Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/00087

 

2017 оны 01 сарын 09 өдөр

           Дугаар 183/ШШ2017/00087

                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,  тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, сурагчийн 21 гудамж 204 тоотод оршин суух, Маахүү овогт Цэдэвийн Мөнх-Эрдэнэ /Регистрийн дугаар: ЙЮ86031534/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармагийн 18 - 439 тоотод оршин суух, Бумбат овогт Цэндийн Ганхуяг /Регистрийн дугаар:МО86082913/-т холбогдох, 

Гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Ц.Ганхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, иргэдийн төлөөлөгч Ё.Бямбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн  “Гучин ус” сум орох гээд эгч Ц.Мөнхцэцэг, Ц.Ганхуяг нарын хамт өөрийн Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай автомашинаар явсан. Хорин хоёрын товчоо өнгөрөөд Ц.Ганхуяг миний машиныг бариад явья гээд байхаар нь зөвшөөрсөн. Гэтэл Ц.Ганхуяг хотоос гараад Төв аймгийн Лүн сумын замд хурд хэтрүүлэн явж байгаад машиныг онхолдуулсан. Тухайн үед Замын цагдаагийн газарт дуудлага өгсөн боловч тээврийн хэрэгсэл даатгалгүй учраас ирээгүй. Бас Ц.Ганхуяг хохирлыг чинь барагдуулна гэхээр нь больсон. Ослоос болж миний эгч Ц.Мөнхцэцэгийн мөр мултарч, тархи доргисон байдаг. Ослын улмаас миний машины дээвэр, салхины шил, урд гупер, радиатор, толь зэрэг хагарч, хаалга гажилттай болсон. Осол гарсны маргааш Ц.Ганхуягтай хамт Вьетнам засварын газарт очиж асуухад  машиныг засахад сэлбэг 1,200,000 төгрөг, ажлын хөлс 1,800,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг болно гэсэн. Нийт 3,000,000 төгрөгний хохирол учирсан байна. Ц.Ганхуяг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хохирлыг төлнө гэсэн ч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Ганхуяг, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ өөрөө намайг хамт хөдөө явья гээд авч явсан. Авч явахдаа замд гарсан элдэв эрсдэл, хохирлыг өөрөө хариуцна гэж тохиролцсон. Миний машины урд талд юм дуугараад байна үзээд өгөөч гэхээр нь би машиныг барьсан нь үнэн. Мөн тэрээр уг автомашиныг 2015 оны 9 дүгээр сард 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан тухайгаа надад ярьж байсан. Гэтэл илүү их хэмжээний засварын мөнгө нэхэж байна. Мөн машиныг онхолдсоны дараа асаахад явж байсан тул ноцтой эвдрэл гараагүй. Ослыг миний бие гаргасан гэдэгт маргахгүй. Иймд хохиролд нийт 1,500,000 төгрөг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлье. Эсхүл шинжээчийн дүгнэлтээр гарсан хэмжээ болох 1,860,000 төгрөгийг энэ оны 4 дүгээр сард багтаан төлөх хүсэлтэй байна гэв.

 

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

        

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.          

          Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь Ц.Ганхуягт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн үйл  баримтын талаар дүгнэвэл 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт хариуцагч Ц.Ганхуяг нь Ц.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрийн эд хөрөнгөд учирсан хохиролд сэлбэгийн үнэ 1,200,000 төгрөг, засварын ажлын зардал 1,800,000 төгрөг болох тул уг зардлыг гаргуулна гэж, харин хариуцагч нь бодитоор 3,000,000 төгрөгний хохирол учраагүй, 1,500,000 төгрөгний хэмжээнд эсхүл 1,860,000 төгрөгний хэмжээнд хохирлыг барагдуулах  боломжтой гэж маргав.  

Хариуцагч нь осол гаргасан үйлдэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашинд хохирол учирсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өөрт учирсан хохирлыг гэм хор учруулсан этгээдээс  гаргуулахаар шаардах эрхтэй байна.

           Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заажээ.  

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирол 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрт учирсан хохирол 3,000,000 төгрөг болохыг баримтаар нотлоогүй байна.

          Иймд шинжээч “Лэндс” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хонда Фит маркийн 91-82 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлыг үнэлсэн үнэлгээний хэмжээгээр буюу 1,860,000 төгрөгний хэмжээнд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаар гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШТ2016/00052 дугаар шүүхийн тогтоолоор “Лэндс” ХХК-г шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн ажлын хөлс төлөгдөөгүй, уг зардал нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 192,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шинжээчид олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ганхуягаас 1,860,000 /нэг сая найман зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 44,710 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 192,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шинжээч “Лэндс” ХХК-д олгосугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ

 

            ШҮҮГЧИД                                  Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                                 Д.РЕНЧЕНХОРОЛ