Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00818

 

Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00087 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 743 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ц.Мөнх-Эрдэнэ,

Хариуцагч : Ц.Ганхуяг,

Нэхэмжлэлийн шаардлага : Гэм хорын хохирол 3 сая  төгрөг гаргуулах тухай

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Ц.Ганхуяг, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Ц.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016.3.21-ний өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум орох гээд эгч Ц.Мөнхцэцэг, Ц.Ганхуяг нарын хамт өөрийн Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай автомашинаар явсан. 22-ын товчоо өнгөрөөд Ц.Ганхуяг миний машиныг бариад явья гэхээр нь зөвшөөрсөн. Гэтэл Ц.Ганхуяг хотоос гараад Төв аймгийн Лүн сумын замд хурд хэтрүүлэн явж байгаад машиныг онхолдуулсан. Тухайн үед Замын цагдаагийн газарт дуудлага өгсөн боловч тээврийн хэрэгсэл даатгалгүй учраас ирээгүй. Ослоос болж миний эгч Ц.Мөнхцэцэгийн мөр мултарч, тархи доргиж, миний машины дээвэр, салхины шил, урд гупер, радиатор, толь зэрэг хагарч, хаалга гажилттай болсон. Маргааш нь Ц.Ганхуягтай хамт Вьетнам засварын газарт очиж асуухад машиныг засахад сэлбэг 1.200.000 төгрөг, ажлын хөлс 1.800.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг болно гэсэн. Ц.Ганхуяг 2016.4.05-ны өдрийн дотор хохирлыг төлнө гэсэн ч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

 Ц.Ганхуяг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Ц.Мөнх-Эрдэнэ хамт хөдөө явья, замд гарсан элдэв эрсдэл, хохирлыг өөрөө хариуцна гэж тохиролцсон учраас би цуг явсан. Машины урд талд юм дуугараад байна үзээд өгөөч гэхээр нь би машиныг барьсан нь үнэн. Уг автомашиныг 2015 оны 9 дүгээр сард 1сая  төгрөгөөр худалдаж авсан тухайгаа надад ярьж байсан. Гэтэл илүү их хэмжээний засварын мөнгө нэхэж байна. Машиныг онхолдсоны дараа асаахад явж байсан тул ноцтой эвдрэл гараагүй. Ослыг миний бие гаргасан гэдэгт маргахгүй. Иймд хохиролд нийт 1.500.000 төгрөг 2016.02.15-ны өдрийн дотор төлье. Эсхүл шинжээчийн дүгнэлтээр гарсан хэмжээ болох 1.860.000 төгрөгийг энэ оны 4 дүгээр сард багтаан төлөх хүсэлтэй байна гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00087 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ганхуягаас 1.860.000 төгрөг гаргуулж Ц.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс 1.140.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  44.710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 743 дугаартай магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч  хяналтын  гомдолдоо: Уг машиныг Мөнх-Эрдэнэд 1 сая  төгрөгөөр авсан гэж байсан. Шинжээчийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүй байна. 2016.3.21-ний Ц.Мөнх-Эрдэнэ Өвөрхангайн Гучин ус сум руу явахдаа Ц.Ганхуяг миний биеийг авч явахдаа замд гарсан эрсдлийг 100 хувь Мөнх-Эрдэнэ өөрөө дааж авч явна гэж хэлж явч явсан. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

       ХЯНАВАЛ:

Ц.Мөнх-Эрдэнэ шүүхэд нэхэмжлэл гаргаж Ц.Ганхуягаас 3 сая төгрөг  шаардахдаа, үндэслэлээ “...өөрийн Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай автомашиныг жолоодон Өвөрхангай аймаг руу явж байхад Ц.Ганхуяг миний машиныг жолоодох санал гаргасныг зөвшөөрсөн. Гэтэл Ц.Ганхуяг Төв аймгийн Лүн сумын замд хурд хэтрүүлж зам тээврийн осол гаргасан ...миний машиныг засахад сэлбэг 1.200.000 төгрөг, ажлын хөлс 1.800.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг шаардлагатай...” гэж тайлбарлажээ. /хх 1, 63/

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг татгалзахдаа “...машины урд талд юм дуугараад байна үзээд өгөөч гэхээр нь би машиныг жолоодсон... машины үнээс илүү хэмжээний засвар гарсныг зөвшөөрөхгүй...” гэсэн байна. /хх 63/  

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 1.860.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“...2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт  Ц.Мөнх-Эрдэнийн Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан...” талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг Ц.Ганхуяг эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар энэ үйл баримтыг хариуцагч зөвшөөрсөн гэж үзлээ.    

Ц.Мөнх-Эрдэнийн Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Ганхуяг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаснаа зөвшөөрсөн нь осол 100% хариуцагчийн буруугаас гарсан гэж үзэх үндэслэл болохгүй. Жолооч зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч буй нь ослыг тухайн этгээд гаргасныг нотлох  хэдий ч осол гарах болсон шалтгаан, гэм бурууг эрх бүхий байгууллага тогтоож, тодорхойлно.   

 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт  Ц.Ганхуягийн гаргасан зам тээврийн ослын талаар эрх бүхий байгууллагад мэдэгдээгүйгээс Замын Цагдаагийн газраас зам тээврийн осол дээр акт тогтоогоогүй нь зохигчдын тайлбараар нотлогджээ. Өөрөөр хэлбэл, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болсон ослын улмаас тухайн үед Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ямар эвдрэл учирсан, уг осол ямар шалтгаанаар гарсан нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байна.

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ төслийн “Лэндс” ХХК нь /хх 38-41/  шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШТ2016/00052 дугаар тогтоолын /хх 30-31/ дагуу шинжээчийн дүгнэлт гаргахдаа 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ослын улмаас Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг бус, харин 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үнэлгээ хийх үед тухайн тээврийн хэрэгсэлд байсан эвдрэлийг тодорхойлж, үнэлгээ гаргажээ. Түүнчлэн, шинжээчийн тодорхойлсноор Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хоёр сарын өмнө  /хх 37/ үүссэн байх магадлалтай гэсэн нь цаг хугацааны хувьд осол гарсан хугацаатай таарахгүй байна.

  Ц.Мөнх-Эрдэнэ нь  “...машины урд талд юм дуугараад байна үзээд өгөөч гэхээр нь би машиныг жолоодсон...” гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй, зам тээврийн ослын талаар эрх бүхий байгууллагаас гаргасан акт, дүгнэлт хэрэгт байхгүй буюу осол гаргах үед тээврийн хэрэгсэл нь ашиглалтын шаардлага хангасан бүрэн бүтэн байсан нь тогтоогдоогүй гэж үзнэ. 

Шүүх Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-иас Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үнэлгээ хийх үед тухайн тээврийн хэрэгсэлд байсан эвдрэл, засварлахад гарах зардлын хэмжээгээр буюу 1.860.000 төгрөгөөр хохирлыг тогтоосон нь буруу биш боловч уг мөнгийг бүхэлд нь Ц.Ганхуягаас гаргуулсан нь үндэслэлгүй болжээ.     

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Иймд “...3 сая төгрөгөөс 1.5 сая төгрөгийг нь төлье...” гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэн Ц.Ганхуягаас 1.860.000 төгрөгийн талыг гаргуулах өөрчлөлтийг  шийдвэр болон магадлалд оруулах нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг зөрчихгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 743 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/00087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Ц.Ганхуягаас 930.000 төгрөг гаргуулж Ц.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлээс 2.070.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...44.710 төгрөгийг...” гэснийг “...26.870 төгрөгийг...” гэж тус тус өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 48000 /дөчин найман мянга/ төгрөгийг Ц.Ганхуягт захирамжаар буцааж олгосугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ