Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 202/МА2023/00024

 

 

 

  “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 136/ШШ2023/00263 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ү” ХХК-д холбогдох,

 

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилж төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Тийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д, хариуцагчийн төлөөлөгч Б, хариуцагчийн төлөөлөгч Бгийн өмгөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “... 1.1. Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт Монгол газрын тос боловсруулах ТӨХХК-ийн ажиллагсдын орон сууцны хотхоны барилгын ажил гүйцэтгэхээр 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “О” ХХК-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэх 1В/3406-020/19-АГ тоот гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан. Дээрх гэрээг “О” ХХК-тай Дорноговь аймгийн барилга угсралтын компаниудын төлөөлөл болгон ерөнхий гүйцэтгэгчээр сонгож байгуулсан бөгөөд “О” ХХК нь орон нутгийн компаниудын оролцоог хангуулах зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны ***ын туслан гүйцэтгэгчээр “Ү” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ба барилгын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон юм. Тус гэрээг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр талууд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан боловч гэрээний хугацаанд барилга угсралтын ажил графикт төлөвлөгөөнөөс байнга зөрчигдөж ирсэн.

1.2. “О” ХХК-ийн зүгээс барилгын ажлын гүйцэтгэл маш их хугацаа алдаж байгаа талаар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дугаар 20/62 тоотоор ажил эрчимжүүлэх тухай /2020 оны 08 дугаар сарын 10-ны байдлаар ажлын алдагдал 50 хоног, ажлын явц 29 хувьтай/, мөн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 21/41 тоотоор шаардлага тус тус хүргүүлсний дагуу хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гаргаж, амлалт ирүүлсэн боловч 2020 онд 125 хоног, 2021 онд 120 хоног ажил гүйцэтгэлгүй, ажлын явцыг саатуулсан юм.

1.3. Захиалагчтай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх 1В/3406-020/19-АГ тоот гэрээний ажлын гүйцэтгэлд барилга захиалагчийн хяналтын баг өдөр тутам хяналт тавьж байсан ба “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 570/21 тоот албан бичгийг ерөнхий гүйцэтгэгч “О” ХХК-д ирүүлсэн ба уг албан бичигт “... Танай туслан гүйцэтгэгч компаниуд энэ оны барилга угсралтын хугацааны 40 хувьд нь үйл ажиллагааг явуулаагүй талаар барилга захиалагчийн хяналтын багаас бидэнд мэдээлснийг захиалагчийн зүгээс туйлын хангалтгүй гэж үзэж байна. Ерөнхий гүйцэтгэгч компанийн хувьд ажлын хоцрогдлыг шуурхай нөхөх, шаардлагатай тохиолдолд туслан гүйцэтгэгч нартай хариуцлага тооцож ажиллах  шаардлагатай байна. Ажил гүйцэтгэх гэрээний 46.1-д “Гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө” гэж заасны дагуу цаашид гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд  алданги, торгууль ногдуулж, хариуцлага тооцох болно.” гэсэн.

1.4. Дээрх нөхцөл байдлын улмаас цаашид “Ү” ХХК нь тус хотхоны 1 ***ын барилга угсралтын ажлыг хугацаанд нь ашиглалтад өгөх боломжгүй гэж ерөнхий гүйцэтгэгч болох манай компанийн зүгээс дүгнэж барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дахин сунгахгүй дуусгавар болгох тухай мэдэгдлийг хүргүүлж, барилгын ажлын талбайг хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулахыг шаардсан боловч туслан гүйцэтгэгч компанийн зүгээс дээрх мэдэгдэлд дурдсан шаардлагыг хүлээж авахгүй гэсэн тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

1.5. “Ү” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний нийт төсөвт  өртөг нь 1,310,400,000 төгрөг болно. Дээрх дүнгээс барилга угсралтын ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөрт 258,874,340 төгрөгийг мөнгөөр “О” ХХК-иас 404,060 төгрөгийн барилгын материалыг урьдчилгаанд тооцож авсан ба нийт 262,080,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт авсан байна. Үүнээс гадна “Ү” ХХК-ийн ажлын гүйцэтгэл нийт 736,594,443 төгрөг болсноос барьцаа 5 хувь, урьдчилгаа суутгал 20 хувь, талбайн зардал зэргийг суутгаад “Ү” ХХК-ийн данс руу 802,125,326 төгрөгийг шилжүүлсэн байна. Суутгалыг задалж тооцвол гүйцэтгэлийн санхүүжилт хийхдээ барьцаа 5 хувь-36,829,721 төгрөг, мөн урьдчилгаа төлбөрийн суутгал 147,318,889 төгрөг, мөн талбайн зардалд 10,167,545 төгрөгийг суутган авсан болно. Барилга угсралтын ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөрт нийт 262,080,000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс гүйцэтгэлийн санхүүжилт хийхдээ урьдчилгаа төлбөрт тооцож нийт 147,318,889 төгрөгийг суутгасан. Зөрүү 114,761,111 төгрөгөөс барьцаанд байгаа гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 36,829,721 төгрөг, 14 дүгээр гүйцэтгэлийн олгоогүй санхүүжилт 5,034,563 төгрөгийг хасаад үлдэгдэл 72,896,827 төгрөгийг “Ү” ХХК-аас нэхэмжлэх тооцоо гарч байна. Иймд “Ү” ХХК-аас урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөгийг гаргуулж “О” ХХК-д олгож өгнө үү” гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж “... 67,764,476 төгрөг нэхэмжилж байгаа” гэжээ.

 

3. Хариуцагч “Ү” ХХК-ийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “ 3.1. ...Барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ү” ХХК нь “О” ХХК-тай харилцан тохиролцож ... 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Г-2019/02-95-2-2 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дээрх барилга угсралтын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож байгуулсан юм.

3.2. ...Гэвч Монгол Улсын хэмжээнд үүссэн “Ковид 19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоогдсон хорио цээрийн дэглэм, бараа материалын болон түүхий эдийн хомсдолоос шалтгаалан барааны үнэ өссөн, мөн компанийн ажилчид ээлж дараалан дээрх өвчнөөр өвдөж үндсэн болон гэрээт ажилчдыг тэр даруйд нь эмчлүүлэх зэрэг хүндэтгэн үзэх болон бусад шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй, дээрх давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч “О” ХХК нь хүсэлтийг хүлээж авалгүйгээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд хандсаныг буруу гэж үзэж байна.

3.3. “О” ХХК нь “Ү” ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Г-2019/02-95-2-2 тоот гэрээний үндэс суурь болсон захиалагч тал болох Батлан хамгаалах яам, Санхүүжүүлэгч-төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон ерөнхий гүйцэтгэгч “О” ХХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 1 дүгээр шатны *** болон 32 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” №1в/3406 тоот гэрээний санхүүжилт болон бусад холбоотой асуудлыг шалгуулахаар “Хуртай өргөө” ХХК, “Төгс өнөд” ХХК болон манай компанийн зүгээс2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн эрх зүйн маргааныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргаж, үүний дагуу Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 211900279 дугаар хэрэг нээн шалгаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл манай компанийг санхүүжүүлсэн гэх мөнгөний эх үүсгэврийг “О” ХХК нь Батлан хамгаалах яам, санхүүжүүлэгч-төсөл хэрэгжүүлэгч “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай байгуулсан гэрээний дагуу зарцуулаагүй, залилан мэхэлсэн гэх үндэслэл бүхий баримтад тулгуурласан гэм хэргийн шинжтэй зүйл баримтыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тул уг асуудлыг шийдвэрлэх хүртэл “Ү” ХХК-д холбогдуулан гаргасан “О” ХХК-ийн “Ү” ХХК-тай байгуулсан дугаар Г-2019/02-95-2-2 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилж төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч тал болох “О” ХХК нь өөрийн төсөөллөөр шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж, нэхэмжлэлдээ дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэр нь харилцаа биш бөгөөд харин өөр компанийг санхүүжүүлсэн гэх мөнгөний эх сурвалжийн зарцуулалтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгагдах хууль зүйн үндэслэл тогтоогдвол шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасныг үндэслэн Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “О” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №21/168 тоот нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалт байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргаж байна.

3.4. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй” гэж заасныг үндэслэн “О” ХХК-аас манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, мөн ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилттэй холбоотой эрүүгийн эрх зүйн маргааны шийдвэрлэх хүртэлх хугацаанд  “Ү” ХХК-ийн зүгээс Г-2019/02-95-2-2 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилж төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 67,764,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,434 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч  Тийн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлж хуулийг буюу хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байна.

5.1. Анхан шатны шүүх ... талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж талуудын хооронд гэрээ байгуулснаас хойш үйл явдал, хавтаст хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь авч үзэж дүгнэлт хийхгүйгээр явцуу хүрээнд дүгнэж, үүнээс улбаалж хуулийн буруу заалтыг сонгон шийдвэрлэхэд хүрсэн байна. ... Зөвхөн 2021 оны 11 сарын 04-ний өдөр №21/158 дугаартай албан тоотоор шууд “Ү” ХХК-д мэдэгдэл хүргүүлснээр урьдчилан сануулалгүй гэрээ цуцалсан гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон байна. Тус гэрээг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр талууд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгаж, хоног хугацааны алдагдал хоцрогдлыг арилгах үүрэг өгч удаа дараа шаардсан боловч шаардлага биелэгдэхгүй харин ч эсрэгээрээ ажил хийхгүй, алдагдсан хоног улам их болж, цаашид үр дүн гарч сайжрахгүй болсон тул Ерөнхий гүйцэтгэгчийн хувьд 2021 оны 11 сарын 04-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Энэ нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн манай 2020 оны 08 сарын 14-ний өдөр №20/62 дугаартай албан тоот (хх40-41), 2021 оны 3 сарын 29-ний өдрийн №21/41 тоот (хх 42), 2021 оны 11 сарын 04-ний өдөр № 21/158 дугаартай албан тоот (хх 195), хариуцагчийн ирүүлсэн 2020 оны 08 сарын 19-ний өдрийн №08/01 тоот (хх 168) хариугаар бүрэн нотлогдоно.

5.2. ... Захиалагчтай байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх ІВ/3406-020/19-АГ тоот гэрээний ажлын гүйцэтгэлд барилга захиалагчийн хяналтын баг өдөр тутам хяналт тавьж байсан ба “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 29- ний өдрийн дугаар 570/21 тоот албан бичгийг ерөнхий гүйцэтгэгч “О” ХХК-д ирүүлсэн ба уг албан бичигт “... Танай туслан гүйцэтгэгч компаниуд энэ оны барилга угсралтын хугацааны 40 хувьд нь үйл ажиллагааг явуулаагүй талаар Барилга захиалагчийн хяналтын багаас бидэнд мэдээлснийг Захиалагчийн зүгээс туйлын хангалтгүй гэж үзэж байна. Ерөнхий гүйцэтгэгч компанийн хувьд ажлын хоцрогдлыг шуурхай нөхөх, шаардлагатай тохиолдолд туслан гүйцэтгэгч нартай хариуцлага тооцож ажиллах шаардлагатай байна. Ажил гүйцэтгэх гэрээний 46.1-д “Гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө” гэж заасны дагуу цаашид гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги, торгууль ногдуулж, хариуцлага тооцох болно” гэсэн албан бичгийг Ерөнхий гүйцэтгэгч “О” ХХК-д ирүүлсэн юм. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1. ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй талаар заасан байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт Нэхэмжлэгч “О” ХХК нь гэрээ цуцлахдаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай ногоо талдаа мэдэгдэнэ, 204.2 хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасан журмыг баримтална. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээ цуцлах талаар нөгөө талд мэдэгдэх ёстой бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй талаар гаргасан мэдэгдлийг гэрээ цуцлах тухай мэдэгдэл гэж үзэх боломжгүй юм. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлт хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримт, албан тоот, нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул хууль зүйн үндэслэлгүй байна.

5.3. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг, ажлын үр дүнг гаргах боломж олгож гэрээний хугацааг сунгаж, ахиц гаргах боломж хангалттай олгосон боловч гэрээгээр гүйцэтгэх ёстой байсан ажлын үр дүн бүрэн гараагүй, гарах боломжгүй болсон тул туслан гүйцэтгэгчийн өмнөөс Ерөнхий гүйцэтгэгч нь Захиалагчийн өмнө хариуцлага хүлээсэн тул арга буюу гэрээг цуцлах болсон юм. Гүйцэтгэгчийн өөрийнх нь тооцож ирүүлсэн ажлын гүйцэтгэлийн дагуу гүйцэтгэсэн ажлыг хөлсийг тухай бүр бүрэн төлсөн, гэрээний дагуу ямар ч гүйцэтгэлгүй шилжүүлсэн нэхэмжлэлээр шаардаж буй урьдчилгаа төлбөрийн зөрүүг шаардах үндэслэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй юм.

5.4. Иймд ... анхан шатны шүүхийн ... шийдвэрийн тогтоох Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 67,764,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчийн 67,764,476 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай хэмээн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв. 

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Дгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “6.1. ... Анх гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан. Хагас жилээр сунгасан. Сунгасан энэ хугацаанд ажлын хоцрогдол, ажлын график зөрчигдсөн зөрчил арилаагүй байсан ч гэсэн бүтэн 11 сарын хугацаанд туслан гүйцэтгэгч “Ү” ХХК нь ажлын хоцрогдлоо арилгах, бичгээр байгуулсан гэрээгээ сунгаагүй ч гэсэн ажлын гүйцэтгэлийг нь хүлээж аваад санхүүжилт олгож явсан. Гэвч 2020 оны хугацаа хорогдлын алдагдал нь 125 хоног, 2021 онд 120 хоног болж ажлын гүйцэтгэлийн ажил саатсан. Ерөнхий гүйцэтгэгч “О” ХХК-ийн хувьд захиалагч Газрын тосны үйлдвэрийн өмнө үүрэг хүлээж байгаа. Туслан гүйцэтгэгчийн үүргийг өмнөөс нь хүлээж байгаа. Тийм учраас ажлын хоцрогдол нь 2 жилийн хугацаанд 245 хоног хүрсэн учраас гэрээг дуусгавар болгох буюу сунгахгүй байх талаар албан мэдэгдэл өгсөн байгаа юм. Энэ мэдэгдлийг өгөх болсон шалтгаан нь талуудын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 56.2 а хэсэгт заасан ажил гүйцэтгээгүй буюу зогсоосон хоног нь 28 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд “О” ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах үр дагаврыг талууд тохиролцон гэрээ байгуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэл өгөөд энэ асуудал шийдэгдэж байгаа юм биш энэ чинь бүхэл бүтэн 2 жилийн хугацаанд удаа дараа шаардлага өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 14-нд 20/62 дугаартай ажлын хоногийн алдагдал чинь 50 хоног болоод байна шүү, мөн гэрээний 56.2 а хэсэгт зааснаар ийм үр дагавар үүснэ шүү гэдгийг сануулж мэдэгдэл өгч байсан /хх 40-41/. Мөн туслан гүйцэтгэгч компанийн зүгээс ажлын график гаргаж, төлөвлөгөөгөө шинэчлэн батлаад албан тоот хүргүүлж байсан нь хавтаст хэргийн 168 дугаар хуудаст авагдсан баримт байгаа. Мөн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/41 тоотоор “Ү” ХХК-д шаардлага хүргүүлсэн байгаа/хх 42/. Ажлын хоногийн хоцрогдол чинь хэтрээд байна шүү гэсэн. Туслан гүйцэтгэгч компани нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учраас цааш үргэлжлүүлэхэд үр дүн гарах нь тодорхойгүй ийм нөхцөл байдал үүссэн учраас гэрээг дуусгавар болгож цуцлахаас өөр аргагүйн улмаас ийм мэдэгдэл өгсөн юм.

6.2. Анхан шатны шүүх энэ асуудлыг татгалзал гэж үзсэн. Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хоёр бол гэрээний төрөл зүйлийн хувьд, агуулгын хувьд гэрээний зүйлийнхээ хувьд үр дагавраа шийдүүлэх ажиллагааны хувьд, цаг хугацааны хувьд маш их ялгаатай. Удаан хугацаанд ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний зүйл бол гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Тэр үр дүнгээ захиалагчийн өмчлөлд шилжүүлээд ажлын гүйцэтгэлээ гаргаж өгөөд санхүүжилтээ аваад явсан. Гэрээний дагуу “Ү” ХХК-д урьдчилгаа төлбөр шилжүүлсэн байгаа. Урьдчилгаа төлбөр шилжүүлснээс хойш ажлын гүйцэтгэлээр бүх ажлын гүйцэтгэлийн дагуу мөнгийг шилжүүлсэн. ... Гүйцэтгээгүй ажлын урьдчилгаа төлбөрийн зөрүүг нэхэмжилсэн. Туслан гүйцэтгэгч компанийн зүгээс хариу үзүүлсэн үйлдэл бол захиалагч байгууллагаа үндэслэлгүйгээр буюу Газрын тосны үйлдвэрээс санхүүжүүлсэн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй байна. ... Энэ мөнгө бол туслан гүйцэтгэгч “Ү” ХХК-д хадгалагдаад явж байдаг. Энэ мөнгөний дагуу ажил гүйцэтгэх үүрэг нь хэнд үлдсэн гэхээр “О” ХХК-д үлдсэн ийм байдалтай байна.

6.3. ... Гэрээ бол цуцлагдсан, гэрээний тусгай нөхцөлийн 56.2 а хэсэгт заасны дагуу сул зогсоосон хугацаа 28 хоногоос хэтэрсэн, ... сүүлийн 2 жилийн алдагдал нь бол 245 хоног болсон, учраас гэрээгээ ноцтой зөрчсөн тул арга буюу гэрээг дуусгавар болгож, цуцалсан гэсэн байр сууриа илэрхийлээд хурлын тэмдэглэлд тусгуулсан байдаг /хх 242,243/. ... Барилгын ажил гүйцэтгэх тухай талуудын хооронд байгуулсан гэрээний /хх 35/ гэрээ цуцлах 56.2 а хэсэгт заасан ямар нөхцөлд гэрээг цуцлах эрхтэй вэ гэдгийг тусгаад өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээ болон гэрээ хэрэгжих явцад ажлын гүйцэтгэлийн зөрчил, сул зогсоосон хоног байсан уу гэдэг нь нэхэмжлэгч талын бичгээр гаргаж өгсөн баримт, туслан гүйцэтгэгч компанийн гаргаж өгсөн баримт тайлбаруудад тодорхой байдаг. Гэрээ цуцлагдсан юм уу, цуцлагдаагүй юм уу гэдэг асуудал шүүх хурал дээр өрнөөд яваад байдаг. Гүйцэтгэгч компани бол зөвшөөрөхгүй байна гээд байдаг. Гэвч шүүх гэрээний үүргийн зөрчил цуцлах гэсэн Иргэний хуулийн зохицуулалт буюу 225, 227 дугаар зүйлд зааснаар үр дагаврын асуудлыг шийдэх үндэслэл, гэрээний дагуу заасан үндэслэлээр шийдэх боломжтой байхад шүүх гэрээнээс татгалзсан юм байна. Нөгөө талдаа мэдэгдээгүй юм байна гэсэн ийм үндэслэлээр гэрээ цуцлагдаагүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 56 дугаар зүйлийн 2 а хэсэг, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, гэрээ цуцлахтай холбоотой заалт буюу Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг үндэслээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж,... нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

 

7. Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Хы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “7.1.  ... Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. ... Гэрээ цуцалснаас үүссэн үр дагавраа нэхэмжлээд байгаа юм уу, эсхүл гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавраа нэхэмжлээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийг уншаад үзэхээр шүүхэд гэрээгээ цуцлуулахаар шаардлага гаргасан байна гэж харагддаг. ... Гэрээгээ шүүхээр шийдвэрлүүлэхээр шаардлага гаргаад байгаа юм шиг ... тэгсэн мөртлөө гэрээнийхээ урьдчилгаанд өгсөн мөнгийг авна гэдэг. ... Эсвэл цаашид гэрээгээ сунгахгүй учраас урьдчилж өгсөн мөнгөө шаардаж байгаа юм уу, гэрээ сунгахгүй үндэслэл нь хугацаандаа ажил гүйцэтгээгүй учраас урьдчилж өгсөн мөнгөө шаардаж байна гэж үзэхийн бол гэрээний үүргээ аль тал нь зөрчсөн бэ гэдэг асуудал яригдана.

7.2. ...Дэлхий нийтийн цар тахалтай холбоотой тайлбарладаг. Үүнээс болоод хил гаалийн хорио цээр үнийн өсөлт нөлөөлснөөс болж хугацаандаа гүйцэтгээгүй зүйл яригддаг. Цар тахал дэлхий нийтийг хамарсан асуудлыг анхан шатны шүүх үүнийг нотлоогүй байна гэсэн дүгнэлт хийсэн. Гэхдээ үүнийг зайлшгүй нотлох ёстой биш гэж үзэж байгаа. ... Хугацаандаа үүрэг гүйцэтгээгүй 22.2-т заасан хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэсэнтэй нийцэх үү гэсэн асуудлыг хоёр компани хоорондоо ярилцаагүй. Ерөнхий гүйцэтгэгч “О” ХХК нь Газрын тос компанитай энэ талаараа хэрхэн зөвшилцсөн юм бэ. Энэ Газрын тос “Ү” ХХК-ийн өмнөөс хариуцлага хүлээж байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. “О” ХХК “Ү” ХХК-ийг үүргээ биелүүлсэнгүй гэж бичиг өгдөг. Гэтэл “О” ХХК-ийг урьдчилгаа төлбөрийг цаг хугацаанд нь өгсөн үү, үгүй юу гэдэг асуудал бас харагдаж байгаа юм. Аль нь үүргээ зөрчсөнөөс болоод ийм эцсийн үд дүнд хүрчхээд байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Анхан шатны шүүх дээр гэрээ цуцалсан гэж “О” ХХК-ийн хувьд тайлбар гаргадаг. Гэрээний 56 дугаар зүйлээс харахад туслан гүйцэтгэх компанитайгаа гэрээ цуцлах юм бол заавал холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зайлшгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээг цуцлах гэж 56.4 дэх хэсэгт заасан байна. ... Гэрээ цуцлаад гэрээ цуцалснаас үүссэн асуудлыг дараа нь тавих юм байна. Тэгээд дараа нь тооцоо нийлж байж энэ мөнгөний асуудлыг шийдэх юм байна гэдэг дүгнэлт хийсэн нь зөв гарсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

8. Хариуцагчийн төлөөлөгч Бгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ ... Манайх энэ компанитай гэрээ хийсэн тэгээд ажлаа дуусгах бодолтой байсан юм. Гэтэл гэрээгээ цуцлах мэдэгдэл өгсөн. Бид ажил эхлэхдээ 3 компани туслан гүйцэтгэхээр орсон. ... Урьдчилгаа 20 хувь эрх тэгш байсан бол 3 компани гурвуулаа ийм байдалд орохгүй байсан. Эдний компанийн нэмэлтээр орж ирэх санхүүжилтээ хаанаас орж ирэхийг хүлээгээд байж байгаа. ... Нэмэлт нь орж ирвэл ажлаа гүйцэтгэх боломж байгаа юм. Гэрээг цуцлаад дуусгавар боллоо гэвэл бид ажлаа дүгнээд, хэд хэдэн төгрөгийн ажил хийснээ нотолж байж манайх тэр мөнгийг өгөх, өгөхгүйг шийднэ.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгч Тийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.  

 

1. Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-д холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилж төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн байдлаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг “... 67,764,476 төгрөг ...” гэж багасгаж өөрчилсөн байна.

 

Хариуцагч “Ү” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...“Ковид 19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ... давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч “О” ХХК нь хүсэлтийг хүлээж аваагүй, ... манай компанийг санхүүжүүлсэн гэх мөнгөний эх үүсвэрийг “О” ХХК нь ... гэрээний дагуу зарцуулаагүй, залилан мэхэлсэн ... гэмт хэргийн шинжтэй ... баримтыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ...” гэсэн агуулга бүхий тайлбарыг бичгээр гаргасан ба харин анхан шатны шүүх хуралдаанд “... талбайн ажлыг хэн нь хэдэн хувьтай дүгнэгдсэн талаар хяналтын багтай явж дүгнэхгүй бол өнөөдрийн тайлбараар тогтоогдохгүй, ... тооцоо нийлээгүй учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,  ... тухайн үед хэдэн төгрөгийн ажил хийсэн гэдгийг гаргаж ирэх ёстой ...” /1хх 92-93, 241-243/ гэжээ.

 

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-т заасныг хэрэглэж талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Т эс зөвшөөрч “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлж хуулийг буруу хэрэглэсэн. ... урьдчилан сануулалгүй гэрээ цуцалсан гэж дүгнэсэн нь өрөөсгөл болсон ... шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон гэж үзэв.

 

Энэ нь анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь зөв боловч гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах хуульд заасан нөхцөл шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан зөв дүгнэж чадаагүй буюу “... нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дууссан, цаашид сунгахгүй талаар гаргасан мэдэгдлийг гэрээ цуцлах мэдэгдэл гэж үзэхгүй, ... гэрээ цуцлагдаагүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй, энэ талаарх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

4. Иргэний хуулийн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах талаарх зохицуулалтыг хэрэглэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлох буюу нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэж үзээд, үр дагаврыг шаардаж байгаа, эсхүл гэрээг цуцлах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх хоёр шаардлага гаргасан эсэхийг тодруулж тодорхойлсноор гэрээг цуцлах үндэслэлээс гадна гэрээг цуцлах хуулиар тогтоосон журмыг талууд баримталсан эсэхийг дүгнэх, энэ талаарх хуулийг хэрэглэх үндэслэл тодорхойлогдоно.

 

5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “... барилга угсралтын ажлыг хугацаанд нь ашиглалтад өгөх боломжгүй гэж ... компанийн зүгээс дүгнэж, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дахин сунгахгүй, дуусгавар болгох тухай мэдэгдлийг хүргүүлж, барилгын ажлын талбайг хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулахыг шаардсан боловч  туслан гүйцэтгэгч компанийн зүгээс дээрх мэдэгдэлд дурдсан шаардлагыг хүлээж авахгүй гэсэн ...” гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж, шаардлагадаа урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөг гаргуулах гэжээ.

 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

  • 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “Ү” ХХК-тай Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны *** /2-р байр/-ны 2 дугаар блокын барилгын ажлыг нийт 1,310,400,000 төгрөгөөр гүйцэтгэх, ажлыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ /1хх 13-32/ байгуулсан,
  • 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан /1хх 33/,
  • 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20/62 дугаартай албан бичгээр /1хх 40-41/ нэхэмжлэгчээс хариуцагчид “...нийт ажлын алдагдал 50 хоног, ... гүйцэтгэгч ажлыг 28 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар зогсоох нь гэрээ цуцлах үндэслэл болох ...” талаар,
  • 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/41 дугаартай албан бичгээр /1хх 42/ “... барилгын ажил графикт хугацаанаас 30 хоногийн хоцрогдолтой, ... ирүүлсэн графикт хугацаандаа ажлаа гүйцэтгэхгүй байгаа нь гэрээний үүргээ зөрчиж байгаа ...” талаар тус тус мэдэгдсэн,
  • 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаартай албан бичгээр /1хх 169/ хариуцагчаас “... Ковид 19 халдварт вирусын улмаас ... нилээдгүй хоног алдаад, ... ажлын график, төлөвлөгөөг шинэчлэн хүргүүлсэн ...” талаар,
  • 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/06 дугаартай албан бичгээр /1хх 171/ хариуцагчаас  “... графикийн дагуу тогтсон хугацаанд ажилчдын орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй болсон бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ...” талаар,
  • 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/02 дугаартай албан бичгээр /1хх 190-191/ хариуцагчаас “... урьдчилгаа санхүүжилтийг цаг тухайд нь олгоогүй, ... үлдэгдэл урьдчилгааг 8 сар 18 хоног хугацаа хоцроосон нь ... хугацааны хоцрогдол үүсэх нөхцөл болсон, ... ажил гүйцэтгэх хугацааны графикийг шинэчлэн хүргүүлж байгаа, ...мэргэжил арга зүйн зөвлөгөө үйлчилгээ хангалтгүй ... “ талаар дурдсан,
  • 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21/158 дугаартай албан бичгээр /1хх 12/ нэхэмжлэгчээс “... гэрээний хугацаа сунгасан боловч ... ажил гүйцэтгэх хуваарийн дагуу ажил явагдахгүй болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн, ... гэрээ цуцлах, дуусгавар болох нөхцөл байдал үүсэх талаар ... анхааруулж байсан, ... 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нийт 98 өдөр ажиллаж, 120 өдөр ажил хийгээгүй нь ажил гүйцэтгэх графикт хугацааны хоцрогдлыг нөхөхөөр хүчин чармайлт гаргах байгааг, ... хугацаа сунгасан хуваарийн дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ажлын захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээг сунгах боломжгүй болсныг мэдэгдэж, ... барилгын ажлын талбайг ... бүрэн хүлээлгэж өгөхийг, ... ажлын үр дүнг ... актаар хүлээлцэх ...” талаар мэдэгдсэн,
  • 2021.06.11-2021.07.20-ны өдрийн байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл 61 хувьтай байсан /1хх 44/ зэрэг болно.

 

Эндээс үзвэл хариуцагчийг үүргийг хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж дуусгавар болгохоор нэхэмжлэгчээс буюу захиалагчаас /ерөнхий ажил гүйцэтгэгч/ гэрээ цуцлах мэдэгдлийг /1хх 12/ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчид хүргүүлсэн, талуудаас үйлдсэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаарх барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг  61 хувьтай /1хх 44/ гэсэн баримтыг шүүхэд ирүүлснээс үзэхэд үүнээс хойш ажил хийгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагад гэрээ цуцлах талаар дурдаагүй, харин гэрээ цуцалсны үр дагавар буюу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 262,080,000 төгрөгийн үлдэгдэл 72,896,827 төгрөгийг гаргуулахаар шаардсан, улмаар хариуцагч талаас анхан шатны шүүх хуралдаанд гэрээ цуцлах эсэх асуудлаар маргаагүй, харин ажлын гүйцэтгэл, үр дүн буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тооцооллыг зөвшөөрөхгүй гэж маргасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

6. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах үндэслэл болсон тохиолдолд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байх нөхцөлд нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй, мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг,  226 дугаар зүйлийн 226.1-д ийнхүү нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдлыг заажээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 219, 220, 221 дүгээр зүйлүүдэд зааснаар үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд буюу үүрэг гүйцэтгэгчийн буруугаас, нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс, эсхүл хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөлд талууд гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалж болдог.

 

Гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах  аль ч үед Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан гэрээнээс татгалзах журам  хэрэглэгдэх бөгөөд энэ нь аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх ёстой.

 

Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд гэрээг цуцлахад нөгөө талдаа мэдэгдэх, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгөх, ийнхүү хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол талууд гэрээнээс татгалзаж гэрээг цуцлах эрхтэй байна.

 

Мөн талуудын бичгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 56.1-т захиалагч, эсхүл гүйцэтгэгч нөгөө тал гэрээг ноцтой зөрчсөн гэж үзвэл цуцлах эрхтэй, 56.2-т гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөлийг заасан ... үүнд 56.2 (а)-д нэхэмжлэлд зөрчил гэж дурдсан “... гүйцэтгэгч ажлыг 28 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар зогсоосон ...” гэсэн нөхцөл нь гэрээний үүргийг зөрчсөнд тооцохоор талууд тохиролцсон.

 

Улмаар гэрээ цуцлах талаар мэдэгдэхэд хуулиар хэлбэрийн шаардлага тавиагүй хэдий ч нэхэмжлэгч талаас энэ талаар албан бичгээр сануулсан, мэдэгдсэн байдлыг анхан шатны шүүх зөвхөн гэрээ сунгахгүй тухай мэдэгдэл гэж дүгнэсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан гэрээ цуцлах нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй  нь нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

 

7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан бөгөөд энд зааснаар гэрээ цуцлахад ажлын үр дүнг үндэслэн ажил гүйцэтгэгчид хөлс төлөх агуулга тусгагджээ.

 

Тэгэхээр зохигчид гэрээ цуцалснаас үүсэх хариуцлага, үр дагаврын талаар маргаж байгаа тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажлын гүйцэтгэл, үр дүн, түүний хэмжээ хамааралтай ба хариуцагчаас энэхүү нөхцөл байдлыг нотлохоор ажлын гүйцэтгэлийг үнэлж тооцоо нийлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй нь дээрх хуульд нийцээгүйн гадна хэргийн оролцогчийн нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх эрхийг хангаагүй гэж үзнэ.

 

Тодруулбал нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын тооцооллоо ажлын гүйцэтгэл 61 хувь буюу үлдэгдэл ажилд урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл гэж тодорхойлсон байх боловч хэрэгт авагдсан барилга угсралтын ажлын гүйцэтгэл баримтанд ажлын гүйцэтгэлийг 61 хувь гэснээс өөр ажлын үр дүн, гүйцэтгэлийн талаарх баримт хэрэгт авагдаагүй, талууд ажлын үр дүнг хүлээлцсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад дүгнэлт хийх боломжгүй байна.

 

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байх ба давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтанд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан давж заалдсан гомдлыг хангаагүй тул ийнхүү гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,434 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 136/ШШ2023/00263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Тийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Тийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,434 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ