Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/ма2023/01250

 

 

 

 

 

 

 

 

2023 06 23 210/МА2023/01250

 

 

С ХХК -ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/01193 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ХХК -ийн хариуцагч Т ХХК -д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Х.Минжээ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: С ХХК нь Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр, 4 эгнээ бүхий нэгдүгээр зэрэглэлийн авто замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тус компани нь Т ХХК -тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 19919050003 дугаартай даатгалын ерөнхий гэрээ болон 619919009866 дугаартай авто замын угсралтын даатгалын дэд гэрээг тус тус байгуулсан. Авто замын угсралтын даатгалын дэд гэрээний 4.2-т зааснаар даатгуулагчийн авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад замын угсралтын талбайн орчимд гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг даатгуулсан. Төслийг хэрэгжүүлэх явцад буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр их хэмжээний аадар бороо орж Хөлийн гол үерлэсний улмаас түр далан ачааллаа дийлэхгүй болж далангийн ойр орчмын иргэд, аж ахуйн нэгжийн эд хөрөнгөд хохирол учирсан. Үүнтэй холбоотойгоор Аривжих эстимейт ХХК-аар үнэлгээ хийхэд 378,754,737 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Уг хохирлын дүнгээс манай компани 113,626,419 төгрөгийг хохирсон гуравдагч этгээдүүдэд төлсөн байсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг нь Т ХХК -аас нөхөн төлбөр авсны дараа төлөхөөр хүлээж байсан. Гэвч эд хөрөнгө нь хохирсон хуулийн этгээд, иргэд шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 дугаар шийдвэрээр нийт 265,128,318 төгрөгийг манай компаниас гаргуулж, нэр бүхий гуравдагч этгээдүүдэд олгуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 001/ШХТ2022/00214 дүгээр тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон. Ингээд шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т ХХК -д нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтээ гаргасан. Гэтэл Т ХХК -аас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 22/354 тоот албан бичгээр ...ажлыг гүйцэтгэх аргачлалыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан нь тогтоогдсон, гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй, хуулийн заалтын бүтэн өгүүлбэрийн зөвхөн ашигтай байж болох хэсгийг авч тайлбарлан нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг аваад Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй. Манай компани Авто замын угсралтын даатгалын дэд гэрээгээр даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө үүсэх хариуцлагыг даатгуулсан. Гэтэл Т ХХК -аас манай компанийг хууль зөрчсөн буруутай үйлдэл гаргасан байна гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэсэн заалтыг үндэслэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн хууль зүйн үндэслэлгүй. Уг заалтын агуулга нь даатгуулагч даатгалын нөхөн төлбөр авахын тулд санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн тохиолдолд хамаарах агуулгатай байгаа. Манай компанийн хувьд даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг санаатайгаар бүрдүүлээгүй, тухайн үед байгаль цаг уурын онц ноцтой аюулт үзэгдэл болоогүй бол даатгалын тохиолдол бий болохгүй байсан. Түүнчлэн, манай компанийн зүгээс барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй болно. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 болон даатгалын ерөнхий гэрээ, Авто замын угсралтын даатгалын дэд гэрээний дагуу Т ХХК -аас нөхөн төлбөр 378,754,737 төгрөгийг С ХХК -д гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Т ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнг олгохоос хуульд заасан бодит үндэслэл, даатгалын хүчин төгөлдөр гэрээ болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр татгалзсан. Т ХХК , С ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км, 4 эгнээ бүхий 1 дүгээр зэрэглэлийн авто замын төслийн хүрээнд даатгалын ерөнхий гэрээ, авто замын угсралтын даатгалын дэд гэрээг байгуулан урьдаас таамаглах боломжгүй, гэнэтийн эрсдэлээс үүдэн даатгуулагч болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг бууруулах, нөхөх зорилготой даатгасан. Төслийг гүйцэтгэх явцад буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бороо орсны улмаас даатгуулагчийн хийж гүйцэтгэсэн үерийн далан ачааллаа дийлэлгүй нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд даатгуулагчид даатгагчийн зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20/164 тоот албан бичгээр хууль болон гэрээнд заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байх тул татгалзаж шийдвэрлэсэн тухайг илэрхийлэн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн нөхөн төлбөр гаргуулах тухай албан бичиг болон түүнд хавсаргасан холбогдох шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэрэг ирүүлсэн материалын дагуу хүсэлтийг дахин шалган нягтапж үзэхэд даатгуулагч даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн, аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, аюулыг санаатай ихэсгэсэн гэж заасан нөхцөл бүрдсэн нь дахин тогтоогдсон.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 тоот шийдвэрээр С ХХК -ийг нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдүүдэд гэм хор учруулсны хохиролд нийт 265,128,318 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийдвэрт ...түр замын доод талд 1м диаметртэй 4 ширхэг бетонон бөөрөнхий хоолойг байрлуулж Хөлийн голын урсгал 4 ширхэг хоолойгоор дамжин урсаж өнгөрөх байтал 0,75м-ийн диаметртэй хос хоолой байршуулснаас голын ус хальж нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан байна, ... нэхэмжлэгч нар /нэр бүхий 11 иргэн/-д учирсан хохирлыг хуульд заасны дагуу хариуцагч Сино хайдро корпорэйшн монголиа ХХК төлөх үүрэгтэй тул хариуцагчийн Т ХХК -д хандсан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна гэж дурдсан. Дээрх Монгол улсын Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 01-07-035/332 тоот дүгнэлт, Сүхбаатар дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны 001/XT2022/00214 дугаар тогтоол зэргээс дүгнэхэд С ХХК нь Авто замын тухай хууль, зөвлөх инженер А.Берденбекийн зөвшөөрсөн Хөлийн голын гүүрийн замыг гүйцэтгэх аргачлалыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан нь тогтоогдсон тул нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг олгохоос татгалзсан шийдвэр гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 22/354 тоот албан бичгээр мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй. С ХХК нь өөрийн хууль зөрчсөн үйлдэл хариуцлага хүлээхээс зайлсхийн даатгагч буюу Т ХХК -аас шүүхээс гарсан шийдвэрийн дагуу өөрийн гүйцэтгэх үүргээ үндэслэлгүй шилжүүлж нөхөн төлбөр олгохыг шаардсан нь хууль болон гэрээгээр тохиролцсон аль ч үндэслэлд хамаарахгүй. Замыг гүйцэтгэх аргачлал, норм стандартыг мөрдөөгүй явдал нь аюул осол гарах томоохон шалтгаан болсон. С ХХК нь байрлуулах ёстой 1 метрийн диаметртэй 4 бетон хоолойг байрлуулсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Нэхэмжлэгч тал тухайн норм стандартыг зөрчсөнөөс үүдэн аюул учрах нөхцөл байдал үүсэхийг мэдсээр байж өөрсдийн зураг төслийг зөрчсөн үйлдэл хийсэн нь Даатгалын тухай хуулийн 8.5.1-д заасан нөхцөлүүд бүрдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь баталсан стандартын дагуу ажлыг гүйцэтгээгүй явдал нь даатгуулагч санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 378,754,737 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч Г.Одгэрэлийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгч тал аюулгүй байдлын үйл ажиллагааг 4 хоолой байхыг 2 хоолой болгож зөрчсөний улмаас гуравдагч талуудад хохирол учруулсан. Шинжээчийн дүгнэлт баримт нотолгоон дээр үндэслэн Т ХХК гэм буруугүй гэж бодож байна. Байгалийн онц ноцтой нөхцөл байдлаас даатгалын нөхцөл үүссэн гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Х.Хатан-Эрдэнийн дүгнэлтийн агуулга: Талууд хоёулаа үүрэг хариуцлага хүлээсэн байгаа. Тиймээс Т ХХК зохих ёсны зарим хэсгийн нөхцөн төлбөр төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК -аас 340,879,263 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК -д олгож, нэхэмжлэлээс 37,875,474 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар С ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,051,730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХК -аас 1,862,346 төгрөгийг гаргуулж, С ХХК -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар С ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,051,730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК -аас 1,862,346 төгрөгийг гаргуулж, С ХХК -д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх гэрээгээр хамгаалсан эрсдэлийг бус гэрээний зүйлийг үндэслэн нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Төслийг гүйцэтгэх явцад буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр аадар бороо орсны улмаас даатгуулагчийн зураг төсөлгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг зөрчиж 2019 оны 04 дүгээр сард хийж гүйцэтгэсэн, даатгалын гэрээгээр хамгаалаагүй үерийн далан ачааллаа дийлэлгүй нэр бүхий 11 иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн удаа дараагийн мэдүүлгүүдээр нотлогдсоор байтал шүүх хэргийг тал бүрээс нь судалж, нэхэмжлэгчийн мэдүүлгийг авч хэлэлцээгүй. Хөлийн гол дээгүүр тавьсан түр даланг даатгалын гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 04 дүгээр сард байгуулсан болохыг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал мэдэгдсэн бөгөөд энэ талаар өмнө даатгагч буюу хариуцагчид мэдэгдэж байгаагүй. Гэтэл даатгалын ерөнхий гэрээний 5.1.5, 5.1.12-т заасан нөхөн төлбөр олгохгүй байхаар харилцан тохиролцсон. Энэхүү асуудлыг анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчаас удаа дараа мэдэгдсэн, нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл бүхий шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг нь тогтоогдсон боловч шүүх хүлээн аваагүй.

Иргэний хуулийн 444 дүгээр зүйлийн 444.4 дэх хэсэгт заасан, тус нөхцөл бүрдсэн нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон, шүүх хуралдааны явцад зөвлөх инженер А.Берденбекийн зөвшөөрсөн Хөлийн голын гүүрийн түр замын гүйцэтгэх аргачлал нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан, зохигчдын маргаж буй хохирогчдын эд хөрөнгөд гэм хор үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, тус ажлыг хүлээлцээгүй, мөн даатгалын гэрээ 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан нь баримтаар нотлогдсон байтал шүүх дээр дурдсан заалтыг хэрэглээгүй. Дэд гэрээгээр даатгуулагчийн авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад ... гэдэгт дэд гэрээний 5 дугаар зүйлд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00 цагаас эхлэн... гэж заасан хугацаанаас хойш буюу Нийслэлийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто зам хөгжлийн газрын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3/1014 дугаартай Ажил эхлүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэнээс хойш хийж гүйцэтгэх ажлыг гүйцэтгэж байх явц хамаарна. Харин гэрээ байгуулагдахаас болон дээрх эрх бүхий байгууллагын мэдэгдлээс өмнө хийгдсэн буюу 2019 оны 04 дүгээр сард хийж гүйцэтгэсэн байсан, зураг төсөл батлагдаагүй, эрх бүхий байгууллагаас ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй, алдаатай ажлыг даатгалын зүйл, даатгалын эрсдэлд хамруулж шийдвэрлэсэн байдал нь үндэслэлгүй байна. Даатгуулагчтай байгуулсан 19919050003 тоот даатгалын ерөнхий гэрээний 1.6.6, 1.6.7, 6.5, 6.5.2-т заасанд Дэд гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол болон түүний үр дагавраас үүссэн хохирлыг нөхөн төлөхгүй байхаар гэрээгээр харилцан тохиролцсон байна.

Даатгагч нь дэд гэрээгээр Байгалийн эрсдэл, түүний үр дагавраас үүсэх хохирол, даатгуулагчийн хууль бус болон санаатай үйлдэл түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас үүсэх үр дагаврыг огт хамгаалаагүй бөгөөд эдгээр нь даатгалын зүйл биш байтал гэм хорын шалтгааныг байгалийн аюулт үзэгдлийн улмаас учирсан хохиролд даатгагч нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлд даатгагчаас нөхөн төлбөр гаргуулах үндэслэлгүй шийдвэр гаргасныг нотолж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 тоот хүчин төгөлдөр шийдвэрийн тодорхойлох хэсэгт "... Бид уг хаяг буюу газарт оршин суугаад 5-15 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд ихээхэн хэмжээний хур бороо орсон ч нэг ч удаа ингэж үерт автаж байгаагүй юм. гэж дурдсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн Нөхөн төлбөр гаргуулах тухай албан бичиг болон түүнд хавсаргасан холбогдох шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэрэг ирүүлсэн материалын дагуу хүсэлтийг дахин шалган нягталж үзэхэд авто замын угсралтын даатгалын дэд гэрээний 13.2 болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, даатгалын ерөнхий гэрээний 6.5.9-д заасан нөхцөл бүрдсэн нь дахин тогтоогдсон.

Шүүх хуралдааны явцад хохирогчдод учирсан хохирол нь байгалийн гамшигт үзэгдлийн улмаас болоогүй талаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 тоот хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгч Б.Батцогт ...Дараа нь өөр байгууллага газруудаар байгалийн гамшиг гэдэг байдлаар асуудлаас бултах гэсэн оролдлого гаргасан. Уулын урсгал усыг хааснаас болоод ус даланг давж бохиртой холилдсон их ус орж ирээд бидний амьдралыг живүүлсэн... гэж тусгагдсан байсан. Түүнчлэн, шинжээчийн дүгнэлтэд дурдсан Ус цаг уур орчны шинжилгээний газрын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04/544 тоот албан бичигт тухайн тунадас орсон газар орон тодорхойгүй. Даатгагчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Амгалан орчим буюу осол болсон газарт ямар хэмжээний хур тунадас орсон талаарх Цаг уур, орчны шинжилгээний газраас хүлээн авсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/780 тоот албан бичгийг авч хэлэлцээгүй болно. Дэд гэрээний 5.1.6-д заасан үүргийг даатгуулагч хүлээсэн. Гэтэл энэхүү үүргээ хэрэгжүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцлага алдсан, санаатай хэрэгжүүлээгүй байдлаа нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн байтал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ нөхцөл байдал тусгагдаагүй байна.

С ХХК нь Авто замын тухай хууль, Хөлийн голын гүүрийн замыг гүйцэтгэх аргачлал-ыг санаатай зөрчин, 1 метрийн диаметртэй диаметртэй 4 ширхэг бетонон бөөрөнхий хоолойг байрлуулж Хөлийн голын урсгал 4 ширхэг хоолойгоор дамжин урсаж өнгөрөх байтал 0,75 м-ийн диаметртэй хос хоолой байршуулснаас голын ус хальж хохирогчдын эд хөрөнгөд хохирол учирсан байтал өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэж, улмаар өөрийн хууль зөрчсөн үйлдэл хариуцлага хүлээхээс зайлсхийн даатгагч буюу Т ХХК -аас шүүхээс гарсан шийдвэрийн дагуу өөрийн гүйцэтгэх үүргээ үндэслэлгүй шилжүүлж нөхөн төлбөр олгохыг шаардаж байгаа нь хууль болон гэрээгээр тохиролцсон аль ч үндэслэлд хамаарахгүй байна.

Замыг гүйцэтгэх аргачлал, норм стандартыг батлан гаргаж байгаа нь аюул осол эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нарийн тооцооллыг мэргэжлийн, мэргэшсэн инженер зөвлөхүүд батлан гаргаж, түүнийг заавал дагаж мөрдөх үүрэгтэй байхаар Авто замын тухай хуулийн 5.1.2, 20.5 дахь хэсэгт тодорхой хуульчилсан. Даатгуулагчийн хувьд тухайн хуульд заасан норм стандартыг мөрдөөгүй, зураг төсөл батлагдахаас өмнө замын байгууламжийн хэсгийг барьсан явдал нь аюул осол гарах гол шалтгаан болсон. Хэрэв С ХХК нь баталсан зураг төслийн цаг хугацаа, төлөвлөлтийн дагуу байрлуулах ёстой 1 метрийн диаметртай 4 бетон хоолойг байрлуулсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Мөн Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй. Үүний дараа өөрсдийн алдааг засах боломжтой байтал аргачлалд заасан норм стандартыг зөрчсөнөөс үүдэн аюул учрах нөхцөл байдал үүсэхийг мэдсээр байж баталсан зураг төслийг зөрчсөн үйлдэл, засварлах буюу хохирол учирч болох нөхцөл байдлаас сэргийлэх арга хэмжээ аваагүй эс үйлдэл нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан нөхцөлүүдийг бүрдсэн гэдгийг нотолсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь баталсан стандартын дагуу ажлыг гүйцэтгээгүй явдал нь даатгуулагч санаатайгаар даатгалын тохиолдол бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх даатгалын болон хариуцлагын даатгалын гэрээний маргаанд зөв дүгнэлт өгч, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Даатгалын тухай хууль болон даатгалын гэрээнд зааснаар санаатай тохиолдлыг бий болгох гэдэг нь даатгуулагч нар санаатайгаар тохиолдлыг бий болгож, даатгалын компаниас нөхөн төлбөр авах тохиолдлыг хаах зорилготой. С ХХК авто замын ажил хэрэгжүүлэх явцад байгалийн аюултай үзэгдлийн улмаас хохирол учруулсан нь санаатай чиглэсэн үйлдэл гаргаагүй. Ажлыг хийх явцад бусдад хохирол учруулах нөхцөл байдал үүсвэл даатгалын компаниар төлүүлэхээр даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын гэрээний зорилго нь С ХХК -ийн буруутай үйлдлээс шалтгаалан гуравдагч этгээдэд хохирол учруулсан бол тухайн хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой юм. Тухайн үйл баримт нь даатгалын тохиолдол мөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал үерийг буулган, айлуудад хохирол учруулах санаа зорилго байхгүйг шүүх зөв дүгнэсэн. Байгалийн үзэгдлийг санаатайгаар бий болгох боломжгүй. Энгийнээр хэлэхэд бид нар орон сууц, автомашин зэргийг даатгуулдаг. Даатгалын компани эхлээд нөхцөл байдалтай танилцаж, тухайн нөхцөл байдлыг бодит байдлаар нь даатгадаг. Түүнтэй адилхан С ХХК даатгалын компанид замын угсралтын ажил эхлэхээс өмнө нөхцөл байдлыг танилцуулж, даатгалын гэрээ байгуулсан. Хариуцагч тухайн үед эрсдэлийг даатган, гэрээ байгуулсан боловч дараа нь зураг төсөл сүүлд батлагдсан гэж маргаж буй нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүхэд маргаагүй. Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер явагдахаас өмнө техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл батлагдсан байдаг. Энэ нөхцөл байдлын талаарх бүх баримт бичгүүдийг даатгалын компанид танилцуулсны үндсэн дээр даатгалын гэрээ байгуулсан. Даатгалын ерөнхий гэрээний 4.2, 4.2.9-д даатгалын эрсдэлийн түвшин нэмэгдсэн гэж үзсэн тохиолдолд даатгалын гэрээний үйлчлэх хугацааг сунгах, эсхүл даатгалын хураамжийг нэмэгдүүлэх гэж заасан. Даатгалын зүйл, даатгалын эрсдэлд нь хоорондоо уялдаа холбоотой юм. Тухайн үед эрсдэлийг зохих ёсоор үнэлээгүй атал өнөөдрийн байдлаар аргачлал, дүрэм, журмыг баримтлаагүй гэж маргаж буй хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Хариуцлагын даатгалын гэрээний тухайд цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хохирол учирсан. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан үндэслэлтэй шийдвэрлэсэн. Даатгалын гэрээний хугацаанд тус үйл баримт болсон тул даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зөв. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн үйл баримтыг холбогдох хууль, журамд нийцүүлж үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Т ХХК -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй, Хөлийн голын гүүрийн замын гүйцэтгэх аргачлалыг зөрчиж санаатайгаар их хэмжээний хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн тул нөхөн төлбөрийг төлөх үүрэггүй гэж маргажээ.

3. С ХХК , Т ХХК нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 1991950003 дугаартай даатгалын ерөнхий гэрээ болон 619919009866 дугаартай авто замын угсралтын даатгалын дэд гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр даатгуулагч нь авто замын барилга угсралтын ажил гүйцэтгэх явцад замын угсралтын талбайн орчимд гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг даатгуулж, даатгалын хураамж төлөх, хариуцагч буюу даатгагч Т ХХК нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх-10-15, 16-23/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2021/01817 дугаар шийдвэрээр С ХХК нь Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын ПК 4+121 дээр баригдаж буй 20.7 у/м төмөр бетон гүүрний угсралтын ажлыг гүйцэтгэх явцад барилгын ажилд тээвэрлэлт хийх зориулалтаар голын усны урсгалыг хааж, хөндлөн далан барьж, 0,75 м-ийн диаметртэй хос хоолойгоор голын усыг нэвтрүүлж байсан нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зөвлөх инженер А.Бердиенбекийн баталсан Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлалыг зөрчсөн бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр орсон борооны улмаас ойр орчмын айлууд үерт авсан болох нь Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01-07-035/332 тоот үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын тухай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07/806 тоот албан бичиг, түүний хавсралт дүгнэлтийн үндэслэл, тайлбар бичиг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж С ХХК -аас нийт 265,128,318 төгрөгийг гаргуулан нэр бүхий 11 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг дахин нотлохгүй./хх38-168/

6. Нэхэмжлэгч С ХХК нь байгаль цаг уурын нөхцөл байдлын улмаас даатгалын зүйлд хохирол учирсан гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн ба анхан шатны шүүх Хөлийн голын гүүрийн түр замыг гүйцэтгэх аргачлалыг зөрчсөнөөр айлууд үерт автаж эд хөрөнгөд нь хохирол учирсан гэж үзэх шууд шалтгаант холбоогүй, цаг агаарын аюултай үзэгдэл болохыг урьдаас таамаглах боломжгүй, гуравдагч этгээдэд хохирол учруулах нөхцөл байдлыг санаатайгаар бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.1. Учир нь нэхэмжлэгч тал Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд авто замын угсралтын даатгалын дэд гэрээний 13.2-т заасны дагуу нөхөн төлбөр олгохгүй байхаар зохицуулсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

7. Талуудын хооронд байгуулсан авто замын угсралтын даатгалын гэрээний 13.2-т Барилгын норм ба дүрэм, ажлын горим стандарт, техник, тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөний улмаас үүдэн гарсан хохирол-ыг даатгуулагчид нөхөн төлбөр олгогдохгүй гэж тохиролцсон тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй. Иймд даатгалын тохиолдолд хамрагдахгүй нөхцөл нь гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч байх тул даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах тухай Т ХХК -д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Г.Одгэрэл нь ...шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтад үндэслэн Т ХХК гэм буруугүй гэх агуулгаар гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх үзэв. Харин шүүх хуралдаанд оролцсон Х.Хатан-Эрдэнэ нь ...Талууд хоёулаа үүрэг хариуцлага хүлээсэн байна. Тиймээс Т ХХК зохих ёсны нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй. /2хх 28/

9. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/01193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Т ХХК -д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 378,754,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,862,346 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ЦОГТСАЙХАН