Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 74

 

 

                                             Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, цагаатгагдсан этгээд Ц.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар цагаатгах тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар магадлалтай Ц.Б-д холбогдох эрүүгийн 1738003520114 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1986 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Ц-ийн Б.

Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлд явдаг засмал зам дээр 18-89 УНХ улсын дугаартай “Тоёота креста” загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Ц.Г-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар прокуророос шүүгдэгч Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж 36 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ч.Батзориг бичсэн эсэргүүцэлдээ: “Цагаатгах тогтоолд “...Шүүгдэгч Ц.Б-г тухайн үед 18-89 УНХ  улсын дугаартай “Тоёота креста” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, осолд орох үедээ тархинаас нь цус гарч жолоочийн суудаг суудлын бүрээсэнд наалдсан талаар улсын яллагч шүүх хуралдаанд энэ талаар “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл” /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/-г нотлох баримтаа болгожээ. Уг нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд ...эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн байна. Тодруулбал уг үзлэгийг хийхдээ мөрдөгч нь хөндлөнгийн хоёр гэрч, эсхүл дуу дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй байна гэжээ...”

Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Мөрөн-Хатгалын чиглэлийн засмал замд зам тээврийн осолд орсон тухай гэмт хэргийн талаарх мэдээллийг холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан ирүүлснийг хүлээн авч хэргийн газарт очиж хойшлуулшгүйгээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан ажиллагаа хийсэн гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар “Хэргийн газрын үзлэг”-ийг журмын дагуу тухайн цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “үзлэг хийхээр, эсхүл үзлэг хийх явцад саад болохоор байвал эд зүйл, тээврийн хэрэгслийг шилжүүлэн байрлуулж болно” гэсний дагуу тээврийн хэрэгслийг шилжүүлэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж байгаа үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан ажиллагаа үргэлжилж байгаа хойшлуулшгүй ажиллагаа ба тухайн ажиллагааны явцад жолоочийн суудаг суудалд тогтсон цусны толбыг бэхжүүлж авсан хуульд заасан ажиллагаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалт хамаарахгүй гэж үзэж байна. Мөрдөгч нь тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлийг хуульд заасан арга, аргачлалаар буюу гэрэл-зургийн аргаар бэхжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэхээр байна. Мөн цагаатгах тогтоолд “...Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Ганболдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр дүгнэлт нь дээрх үзлэг хийх үер хураан авсан жолоочийн суудлын түшлэгийн бүрээсэн дээрх цусанд ДНХ-ны тогтоцыг тогтоосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”-д хүрч байна гэжээ...”

Тухайн шинжээч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн шийдвэрийн дагуу дүгнэлт гаргаж, дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд  заасан шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагад нийцсэн байхад зөвхөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэх үндэслэлээр  шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нь үндэслэлгүй бөгөөд хэрхэн нотлох баримтад тооцохгүй байх талаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан “шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэснийг тодорхой бичээгүй байна.

Шинжээчийн дүгнэлтэд “жолоочийн суудаг суудлын бүрээсэнд тогтсон цусны толбо нь Ц.Б-ийн цусны ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байгаа” нь Ц.Б-г тээврийн хэрэгсэл жолоодож явсан болохыг нотлох нэг баримт юм. Цагаатгах тогтоолд “...зам тээврийн осолд орсон амь хохирогч Ц.Г-д тухайн үед үнэн зөв хэлсэн гэж үзэхэд эргэлзээ төрж байна... талийгаач Ц.Г-ын хувьд өвчний болон хүчтэй зэргийн согтолтын улмаас тухайн үеийн нөхцөл байдлыг зөв ойлгож, ярих чадвартай байсан эсэхэд эргэлзээ төрж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.4, 8 дахь хэсгүүд, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу эргэлзэх үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй...” гэжээ.

Шүүх амь хохирогч Ц.Г-ыг хуульд заасан үндэслэл журмын дагуу нэг ч мэдүүлэг өгөөгүй байхад, хэргийн газарт очсон хүмүүст болсон явдлын талаар ярьсан яриаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн  4.4-д заасан “өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон нь тогтоогдсон хүн, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-д“ заасан мэдүүлэг гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болжээ.

Мөн амь хохирогч Ц.Г нь тухайн үед ухаан санаа нь эрүүл саруул болсон үйл явдлыг гэрч нарт хэлсэн буюу гэрч Т.Б-ийн мэдүүлэгт “...Тэр залуу газар хэвтэж байхдаа даргыг таниад Ү ахаа гэж байсан, тэр залуу хүн таниад юм яриад бас ухаан санаа нь эрүүл асуусан асуултад хариулаад юм ярьж байсан...” гэх /хавтаст хэргийн 35 дугаар тал/, гэрч М.Ү-н мэдүүлэгт “...тэр залууг өргөөд машин руу оруулахаас өмнө тэр залуугийн дэргэд зогсож байхад нөгөө залуу намайг Үүрээ ахаа гэхээр нь гайхаж хараад Г болохыг нь таньсан, Тэгээд яасан яаж яваад ингэчхэв ээ гэхэд машин нь хэнийх юм бэ гэсэн чинь Г энэ балай хүүхнээс болчихлоо, машин миний машин байгаа юм гэхээр нь энэ юун хүүхэн юм чи эхнэрээсээ салсан юм уу гэсэн чинь үгүй манай ангийн хүүхэд байгаа юмаа гэж хэлсэн...” гэх зэргээр мэдүүлжээ.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч Ц.Г тухайн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж хүнийг таньж, өөртөө байгаа зовиур шаналлыг хэлж, осол юунаас болж хэрхэн гарсныг тайлбарлаж хэлжээ. Хохирогчийн энэ байдлыг нүдээр харсан, харилцан ярилцсан гэрчүүдийн мэдүүлгийг хохирогчийн цуснаас этилийн спирт илэрсэн гэх үндэслэлээр эргэлзээтэйд тооцож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлэгт эргэлзэж байгааг дурдсан боловч түүнийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухайн үндэслэлийг заагаагүй бол” гэснийг зөрчсөн байна.    

Мөн хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт харилцан зөрүү гараагүй, Ц.Б-г тээврийн хэрэгсэл жолоодож явсан талаар хангалттай нотолсон байхад шүүх түүний үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.10, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд цагаатгах тогтоол, магадлалын тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Цагаатгагдсан этгээд Ц.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар цагаатгах тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар магадлал нь хуулийн хүрээнд үнэн зөв гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү. Хэргийн 2 дугаар хавтасны хамгийн арын хуудсан дээр хуулийн зүйл, заалтуудыг судлаад тайлбарлан бичсэн байгаа гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Ц.Б-д холбогдох хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын 3 дахь удаагийн үйлдэгдсэн яллах дүгнэлтээр хэргийг шүүхүүд хэлэлцэж байгаа. Уг хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, шинээр нотлох баримт бэхжүүлэх, цуглуулах ажиллагаа хийгдээгүй. Ц.Б-д холбогдох хэрэг давж заалдах шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэгдээд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлгүй байна гэж буцаасан магадлал гаргасан. Энэ магадлал нь хяналтын шатны шүүхээр 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцэгдээд магадлал үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүх цагаатгах тогтоолд хэрэгт цугларсан нотлох баримт болох яллах талын нотлох баримт гэрчийн мэдүүлгүүдийг няцаагаагүй байна гэсэн үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар цагаатгах тогтоолоор Ц.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан. Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар магадлал өмнө нь анхан шатны шүүхээр хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн байна гэсэн дүгнэлтээсээ эрс зөрүүтэйгээр өөр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Өмнө нь тухайн хэргийн гэрчүүдийн мэдүүлгийг эргэлзээгүй нотолсон мэдүүлэг байна гэж үзэж байсан. Гэтэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байхад өмнөх дүгнэлтээсээ эсрэг зөрүүтэй дүгнэлтийг хийсэн. Хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг нь гэмт хэрэг хийснийг нотлохгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэрүүд, түүний дотор шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэх талаар эрх бүхий этгээдээс хийж буй дүгнэлт нь хуулиар тодорхойлсон эх сурвалжаас олж авсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу л цуглуулсан болон бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай юм.

Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.

2017 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгоны чиглэлийн засмал зам дээр тээврийн хэрэгсэл онхолдож, нэг хүний амь нас хохирсон үйл явдлыг сэргээн тогтоох, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн зэрэг хэргийн бүхий л нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой, хамааралтай, нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн хангалттай цуглуулан, бэхжүүлж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан дээр дурдсан байдлыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох шаардлагатай гэж үзнэ.  

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3-т заасны дагуу яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлохоор заавал шинжилгээ хийлгэнэ.

Учир нь тусгай мэдлэг бүхий, хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй, хууль сануулагдсан сэтгэцийн шинжээчийн дүгнэлт нотлох баримтын эх сурвалж бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтойн гадна уг дүгнэлт нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид хүлээлгэх, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэхийг шийдвэрлэх нэг үндэслэл болдог тул тодорхой бөгөөд эргэлзээгүй байвал зохино.

Тэгвэл Ц.Б-ийн сэтгэцийн байдлаар гаргасан хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт хоорондоо зөрүүтэй, үнэн зөв болох нь эргэлзээтэй байна.

Тухайлбал, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэд (хэргийн 1 дэх хавтас 75-77 дахь тал) “Ц.Б нь одоогоор F-44.0 диссоциатив ойгүйдэл эмгэгтэй байна. Ц.Б одоогоор хэргийн талаар мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадваргүй байна” гэж дурджээ.

Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 818 дугаар дүгнэлтэд (хэргийн 2 дахь хавтас, 26-30 дахь тал) “Ц.Б нь одоо дасан зохицохын эмгэг, бусад сэтгэцийн хөдөлгөөний хямрал давамгайлсан хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Ц.Б нь мэдүүлэг өгөх ба хэрэг хариуцах чадвартай байна” гэж тусгасан байна.

Нэг хүний сэтгэцийн байдлыг магадлан шинжлээд гаргасан шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт ийнхүү харилцан зөрүүтэй байх тул тэдгээрийг үндэслэлтэй, зөв болсон гэж үнэлэхэд эргэлзээтэй хэмээн хяналтын шатны шүүх үзэж, Ц.Б-ийн сэтгэцийн байдлын талаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан журмыг баримтлан дахин шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж дүгнэлээ.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгох талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 273 дугаар цагаатгах тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.Б-д холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                            Ч.ХОСБАЯР