Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01200

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01200

 

 

 П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00957 дугаар шийдвэртэй, П ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 26,074,608 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Т, хариуцагчийн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: П ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Х ХХК-тай 55/2017 тоот хөөсөнцөрийн хавтан нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манайх 71,352,576 төгрөгийн үнэ бүхий барилгын хөөсөнцөр хавтан нийлүүлэхээс захиалагчийн хүсэлтийн дагуу 44,883,072 төгрөгийн хавтан нийлүүлсэн. Захиалагч 27,500,000 төгрөгийг төлж, 17,383,072 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн нийлүүлсэн бараа материалын төлбөрийг хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор багтаан төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй. Б ХХК, ЦЕГ-ын дарга Б.Ц нар батлан даасан гэх тайлбарыг хариуцагч тал хэлдэг. Гэрээнд батлан даалтын талаар оруулсан хэдий ч гарын үсэг зуруулж, баталгаажуулаагүй.

Хариуцагч нь гэрээнд заасан өөрсдийн албан ёсны хаяг, утасны дугаарын дагуу манайд захиалга өгдөг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн албан ёсны хаяг дээрх буюу менежер Д.Д-ын 9905**** дугаараас захиалга өгсний дагуу манайх бараа материалаа түүний дагуу нийлүүлсэн. Тэр баталгаа нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3055, 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 3086, 12 дугаар сарын 26-ны өдрийн 3442, 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3443 болон 3569 зарлагын баримтаар нотлогддог.

Бид хариуцагчаас өгсөн захиалгын дагуу хөөсөнцөрийг хэмжээний дагуу үйлдвэрлэж хүргэж өгдөг. Иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 17,838,072 төгрөг, алданги 8,236,536 төгрөг, нийт 26,074,608 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Бараа материал нийлүүлэх гэрээний 7.4-д зааснаар Б ХХК болон цагдаагийн хурандаа Б.Ц нар гэрээний үнийг төлнө гэсэн учраас энэ гэрээг манай компани нэхэмжлэгчтэй байгуулсан. Б ХХК-тай байгуулсан 352,503,000 төгрөгийн үнэ бүхий гэрээний төлбөрт П ХХК нь манай компаниас 44,883,072 төгрөгийг мөнгөнөөсөө суутгаж авч үлдсэн. Б ХХК нь бидэнд төлнө гэх үүргээ биелүүлж 14 удаагийн гүйлгээгээр 27,500,000 төгрөгийг П ХХК-д төлсөн. Төслийн ерөнхий гүйцэтгэгч Б ХХК болон хурандаа Б.Ц хоёр гэрээний үүргийг хариуцахаар батлан дааж авсан. П ХХК-ийг манайх мэдэхгүй. Б.Ц хурандаагаар дамжуулан гэрээ хийсэн. Талуудын хооронд ямар нэгэн хөөс нийлүүлсэн баримт байхгүй. Бид Б ХХК-д хөөсний захиалга өгөхөд Б ХХК нь цааш нь өөрсдийн танилаар дамжуулан хөөс авдаг байсан.

Манайх жинхэнэ хариуцагч биш, хэдийгээр гэрээтэй боловч хариуцлага болон төлбөрийг Б ХХК болон Б.Ц нар төлнө гэж үүрэг хүлээсэн. Өнөөдрийн байдлаар шаардах эрх дууссан. Захиалга утсаар өгдөг гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна. Д.Д барилга дээр ажилладаг, энэ хүний утсыг бүгд мэддэг учраас падаан дээр бичээд явуулсан байгаа юм. Хэн хүлээн авсан гэдэгт маргаж байгаа. Гэтэл хөөсийг хүлээлгэж өгөөгүй учраас бид төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Бидэнд хүлээлгэж өгөөд Х ХХК-ийн нэг ажилтан гарын үсэг зураад бараа материалыг хүлээн авсан бол хариуцлага яригдах байх. Гэтэл Б ХХК-ийн ажилтан н.Б, н.Р, н.Б нар бараа материалыг хүлээн авсан байдаг. Иргэний хуульд зааснаар шаардах эрхийн 3 жилийн хугацаа дууссан, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Х ХХК руу төлбөрөө төлнө үү гэх тоот явуулсан. Энэ хүртэл шаардаж байгаагүй, төлөх үүрэггүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байна гэв.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 26,074,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргав. Үүнд:

4.1. Шийдвэрт хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг зөрчсөн, гэрчүүд асуулгах хүсэлтийг хангасан атлаа захирамжийн биелэлтийг хангаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсгийн дарга Б.Ц нь манайхаар гэрээ хийлгэж, Б ХХК батлан дааж төлөх үүрэг хүлээсэн гомдлыг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаанаас бусдыг хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 210/МА2022/01741 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон.

Шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ магадлалд дурдсан заалтуудыг биелүүлээгүйд гомдолтой байна. Дээрх магадлалд нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийн ач холбогдолтой эсэхийг үнэлэхээс гадна Б ХХК, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримтын талаар зохигчдод нотолгооны үүргийг хуваариласан эрх, үүргийг тайлбарлаж өгч, анхан шатны шүүхээс тодруулах ажиллагаа хийх талаар дурдсаныг шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүйгээс талуудын хооронд үүссэн харилцаа, хүсэл зорилгыг зөв тогтоож чадаагүй гэж үзэн гомдолтой байна. Шүүх хуралд Д.Доос бусад гэрчийг оролцуулаагүй.

4.2. Талуудын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнээд Бараа материал нийлүүлэх гэрээ-ний 7.4-д дэх заалтын дагуу эр, үүрэг үүсэх эсэх, Б ХХК болон хурандаа Б.Ц хоёр төлбөр төлөх ёстой эсхүл үүргээс чөлөөлөгдөх эсэх талаар зохигчдоос гаргасан зөрүүтэй тайлбарт шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Хариуцагч нь П ХХК-тай 71,352,576 төгрөгийн бараа худалдан авахаар тохиролцсон ч явцын дунд 44,883,072 төгрөгийн бараа авч үүрэг үүсгэсэн бараа материалаа өөрийн ажлын талбайд хүлээн авч, авсан материалаараа барилгын ажлаа дуусгаж хүлээлгэж өгч байснаа тайлбартаа дурдсан нь гэрээний 6.1-6.6 дахь зохицуулалтууд хэрэгжсэн, бараа материалын маргаан гараагүй. Өөрөөр хэлбэл, Х ХХК хөрөнгө хүлээн авсныг гэрчлэх үйлдлүүдийг хийсэн тул үүргээс чөлөөлөгдөхгүй.

4.3. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсны дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

П ХХК нь Х ХХК-тай 71,352,576 төгрөгийн барааг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийлүүлж гэрээг дуусгах байсан ч захиалагч талын хүсэлтийн дагуу гэрээний нийлүүлэх хугацаа, гэрээний үнийг төлөхийг хойшлуулж 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 44,883,072 төгрөгийн бараа нийлүүлж, 26,469,504 төгрөгийн барааг хариуцагч аваагүй тул гэрээгээр шаардах эрх үүссэн 44,883.072 төгрөгөөр нэхэмжлэхэд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 27,500,000 төгрөг нэхэмжлэгчид төлж 17,383,000 төгрөгийн үлдэгдэлэй.

Иймд анхан шатны шүүхийн шаардах эрх үүссэн болон гэрээний үүргийг биелүүлж хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, үүрэг гүйцэтгэх талаар хойшлогдсон, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хуулийн зохицуулалтуудыг хэрэглэлгүй хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарласанд гомдолтой байна.

Хариуцагч талаас гүйцэтгэх гэрээний үүргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлснээс хойш Х ХХК болон гэрээний үүргийг хамтран хариуцах Б ХХК болон хурандаа Б.Ц нарын утас руу холбогдож төлбөр барагдуулах хугацаа тохирч нэхэмжлэх үйл явц нэхэмжлэл гаргах хүртэл үргэлжилсэн талаар Б.Ц болон Б ХХК-ийн захирал н.О гэрчилж Х ХХК-ийн захирал Д.Ц-гийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх бодит үнэнд нийцээгүй тайлбар үгүйсгэгдэх байсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй. Магадлалд заасан ажиллагааг гүйцэтгүүлэхээр хариуцагч талаас нэр бүхий гэрчүүдийг асуулгахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Д.Д шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн. Харин О.Батбаатар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч учраас мэдүүлэг өгөх боломжгүй, Б.Цыг шүүхэд дуудан ирүүлэх хаяг тодорхойгүй, н.Оюун нь ирж байна гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагч тал нэр бүхий 3 гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзаж, шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Мөн шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглээгүй. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Тухайн гэрээг манай компаниар дамжуулж хийсэн бөгөөд тухайн гэрээний үүргийг Б ХХК болон Б.Ц тус гэрээний 7.4-т зааснаар батлан даах, төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Барааг захиалгын хуудас, падаанаар хүлээн авч, 4-5 хүн нэр, гарын үсэг зурсан байдаг. Зарим нэр, гарын үсэг гаргацгүй байхаас гадна н.Б, н.Р, н.Б нар хариуцагч компанийн ажилтан биш байсан. Бараа материалын захиалгыг Б ХХК өгч, тус компанийн ажилтнуудад хүлээн авдаг. Хастуйл ХХК-ийн менежер Д.Д-ын утасны дугаарыг нийлүүлэгч компани бичсэнээрээ хариуцагч компанийн бараа хүлээн авсан гэж тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан 6.1, 6.3-т тус тус зааснаар бэлтгэн нийлүүлсэн бараанд тооцоо нийлдэггүй, актаар хүлээлгэж өгөөгүй үйл баримт тогтоогдсон. Мөн гэрээний 7.4-т зааснаар Б ХХК, Б.Ц нар Х ХХК-ийн нэрийн өмнөөс үүрэг хүлээсэн субьект юм. Шүүх гэрч Д.Д-ын мэдүүлгийг тодорхой хэмжээгээр үнэлж, бусад баримтуудтай харьцуулан шинжлэн судалсан. Дүрс бичлэгийг шүүхэд баримтаар өгсөн.

2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа 12 сар байсан, хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бараа бэлтгэн нийлүүлсэн. Үүнээс хойш шаардах эрх үүснэ гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс хэсэгчлэн төлсөн мөнгийг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. Харин гүйлгээний баримтуудад Б ХХК, Б.Ц нарын нэр байдаг.

Анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцсанаас хойш өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангийн эх үүсвэр буюу санхүүгийн анхан шатны баримтыг шаардан авсан. Тус баримтад н.О болон Б ХХК-ийн нэрээр төлбөрийг шилжүүлсэн талаар үйл баримт тогтоогдсон. Иймд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хойшилсон шалтгаан нөхцөл тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь хариуцагч Х ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн албан бичгээс өөр ямар нэгэн байдлаар гэрээний үүргийг шаардсан цахим шуудан, албан бичиггүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 2. Нэхэмжлэгч П ХХК хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 26,074,608 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ П ХХК нь Х ХХК-тай хөөсөнцөрийн хавтан нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 71,352,576 төгрөгийн үнэ бүхий барилгын хөөсөнцөр хавтан нийлүүлэхээс захиалагчийн хүсэлтийн дагуу 44,883,072 төгрөгийн хавтан нийлүүлсэн. Захиалагч 27,500,000 төгрөгийг төлж, 17,383,072 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор багтаан төлөх үүрэгтэй байсан ч төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 17,838,072 төгрөг, алданги 8,236,536 төгрөг, нийт 26,074,608 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 Хариуцагч Х ХХК тайлбартаа Гэрээний 7.4-т Б ХХК болон цагдаагийн хурандаа Б.Ц нар гэрээний үнийг төлнө гэсэн учраас манайх хариуцагч биш. Б ХХК-ийн ажилтан бараа материалыг хүлээн авсан. Төлбөр төлөх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тул Иргэний хуульд заасан шаардах эрхийн 3 жилийн хугацаа дууссан гэж маргажээ.

 3. Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан бараа материал нийлүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нь 71,352,576 төгрөгийн үнэ бүхий дулаалгын хөөсөнцөр хавтанг нийлүүлэх, хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор үнийг бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгч 44,883,072 төгрөгийн хавтан нийлүүлсэн, батлан даагч Б ХХК 27,500,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байна. Харин төлбөрийн үлдэгдэл 17,838,072 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр үлдэгдэл төлбөр, гэрээгээр тохирсон алдангийн хамт нийт 26,074,608 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний 7.4-т зааснаар батлан даагч Б ХХК төлбөр төлөх үүрэгтэй тул хариуцагч биш, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

3.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Гэрээний 3.3-т зааснаар хариуцагч төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор багтаан бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн тул энэ өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

 Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.

 Хэрэгт авагдсан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан болон нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзэхэд батлан даагч Б ХХК 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, нийт 27,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь тогтоогдсон байна. Иймд төлбөр төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул хамгийн сүүлийн төлбөр төлсөн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хугацааг дахин шинээр эхлэн тоолоход 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 3.2. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

 Гэрээний 3.3-т захиалагч буюу хариуцагч Х ХХК төлбөрийг төлж барагдуулахаар, 7.4-т Б ХХК болон Цагдаагийн ерөнхий газрын дарга хурандаа Б.Ц нар батлан дааж захиалагч талын үүргийг хамтран хариуцахаар тус тус заажээ. Иймд нэхэмжлэгч нь захиалагч болон батлан даагч нарын хэн алинаас нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул хариуцагчийг буруу тодорхойлсон гэх татгалзал үндэслэлгүй.

 4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг. Харин хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж үзэхээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт тус тус зохицуулжээ.

 Иймд нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн бараа материалын үнийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар худалдан авсан бараа материалын үлдэгдэл төлбөр 17,838,072 төгрөг, гэрээний 7.2-т заасан алданги 8,236,536 төгрөг, нийт 26,074,608 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00957 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-иас 26,074,608 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 288,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,732 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН