Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 000016

 

                  А.Орхонсайханд холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

                                                                        Хэргийн индекс 142/2016/0111/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           С.Ёндонсамбуу

            Ялтан                                                 А.Орхонсайхан

            Ялтны өмгөөлөгч                            Н.Сосорбарам

            Хохирогчийн өмгөөлөгч                М.Ганзориг, Д.Оюун-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолтой А.Орхонсайханд холбогдох, 201614000030 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1962-04-02-нд Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер эдийн засагч мэргэжилтэй, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч ажилтай байсан, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16-81 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФА63040263 регистрийн дугаартай, Жалайр айгир овогт Аюушийн Орхонсайхан.

 

Ялтан А.Орхонсайхан нь 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-нд саван, угаалгын нунтаг, нүүр гарын алчуур нийлүүлэх гэрээ хийсэн энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 72.000.000 төгрөг залилан мэхлэж авсан, 2013 оны 12 дугаар сарын 16-аас 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан. Энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна энэ ажлыг хийх юм бол өмнөх авсан мөнгөө бүгдийг нь өгнө гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 50.000.000 төгрөг залилан мэхлэж авсан, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр П.Эрдэнэцэцэгээс охин өвдөөд, мөнгө хэрэгтэй байна, ломбарданд тавиад мөнгө аваад, буцааж өгнө гэж хуурч мэхлэн түүний алтан гинж, алтан ээмэг, бөгж, кулоны хослол, монетон ээмэг, гинж, кулон зэрэг үнэт эдлэлүүдийг авч, Түмэн зоос ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 2.000.000 төгрөг зээлж авч ашигласан боловч, тус барьцааны эд зүйлийг авч өгөөгүй, барьцааны гэрээнд заасан мөнгийг төлөлгүй итгэл эвдэн П.Эрдэнэцэцэгт 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ашигт малтмалын лиценз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 12.500.000 төгрөг залилан мэхлэж авсан, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр П.Эрдэнэцэцэгээс түр зээлье гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөг залилан мэхлэн авч 5 удаагийн үйлдлээр иргэн П.Эрдэнэцэцэгээс 141.000.000 төгрөг залилан мэхлэж авсан,

 

2015 оны 04 дүгээр сард иргэн Б.Рийсмаагаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан, ажил эхэлсэн байгаа 7 хоногийн хугацаатай мөнгө зээлж 10 хувийн хүүтэй нь өгнө гэж хуурч мэхлэн 4.000.000 төгрөгийг залилан мэхлэж авч нийт 145.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолтоор:

 

Жалайр айгир овгийн Аюушийн Орхонсайханыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.т зааснаар шүүгдэгч А.Орхонсайханыг 100.000 нэг зуун мянгатөгрөг хурааж, 10 арав жил 01 нэг сар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч А.Орхонсайханд оногдуулсан 10 арав жил 1 нэг сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 ду гаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч А.Орхонсайханаас нийт 134.054.000 нэг зуун гучин дөрвөн сая тавин дөрвөн мянга төгрөг гаргаж үүнээс хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 40-03 тоотод оршин суух ФБ35070131, утас:95613185 Балдангийн Рийсмаад 3.054.000 гурван сая тавин дөрвөн мянга төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-4-58 тоотод оршин суух ФМ67020601, утас:99352804, 91670367 Пионерийн Эрдэнэцэцэгт 131.000.000 нэг зуун гучин нэгэн сая төгрөг тус тус олгох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн үнэмлэх, төлбөрийн картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Орхонсайханд буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Орхонсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.

 

Ялтны өмгөөлөгч Н.Сосорбарам давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Нэг: А.Орхонсайхан нь 72.000.000 төгрөгөөс 22.000.000 төгрөгийг аваагүй болох тухай:

 

П.Эрдэнэцэцэг нь 2012 оны 07 дугаар сарын 01-нд А.Орхонсайханд 50.000.000 төгрөг зээлсэн, тэр үед Баттөгс болон А.Орхонсайханы охин нь байсан. Харин тэр өдрийнхөө орой 22.000.000 төгрөг өгөхөд А.Орхонсайхан бид хоёроос өөр хүн байгаагүй гэж мэдүүлдэг. Тухайн үед мөнгө авсан өгсөн талаар ямар ч баримт үйлдээгүй гэрээ хийгээгүй. 2014 онд буюу 2 жилийн дараа 2012 оны 07 дугаар сарын 01-нээр огноолж хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа зээлийн гэрээг хийж 72.000.000 төгрөгийг 5 сарын хугацаанд 2 хувийн хүүтэй гэрээ хийжээ. Энэ гэрээг үйл явдал болсноос хойш 2 жилийн дараа нөхөлт хийсэн ч 72.000.000 төгрөг авсан, өгсөн гэсэн ямар ч баримт огт байхгүй.

 

А.Орхонсайханы зээлж авсан гэх 50.000.000 төгрөгөө өгөхгүй болохоор уурлан аашилж сүрдүүлж 50.000.000 төгрөгийн 2 жилийн хүү 22.000.000 төгрөгийг зээл авсан болгон нэмж, зээл авснаас хойш 2 жилийн дараа 72.000.000 төгрөг болгон зээлийн гэрээ хийжээ. Дахиад жилийн дараа уг мөнгөө 114.000.000 болгож 2015 оны 03 дугаар сарын 22-нд А.Орхонсайханаар бичиг хийлгүүлж авсан баримт хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байна.

 

Энэ бол хүүгий нь нэмээд байсан үйл явдал юм. А.Орхонсайханы хавтас хэргийн 1 дүгээр хавтасны 185-р хуудас ...Эрдэнэцэцэгээс мөнгө зээлж аваад худалдаа, үйлчилгээний барилга барих зориулалтын 180м2 газрыг өгсөн. Уг газрын 110.000.000 төгрөгөөр зарах гэж байсан. Эрдэнэцэцэг мэднэ. Би 72.000.000 төгрөг аваагүй, Эрдэнэцэцэг өөрөө болон ах дүү нараараа дарамтлуулж нэг өдөр 72.000.000 төгрөгийн гэрээ дээр гарын үсэг зуруулсан.

 

Дараа нь дахин нэмэгдээд 141.000.000 төгрөг болсон. Би 40.000.000 төгрөг авсан. Энэ мөнгийг Дугар, Оюунчимэг гэдэг хүмүүст би өрөндөө өгсөн. 40.000.000 төгрөгийг хүүгүй авсан. 2014 онд манай гэрт ирж ална, хядна гэж байгаад 72.000.000 төгрөгийн гэрээ хийсэн гэснээс үзэхэд 2 жилийн дараа 2012 оны 07 дугаар сарын 01-нд хийсэн мэтээр хүч түрэн 2014 онд хийж 22.000.000 төгрөг нэмсэн байна. Хавтаст хэргийн 29-р хуудаст А.Орхонсайхан 40.000.000 төгрөг зээлж авсан. Тухайн үед зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийгээгүй. 2014 оны 02, 03 дугаар сарын үед байх Эрдэнэцэцэг хүү тооцсоор байгаад 72.000.000 төгрөг болгосон гэж мэдүүлжээ.

 

Хавтаст хэргийн 27 дугаар хуудаст П.Эрдэнэцэцэгийн ...22.000.000 төгрөгийг өгөхөд бид хоёроос өөр хүн байгаагүй гэж мэдүүлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2-т Хохирогч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 83.2-т хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй гэж заасан.

 

Гэрч Баярбат хх-ийн 72-р хуудас ...П Эрдэнэцэцэг нь Голомт банкнаас мөнгө авч гарч ирээд миний машин дотор А.Орхонсайханд 50.000.000 төгрөг өгсөн. Тэгэхэд хажууд нь 20 орчим насны эмэгтэй хамт байсан гэж мэдүүлснээ дахин гэрчээр байцаалт өгөхдөө хх-ийн 73 ...П.Эрдэнэцэцэг А.Орхонсайханд хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй байна гэж мэдүүлсэн байна.

 

 Үүнээс харвал мөн хохирогч хавтаст хэргийн материалтай танилцсаны дараа үгсэн хуйвалдаж анхны мэдүүлснээсээ зайлсхийсэн мэдүүлэг өгсөн гэх үндэстэй байна. А.Орхонсайхан анхнаасаа ...би П.Эрдэнэцэцэгээс 2012 оны 01 дүгээр сарын сүүлчээр 40.000.000 төгрөг зээл авсан. П.Эрдэнэцэцэг хүүгээр нь өсгөж 72.000.000 төгрөг болгон зээлийн гэрээ хийнэ гэж дарамтлан надаас зээлийн гэрээг бичүүлж гарын үсэг зуралцсан баримт гаргуулж авсан гэж мэдүүлсэн ба 72.000.000 төгрөг тодорхой хугацааны дараа 114.000.000 төгрөг болгон гарын үсэг зуруулсан. Сүүлдээ 114.000.000 төгрөг нь 142.000.000 төгрөг болж өссөн.

 

Иймээс арга буюу түүнд өөрийн эзэмшлийн худалдаа, үйлчилгээний зориулалттай 180 м2 газрыг эзэмших эрхийн хамт шилжүүлж өрөө хаасан гэж тогтвортой мэдүүлэг өгсөн байхад хохирогч П.Эрдэнэцэцэг нь 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 72.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй А.Орхонсайханд зээлдүүлсэн болгож бичиг баримт үйлдүүлэн үүнийгээ нотлохын тулд дээрх нэр бүхий 2 гэрчээр илтэд худал мэдүүлэг өгүүлж, 2 гэрчийн мэдүүлгээр зориуд нотлуулах гэж хуурамч нотлох баримтуудыг зохиомлоор бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Б.Орхонсайханд өгсөн гэх 72.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг, 40.000.000 төгрөгийн аль нь бодит үнэн болохыг нягтлан шалгаж, эргэлзээгүй нотлох баримтаар яллах ёстой.

 

П.Эрдэнэцэцэгийн мэдүүлгээр А.Орхонсайхан нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа нийлүүлэх гэж 72.000.000 төгрөг зээлсэн гэх боловч Эрдэнэт үйлдвэр ХХК- ийн Хангамж болон хуулийн хэлтсээс А.Орхонсайхан хувь хүний хувьд тус үйлдвэрт бараа нийлүүлэхээр нэг ч удаа хандаж байгаагүй гэснээс үзэхэд П.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг нотлогдохгүй байна.

 

Хоёр. Тунгалагаас Эрдэнэцэцэгийн зээлсэн мөнгөнөөс А.Орхонсайхан 50.000.000 төгрөг аваагүй болох тухай

 

Хавтаст хэргийн 1-р хуудаст Д.Тунгалаг Эрдэнэцэцэгт 100.000.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 01-нээс 6 сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрээ байгаа. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүгчийн 536 дугаар захирамжаар Эрдэнэцэцэг нь Тунгалагт 150.453.975 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд А.Орхонсайхан 50.000.000 төгрөг аваагүй байна.

 

Хавтаст хэргийн 22-р хуудаст диспозит дансны дэлгэрэнгүй хуулгын 87-д Тунгалагаас зээл олгов 86.000.000 төгрөгийн бичилт 2013 оны 12 дугаар сарын 26-нд хийгджээ. 50.000.000 төгрөг А.Орхонсайхан авсан ямар ч нотлох баримт хэргийн материалд байхгүй. Иргэний хэрэг хэлэлцэхэд хамтран хариуцагчаар татаж болох байсан. 50.000.000 төгрөг өгсөн бол Эрдэнэцэцэг 40.000.000 төгрөгийг Орхонсайханд цувуулж өгсөн, тэмдэглэсэн дэвтрээ олохгүй байна гэснээс үзэхэд нотлох баримт байхгүй байна.  Хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст Тунгалаг ...Би 2013 оны 12 дугаар сарын 24-нд Эрдэнэцэцэгт 100.000.000 төгрөг зээлсэн. Орхонсайхан надад өгөх 7.000.000 төгрөгийг Эрдэнэцэцэг надад өгөх болсон. Эрдэнэцэцэгтэй эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр шийдвэрлүүлсэн. Орхонсайхан бид 2-ыг зөвхөн зуучилж өгсөн мөн ...Үлдсэн 7.000.000 орчим төгрөгт Эрдэнэцэцэг надаар дамжуулан Америкаас бараа захиалж авахуулсан гэж мэдүүлсэн байхад Эрдэнэцэцэгийг хохирогчоор байцаасан хавтаст хэргийн 61-р хуудаст ...Сүүлийн 50.000.000 төгрөг дээр ямар нэгэн гэрээ, мөнгө төгрөг авсан, өгсөн баримт үйлдээгүй гэж мэдүүлжээ.

 

50.000.000 төгрөгийг Орхонсайхан аваагүйг нотолж байна. Эрдэнэцэцэг өмнө нь мөнгө зээлж, түүнийг өгөхгүй байхад баримтгүйгээр 50.000.000 төгрөг өгнө гэж байхгүй. Хохирогчийн мэдүүлэг үнэн юм бол бичиг баримтаа олохгүй байна гэж мэдүүлсэн. Өмнө нь Орхонсайханаас мөнгө авах байснаа Эрдэнэцэцэгт далимдуулж Тунгалагаас зээлсэн мөнгөө Орхонсайханд өгсөн мэтээр мэдүүлжээ. А.Орхонсайхан нь Эрдэнэцэцэгт мөнгө зээлэх Тунгалагийг олж өгсөн болохоос 50.000.000 төгрөгийг уг мөнгөнөөс аваагүй байна. Хавтаст хэргийн 84-р хуудсанд байгаа Тунгалагийн мэдүүлэгт: ...Эрдэнэцэцэг надаар 7.000.000 төгрөгийн бараа захиалж авчирсан. Тэр мөнгийг суутгасан, Орхонсайхан надад 7.000.000 төгрөг өгөх ёстой байсан, түүнийг Эрдэнэцэцэг зээл олж өгсний шагнал гээд суутгуулах гээд суутгуулсан.

 

Яллах дүгнэлтэд: ...2013 оны 12 дугаар сарын 26-наас 2014 оны 01 дүгээр сарын 06-ныг хүртэл хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан. Энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна гэж 50.000.000 төгрөг залилж авсан гэжээ. Говил багийн гэрэлтүүлгийн ажил бараг жилийн дараа эхэлсэн Эрдэнэцэцэг тодруулж хэлж байлаа. Говил багийн гэрэлтүүлгийн ажлын гэрээ бичгүүд 2014 оны 08 дугаар сараас хийгджээ.  

 

2 дугаар хавтаст хэргийн 41-р хуудсанд Баян-Өндөр сумын Тамгын газрын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/396 тоот бичигт ...Иргэн Орхонсайхан нь 2014, 2015 онуудад Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газартай худалдан авах ажиллагааны талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүйгэжээ.

 

2 дугаар хавтаст хэргийн 42-т Гэрэлтүүлэг хийх захиалагч гүйцэтгэгчийн  гэрээ 2014 оны 8 дугаар сарын 27-нд хийгдсэн.

 

-Гэрээ байгуулах эрх 2014 оны 08 дугаар сарын 12-нд олгосон нь 2 дугаар хавтаст хэргийн 48-д байна.

 

-Анхны хэлэлцээр 2014 оны 08 дугаар сарын 11-нд хийгдсэн. 2 дугаар хавтаст хэргийн 49-т байна.

 

Тендерийн ажлыг хийчихээд өмнө авсан зээлээ бүгдийг өгнө гэж хуурч мэхлэн 50.000.000 төгрөгийг Д.Эрдэнэцэцэгээс авсан гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар огт нотлогдоогүй байна. Тухайлбал:

 

Уг гэрэлтүүлгийн тендерийг А.Орхонсайхан бус Говийн шинэ минериал ХХК Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газартай шууд гэрээ байгуулан ажил гүйцэтгэж байсан байх юм. Үүнийг гэрч Намжилдорж, Мөнхжаргал, Сүнжидмаа нар гэрчилж нотолдог. Уг тендерийн ажлыг хийж гүйцэтгэхдээ дээрх ХХК нь өөрийн хөрөнгөөр ажлыг эхлүүлж, улмаар ажлын гүйцэтгэлийн тайлангаа гаргаж захиалагч талд өгснөөр санхүүжилтээ авч ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэдэг журамтай ажээ. Иймээс Говийн шинэ минериал ХХК нь захиалагч талаас хичнээн төгрөгийг ажлын урьдчилгаанд авч байсан талаар нэг ч материал хавтаст хэрэгт алга байна. Тэгсэн атал П.Эрдэнэцэцэгээс А.Орхонсайхан 50.000.000 төгрөг авч энэ ажлыг хийсэн гэх ямар ч нотлох баримтгүйгээр хувь хүн болон компани хоорондын тооцоо байсан мэтээр шалгасан нь буруу юм. Энэ нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Шүүх шийтгэхийн тулд хамааралгүй мэдүүлгээр яллаж болохгүй.

 

Шүүхийн шийтгэх тогтоолд: Гэрэлтүүлгийн ажил хийнэ гэж Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 2013 оны 12 дугаар сарын 26-наас 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 50.000.000 төгрөг залилж авсан болох нь гэрч Тунгалаг, Пүрэвсүрэн, Энхтайван нарын мэдүүлгээр батлагдсан байна гэж худлаа бичсэн байна. 50.000.000 төгрөг залилан авсан гэж хэн нь ч мэдүүлээгүй. Өөрөөр хэлбэл А.Орхонсайхан ямар ч байдлаар Говийн шинэ минериал ХХК-ийн өмнөөс мөнгө гаргах шаардлага байхгүй болно. Мөн П.Эрдэнэцэцэг нь Орхонсайханд дээрх тендерийн ажлыг гүйцэтгэхэд 50.000.000 төгрөг авсан гэх ямар ч нотлох баримт алга байна.

 

50.000.000 төгрөгөө цувуулж өгсөн, тэмдэглэлээ олохгүй байгаа нь нотлох баримтгүйн жишээ. Хохирогч П.Эрдэнэцэцэг нь нотлох баримт, эх сурвалжаа зааж чадахгүй бол энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлд зааснаар тэр нь нотлох баримт болохгүй гэсэн хуулийн заалтад нийцэж байх тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байна.

 

Яллах дүгнэлтэд гэрэлтүүлгийн тендер авах гэж 2013 оны 12 дугаар сарын 26-наас 2014 оны 01 дүгээр сарын 03-ны хооронд 50.000.000 төгрөг авсан гэсэн. Тендерийн үйл ажиллагаа 8 сарын дараа эхэлсэн. Эрдэнэцэцэг зохиомлоор он сарыг тааруулж бичжээ. Далай ван аудит ХХК-ийн ажилтан Болормаа 2016 оны 4-р сарын 27-нд гаргасан дүгнэлтдээ:

 

Худалдаа үйлчилгээний 180 м2 бүхий газрыг 15.300.000 төгрөгөөр үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна Түүний дүгнэлтэд Орхон аймгийн ИТХ-ын тогтоолоор заагдсан бүсчлэлийг харгалзан үнэлгээ тогтоосон гэх боловч уг тогтоол хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр гарсан, ямар тогтоол болох өөрийнх нь бичсэнээр бол уг газар 1-р зэрэглэлд байрладаг, төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой гэсэн атлаа дээрх үнэлгээгээр үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Өнөөдөр Баян-Өндөр суманд иргэд хоорондоо худалдаа үйлчилгээний зориулалттай 180 м2 газрыг 100.000.000 төгрөгөөр үнэлж өгч авдаг ажээ. Тэгэхээр шинжээч нь тухайн зах зээлийн үнэлгээг бодитоор бусад газруудтай харьцуулж үнэлж чадаагүй байна. Иймд дахин комисстой шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай байна.

 

А.Орхонсайхан нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Моннисийн хажууд байрлах 180 м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг газар эзэмших эрхийг хамт П.Эрдэнэцэцэг 2012 оны 01 дүгээр сард зээлсэн 40.000.000 төгрөгийн өрөнд /хүүгийн хамт/ өгсөн нь бичгийн баримт болон түүний өөрийн мэдүүлгээр нотлогддог. Газрын эрх шилжүүлэх гэрээндээ уг газраа 40.000.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэ нь П.Эрдэнэцэцэгийн зүгээс газрын үнийг 100.000.000 төгрөгөөр тооцоход өндөр хэмжээний татвар төлөхөөс татгалзаж дээрх үнэлгээгээр үнэлсэн байдаг. Иймд дээрх газрыг зах зээлийн үнээр иргэд хоорондоо хэрхэн, ямар үнээр худалдаж авдаг талаар шинжээчийн комисстой дүгнэлт гаргуулах ёстой. Муу л бол хойд захын хар гэрт гэгчээр бүх юм Орхонсайханы эсрэг байж болохгүй.

 

Гурав.Рийсмаад өгөх 4.000.000 төгрөгийн талаар:

 

Хохирогч Рийсмаа Орхонсайханд 4.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, М.Гэрэлмаад 4850.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, Одгэрэлд 7.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус нэг дор зээлсэн мэтээр мэдүүлжээ. Ингэж хэлэхдээ М.Гэрэлмаа энэ хүмүүсийг анх зуучилж танилцуулсан мэтээр ярина. Гэтэл дээрх гурван хүн Рийсмаагаас зээлсэн мөнгүүдийг цаг хугацаа, оны хувьд өөр өөр онд авсан тухай мэдүүлдэг. Гэтэл мөрдөн байцаагч хохирогч Рийсмаагийн мэдүүлэгт үндэслэн ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр дээрх гурван хүн үгсэн тохиролцож иргэн Рийсмааг /бүлэглэн/ залилан мэхэлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна.

 

Прокурор Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор яллагдагч Одгэрэл, Гэрэлмаа нар хохирогч Рийсмааг залилан мэхэлж 7.000.000 төгрөгийг авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа А.Орхонсайханд холбогдох үйлдлийг залилан мэхэлсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж эрүүгийн 201614000030 тоот хэрэгт нэгтгэжээ. Үүнээс харвал Орхонсайхан нь иргэн Рийсмаагаас мөнгө зээлсэн үйлдэл нь Одгэрэл, Гэрэлмаа нарын үйлдэлтэй яг адил байхад хоёрыг нь хэрэгсэхгүй болгож, нэгийг нь гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлд: ...Гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрд зохих ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх явдлыг хангана гэсэн заалттай зөрчилдөж байна. Орхонсайхан эрүүгийн хэрэгт шалгагдаж  байгаа учир хавсаргая гэсэн санаа юм.

 

Дангаараа бол иргэний хэрэг. Тэгээд ч энэ Рийсмаагийн гаргасан гомдол бүхий хэрэг нь эрүүгийн хэрэг биш, иргэний журмаар шийдвэрлүүлэх зээлийн аман гэрээний нөхцөлтэй иргэний хэрэг байх тул Орхонсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэн Рийсмаа иргэний журмаар нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэргийн шүүхэд гаргах боломжтой.

 

Энэ хэргийн хувьд хэргийн бүрдэл хангагдаагүй, зөрүүтэй мэдүүлэг байгаагийн дээр бодит үнэнийг тогтооход хэргийг зөв шийдвэрлэхэд эргэлзээтэй зүйл нилээд байна:

 

1. Эрдэнэцэцэг 2012 онд 72.000.000, 50.000.000, 40.000.000 төгрөгийн алиныг Орхонсайханд өгсөн болохыг бодитоор эргэлзээгүй тогтоох. 72.000.000 төгрөгийн зээлийн гэрээ юм бол иргэний журмаар хэлэлцэх.

 

2. Эрдэнэцэцэг нь Тунгалагаас авсан зээлээс Орхонсайханд 50.000.000 төгрөг өгсөн нь нотлох баримтаар огт тогтоогдоогүй байна. Үүнийг хэрэгсэхгүй болгох, нотлогдоогүй зүйлээр ялласан талаар дахин шалгах ёстой. Дутуу, эргэлзээтэй нотлох баримтаар гэм буруутай гэж үзэж болохгүй. Баттай эргэлзээгүй нотлох баримт байх ёстой.

 

3. Рийсмаагаас зээлж авсан 4.0 сая төгрөг нь иргэний хэргийн журмаар шийдэгдэх асуудал байна. Аман хэлэлцээгээр зээл авч хүү төлж байсан учир залилан мэхэлж авсан эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Хүү төлсөн учир эрүүгийн хэрэг биш.

 

4. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд 2014 оны 04 дүгээр сарын 22-нд 180 м2 газрыг Эрдэнэцэцэгт Орхонсайханаас шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байна. 10.000.000 төгрөгөөр үнэлэгджээ. Шинжээчийн дүгнэлт 15.000.000 төгрөг болжээ. 180 м2 газрын үнэлгээг комисстой шинжээч томилж хийлгэх. Учир нь А зэрэглэлийн байршилтай газар доод тал нь 70-80 сая төгрөг байх ёстой. 

 

5. Эрдэнэцэцэгийн Орхонсайханд 2012 онд өгсөн гэх мөнгөний 22.000.000 төгрөг нь ямар ч нотлох баримт байхгүй. Мөн П.Эрдэнэцэцэгийн Тунгалагаас зээлж авсан мөнгөнөөс 50.000.000 төгрөгийг Орхонсайханд өгсөн гэх нотлох баримтгүй. Рийсмаагаас зээлж авсан мөнгөнөөс 946.000 төгрөгийг хүүнд өгсөн, газрын 15.000.000 төгрөг, ашигт малтмалын лиценз авах асуудалд 12.000.000 төгрөг аваагүй 5.000.000 төгрөг авсан гэх тул яллах дүгнэлтэд бичигдсэнээр 7.000.000 төгрөг илүү байгаа.

 

Тооцоход эдгээрийг нотлох баримтаар л үнэлдэг юм бол 94.946.000 төгрөг хасагдаж, яллах дүгнэлт бичигдэхээр байна. Үүнийг 15.000.000 төгрөгөөс хасахад 50.054.000 төгрөг болж байна.

 

6. Газрын үнэлгээг өнөөгийн зах зээлийн журмаар бодитоор бодох юм бол Орхонсайханд яллах дүгнэлтэд бичигдсэн хохирлын дүн багасаж зүйлчлэгдэх хуулийн зүйл анги Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.3 аль нэгэн болох магадлалтай байна. Үүнийг мөрдөн байцаалтаар дахин нарийвчлан нягтлан шалгуулах хүсэлтэй байна.

 

Яллагдагчийн гэм буруу нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэс болно гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасныг яллах дүгнэлтдээ бүрэн үндэслэл болгоно гэснийг прокурор дутуу бичиж зөрөөг арилгах талаар анхаараагүй байна. 

 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь бүрэн үнэлж шалгалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, 95 дугаар зүйлийн 95.1 дэх заалтыг дутуу хангаж яллах дүгнэлт бичсэнийг анхан шатны шүүх авч үзсэнгүй.

 

Энэ бүх байдлаас үзэхэд:

 

-Зарим үйлдлүүдэд шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй;

 

-Зарим үйлдэл нь иргэний журмаар шийдвэрлэгдэх үндэстэй тул эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна.

 

-Өмгөөлөгч миний дээрх саналыг харгалзан үзвэл зүйлчилсэн хуулийн зүйл анги өөрчлөгдөх, тэгээд ял оногдуулах үндэслэл эргэлзээтэй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлд зааснаар шүүх анхаарч үзэх байв.

 

Би өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зүйл, заалтын хүрээнд хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон анхан шатны шүүх хурлын шинэчилсэн байцаалтын үр дүнд зайлшгүй шалгаж тогтоох зүйл байсныг давж заалдах шатны шүүхэд сонордуулж, уг хэргийг мөрдөн байцаалтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх саналтай байна.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Ёндонсамбуу дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

 

1./А.Орхонсайхан нь 2012 оны 07 дугаар сарын 01-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-д саван, угаалгын нунтаг, нүүр гарын алчуур нийлүүлэх гэрээ хийсэн, мөнгө хэрэгтэй байна гэж хохирогч П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 72.000.000 төгрөг залилан авсан болох нь:

 

2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 72.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн талаарх зээлийн гэрээ,

 

Гэрч Л.Баярбатын ...Гурав билүү дөрвөн жилийн өмнө зун байсан санаж байна Эрдэнэцэцэг эгч хотод Голомт банк руу хүргүүлээд мөнгө авч гарч ирээд боодолтой мөнгө тоолж байгаад өөрийнхөө үеийн бололтой нэг эгчид 50.000.000 төгрөг өгөөд явуулсан. Явсны нь дараа би Эрдэнэцэцэг эгчид та яасан их мөнгө хүнд өгч байгаа юм бэ, бичиг хийлгэж гарын үсэг зуруулдаггүй юм уу гэсэн чинь Эрдэнэцэцэг эгч энэ хүн чинь Орхон аймгийн Мэргэжлийн хяналтанд ажилладаг юм. Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлэх гэсэн чинь мөнгө нь дутаад байгаа юм гэнэ гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.Урангоогийн ...Он, сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Улаанбаатар хотод Голомт банкны ойролцоо хар өнгийн машин дотор манай ээж Орхонсайхан, Эрдэнэцэцэг эгч хоёр хамт сууж байгаад гарч ирсэн. Ээж явж байхдаа Эрдэнэцэцэг эгчээс хүүгүй мөнгө зээлж авлаа гэж байсан..., яг хэдэн төгрөг зээлснийг нь мэдэхгүй..., зээлсэн мөнгөө хүнд өртэй байсан болохоор өрөндөө өгсөн байх... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Баттөгсийн ...Сүхбаатарын талбайн хажуугийн Голомт банкны салбар дээр очиж П.Эрдэнэцэцэг эгчид бэлнээр 100.000.000 төгрөг өгсөн. Мөнгө өгөхдөө ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд дансанд нь хийх гэхэд бэлэн авна гээд авсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч С.Оюунчимэгийн ...Орхонсайхан нь 2012 онд байна уу 2013 онд байна уу 6 сард байх 10 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлж аваад 7 сард 11 сая болгож эргүүлэн төлсөн... гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч П.Эрдэнэцэцэгийн ...Би хотод ажлаар явж байхад Орхонсайхан эгч надтай уулзаад Эрдэнэт үйлдвэр ХХК-д саван, вок нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна..., ашиг олох юм бол хувааж авъя гээд надад нэг гэрээ үзүүлсэн..., Гэрээ нь ямар ч байсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ны лого бүхий Оросоор контракт гэсэн бичигтэй байсан..., Эгчид нь 50.0 сая төгрөг хэрэг болоод байна гэхээр нь би зөвшөөрөөд Голомт банкнаас 100.0 сая төгрөг аваад 50.0 саяыг нь Баярбатын машинд сууж байгаад тоолоод өгсөн..., Орхонсайхан охин Урангоотой хамт байсан..., тэр өдрийнхөө үдээс хойш Орхонсайхан над руу яриад миний дүү нөгөө мөнгө чинь хүрэхгүй байна. Урангоод хэд гурван төгрөг өгчихлөө нэмээд 20.0 сая төгрөг өгөөч гэж гуйсан..., Тэгээд би Орхонсайхан эгчид ямар ч барьцаагүй 50.0 сая төгрөг өгч байхад дахин 20.0 сая гээд юу яриад байгаа юм гэж уурлаад хэрэв мөнгө өгвөл бичиг хийлгэж нотариатаар батлуулж байж өгнө гэсэн чинь Орхонсайхан надад зээлийн гэрээ байгаа бичээд өгье Орхон аймагт очоод нотариатаар батлуулья гэхээр нь 25 дугаар эмийн сангийн тэнд уулзахаар болоод уулзахад та туслаач, Улаанбаатар хотод ирсэн юм чинь юмаа аваад явчихмаар байна гэхээр нь ярьж байгаад 20.0 сая төгрөг өгөхөөр болоход за яахав 2.0 сая төгрөг болгочих гээд зээлийн гэрээ бичиж ирсэн байсан.Тэгээд нэмж 22.0 сая төгрөг өгөөд 72.0 сая төгрөг гэж гэрээ хийгээд нотариатаар батлуулах гэхэд худал үнэн яриад батлуулаагүй... гэсэн ,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2016-03-11-ний өдрийн 37 дугаар дүгнэлтээр:

 

Шинжилгээнд ирүүлсэн 2012-07-01-ний өдрийн Зээлийн гэрээний нөхөх хэсгийг 2 хүн бичсэн байна..., Зээлийн гэрээний үндсэн хэсэг болох зээлдэгч гэсэн хэсэгт бичигдсэн гар бичвэр нь А.Орхонсайханы бичгийн хэвийн загвартай хөдөлгөөний хэлбэр, чиглэл, элементийн харилцан байрлал зэрэг хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна..., Зээлийн гэрээний зээлдүүлэгч регистрийн № гэсэн хэсэгт байрлах гар бичвэр нь П.Эрдэнэцэцэгийн бичгийн хэвийн загвартай элементийн харилцан байрлал, үлдэц хэлбэр, чиглэл, холболт зэрэг шинжээрээ тохирч байна... гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар, 

 

2./2013-12-26-наас 2014-01-03-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан..., Энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна..., Энэ ажлыг хийх юм бол өмнөх авсан мөнгөө бүгдийг нь өгнө гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 50.0 сая төгрөг залилан мэхэлж авсан болох нь:

 

Гэрч Д.Тунгалагийн ...Орхонсайхан надтай уулзаад П.Эрдэнэцэцэг Чимэг төв гээд үл хөдлөх хөрөнгөтэй түүнийгээ барьцаалаад зээл авах гэж байгаа..., Чи түүнийг нь барьцаалаад зээл өгөөч гэхээр нь П.Эрдэнэцэцэгтэй очиж уулзаад үл хөдлөх хөрөнгийг нь үзээд 2013-12-26-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 100.0 сая төгрөг зээлсэн..., Одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй..., Би Эрдэнэцэцэгийн дансанд нь 86.000.000 төгрөг хийсэн..., Эрдэнэцэцэг надаар 7.0 сая төгрөгийн бараа захиулж авчруулсан тэр мөнгийг суутгасан..., Мөн Орхонсайхан надад 7.0 сая төгрөг өгөх ёстой байсан энэ мөнгийг П.Эрдэнэцэцэгт зээл олж өгсний шагнал гээд суутгуулж тооцоод нийт 100.0 сая төгрөг зээлсэн гэж П.Эрдэнэцэцэгтэй гэрээ байгуулсан..., Би Эрдэнэцэцэг энэ зээлсэн мөнгөнөөсөө Орхонсайханд өгсөн эсэхийг мэдэхгүй байна.Тэр хоёр надаас гуйж байгаад л зээл авсан... гэсэн мэдүүлэг ,

 

Хохирогч П.Эрдэнэцэцэгийн ...2013-11-25-ны өдөр Орхонсайхан миний ажил дээр ирээд эгч нь нөгөө ажлаа хийх гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна..., Мөнгө хүнээс зээлэхээр боллоо. Надад барьцаа хэрэгтэй байна. Чимэг төвөө барьцаанд тавиад мөнгө авчих гэсэн..., Тэгээд Чимэг төвийн үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээг барьцаалаад 100.0 сая төгрөг зээлье гэсэн..., Би Чимэг төвийн хамтран эзэмшигч нь миний дүү байдаг болохгүй гэхэд Орхонсайхан бүгдийг нь би ярьчихсан байгаа чи явж очоод Жаргалант сумын Тамгын газрын дарга нотариатч хийдэг тул итгэмжлэл хийлгээд мөнгөө авах боломжтой болсон гэж хэлсэн..., 2013-11-25-ны өдөр Жаргалант сум руу Орхонсайхан бид хоёр явж итгэмжлэх хийлгээд 2013-12-26-нд миний дансанд 86.0 сая төгрөг орж ирсэн. Тэр өдөр нь 10.0 сая төгрөгийг дансаар нь Орхонсайхан эгчид шилжүүлсэн..., Үүнээс хойш Орхонсайхан нөгөө ажлаа хийх гээд охин, хүргэн хоёроо Эрээн рүү явуулсан байгаа. Мөнгө хэрэг болоод байна гэсээр байгаад цувуулж 40.0 сая төгрөг авсан. Тунгалагаас авсан 86.0 сая төгрөгийн 50.0 саяыг нь Орхонсайхан цувуулж увуулж авсан...гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Сүнжидмаагийн ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлгийн ажил хийх тендерийг 2014-03-24-ний өдрөөс 2014-04-24-ний өдрийн хооронд зарласан..., Тендер нь шаардлага хангаагүй учир 2 удаа хүчингүй болсон тул 2014-08-11-ний 11 цагт сумын тамгын газрын даргын өрөөнд хэлцэл хийж Говийн шинэ менерал ХХК гэрэлтүүлгийн ажлыг хийхээр болсон... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Намжилдоржийн ...Орхонсайхантай уулзахад тендерийн материал бүрдүүлээд өг гэхээр нь дүү Гантөмөрийнхөө компанийн нэрээр материал бүрдүүлж өгсөн. Тендерийн санхүүтэй холбоотой асуудлыг А.Орхонсайхан нь өөрийн охин Урангоогоор дамжуулан барьж байсан... гэсэн мэдүүлэг,

 

П.Эрдэнэцэцэгийн данснаас 10.0 сая төгрөг, 4.0 сая төгрөг А.Орхонсайханы данс руу шилжүүлсэн талаарх дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар,

 

3./А.Орхонсайхан нь 2014-06-04-ний өдөр П.Эрдэнэцэцэгээс охин өвдөөд, мөнгө хэрэгтэй байна, ломбарданд тавьж мөнгө аваад буцааж өгнө гэж хуурч мэхлэн түүний алтан гинж, алтан ээмэг, бөгж, кулоны хослол, монетон  ээмэг, гинж, кулон зэрэг үнэт эдлэлүүдийг нь авч Түмэн зоос ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 2.000.000 төгрөг зээлж авч ашиглаад барьцааны гэрээнд заасан мөнгийг нь төлж эд зүйлийг нь авч өгөхгүй итгэлийг нь эвдэн П.Эрдэнэцэцэгт 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

 

Хохирогч Л.Эрдэнэцэцэгийн ...2014-06-04-ний өдөр Орхонсайхан манай гэрт ирээд намайг хүү Цэнгүүний хамт байхад миний охин өвдөөд байна мөнгө олоод өгөөч гээд байхаар нь надад юу ч байхгүй гэсэн чинь чи ээмэг, бөгжөө надад өгч байгаач би ломбарданд тавиад мөнгө авъя гэсэн..., Би та чинь ямар аймар юм хүний хамаг юм авчихаад гээд уурласан..., Миний хүү ч гэсэн наад хүнээ гаргаач гээд уурлаад байсан..., Орхонсайхан уйлчих гээд суугаад мөнгө гуйгаад байхаар нь өөрт байсан 2 ширхэг алтан гинж, алтан ээмэг, бөгж, кулоны хослол, монетан ээмэг, гинж, кулон зэрэг үнэт эдлэлээ өгөөд явуулсан..., Сүүлд нь ээмэг, бөгжөө нэхсэн чинь үйлчилгээний төвийн ломбарданд тавьсан байсан..., Би өөрийг нь дагуулж очоод Тулгаа гэх хүнд 4.500.000 төгрөг бэлэн төлж өгөөд ээмэг бөгжөө авсан. Барьцааны 4.500.000 төгрөгийг би өөрөө өгсөн... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Цэнгүүний ...2014 оны хүүхдийн баярын дараа санаж байна ээжийн хуурай эгч Орхонсайхан манай гэрт орж ирээд ээжтэй юм яриад байсан... Ээж намайг дуудаад сейфнээс өөрийнхөө алтан гинж, ээмэг, бөгжийг бүгдийг нь авчруулаад Орхонсайхан эгчид өгөөд явуулсан... Дараа нь ээж намайг Орхонсайхан эгчийн гэр рүү яваад байна уу үгүй юу үзээд ир гэж зөндөө явуулдаг байсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Мөнхтулгын ...2014 оны 07 билүү 08 дугаар сард байсан санаж байна Мэргэжлийн хяналтын байцаагч эмэгтэй үнэт эдлэл барьцаалан мөнгө авч байсан. Яг хэдэн төрлийн үнэт эдлэл байсан, хэдэн төгрөг зээлж байсныг санахгүй байна. Тухайн үедээ зээлийн гэрээ хийж өгч байсан. Сүүлд нь Орхонсайхан гэж хүн тооцоогоо хийж барьцаагаа аваад явсан. Ингэхдээ гэрээг нь өгөөч гэхээр нь Орхонсайханд гэрээг нь өгөөд явуулсан. Хүү төлсөн, хугацаа сунгасан баримтууд нь байхгүй, гэрээ дээрээ тэмдэглээстэй байдаг юм... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Жаргалсайханы ...нэг мэдсэн эхнэр маань зүүх ээмэг, бөгжгүй гэсэн яриа гарсан. Ээмэг бөгжөө яасан юм бэ гэсэн чинь Орхонсайхан эгч манай гэрт ирж мөнгө хэрэг болоод байна гэж гуйсаар байгаад миний ээмэг бөгжийг авч яваад барьцаанд тавьсан чинь одоо авч өгөхгүй байна. Орхонсайхан намайг яаж ийж байгаад надаас мөнгө салгаад авсан..., Уг нь мөнгө өгөхгүй гэж бодохоор л өгчих юм гэж манай эхнэр хэлсэн. Миний эхнэр гэртээ Орхонсайхан гэж хүнтэй утсаар яриад хэрүүл хийгээд мөнгө нэхээд байх болсон. Сүүлдээ би ч гэсэн залхаж байна шүү дээ. Орхонсайхан гэж эмэгтэй манай эхнэрийн бөгж ,ээмгийг авч өгөхгүй удаад эхнэр маань өөрөө мөнгө төгрөг олж ээмэг, бөгж, зүүлтээ авсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

4./Ашигт малтмалын лиценз гаргаж өгнө гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 2014-07-20-ны өдөр 12.500.000 төгрөг залилан мэхэлж авсан болох нь:

 

Хохирогч П.Эрдэнэцэцэгийн ...Орхонсайхан Чимэг төв дээр ирээд чамд ашигт малтмалын лиценз гаргаж өгье Батдэлгэрт мөнгө өгөх хэрэгтэй байна гээд надаас 12.500.000 төгрөг авсан..., Миний мэдэж байгаагаар Засаг дарга Зоригт, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Батдэлгэр нартай хоёр удаа  уулзаж байсан..., Намайг үүдэнд нь үлдээгээд өөрөө орж уулздаг байсан..., Улаанбаатар хот руу хоёр удаа надтай хамт явсан..., Эхний удаад би Ашигт малтмалын газрын гадна машин дотор сууж байсан ба Орхонсайхан дотогшоо ороод уулзчихлаа гээд гарч ирсэн. Дараа нь очихдоо хамт орсон..., Ашигт малтмалын газрын нэг хэлтсийн дарга Үүрийнтуяа гэдэг хүний үүдэнд очоод нарийн бичгийн даргаас нь тухайн хүнийг асуучихаад утсаар яриад байсан..., Үүрийнтуяа гэх хүнтэй уулзаагүй, утсаар яриад байсан..., Ярьж дуусаад явж бай гэнэ, лиценз гарна гэж байна гэж хэлээд явсан. Улаанбаатар явсан зардлыг би гаргасан..., Орхонсайханд бэлэн 12.500.000 төгрөг өгсөн... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Үүрийнтуяагийн ...Орхонсайхан гэдэг хүн надтай уулзаагүй, хүсэлт гаргаж байгаагүй. Хэрэв гуйгаад хүсэлт гаргасан байлаа ч хуулийн дагуу шууд шийдвэрлэх боломжгүй учраас ийм хүсэлтийг хүлээж авдаггүй... гэсэн мэдүүлэг,

 

Ашигт малтмалын газрын 2014-10-06-ны өдрийн 6-5489 тоот албан бичиг, өргөдлийн бүртгэл, шүүлт хийсэн тодорхойлолт, болон Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын 2016-03-31-ний 7/1000 дугаартай хохирогч П.Эрдэнэцэцэгийн Тэнүүн төвөргөөн ХХК-нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2014-09-14-ний өдөр гаргаж байсныг шүүлт хийлгэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан талаарх албан бичиг зэрэг нотлох баримтуудаар,

 

5./2014-07-31-ний өдөр А.Орхонсайхан нь П.Эрдэнэцэцэгээс түр зээлье гэж хуурч мэхлэн нөхөр Ж.Жаргалсайханы Голомт банкны Орхон аймаг дахь салбараас авсан цалингийн зээлийн мөнгөнөөс нь 2.000.000 төгрөг залилан мэхэлж авсан болох нь:

 

Хохирогч П.Эрдэнэцэцэгийн ...2015 оны 07 дугаар сарын сүүлээр нөхрийнхөө цалингийн зээлийг аваад банк дээр явж байхад Орхонсайхан таараад эгчээс нь хүмүүс мөнгө нэхээд байна хоёулаа нэгэнт зууралдсан юм чинь эгч нь мөнгийг чинь өгнө шүү дээ гэсээр байгаад 2.0 сая төгрөг зээлж авсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Жаргалсайханы ...Би 2014-07-31-ний өдөр Голомт банкны Орхон аймаг дахь салбараас цалингийн зээл аваад  мөнгөө  эхнэртээ өгөөд ажилдаа явсан. Орой гэртээ ирээд эхнэртэйгээ мөнгөө тулгаж байхад 2.0 сая төгрөг дутсан. Эрдэнэцэцэгээс 2.0 сая төгрөг яасан бэ гэхэд Орхонсайхан эгч мөнгө хэрэгтэй байна гээд зээлээч гээд гуйгаад байхаар нь түр зээлдүүлсэн гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ж.Ганчимэгийн ...Орхонсайхан манай ажил дээр ирээд миний нэг хуурай дүүгийн нөхөр нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажилладаг юм. Харилцагч банкаа солих хүсэлтэй байгаа юм танай банк руу шилжүүлэх гэсэн юм гэж хэлсэн... Хэд хоногийн дараа нөгөө хүн нь манай банк руу буюу Голомт банк руу шилжиж ирсэн. Жаргалсайхан нь манай банкнаас Худалдаа хөгжлийн банкинд байх цалингийн зээлийн өрөө дарах мөнгөө аваад өрөө дарж манай банкнаас цалингийн зээл авч өртэй байгаа... гэсэн мэдүүлэг,

 

Ж.Жаргалсайханы цалингийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар,

 

6./2015-04 дүгээр сард иргэн Б.Рийсмаагаас Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан, ажил эхэлж байгаа 7 хоногийн хугацаатай мөнгө зээлж 10 хувийн хүүтэй өгнө гэж хуурч мэхлэн 4.0 сая төгрөг авсан болох нь:

 

Хохирогч Б.Рийсмаагийн ...Орхонсайхан надаас 4.0 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад зээлийн хүү гэж 700.000 төгрөг өгсөн..., 2015 оны 04 дүгээр сард Гэрэлмаа нь Орхонсайханыг дагуулж ирээд Мэргэжлийн хяналтын газарт байцаагч ажилтай, Эрдэнэт үйлдвэрээс мөнгө орж ирнэ. Говил багт гэрэлтүүлгийн төсөл хийж байгаа, төслийн гэрээ нь гэж цаас үзүүлж байсан..., Мөн Төрийн банкнаас 100.0 сая төгрөг орж ирнэ, сарын 1.0 сая  төгрөгийн цалинтай гэж танилцуулсан. 4.0 төгрөгийг 10 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлсэн... Орхонсайхан ажлын газрын үнэмлэх, виза картаа барьцаанд нь тавьсан гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Х.Намжилмаагийн ...Би он сар өдрийг нь санахгүй байна Орхонсайхан Рийсмаагаас 4.0 сая  төгрөг зээлж авсан.. өөрийгөө  мэргэжлийн хяналтын газар ажилладаг гэж танилцуулсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүхийн  оногдуулсан ял түүний гэм бурууд тохирчээ.

 

 Ялтан А.Орхонсайханы ...Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай..., ...Говил багт гэрэлтүүлгийн ажил хийх төсөл ...гэх мэт хуурамч гэрээ, хэлцэл ашиглан, мөн ...ашигт малтмалын лиценз... авч өгнө гэж өөрийн хийж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр бусдад ойлгуулж,  хохирогч П.Эрдэнэцэцэг, Б.Рийсмаа нарыг төөрөгдүүлэн буцааж өгнө гэж итгүүлэн гэрээ хэлцлээр халхавчилж мөнгө авч байсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж  байна.

 

  Өөрөөр хэлбэл А.Орхонсайханыг 6 удаагийн үйлдлээр хохирогч П.Эрдэнэцэцэг, Б.Рийсмаа нарын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авч  бусдад 145.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулжээ.

 

Ялтан болон ялтны өмгөөлөгч 40.0 сая төгрөгийг П.Эрдэнэцэцэгээс зээлж авсан ба хүүгий нь тооцоод 72.0 сая төгрөг болсон, Д.Тунгалагаас зээлж авсан мөнгөнөөс 50.0 сая төгрөг, ашигт малтмалын лиценз авч өгнө гэж 12.500.000 төгрөгийг аваагүй  гэж тайлбарладаг боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.

 

Иймд ялтан А.Орхонсайханы өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан ...Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү... гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Н.Сосорбарамын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.