүлэхгүй надад эд материалын болон сэтгэл санааны дарамт учруулж байгаад гомдолтой байна. Хуулийн дээрх заалтаас харахад хувь хүний өндөр насны тэтгэврийг тухайн хүн өөрөө авахаас түүний өмнөөс хэн нэгэн авах хууль зүйн үндэслэл байхгүй учир Х.Д би банкнаас зээл аваагүй, миний төрсөн эх Д.Б Орхон аймаг дахь Хаан банкны салбараас олон жилийн өмнөөс зээл авч төлсөөр 2018 оны 02 сарын 06-ны өдөр зээлийн үлдэгдэл 9 576 024 төгрөгийн үлдэгдэл дээрээ 2.0 сая гаруй төгрөг нэмээд нийт 12.0 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан байсан. Тнаас зээл авах үед нь Хаан банк дахь тэтгэврийн зээлийн үлдэгдэл нь 9 715 019.54 төгрөг байсан бөгөөд Тнаас зээл авсан 14 сая төгрөгөөсөө Хаан банк дахь зээлдээ 9 715 019.54 төгрөг хийж зээлээ бүрэн хааж өөрт нь 4 200 000 төгрөг үлдсэн байна. Ер нь ээж маань зээл аваад эмчилгээндээ зарцуулдаг байсан бөгөөд би авсан зээлээс нь огт мөнгө авч байгаагүй. Т гэрээнд заасан гээд тухайн үед оршуулгын зардал гэж өгсөн 1 000 000 төгрөг, нэг сарын тэтгэвэр гэж өгсөн 542 094 төгрөгийг бүгдийг нь суутгаж авсан. Нэгэнт Монгол Улсын тэтгэвэрээ барьцаалж зээл авсан ахмадуудын зээлийн үлдэгдлээс 6.0 сая төгрөгийг нь төр хариуцаж банкинд төлөх тухай хууль гарч аль эрт хэрэгжээд дуусчихсан байхад юуны учир намайг ингэж шалгана вэ, Иргэний хуульд зааснаар нас барснаар бусдын өмнө хүлээсэн бүх үүрэг дуусгавар болж байхад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоод сууж байдаг банк байдаггүй байх. Тны надаас нэхэмжилсэн 7.046.329 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Тны Орхон салбарын харъяа Б тооцооны төвийн захирал Э.Э Х.Дгаас түүний төрсөн эх Д.Бд тэтгэврийн зээлийг Тны Б тооцооны төвөөс 2018 оны 09 сарын 03-ны өдөр 14 980 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай олгосон зээлийн үлдэгдэл гэж 7 046 329 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч Х.Дгийн ээж нь 2019 оны 06 сарын 10-ны өдөр 67 настайдаа нас барсан. Гэтэл зээлийн хүүг нь огт зогсоохгүй өнөөдрийг хүртэл хүү тооцож Х.Дгаар зээлийн төлбөрийг төлүүлэх гэж шаардлага гаргаж байгаа нь хууль зүйд нийцэхгүй үйлдэл юм. Зээлдэгч Б.Баасанжавыг нас барах үед үндсэн зээлийн үлдэгдэл нь 10.474.930 төгрөг байсан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгодог оршуулгын зардалд өгсөн 1.000.000 төгрөгийг зээлд нь суутгасан. Мөн 7-р сарын тэтгэврийн 542.000 төгрөгийг зээлд нь суутгаж авсан байх бөгөөд Х.Дгаар 3 удаа нийт 525.752 төгрөг төлүүлсэн бөгөөд тэтгэврийн зээлийн хөнгөлөлтийг төрөөс нэг удаа төлсөн байхад юуны учир өнөөдрийг хүртэл энэ зээлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй байна вэ. Тэтгэврийн зээл гэдэг бол тухайн зээлдэгчийн үндсэн эрхтэй салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч өөрөө амьд байсан тохиолдолд барьцаа барьцаа болох тэтгэвэр олгогдож байдаг. Энэ талаар Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. Хуулийн дээрх заалтаас харахад хувь хүний өндөр насны тэтгэвэрийг тухайн хүн өөрөө авахаас түүний өмнөөс хэн нэгэн авах хууль зүйн үндэслэл байхгүй учир Х.Д би банкнаас зээл аваагүй учир зээлийн хүү 2019 оны 06 сарын 10-ны өдрөөс зогссонгүй, зээлийн төлбөрийг Х.Д хариуцах хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байна. Одоо банк Х.Дгаас яаж тооцоод 7.046.329 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Д.Быг 2019 оны 06 сарын 10-ны өдөр нас барах үед үндсэн зээлийн үлдэгдэл 10 474 930 төгрөг байсан бөгөөд 10.474.930-1.542.000-525.752-6.000.000=2.407.178 төгрөг үлдэж байгаа тооцоо байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 2.407.178 төгрөг байхад Х.Дгаас Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1-д заасан үндэслэлээр шаардлага гаргаж байгаа явдал нь зүйд нийцэхгүй. Иймд Тны Орхон аймаг дахь Б тооцооны төвийн шаардлагаас зээлийн хүү тооцсон 4.639.151 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2022/01627 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг баримтлан хариуцагч Х.Дгаас зээлийн гэрээний үүрэгт 3.523.168 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-ийн Орхон салбар Б тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.523.168 төгрөгийг, мөн зээлийн хүүд тооцсон 4.639.151 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127.691,26 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 89.177 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Дгаас улсын тэмдэгтийн хураамжаар 71.321 төгрөг гаргуулан Тны Орхон салбар Б тооцооны төвд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Т 2018 оны 09 дугаар сарын 03-ны өдөр 14.980.000 төгрөгийн тэтгэврийн зээлийн гэрээг иргэн Д.Б байгуулж, хамтран зээлдэгчээр Х.Д нь гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгч болсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан болно. Х.Д хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч 2018 оны 09 дугаар сарын 03-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 05-ний өдөр уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдлийг бүрэн хариуцаж дуусгах хүсэлтийг гарган үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний 2.3.1-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ" гэж заасан байдаг бөгөөд Х.Дгийн хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь байсан тэгэхээр өөрөө үр дагаврыг нь ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Иймд Х.Д нь гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу банк үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн аль нэгнээс үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй болно. Иргэний хуулийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна" гэж заасныг мөн шүүхээс буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Иргэний хуульд тухайлан /242.3/ үүргийг үндсэн үүрэг гүйцэтгэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн аль нэгнээс шаардах эрхийг хуульчилсан байхад 242.11 дэх заалтыг хэрэглэсэн байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2023/00421 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-р хэсэгт үндсэн зээлдэгч Д.Быг нас барсан гэдгийг дурдсан байдаг. Зээлдэгч Д.Б нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нь Тинд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 242 дугаар зүйлийн 242.1- д зааснаар шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийг зээлийн гэрээний агуулга болон хамтран үүрэг гүйцэтгэх талаарх Иргэний хуулийн зохицуулалтад нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийг шийдвэрийн хүчингүй болгосон 3.523.168 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Тны Орхон салбарын харъяа Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй Х.Дд хариуцагдах зээлийн төлбөр гаргуулах тухай шаардлагатай хэргийг тус шүүх шийдвэрлэхдээ зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсанаар түүнд үүрэг үүссэн байна гэсэн дүгнэлтийг хийсэн явдал нь зүйд нийцсэнгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ИХШХШТХ-ийн 40-р зүйлд заасан журмын дагуу хуульд нийцүүлсэн үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй. Хариуцагч Х.Д өөрийн төрсөн эх Д.Бын тэтгэврийн зээлийн Тны Б тооцооны товоос 2018-09-03-ны өдөр авсан, 14.980.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан явдал нь хууль зүйд хэр нийцэж байгаад дүгнэлт хийх учиртай.Тухайн зээл нь тэтгэврийн зээлийн ангилалд байгаан дээр зээлдэгч нас барсан тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг оршуулгын зардал, сүүлийн нэг сарын тэтгэврийн мөнгийг шууд суутгаж авахаар тохиролцсон гэрээ байхад шүүх гэрээнд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэнгүй. Банк Д.Бын зээлийн үлдэгдэл гэж 7.046.329 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Х.Дгийн ээж нь 2019-06-10-ны өдөр 67 настайдаа нас барсан бөгөөд энэ өдрөөс зээлийн хүү зогсох учиртай байсан ч банк зээлийн хүүг огт зогсоогоогүй. Зээлдэгч Д.Быг нас барах үед үндсэн зээлийн үлдэгдэл нь 11.957.189 төгрөг байсан бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгодог оршуулгын зардалд өгсөн 1.000.000 төгрөгийг зээлд нь суутгасан. Мөн 7-р сарын тэтгэврийн 542.000 төгрөгийг зээлд нь суутгаж авсан байх бөгөөд Х.Дгаар З удаа нийт 525.752 төгрөг төлүүлсэн бөгөөд тэтгэврийн зээлийн хөнгөлөлтийг төрөөс нэг удаа төлсөн 6.000.000 төгрөг нийт 8.067.752 төгрөг төлөөд үлдэгдэл нь 3.889.437 төгрөг байхад юуны учир үндсэн зээлийн үлдэгдэл 4.422.843 төгрөг байх билээ. Зээлдэгч нас барчихаад байхад нас барснаас нь хойш зээлийн хүү гэж 533.406 төгрөг тооцож төлүүлнэ вэ. Зээлийн ангилал нь тэтгэврийн зээл бөгөөд тухайн зээлдэгчийн үндсэн эрхтэй салшгүй холбоотой бөгөөд зээлдэгч өөрөө амьд байсан тохиолдолд барьцаа болох тэтгэвэр олгогдож байдаг. Энэ талаар Иргэний хуулийн 240-р зүйлийн 240.1.2-т "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан" тохиолдолд түүний бусдын өмнө хүлээсэн үүрэг бүр мөсөн дуусгавар болохоор хуульчилжээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас харахад зээлдэгч Д.Бын тэтгэвэр барьцаалсан зээлийн үүрэг дуусгавар болсон байхад хувь хүний өндөр насны тэтгэврийг тухайн хүн өөрөө авахаас түүний өмнөөс хэн нэгэн авах хууль зүйн үндэслэл байхгүй учир Х.Д ээжийнхээ тэтгэврийг барьцаалж банкнаас зээл авах боломжгүй учир ээжийнх нь нас барсан өдөр болох 2019-06-10-ны өдрөөс зээлийн зогсох, банк зээлээ шаардах эрх нь энэ өдрөөс үүсэх учиртай. Зээлдэгч 2019-06-10-ны өдөр нас барсан байх тул банк Иргэний хуулийн 536-р зүйлийн 536.2-т "Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно" гэжээ. Гэтэл нэхэмжлэгч хуульд заасан энэ хугацаагаа хэтрүүлсэн байхад шүүх хариуцагч Х.Дгийн банкинд зээлийн хүү төлсөн өдрөөс гомдлын шаардлага гаргах хугацааг тооцож байгаа явдал нь зүйд нийцэхгүй байгаан дээр Х.Д 2019-09-27-ны өдөр төлсөн 154.000 төгрөгийг 2019-10-31-ний өдөр банк зээлийн хүүнд тооцсон байхад шүүх Х.Дг 2019-10-31-ний өдөр зээлийн хүү төлсөн гэж алдаатай дүгнэлтийг хийлээ. Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлд хөтлөгдөн шийдвэр гаргаж хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хохироолоо. Хоёр талын 2018-09-03-ны өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээний 2.3.1-д Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ гэсэн агуулгатай заалт нь хамтран зээлдэгчид ямар байдлаар нөлөөлөх болохыг шүүх давуу байдлаар дүгнэлт хийсэнгүй. Дээрх гэрээний зээлийн ангилал нь тэтгэврийн зээл байх бөгөөд Х.Д тэтгэвэр авагдсан бөгөөд энэхүү зээлийн гэрээний барьцааны зүйл болох тэтгэврийг дан ганц Д.Б авах эрхтэй тийм ч учраас банктай гэрээ байгуулсан. Банк зээлийн гэрээг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байгаа зээлийн гэрээний барьцааны зүйл, төлбөр төлөх баталгаа, банкны төлбөрөө барагдуулах боломжууд нь дан ганц тэтгэврийн мөнгө, оршуулгын зардал төрөөс хөнгөлсөн хөнгөлөлт зэргүүдээр нотлогдож байхад юуны учир хамтран зээлдэгч Тэтгэврийн зээлийн гэрээгээр хариуцлага хүлээх болоод байгаад шүүх бодит дүгнэлт хийсэнгүй. Шүүх зээлийг тэнцүү хувааж хариуцуулахдаа юуны учир нас барсан хүний зээлд хүү тооцоод байгаад ч дүгнэлт хийсэнгүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023-03-20-ны өдрийн 142/ШШ2022/00421 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учир хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.1.-т “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнл тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно”, 21.1-т “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж тус тус заасны дагуу зээлийг төлж дуусгавар болох хүртэл хугацааны хүүг банк нэхэмжлэх эрхтэй болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд “...үндсэн зээлийн үлдэгдэл 4.422.843 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.597.312 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 26.174 төгрөг, нийт 7.046.329 төгрөгийг Х.Дгаас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х.Д “...Тны надаас нэхэмжилсэн 7.046.329 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

3.Шүүх хариуцагч Х.Дгаас зээлийн гэрээний үүрэгт 3.523.168 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Орхон салбар Б тооцооны төвд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.523.168 төгрөгийг, мөн зээлийн хүүд тооцсон 4.639.151 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгч “Т” ХХК нь Д.Б, хариуцагч Х.Д нартай “Тэтгэвэрийн зээл”-ийн гэрээ 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулж, зээлдэгч нар 14.980.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дууссан, зээлдэгч Д.Б нь 2019 оны 6 сарын 10-ны өдөр нас барсан, хамтран зээлдэгч зээлийн төлбөрт 847.981 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

5.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зээлдэгч Д.Б нь нас барах үед үндсэн зээл-11.957.189 төгрөг үлдсэнээс нэхэмжлэгч банк оршуулгын зардал 1.000.000 төгрөг, сүүлийн сард олгогдсон тэтгэвэр 542.000 төгрөг, төрөөс олгогдсон тэтгэврийн зээлийн хөнгөлөлт 6.000.000 төгрөгийг тус тус хасч, үндсэн зээлийн төлбөрийг 4.422.843 төгрөгөөр тооцсон нь зөв байна.

6.Талуудын хооронд байгуулагдсан “Тэтгэвэрийн зээл”-ийн гэрээнд зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсанаар гэрээний үүрэг дуусгавар болох эсэх, зээлдэгч тус бүрийн хүлээх үүргийн талаар талууд харилцан тохиролцоогүй байх тул шүүх “...үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэсэн дүгнэлт хийж үндсэн зээлийн төлбөр-4.422.843 төгрөгөөс 50 хувиар тооцож хариуцагчаас 2.211.421 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11.-д заасантай нийцсэн байна.

7.Харин нэхэмжлэгч банк нь зээлийн хүүгийн төлбөр-2.597.312 төгрөгийн тооцоог 2020 оны 1 сарын 30-ны өдрөөс эхэлж 2022 оны 12 сарын 9-ний өдөр хүртэл хугацаагаар /964+79/ тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь хамтран зээлдэгч Х.Д нь зээлдэгчийг нас барснаас хойш буюу 2019 оны 12 сараас хойш зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч банк нь гэрээний 2.1.4.-д “...зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг эргүүлэн төлүүлэхээр шаардах...”  гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хуулийн 224.2.3.-д “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана” гэж заасны дагуу зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү шаардах эрх үүсэхгүй юм.

          8.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж зохицуулагдсан ба зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг гэрээгээр хүлээгээгүй тул хариуцагч нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр–26.174 төгрөг төлөх үндэслэл байхгүй. 

        9.Сөрөг нэхэмлжлэлийн талаар: Хариуцагч Х.Д нь талуудын хооронд байгуулсан “Тэтгэвэрийн зээл”-ийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцохдоо зээлдэгчийн эрхийг эдэлж, үүргийг бүрэн хүлээхээр тохиролцсон, уг гэрээний 2.2.3.-д “...Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу 2019 оны 6 сарын 21-ний өдрөөс эхлэн нийт 847.981 төгрөг төлснийг нэхэмжлэгч банк зээлийн хүүгийн төлбөрөөс хасч тооцсоныг буруутгах боломжгүй.

       10.Хариуцагч Х.Д нь зээлийн гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөх үүрэг гэрээгээр хүлээсэн, тэрээр зээлийн хүүгийн төлбөрт тооцож 4.639.151 төгрөг төлсөн болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. 

       11.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Х.Дгаас үндсэн зээлийн төлбөр-2.211.421 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл-2.211.421 төгрөг, зээлийн төлбөр–2.597.312 төгрөг, нэмэгдүүлсэн хүү-26.174 төгрөг нийт 4.834.908 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2023/00421 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Х.Дгаас үндсэн зээл 2.211.421 төгрөг гаргуулж “Т” ХХК-ийн Орхон салбарын Б тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.834.908 төгрөг, зээлийн хүүд тооцсон 4.639.150 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

         Шийдвэрийн 2 дахь заалтанд “...71.321 төгрөг” гэснийг “...50.333 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 71.321 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нгийн төлсөн 71.200 төгрөгийг тус тус төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.Б

                          ШҮҮГЧИД                           С.У      

                                                                                                            Б.О