| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2022/07814/И |
| Дугаар | 210/МА2023/01306 |
| Огноо | 2023-06-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2023/01306
| 2023 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 210/МА2023/01306 |
А-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02077 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: А-ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б ХХК, В-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 18,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анирмаа, Б.Баялагмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. А- нь Б ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр хариуцагч тал Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок байрны 6 дугаар давхарт 1 м.кв талбайг 1,200,000 төгрөгөөр тооцож нийт 41,724,000 төгрөгийн үнийн дүн бүхий 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэж өгөх, нэхэмжлэгч тохиролцсон хугацаанд төлбөрийг Б ХХК-ийн гүйцэтгэх захирал В-ын дансанд төлөхөөр тохиролцсон.
Төлбөр 37,000,000 төгрөгийг хариуцагч В-ын данс руу шилжүүлсэн ба гэрээний 3.2-т үлдэгдэл төлбөр болох 4,724,000 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа төлнө гэсэн тул байр ашиглалтанд орж, хүлээн авсан даруйд төлөхөөр хүлээж байна.
Хариуцагч нь орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор барьж, захиалагч надад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй 3 жил 10 сарын хугацаа өнгөрсөн. Гэрээний 4.14-т төсөл хэрэгжүүлэгч нь ашиглалтад өгөх хугацааг 4.1-д заасан хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги тооцож захиалагчид төлнө гэж заасан бөгөөд 3 жил 10 сар 25 хоногийн алдангийг тооцоход 52,540,000 төгрөг болсон байна. Гэвч Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээ нь үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 18,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
1.2. Хариуцагч Б ХХК нь миний захиалсан 34.78 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Г-т 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр худалдан борлуулахаар гэрээ хийсэн байгааг олж мэдсэн. Ийнхүү хариуцагч нар тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд давхардуулан худалдан борлуулахаар гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад болон цаашид өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шууд саад болохоор байна.
Иймд, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдаж буй 80 айлын орон сууцны барилгын Б блок, 6 дугаар давхар, 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч А- өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан Б блок барилга нь бид нарын өмчлөл зүйл биш, харин Э ХХК-ийн өмчлөлийн зүйл учир бусдын хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлж өгч чадахгүй.
Манай компани нэмэлтээр Э ХХК-ийн барилгад тодорхой ажил гүйцэтгэж өгөх бөгөөд хэрэв тус компанитай тохиролцож чадвал Б блок, 6 дугаар давхар, 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх боломжтой. Гэвч Э ХХК-ийн захирал Ц- нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгч чадахгүй.
Алдангийн хувьд урьд өмнө 6,000,000 төгрөгийг төлөх талаар тохиролцож байсан тухайгаа маргахгүй, үүнийг төлөхөд татгалзахгүй. Гэхдээ тухайн орон сууцыг авахгүй гэвэл төлж болно. Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой алдангид 6,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлнө гэж бичгээр нэхэмжлэгчид хариу өгч байсан. Энэ хэргийн хариуцагч нь иргэн В- биш, тэрээр Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн гүйцэтгэх захирлын хувьд гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
Тухайн барилгыг ашиглалтанд оруулах хугацаа нь Ковид-19 цар тахлын улмаас хойшлогдсон ба үргэлжлүүлэн бариад Э ХХК-тай тооцоо нийлэх ажил байгаа. Тус барилгын захиалагч нь энэхүү компани мөн бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа орон сууцанд давхцал үүсэх тул өмчлөгч компаниас зөвшөөрөл авах ёстой. Манай компанитай байгуулсан гэрээнд Э ХХК-ийн газар дээр баригдаж буй барилга гэсэн байгаа учир нэхэмжлэгч нь үүнийг мэдэж байх ёстой.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Б ХХК-иас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч В-д холбогдох болон Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт байрлах 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 12,500,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,020 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт "Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно." гэж заасан бөгөөд нэхэмжлэгч А- Хатан цамхаг ХХК-тай гэрээ байгуулах үед Хатан цамхаг ХХК-ийг тухайн баригдах барилгын өмчлөгч биш гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч тал гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах, огтоос гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй. Энэ нь гэрч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц-гийн мэдүүлгээр нотлогддог.
Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, 506 байрны 70% гүйцэтгэлтэй гэрчилгээний өмчлөгч нь өөр этгээд байгаа нөхцөлд ч гэсэн Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасны дагуу хэрэв нэмэлт ажил гүйцэтгээд 2-р блок /орц/-оос нэмж орон сууц авах, гурвалсан гэрээ байгуулж нэхэмжлэгч А-д орон сууцыг өгөх бүрэн боломж хариуцагчид байгаа бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх арга хэмжээг авах үүрэгтэй. Гэтэл шүүгч үндэслэлгүйгээр хариуцагчийг гэрээний үүргийг гүйцэтгэхээс зайлсхийх, татгалзах боломжийг олгож, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг илтэд зөрчсөн шийдвэр гаргасан.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д шүүхээс нэхэмжлэгч А-ы зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор дээр дурсан ... орон сууцны өмчлөгчөөр тогтооход өмчлөгч Э ХХК- ийн эрх ашиг зөрчигдөх тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх зохигчдын буюу маргаж буй талуудын эрх ашигт ямар нэг алагчлалгүй шударгаар хандаж, хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой байтал түүнээс хальж шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой гэдгээр халхавчилж, хариуцагч Хатан цамхаг ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах боломжийг олгосон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр хэрэгжих бүрэн боломжтой. Учир Э ХХК-ийн өмчлөлд байгаа гэх 506, *** тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5.6.3-т зааснаар Э ХХК-ийг тухайн барилгын гүйцэтгэгч болохыг, мөн барилгын гүйцэтгэлийг тодорхойлсон баримт юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдсөнтэй холбоотой улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж заасны дагуу барилгын гүйцэтгэл бүрэн болоход шүүхийн шийдвэр болон гэрээ, хэлцлийг үндэслэн өмчлөх эрхийг салгаж бүртгэх боломжтой болохыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6.3-т тодорхой заасан.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ХХК болон В-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алданги 18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. А- нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт байрлах 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 41,724,000 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохиролцсон /хх 9-11/,
3.2. Гэрээний дагуу А- нь 37,000,000 төгрөгийг Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч В-д шилжүүлж өгсөн /хх 13-14/,
3.3. Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамжид байрлах 50а тоот хаягт байрлах 3,450 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч В-, үлдэх 2, 3 дугаар блок буюу 50б, *** тоот хаягт байрлах тус бүр нь 3,450 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Э ХХК бүртгэгдсэн /хх 63-68, 129-131/.
4. Анхан шатны шүүх А болон Б ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч В- нь уг гэрээний талд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
4.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр байдаг ба энэхүү ажлын үр дүнг гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд шилжүүлдэг.
Хэргийн баримтаар А болон Б ХХК-ийн байгуулсан гэрээний зүйл болж буй Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт байрлах 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь Э ХХК-ийн өмчлөгчөөр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байгаа нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон Б ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулахаас өмнө тухайн гэрээний зүйл болж буй 2 өрөө орон сууц байрлаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Э ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх тул үүнийг Б ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн гэж үзэж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй.
4.2. Нэхэмжлэгч тал нь Э ХХК-ийг 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй тул улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгчийг тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжтой гэж маргасан.
Б ХХК тухайн орон сууцыг барьж гүйцэтгэсэн болон өмчлөх эрхтэй гэх баримт хэрэгт авагдаагүй тул Э ХХК-ийн өмчлөлийн зүйлийг А-д хүлээлгэн өгөхийг хариуцагч Б ХХК-д даалгах боломжгүй, нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоохгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч А-ы гаргасан хариуцагч Б ХХК-нд холбогдох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.
4.4. Э ХХК болон Б ХХК-ийг оролцуулж гурвалсан гэрээ байгуулж нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгөх боломжтой гэж давж заалдах гомдолд заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Э ХХК-ийн захирал Ц- гэрчээр буюу шүүх хуралдааны оролцогчоор оролцсон байх ба зохигч, гуравдагч этгээд зэргээр хэргийн оролцогч болоогүй. Иймээс гурвалсан гэрээ байгуулж тухайн орон сууцны өмчлөлийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгуулах гэх гомдлын үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
5. Зохигчийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.14-т төсөл хэрэгжүүлэгч тал орон сууц ашиглалтад өгөх хугацааг 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үнийн дүнгийн хоног тутамд 0.1 хувиар тооцон захиалагчид алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад хамаарах орон сууц нь бусдын өмчлөлийн зүйл байгаа нь Б ХХК-ийг гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болохгүй.
Иймд гэрээний 4.1-т заасан 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч Б ХХК нь биелүүлээгүй учир нэхэмжлэгчийн төлсөн 37,000,000 төгрөгийн төлбөрт ногдох 18,500,000 төгрөгийн алдангийг хариуцах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцнэ.
Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2023/02077 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 18,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч В-д холбогдох болон Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт байрлах 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын 110,950 гэснийг 250,450 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,520 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Т.БАДРАХ