Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 75

 

А.Орхонсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарам,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоол,

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар магадлалтай, 201614000030 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Жалайр айгир овогт Аюушийн Орхонсайхан нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Орхонсайханыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж 10 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Орхонсайханаас нийт 134.054.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Рийсмаад 3.054.000 төгрөг, П.Эрдэнэцэцэгт 131.000.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 170 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарам нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Орхонсайханы өмгөөлөгч Н.Сосорбарам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

1. А.Орхонсайхан нь 72.000.000 төгрөгөөс 22.000.000 төгрөгийг аваагүй болох тухай: П.Эрдэнэцэцэг нь 2012 оны 07 дугаар сарын 01-нд А.Орхонсайханд 50.000.000 төгрөг зээлсэн, тэр үед Баттөгс болон А.Орхонсайханы охин нь байсан. Харин тэр өдрийнхөө орой 22.000.000 төгрөг өгөхөд А.Орхонсайхан бид хоёроос өөр хүн байгаагүй гэж мэдүүлдэг. Тухайн үед мөнгө авсан, өгсөн талаар ямар ч баримт үйлдээгүй, гэрээ хийгээгүй. 2014 онд буюу 2 жилийн дараа 2012 оны 07 дугаар сарын 01-нээр огноолж хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа зээлийн гэрээг хийж 72.000.000 төгрөгийг 5 сарын хугацаанд 2 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ хийжээ. Энэ гэрээг үйл явдал болсноос хойш 2 жилийн дараа нөхөж хийсэн ч 72.000.000 төгрөг авсан, өгсөн гэсэн ямар ч баримт байхгүй. А.Орхонсайханы зээлж авсан гэх 50.000.000 төгрөгөө өгөхгүй болохоор уурлан сүрдүүлж 50.000.000 төгрөгийн 2 жилийн хүү 22.000.000 төгрөгийг зээл авсан болгон нэмж, зээл авснаас хойш 2 жилийн дараа 72.000.000 төгрөг болгон зээлийн гэрээ хийжээ. Дахиад жилийн дараа уг мөнгөө 114.000.000 болгож 2015 оны 03 дугаар сарын 22-нд А.Орхонсайханаар бичиг хийлгүүлж авсан баримт хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд байна. Энэ бол хүүг нь нэмээд байсан үйл явдал юм.

...Энэ байдлаас үзэхэд яллах дүгнэлтэд бодит байдлыг нягтлан шалгаагүй, 72.000.000 төгрөгийг зээлсэн гэж 2 жилийн дараа нөхөж гэрээ хийсэн, хүч түрэн хийлгэсэн гэрээг үндэслэн гэм буруутай гэж үзсэн нь буруу юм. Өөрөөр хэлбэл 22.000.000 төгрөг нь П.Эрдэнэцэцэгийн өөрийнх нь тооцоолсон хүүгийн мөнгө болохоос бэлэн авсан мөнгө биш юм.

...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2-т “Хохирогч нотлох баримт гаргаж өгөх” үүрэгтэй, мөн хуулийн 83.2-т “Хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй” гэж заасан.

...Хохирогч хавтаст хэргийн материалтай танилцсаны дараа үгсэн хуйвалдаж анхны мэдүүлснээсээ зайлсхийсэн мэдүүлэг өгсөн гэх үндэстэй байна.

А.Орхонсайхан анхнаасаа “...би П.Эрдэнэцэцэгээс 2012 оны 01 дүгээр сарын сүүлчээр 40.000.000 төгрөг зээлж авсан. П.Эрдэнэцэцэг хүүгээр нь өсгөж 72.000.000 төгрөг болгон зээлийн гэрээ хийнэ гэж дарамтлан надаас зээлийн гэрээг бичүүлж гарын үсэг зуралцсан баримт гаргуулж авсан” гэж мэдүүлсэн ба “72.000.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа 114.000.000 төгрөг болгон гарын үсэг зуруулсан. Сүүлдээ 114.000.000 төгрөг нь 142.000.000 төгрөг болж өссөн. Иймээс арга буюу түүнд өөрийн эзэмшлийн худалдаа, үйлчилгээний зориулалттай 180 м2 газрыг эзэмших эрхийн хамт шилжүүлж өрөө хаасан” гэж тогтвортой мэдүүлэг өгсөн байхад хохирогч П.Эрдэнэцэцэг нь 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 72.000.000 төгрөгийг 2 хувийн хүүтэй А.Орхонсайханд зээлдүүлсэн болгож бичиг баримт үйлдүүлэн үүнийгээ нотлохын тулд дээрх нэр бүхий 2 гэрчээр илтэд худал мэдүүлэг өгүүлж, 2 гэрчийн мэдүүлгээр зориуд нотлуулах гэж хуурамч нотлох баримтуудыг зохиомлоор бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Б.Орхонсайханд өгсөн гэх 72.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг, 40.000.000 төгрөгийн аль нь бодит үнэн болохыг нягтлан шалгаж, эргэлзээгүй нотлох баримтаар яллах ёстой. П.Эрдэнэцэцэгийн мэдүүлгээр А.Орхонсайхан нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д бараа нийлүүлэх гэж 72.000.000 төгрөг зээлсэн гэх боловч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хангамж болон хуулийн хэлтсээс А.Орхонсайхан хувь хүний хувьд тус үйлдвэрт бараа нийлүүлэхээр нэг ч удаа хандаж байгаагүй гэснээс үзэхэд П.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг нотлогдохгүй байна.

2. Эрдэнэцэцэгийн Тунгалагаас зээлсэн мөнгөнөөс А.Орхонсайхан 50.000.000 төгрөг аваагүй болох тухай: Д.Тунгалаг Эрдэнэцэцэгт 100.000.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 01-нээс 6 сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрээ байгаа. 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 536 дугаар шүүгчийн захирамжаар Эрдэнэцэцэг нь Тунгалагт 150.453.975 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд А.Орхонсайхан 50.000.000 төгрөг аваагүй байна.

...Яллах дүгнэлтэд: “...2013 оны 12 дугаар сарын 26-наас 2014 оны 01 дүгээр сарын 06-ныг хүртэл хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан. Энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна гэж 50.000.000 төгрөг залилж авсан” гэжээ. Говил багийн гэрэлтүүлгийн ажил бараг жилийн дараа эхэлсэн гэдгийг Эрдэнэцэцэг тодруулж хэлж байсан. Говил багийн гэрэлтүүлгийн ажлын гэрээ бичгүүд 2014 оны 08 дугаар сараас хийгдсэн. 2 дугаар хавтаст хэргийн 41-р хуудсанд Баян-Өндөр сумын Тамгын газрын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3/396 тоот бичигт “...Иргэн Орхонсайхан нь 2014, 2015 онуудад Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газартай худалдан авах ажиллагааны талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй” гэжээ.

Тендерийн ажлыг хийчхээд өмнө авсан зээлээ бүгдийг өгнө гэж хуурч мэхлэн 50.000.000 төгрөгийг Д.Эрдэнэцэцэгээс авсан гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар огт нотлогдоогүй байна.

Тухайлбал, уг гэрэлтүүлгийн тендерийг А.Орхонсайхан бус Говийн шинэ минериал ХХК Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газартай шууд гэрээ байгуулан ажил гүйцэтгэж байсан байх юм. Үүнийг гэрч Намжилдорж, Мөнхжаргал, Сүнжидмаа нар гэрчилж нотолдог. Уг тендерийн ажлыг хийж гүйцэтгэхдээ дээрх ХХК нь өөрийн хөрөнгөөр ажлыг эхлүүлж, улмаар ажлын гүйцэтгэлийн тайлангаа гаргаж захиалагч талд өгснөөр санхүүжилтээ авч ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэдэг журамтай. Иймээс Говийн шинэ минериал ХХК нь захиалагч талаас хичнээн төгрөгийг ажлын урьдчилгаанд авч байсан талаар нэг ч материал хавтаст хэрэгт алга байна. Тэгсэн атал П.Эрдэнэцэцэгээс А.Орхонсайхан 50.000.000 төгрөг авч энэ ажлыг хийсэн гэх ямар ч нотлох баримтгүйгээр хувь хүн болон компани хоорондын тооцоо байсан мэтээр шалгасан нь буруу юм. Энэ нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

...Хохирогч П.Эрдэнэцэцэг нь нотлох баримтын эх сурвалжаа зааж чадахгүй бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлд зааснаар тэр нь нотлох баримт болохгүй гэсэн хуулийн заалтад нийцэж байх тул энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байна.

...А.Орхонсайхан нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Моннис-ийн хажууд байрлах 180м2 талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг газар эзэмших эрхийн хамт П.Эрдэнэцэцэгт 2012 оны 01 дүгээр сард зээлсэн 40.000.000 төгрөгийн өрөнд /хүүгийн хамт/ өгсөн нь бичгийн баримт болон түүний өөрийн мэдүүлгээр нотлогддог. Газрын эрх шилжүүлэх гэрээндээ уг газраа 40.000.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд энэ нь П.Эрдэнэцэцэгийн зүгээс газрын үнийг 100.000.000 төгрөгөөр тооцоход өндөр хэмжээний татвар төлөхөөс татгалзаж дээрх үнэлгээгээр үнэлсэн байдаг. Иймд дээрх газрыг зах зээлийн үнээр иргэд хоорондоо хэрхэн, ямар үнээр худалдаж авдаг талаар шинжээчийн комисстой дүгнэлт гаргуулах ёстой.

3. Рийсмаад өгөх 4.000.000 төгрөгийн талаар: Хохирогч Рийсмаа Орхонсайханд 4.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, М.Гэрэлмаад 4.850.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, Одгэрэлд 7.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус нэг дор зээлсэн мэтээр мэдүүлжээ. Гэтэл дээрх гурван хүн Рийсмаагаас зээлсэн мөнгөнүүдийг өөр өөр онд авсан тухай мэдүүлдэг. Мөрдөн байцаагч хохирогч Рийсмаагийн мэдүүлэгт үндэслэн ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр дээрх гурван хүн үгсэн тохиролцож иргэн Рийсмааг /бүлэглэн/ залилан мэхэлсэн гэж Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Прокуророос яллагдагч Одгэрэл, Гэрэлмаа нар хохирогч Рийсмааг залилан мэхэлж 7.000.000 төгрөгийг авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа А.Орхонсайханд холбогдох үйлдлийг залилан мэхэлсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж эрүүгийн 201614000030 тоот хэрэгт нэгтгэжээ. Үүнээс харвал Орхонсайхан нь иргэн Рийсмаагаас мөнгө зээлсэн үйлдэл нь Одгэрэл, Гэрэлмаа нарын үйлдэлтэй яг адил байхад хоёрыг нь хэрэгсэхгүй болгож, нэгийг нь гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчсөн байна.

Энэ хэргийн хувьд хэргийн бүрдэл хангагдаагүй, зөрүүтэй мэдүүлэг байгаагийн дээр бодит үнэнийг тогтоож хэргийг зөв шийдвэрлэхэд эргэлзээтэй зүйл их байна. Тухайлбал:

-Эрдэнэцэцэг 2012 онд 72.000.000, 50.000.000, 40.000.000 төгрөгийн алиныг Орхонсайханд өгсөн болохыг бодитоор эргэлзээгүй тогтоох.

-72.000.000 төгрөгийн зээлийн гэрээ юм бол иргэний журмаар хэлэлцэх.

-Эрдэнэцэцэг нь Тунгалагаас авсан зээлээс Орхонсайханд 50.000.000 төгрөг өгсөн нь нотлох баримтаар огт тогтоогдоогүй байна. Үүнийг хэрэгсэхгүй болгох, нотлогдоогүй зүйлээр ялласан талаар дахин шалгах ёстой. Дутуу, эргэлзээтэй нотлох баримтаар гэм буруутай гэж үзэж болохгүй. Баттай эргэлзээгүй нотлох баримт байх ёстой.

-Рийсмаагаас зээлж авсан 4.000.000 төгрөг нь иргэний хэргийн журмаар шийдэгдэх асуудал байна. Аман хэлэлцээгээр зээл авч хүү төлж байсан учир залилан мэхэлж авсан эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Хүү төлсөн учир эрүүгийн хэрэг биш.

-2014 оны 04 дүгээр сарын 22-нд 180м2 газрыг Эрдэнэцэцэгт Орхонсайханаас шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгаа бөгөөд 10.000.000 төгрөгөөр үнэлэгджээ. Шинжээчийн дүгнэлт 15.000.000 төгрөг болсон. 180м2 газрын үнэлгээг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж хийлгэх. Учир нь А зэрэглэлийн байршилтай газар доод тал нь 70-80 сая төгрөг байх ёстой.

-Эрдэнэцэцэгийн Орхонсайханд 2012 онд өгсөн гэх мөнгөний 22.000.000 төгрөг нь ямар ч нотлох баримт байхгүй. Мөн П.Эрдэнэцэцэгийн Тунгалагаас зээлж авсан мөнгөнөөс 50.000.000 төгрөгийг Орхонсайханд өгсөн гэх нотлох баримтгүй. Рийсмаагаас зээлж авсан мөнгөнөөс 946.000 төгрөгийг хүүнд өгсөн, газрын 15.000.000 төгрөг, ашигт малтмалын лиценз авах асуудалд 12.000.000 төгрөг аваагүй 5.000.000 төгрөг авсан гэх тул яллах дүгнэлтэд бичигдсэнээр 7.000.000 төгрөг илүү байгаа. Тооцоход эдгээрийг нотлох баримтаар л үнэлдэг юм бол 94.946.000 төгрөг хасагдаж, яллах дүгнэлт бичигдэхээр байна. Үүнийг 15.000.000 төгрөгөөс хасахад 50.054.000 төгрөг болж байна.

-Газрын үнэлгээг өнөөгийн зах зээлийн журмаар бодитоор бодох юм бол Орхонсайханд яллах дүгнэлтэд бичигдсэн хохирлын дүн багасч, хэргийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.3-ийн аль нэгээр зүйлчлэх магадлалтай байна. Үүнийг мөрдөн байцаалтаар дахин нарийвчлан нягтлан шалгуулах хүсэлтэй байна. Яллагдагчийн гэм буруу нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэс болно гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасныг яллах дүгнэлтдээ бүрэн үндэслэл болгоно гэснийг прокурор дутуу бичиж зөрүүг арилгах талаар анхаараагүй байна.

-Хэрэгт авагдсан нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь бүрэн үнэлж шалгалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, 95 дугаар зүйлийн 95.1 дэх заалтыг дутуу хангаж яллах дүгнэлт бичсэнийг шүүх авч үзсэнгүй.

Энэ бүх байдлаас үзэхэд зарим үйлдлүүдэд шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй иргэний журмаар шийдвэрлэгдэх үндэстэй тул эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч А.Орхонсайхан нь 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д саван, угаалгын нунтаг, нүүр гарын алчуур нийлүүлэх гэрээ хийсэн, энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна гэж П.Эрдэнэцэцэгийг хуурч мэхлэн 72.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 26-наас 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан, энэ ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй байна, энэ ажлыг хийх юм бол өмнөх авсан мөнгөө бүгдийг нь өгнө” гэж хуурч мэхлэн 50.000.000 төгрөг, 2014 оны 07 сарын 20-ны өдөр “ашигт малтмалын лиценз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн 12.500.000 төгрөг, 2014 оны 07 сарын 31-ний өдөр “түр зээлье” гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөг залилан авсан, 2014 оны 06 сарын 04-ний өдөр “Охин өвдөөд, мөнгө хэрэгтэй байна, ломбардад тавиад мөнгө аваад, буцааж өгнө” гэж хуурч мэхлэн “алтан гинж, алтан ээмэг, бөгж, кулоны хослол, монетон ээмэг, гинж, кулон” зэрэг үнэт эдлэлүүдийг авч, “Түмэн зоос” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 2.000.0000 төгрөг зээлж авч ашигласан боловч тус барьцааны эд зүйлийг авч өгөөгүй, барьцааны гэрээнд заасан мөнгийг төлөлгүй итгэл эвдэн 4.500.000 төгрөгийн хохирол учруулах зэрэг 5 удаагийн залилан мэхлэх үйлдлээр хохирогч П.Эрдэнэцэцэгт нийт 141.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04 сард “Баян-Өндөр сумын Говил багт гэрэлтүүлэг тавих тендер авсан, ажил эхэлсэн байгаа 7 хоногийн хугацаатай мөнгө зээлж 10 хувийн хүүтэй нь өгнө” гэж хохирогч Б.Рийсмааг хуурч мэхлэн 4.000.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 145.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн А.Орхонсайханы удаа дараагийн давтан үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдсон талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, А.Орхонсайханд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөг хурааж 10 жил 01 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Орхонсайхан нь 10 жилийн хугацаагаар “Эзэмших эрх”-ийн гэрчилгээ бүхий 180 м.кв газрыг /1хх-32,55/ өмчилж авсан газар мэтээр 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр П.Эрдэнэцэцэгтэй байгуулсан эрх шилжүүлэх гэрээнд /1хх-11/ тусгаж, уг газрыг 10.000.000 төгрөгөөр үнэлж, П.Эрдэнэцэцэгт худалдсан нь агуулгаараа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заалтад нийцэхгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан “…бүрэлдэхүүнтэй шинжээч томилж газрын үнэлгээг тогтоолгох тухай” гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Харин Далайван аудит ХХК-иас уг газрыг “Эзэмших эрхийн үнэлгээ”-г 15.300.000 төгрөгөөр тогтоосныг /1хх-124/ буруутгах үндэслэлгүй.

А.Орхонсайхан нь хохирогч П.Эрдэнэцэцэг, Б.Рийсмаа нараас авсан мөнгөө буцааж төлөх талаар бодитой арга хэмжээ аваагүйгээс гадна тухайн үед бусдад их хэмжээний зээлийн өр төлбөртэй байсан болох нь Сум дундын 14 дүгээр шүүх болон Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012-2015 онд хамаарах 11 иргэний хэргийн шийдвэрийн дагуу А.Орхонсайханаас нийт 134.664.015 төгрөг гаргуулж, нэр бүхий иргэдэд олгуулах тухай гүйцэтгэх хуудасны хуулбар /3хх-ийн 13-23/, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.5.6-ны 3/818 тоот тодорхойлолт /3хх-12/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар давхар тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг хяналтын шатны шүүх өөрчлөн дүгнэх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын гаргасан “П.Эрдэнэцэцэг 2012 онд 72.000.000, 50.000.000, 40.000.000 төгрөгийн алиныг А.Орхонсайханд өгсөн болохыг тогтоох”, А.Орхонсайханы П.Эрдэнэцэцэгээс авсан гэх 50.000.000 төгрөг болон 12.000.000 төгрөгтэй холбоотой хэргийг тогтоогдоогүй үндэслэлээр, Б.Рийсмаагаас авсан гэх 4.0 сая төгрөгтэй холбоотой хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгуулах” тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Т.УРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                                      Б.БАТЦЭРЭН